Saturday, January 31, 2009
Сумогийн ертөнц дэх шинэ дуулиан
Wednesday, January 28, 2009
Асашёорюү: Олон сар барилдаагүй болохоор тийм ч амар байгаагүй
-Юуны өмнө ард түмнээ баярлуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Та баярласан сэтгэлээ сумогийн дэвжээн дээрээс Монгол хэлээр илэрхийлж байсан?
-Тийм ээ, миний ард түмэн намайг үзэж байгаа учир би эх хэлээрээ ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлье гэж бодсон юм.
-Та гурван башё өнжсөний дараа барилдлаа. Башёгийн өмнө Японы хэвлэлээр Асашёорюүгийн бэлтгэл сул байна гэж мэдээлж байсан. Бодит байдал дээр ямар байсан бэ?
-Олон сар барилдаагүй болохоор тийм ч амар байгаагүй. Гэхдээ л би боломжийнхоо хэрээр бэлтгэл хийж байсан. Барилдахгүй болохоор бусад бөхчүүдээ ямар байгаа, өөрөө яаж барилдахаа тооцоолох боломжгүй болдог юм байна. Барилдаад ирэхээр аяндаа барилдаан орж эхэлсэн. Энэ удаа амжилттай барилдаж, 23 дахь удаагаа аваргын цом авсандаа маш их баяртай байна даа.
-Одоо таны зүүн гарын бэртэл гайгүй юу?
-Эдгэх боломж бага л байх юм. Барилдах бүрт байнга хөндөгддөг. Эмчилгээ хийлгэж байгаа.
-Энэ башё сэтгэл зүйн хувьд их хүнд байсан байх. Таныг интернетээр заналхийлсэн явдал ямар нэгэн байдлаар барилдаанд нөлөөлсөн үү?
-Нөлөөлөөгүй.
-Сүүлийн өдөр унахдаа та юу бодож байсан бэ. Хакухотой барилдахдаа сандарч байсан уу?
-Бага зэрэг сандарсан. Унаад дахин барилдаан хийх гэж байхад аяндаа бие тавираад сайхан болсон. Тэгээд л давсан.
-Зарим нэг олон улсын агентлагаар таныг 2012 онд улстөрд хүч үзнэ хэмээн үсчиндээ ярьсан тухай бичсэн байна?
-/инээв/ Тийм зүйл огт байхгүй. Шуугиан тарьж л байхгүй юу даа.
-Таныг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ дэвжээн дээр гараа өргөсөнд Сумогийн холбоо буруутгасан гэсэн үү?
-Тийм зүйл болоогүй. Зарим нэг хэвлэлээр олны анхаарлыг татах гэж их оролдох юм.
-Та эх орондоо хэд хонох вэ?
-Хоёр хоноод буцна аа.
Их аварга Д.Дагвадорж II төрөх эмнэлэгт түргэн тусламжийн машин бэлэглэв
“Ёкозунагийн зөвлөл” Асашёорюүг буруутгав
Хацү башёд Монголчууд …
Хацү башё монголчууд бидний хувьд үнэхээр сайхан тэмцээн боллоо. Хоёр аварга маань тэмцээний сүүлийн өдөр хүртэл тэргүүлж , шийдвэрлэх барилдааныг хийлээ. Бүтэн таван башёгийн дараа Аса аварга маань асар их тэвчээр, хатуужил гарган өөрийгөө хэн гэдгээ харууллаа. Сонирхуулахад тэртээ найман жилийн өмнө Мусашимару- Токанахана хоёр нэмэлт барилдаан хийж байснаас хойш хоёр ёкозунагийн нэмэлт барилдаанаар ялагч тодорч байгаагүй аж. Шинэ озэки Харүмафүжи маань урамтай сайхан барилдаж качекоши хийлээ, жүрё зиндаад монголын шинэ хүчтэн Шотенро Д.Нямсүрэн түрүүллээ гээд дурьдаад байвал олон сайхан үйл явдлаар дүүрэн байлаа.
Ингээд та бүхэнд манай бөхчүүд энэ башёд хэрхэн барилдсан дүнг хүргэе.
тайлбар : O - давсан , * - унасан , %- барилдалгүй давсан , #- барилдалгүй унасан , - өнжсөн , a - башёг өнжсөн
Tuesday, January 27, 2009
Тэнгэрт тэтгэгдсэн Монголын ард түмэндээ баярлалаа
Monday, January 26, 2009
Асашёорюү шуурганд уруудахгүй
Аваргынхаа хүүхэд шиг цагаан инээмсэглэл, монголоороо омогшдог сэтгэл хөдлөл, ховорхон гаргадаг нулимсыг харах уярам байлаа. Японы сумогийн ордноос Монголын ард түмэндээ хандаж хэлсэн, монголоороо ярьсан мэндчилгээ сэтгэл гэгэлзүүлэм, бахархам байлаа.Түүний жинхэнэ тамирчин хүнээс гардаг дараалсан амжилт, алдаа, гүвээ болгоны ард гарч чаддаг агуу эрч хүчний өмнө алга таших юу ч биш байв. Асашёорюү агуу юм аа. Агуу Асашёорюү, та сумогийн ертөнцөд гайхалтайгаар эргэж ирлээ.
Мэргэжлийн сумо бөхийн Ёкозүнагийн хяналтын зөвлөлөөс хацу башёд арваас дээш даваа авах хатуухан болзол тулгасан энэ сарын тэмцээний өмнө их аварга Асашёорюү эхний таван өдрийн барилдаанд нэгээс илүү унахгүй байх гэсэн даруухан зорилго тавьж байлаа. Дотроо бол “нэг ч уналгүй түрүүлнэ” гээд өдөр бүр далдуураа шатаж явсан байх. Угаасаа түүнд 15 өдөр үргэлжилдэг тэмцээний 10 өдөрт нь дараалан ялсан үедээ түрүү алдаж байсан тохиолдол үгүй. Асашёорюү сэтгэлзүйгээрээ тэгж айхтар тэмцэж барилддаг дийлдэшгүй, хурц хүн. Тэр өмнө нь 22 түрүүлэхдээ яг ийм байдлаар 14 удаа энэ өвөрмөц ялалтаа баталсан байдаг.
Асашёорюү хацу башёд түрүүлснээр Мэргэжлийн сумо бөхийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн бөхчүүдийн жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэж, их аварга Таканаханагийн амжилтыг эвдлээ. Одоо түүний өмнө Японы мэргэжлийн сумо бөхийн түүхэнд тодорсон 69 их аваргын зөвхөн гурвынх нь амжилт эвдэгдээгүй үлдэж байна. Тайхо 32, Чиёнофүжи 31, Китаноуми 24, Асашёорюү 23…
23 удаа түрүүлж болсон юм чинь, 28-хан настай юм чинь Асашёорюү чадах байх аа. Хайрлахынхаа хэрээр хатуурхаж буй сумогийн ертөнцдөө хаан шиг амьдраарай гэж их аваргадаа ерөөе. Шуурганд уруудахгүй, сөрж амьдарна шүү, Асашёорюү.
мэдээллийн эх сурвалж:
Sunday, January 25, 2009
Асашёорюү гайхамшигтайгаар буцаж ирлээ.
Манай бусад бөхчүүдийн хувьд башёг амжилт муутайхан эхлүүлсэн шинэхэн озэки Харумафүжи Д.Бямбадорж 50 хувиа хийж, цолоо амжилттай хамгаалсан бол баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүнд бичигдсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням есөн даваа, зургаан унаатай башёг өндөрлүүллээ. Харин маэгаширагийн наймаас босч барилдсан Какүрюү М.Ананд, Токитэнкү А.Хүчитбаатар нар тус бүр есөн даваа, зургаан унаатай башёг дуусгасан бол Асасэкирюү Б.Дашням зургаан даваа, есөн унаатай, Коорюү Э.Мөнх-Оргил таван даваа, 10 унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, найман унаатай башёг өндөрлүүлэв.
Хацу башёгийн арван дөрөв дэх өдрийн барилдаан
Асашёорюү Давгадорж VS Хакухо Даваажаргал
Манай бусад бөхчүүдийн хувьд, Кёкүтэнхо Н.Цэвэгням Фүтэног давснаар найман даваатай болсон бол Асасэкирюү Б.Дашням Ваканасатод өвдөг шороодож, таван даваа, есөн унаатай болоод байна. Какурюү М.Ананд өнөөдөр Масацукасаг давснаар мөн 50 хувиа хийж, найман даваатай боллоо. Хоорондоо таарч барилдсан Токитэнкү А.Хүчитбаатар, Коорюү Э.Мөнх-Оргил нарын барилдаанд Коорюү давснаар дөрвөн даваатай болжээ. Токитэнкү А.Хүчитбаатарын хувьд өнөөдрийн байдлаар найман даваатай яваа. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн 14 дэх бөх Тоёохибикид ялагдсанаар зургаан даваа, найман унаатай болоод байна. Маргааш болох хацу башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Харумафүжи сэкиваки Барутотой оноолт таарсан бол их аварга Асашёорюү Д.Дагвадорж, ёкозуна Хакухо нар хоорондоо барилдана. Хэрэв энэ барилдаанд их аварга давбал нэгдүгээр сарын барилдааны ялагч болно. Харин Хакухо ёкозуна ялсан тохиолдолд хоёр аварга дахин барилдаан хийж, хэн ялсан нь Эзэн хааны цомын эзэн болох юм.