Friday, September 26, 2008

Их аварга Асашёорюү башёг орхилоо

Аки башёгийн арав дахь өдрийн ээлжит барилдаанд Тамаваши Мөнх-Оргил Гүржийн бох Коккайд өвдөг шороодсоноор зургаан унаатай боллоо. Харин Какирюү Ананд нутгийн ах Кёкүтэнхо Цэвэгнямтай учраа таарч харцагадаж тэврээд дэвжээний захад тулган шигшээд гаргачихав. Ингэснээрээ түүний хувьд зургаан даваатай болж үлдсэн өдрүүдийн барилдаанд хоёр даваа авахад л тавиас дээш хувийн амжилт үзүүлэхээр боллоо. Кёкүтэнхогийн хувьд дахин унах эрхгүй болов. Урьд өдрийнхөө барилдаанд Барутог төвөггүйхэн давсан Асасэкирюү Б.Дашням энэ өдрийнхөө барилдаанд мөн л хүнд жинтэй бөх Миябиямаг шилдэж татах мэхээр өвдөглүүлснээр дөрвөн даваатай боллоо. Энэ өдрийн хамгийн сонирхолтой барилдаан Хакухо, Ама нарын дунд өрнөлөө. Хоёр бөх шүүгчдийн дохионоос өмнө амьсгаа таарахгүй хоёр удаа ухасхийж үзэгчдийг шуугиулав. Барилдаан эхлэхэд Хакухо барьц сэлгэн дэвжээний зах руу түлхэн гаргалаа. Ингэснээрээ Их аварган хувьд тэргүүлэгчдийн эгнээгээ хадгалж чадсан юм. Их аварга Асашёорюү бэртлийн улмаас Аки башёг орхиж Гоэдод даваа өгүүлэв. Гоэдог ордны тайлбарлагч Их аваргатай таараад ингэж сул даваа авиа гэдэг бол аз хэмээв. 10 өдрийн дараахь байдлаар тэмцээнийг Хакухо Даваажаргал, Гоэдо нар нэг унаатай тэргүүлж байгаа бол тэдний араас озэки Котомицүки, сэкиваки Ама нар тус бүр хоёр унаатайгаар нэхэж байна. Амагийн хувьд энэ өдрийн барилдаанаар Ёкузано, озэки цолтнуудтай хийх барилдаан нь дуусч байгаа юм. Өнөөдөр манай бөхчүүдээс Тамаваши Мөнх-Оргил Китатайкитай, Асасэкирюү Дашням Кисенасатотой, АмаТоёоношиматай оноолт таарч энэ башёг тэргүүлэгч бөхчүүд Хакухо, Гоэдо нарын хооронд сонирхолтой барилдаан өрнөх юм.

Thursday, September 25, 2008

Ирээдүйн аваргууд хүүхдийн сумо бөхийн наадам 2 сарын туршид амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа

Хүүхэд багачуудын дунд хэзээний танил болсон Ирээдүйн аваргууд хүүхдийн сумо бөхийн наадам 2 сарын туршид амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Монголын сумо бөхийн холбоо, Монгол улсын гавъяат тамирчин Кёкшүзан Батбаярын нэрэмжит Ирээдүйн аваргууд хүүхдийн сумо бөхийн 10 аварга тодорчээ. Нийт 670 гаруй сумо сонирхогч хүүхдүүд оролцсоноос өнөөдөр 5 насны ангилалын эдгээр шилдэг 10 хүүхэд арлын Япон улсад зохиогдох Аки башёг үзэхээр болсон байна..
Эдгээр аварга хүүхдүүд мөн өөрийн үе тэнгийн Япон хүүхдүүдтэй нөхөрсөг тэмцээнд оролцон хүчээ үзэн Диснейлэндээр аялж Япон улсын түүх дурсгалтай танилцах юм байна.