Wednesday, January 9, 2008

-Асашёорюү түрүүлнэ, -Үгүй ээ, Хакүхо

“Өнөөдөр” сонины “Нэг сэдвээр” булан үргэлжилж байна. Энэ удаа бид мэргэжлийн сүмогийн энэ сарын барилдааны өнгийг тандлаа. Үүрэн телефоны “Жи-мобайл” ХХК-ийн зөвлөх, Япон улсад их, дээд сургууль төгссөн монголчуудын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Мөнхбат, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ш.Даваадорж нар нэг сэдвээр ярилцав.

Ш.Даваадорж: /Ш.Д/ -Энэ удаагийн башёг Япон, Монголын бүх үзэгчид үнэхээр тэсч ядан хүлээлээ. Маш өвөрмөц болно доо. Барилдааны өнгийг хэрхэн төсөөлж байгааг тань сонирхъё.

Б.Мөнхбат: /Б.М/ -Сүмо сонирхдог бүх хүн тэсч ядан хүлээж байгаа нь үнэн. Асашёорюү, Хакүхо нар яаж барилдахаас л өнгө тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл оньсого шиг, сонирхол татаж буй барилдааны тайлал нь манай хоёр аварга байх болно. Тэр хоёр хоорондоо яаж барилдах вэ гэдэг л анхаарал татаж байгаа шүү дээ. Ингэхэд Хакүхо ёкозүна цолтой болсноос хойш Асашёорюүтай барилдаж түрүүлээгүй шиг санагдаж байна.

Ш.Д: За байз, харин юу билээ. Одоогоор таван удаа эзэн хааны цом хүртчихээд байгаа гээд тооцохоор үнэн байна аа. Түрүүлээгүй юм байна.
Б.М: Асашёорюү хоёр башё өнжөөд эргэж ирлээ. Манайхаар бол хоёр удаагийн наадамд барилдаагүй гэсэн үг. Хоёр жил зүлэг ногоон дэвжээнээ гарч зодоглоогүй бөх дараа барилдахад бас л хэцүү еэ? Түүн шиг сүмод хоёр башё өнжинө гэдэг эвгүй дээ.
Ш.Д:-Тантай санаа нийлж байна. Энэ талаар өмнө нь “Асашёорюүтай сүмо” гэсэн бичлэгтээ маш хүнд шийтгэл гэдэг талаас нь бичсэн Ер нь Асашёорюүгээс өөр бөх ийм шийтгэл авсан бол сүмогоо бүрмөсөн орхих байсан гэж би боддог.
Б.М: Орхино, орхино. Энэ талаар япончууд ч өөрсдөө хэлсэн байгаа. “Асашёорюү шиг сэтгэлийн хат, тэнхээтэй бөх л сүмод эргэж ирээд амжилттай барилдаж чадна. Түүнд эхний хоёр өдрийн барилдаан маш чухал. Тэр нэг хаяад эхэлсэн бол тэр чигээрээ дуусгадаг онцлогтой” гэж Китанофужи ояагата хэлсэн байсан. Чи энэ оягатаг хэр мэдэх билээ. Үнэхээр шударга, хэлье гэснээ шууд хэлдэг хүн л дээ.

Ш.Д: Би ч гэсэн түүнд дуртай.
Б.М: Тэр бас “Асашёорюүг зогсоох бөх одоогоор байхгүй ээ. Ганцхан Хакүхо л тулж чадна” гэсэн байгаа. Энэ бол үнэн шүү, зогсоох хүн нь Хакүхо л байна. Тэгээд энэ удаагийн барилдааны өвөрмөц гэмээр байдал нь удаан хугацаагаар дохёгоос хөндийрсний дараа өөрийгөө хэн бэ, чухам ямархуу ёкозүно вэ гэдгээ батлах боломж гарч ирсэн явдал. Яг одоо япончуудын дунд түүний барилдахыг хүлээж бүр, түрүүлээсэй гэсэн уур амьсгал үүссэн байгаа.
Ш.Д: Монголчууд ч ялгаагүй, олонхи нь Дагвааг түрүүлээсэй гэж хүсч байгаа болов уу. Гэлээ ч тэр хоёрын барилдаан яаж өрнөх бол гэдэг л сонирхолтой. Та хэн нь давахыг шууд хэлж чадах уу?
Б.М: Дагвадорж давна аа.
Ш.Д: Би бол эсрэг бодолтой байна. Хакүхо улам л туршлагажиж байгаа нь илт мэдэгддэг. Мартсанаас өнөөдөр тэр хоёрын хооронд хяналтын барилдаан болсон байх ёстой. Яасан бол та шинэ мэдээ сонсов уу?
Б.М: Ёкозүногийн зөвлөлөөс хоёр аваргын хооронд хяналтын барилдааныг долоон жилийн дараа хийж байгаа нь энэ. Өмнө нь Таканохана, Мусашимарү нарын хооронд болж байсан. Энэ удаагийн хяналтын барилдаанд Асашёорюү Хакүхо нар долоон удаа барилдсанаас 5:2-ын харьцаагаар Дагвадорж давамгайлсан байгаа.
Ш.Д: Маш сайн байгаа юм байна даа. Монголоос буцаж очмогцоо тойргийн гурван барилдаанд мөн түрүүлсэн.
Б.М: Хяналтын барилдааны дараа Хакүхо “Хоёр башё өнжсөн болохоор нь арай өөрөөр бодож байсан. Гэтэл Асашёорюү миний төсөөлснөөс ч илүү хүчтэй байна” гэсэн бол Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми “Асашёорюүгийн энэ удаагийн барилдааныг харахад давна гэсэн хүчтэй итгэл үнэмшилтэй байгаа нь анзаарагдлаа. Гэхдээ хяналтын барилдаан, дохё дээр жинхэнэ тулах хоёрт бас ялгаа бий” гэж хэллээ.
Ш.Д: Хяналтын барилдаанаас л тодорхой харагдаж байгаа юм биш үү. Хамгийн гол нь манай хүнийг бараг зодог тайлаад буцсан нь дээр гээд байсан зөвлөлийн гишүүдийн бодолд өөрчлөлт орсон байх юм уу?
Б.М: Энэ үгийг хэлж байсан зөвлөлийн ганц эмэгтэй гишүүн Үчитати “Миний хувьд Асашёорюүг зодог тайлах байх гэж бодож байсан ч үнэхээр хүчтэй юм аа. Гэхдээ Хакүхо ч хүчтэй. Хэрэв удаан барилдсан бол гарцаагүй дийлэх боломжтой байсан” гэжээ. Японы төв телевиз NHK-гийн төлөөлөл болох гишүүн “Гайхалтай, түүнийг эргэж ирэхдээ ийм хүчтэй болоод ирнэ гэж хэн ч төсөөлж чадахгүй байсан. Сэтгэл үнэхээр хөдөлж байна” хэмээн уулга алдсан байна.

Ш.Д: Гайхамшигтай. Угийн шартай, дээр нь ялагдал гэдгийг үзэн яддаг хүн. Энэ талаар япончууд байнга ярьдаг л даа. Харин Хакүхог жаахан дарамттай байгаа болов уу гэж бодож байна.
Б.М: Хакүхо нас залуу, дээр нь Асашёорюүтай харьцуулахад туршлага дутуу, ялангуяа сэтгэл зүйн хувьд хаана нь ч хүрэхгүй байгаа нь анзаарагддаг. Болоогүй л дээ. Улам илүү өсөх нь тодорхой. Аавынх нь тэр омголон аа дутаад байх шиг санагддаг. Мань хүн энэ жилийн зургаан башёны тавыг нь авна гэж ам гарсан байсан. Тэр үгийг нь Асашёорюү их тайван хүлээж авсан байна билээ.
Ш.Д: Тэгэхээр өөртөө итгэх итгэл бас байна гэсэн үг. Энэ ч чухал шүү.
Б.М: Итгэлээс гадна сэтгэл зүйн дайралт байж болно л доо. Чиний хэлдгээр Хакүхо маш том дарамтад байгаа. Одоо түрүүлж эс чадвал “Өнжөөд ирсэн аваргыг дийлсэнгүй” хэмээн өөлөх үгийг гарцаагүй дуулах байх. Китанофужи ояагатагийн яриаг анзаарахад сонин юм ажиглагддаг. Тэр барилдаан тайлбарлахдаа Асашёорюүг ерөөсөө гарцаагүй түрүүлэх ёстой гэж ярьдаг мөртлөө Хакүхог болохоор ингэдэггүй. Одоо бол Дагвадоржийн эзгүйд хоёр башё авсан Хакүхо түүнийг зогсоож чадах уу гэж бүгд бодож байгаа.
Японоор шингитай гэдэг дээ. Манай хоёр аваргыг ажихад “ги-тай” /бие бялдар, барилдах ур чадвар/ хоёуланд нь адил байна. Харин шин буюу сэтгэл зүйн талаасаа өөр байдаг. Даваажаргал буюу Хакүхо шин талаасаа дутмаг. Гэхдээ түүний үе гэж ирнэ л дээ. Ийм бололцоо хангалттай байна. Асашёорюүг эргэж ирсний дараа сүмогийн тасалбар олдохоо байсан. Түүнийг үнэхээр үгүйлсэн байна. Энэ башёгийн турш сүмогийн ордон үзэгчдээр пиг дүүрэн байх нь гарцаагүй, манайд ч ялгаагүй телевизийн дэлгэцээс холдохгүй дээ. Яг ийм нөхцөлд Асашёорюүгийн барилдаан илүү хурц болдог онцлогтой.
Ш.Д: Гэхдээ бага зэрэг гэмтэлтэй байгаа гэж дуулдсан.
Б.М: Зүүн хөлийн шагай бага зэрэг хавдартай байгаа ч мөсөөр жин тавьсан, нэг их санаа зовохгүй байгаа гэдгээ Асашёорюү хэлсэн байсан. Сая Асасэкирюүтэй 17 барилдаж 15 давсныхаа дараа “Манай дэвжээнийхэн их өнгөтэй хүчтэй болсон байна. Би ч гэсэн тэдэн шиг хариуцлагатай барилдахгүй бол болохгүй” гэж өгүүлсэн байгаа.
Ш.Д: Бид ерөнхийдөө энэ башёг манай хоёр аваргын хэн нэг нь авна гэдэгтээ санаа нийллээ. Харин Асашёорюү сүмогийн хамгийн дээд амжилт болох 32 түрүүг эвдэж чадах болов уу. Одоо 21 түрүү авсан нь бүх үеийн аваргуудын дунд тавдугаарт бичигдэж байгаа шүү дээ.
Б.М: Эвдэх боломж нь илүү байна. Чи бод. Түүнд ч, Хакүход ч нас байна, ур чадвар байна. Нэг жилийн зургаан башёд дор хаяж гурван түрүүг нь аваад таван жил барилдахад л болоод явчихна биз дээ.
Ш.Д: Тийм дээ. Гол нь гэмтэл бэртэл авчихгүй л бол. Түй, түй. Ийм юм холуур байг. Одоо хоёулаа бусад бөхийн талаар ярих уу? Ама маань озэки цол авахад ойрхон ирлээ. Токитэнкү мөн комүсүби болох боломжтой гээд л...
Б.М. Амагаар эхлэх үү. Маш гоё бөх дөө. Сүмогийн мэргэжилтнүүдийн амнаас Ама салахаа болилоо л доо. Одоогийн бөхчүүд дотроос озэки цолд хүрэх хамгийн боломжтой ганц нь Ама гэдэг. Энэ цолны гэрэл түүнд асаастай байгаа.
Ш.Д: Өнгөрсөн барилдаанд 10 давсан. Энэ удаа 11-ээс дээш давах тохиолдолд арслан цолд ойртоно тийм үү?
Б.М: Гурван башё дараалан давсан давааны нийлбэр 33-аас дээш байж цол авна. Гэхдээ чанарыг нь голлон анхаардаг юм. Амагийн хувьд даваа болгон нь чанартай л даа. Өөрөөсөө дээгүүр цолтой, аварга, арслангуудтай маш сайн барилдах хэрнээ доогуур цолтонтой жаахан тиймэрхүү барилддаг тал бий. Өнгөрсөн жилийн тусгай шагналыг бараг л Ама ганцаараа хамчихсан шүү дээ. Хэт гоё, уран барилдах гээд байдаг байсан нь өөрчлөгдөж байгаа. Сүүлийн үед гарцаагүй барьцанд хүрч даацтай мэх хийж байна. Энэ бол озэки цолд ойртож, өөрийн гэсэн тогтсон барилдаанаа олоод авчихлаа гэсэн үг.
Ш.Д: Даанч уран барилдаантай шүү. Хамгийн гол нь Ама гайхалтай сэтгэлийн хаттай бөх гэдэг нь өнгөрсөн жилийн тавдугаар сарын башёгоос харагдсан. Түүгээр үнэндээ бахархаж байсан шүү. Аав нь мөнх бусыг байсан тэр хүнд үед гялалзтал барилдаж цолд хүрсэн. Сэтгэл хөдлөөд үнэндээ уйлсан шүү тэр үед.
Б.М: Пээ! хэлээд юу гэхэв. Ямар гайхамшигтай барилдав. Сүмогийн дүрэм журам хатуу болохоор энд ирж нэг хоноод л буцсан шүү дээ. Өөрөө NHK-гийн сурвалжлагчид “Надаас аавын минь талаар битгий асуугаарай” гэж гуйсан хэдий ч, шагнал авах үед нь сурвалжлагч тэсэлгүй “Аав тань өнгөрсөн гэж сонслоо. Ийм хэцүү үед та биширмээр сэтгэлийн тэвчээр зааж гайхамшигтай барилдсанд талархъя” гээд асуулт тавьж байхад Ама юу гэж хариулсныг үзэгчид санаж байгаа байх. Энэ үед нь би тайлбарлаж чадахаа байгаад хоолой зангирч хажуудах нөхөртөө чи үргэлжлүүлээч гэж гуйн завсарлаж байгаад дуусгасан юм. Ама жаахан жин нэмчихвэл гоё болно доо. Барилдаанд нь ч нөлөөлнө. Ер нь маш суурь сайтай бөх гэж ярьдаг юм билээ.
Ш.Д: Одоо 130 кг болсон байгаа. Урьд нь хүнд жинтэй бөхчүүдтэй тулмагц үсрээд явчихдаг байсан бол одоо сайхан тулж босоод байгааг нь анзаарсан биз дээ.
Б.М: Амагийн барилдаан шал өөр болсон. Түүний даваа болгон гоё л доо. Нөгөө бөх нь давлаа гэхэд илүүрэхсэн нь бараг байдаггүй. Ихэвчлэн манай хүн давж яваад л өөрийнхөө хүчинд, мэхэнд унаж байгаа нь харагддаг.
Ш.Д: Асашёорюү, Хакүхо хоёрын Аматай барилдах барилдаан хамгийн эвгүй болно гэж бодож байгаа.
Б.М: Энэ их сонин болно оо. Асашёорюү гэхэд л сүүлийн хоёр башё дараалан Амад унасан. Ер нь Амагаас хоёр аварга төдийгүй бэргэдэг бөхчүүд олон болж байгаа шүү. Энэ башёд тэр арслан цолд хүрэх алхмаа хийж чадна гэдэгт итгэж байгаа.
Ш.Д: Харин Хүчитбаатар буюу Токитэнкү маань комүсүби болно доо. Маэгишригийн барууны нэгээс босно. Барилдаан нь мөн ч эвгүй дээ.
Б.М: Токитэнкү 50 хувиа хийвэл цол авна. Цаашдаа Сэкиваке заан цолд хүрэх боломж бий. Жаахан хурд дутаад байна. Өнгөрсөн башёд арслангууд түүнд бүгдээрээ өвдөг шороодсон.
Ш.Д: Өнгөрсөн оны яг энэ сарын барилдааны эхний өдөр Асашёорюүтай таарч давсан биз дээ.
Б.М: Ер нь манай бөхчүүд хоорондоо таарахаараа бие биенээсээ их бэргэдэг. Асашёорюү “Миний хувьд Токитэнкүтэй барилдахад их эвгүй байдаг. Юу ч хийж мэдэх нөхөр байгаа юм” гэж хэлсээр гарч ирээд л уначихсан. Энэ удаа ч гэсэн эхний өдрийн барилдаанд Асашёорюү, Хакүхо хоёр Токитэнкү, Дэжима, Котошёогикү нартай таарах байх. Хэн хэн нь эвгүй дээ.
Ш.Д: Тиймээс л эхний хоёр өдрийн барилдаан чухал гэдгийг та дээр хэлсэн. Харин Кисэнасато, Гоэйдо, Котошёогикү, Тоёоношима гээд япончуудын найдвар болох бөхчүүд ямархуу барилдаан хийх бол.
Б.М: Япон бөхчүүдэд түрүүлэх гарц байхгүй. Ойрын таван жилд чадахгүй дээ. Кисэнасато бусдаасаа түрүүж озэки цолд хүрнэ гэж боддог. Котошёогикү, Гоэйдо хоёр ч гайгүй үзэх байх. Тоёоношима явахгүй ээ. Котомицүки гэхэд л нас нь явчихлаа. Түүний хувьд бензин дуусч байгаа бөх. Ядаж байхад нь их аварга буцаад ирлээ. Тэр есдүгээр сард гарсан боломжийг ашиглаж чадаагүйдээ удаан гомдож явах байх аа.
Ш.Д: Европын бөхчүүдээс ОХУ-ын Рохо нэг хэсэг монгол бөхчүүдийг дараад өгнө гэж яриад чимээгүй болчихлоо. Бас Болгарын Котоошюү түрүүлэх нь бүү хэл арслан цолоо хураалгах нь байна ш дээ.
Б.М: Рохо явахгүй ээ. Тэр комүсүби бүр ахилаа гэхэд сэкиваке цолоос хэтрэхгүй. Котоошюү үндсэндээ зодог тайлах хэмжээнд ирлээ. Энэ удаагийн башёд 50 хувиа хийж чадахгүй бол цолыг нь хураана гэдгээ Сүмогийн холбоо мэдэгдсэн. “Озэки цолтой бөх ийм муу барилдаан үзүүлж байхаар цолоо хураалгахаас өмнө зодог тайлсан нь бараг дээр” гэж Китанофужи ояагата хэлсэнтэй санаа нийлдэг. Анх ямар хүчтэй гарч ирлээ. Янзын гоё хөмөрч байсныг санаж байна уу.
Ш.Д: Тэгээд манайхантай гар зөрчих бөх тэгэхээр хэн болж байна аа? Эстонийн аварга эр Баруто юу?
Б.М: Хамгийн аюултай хүн чинь л Барүто. Даанч энэ нөхрийг хурцлаад өгөх бөх дэвжээнд нь алга. Хэрэв зээ тэр “Ажигава” дэвжээнд байсан бол ээ дээ, мөн ч хол явах байлаа. Манай Ама Аминишикиг яаж хурцлав. Тэр яаж өсөв дөө.
Ш.Д: Маш хүнд бэртсэн дээ. Барүтогоос өөр хүн ийм гэмтэл авсны дараа дээд зиндаанд гарч иртэл барилдаж чадах байсан гэдэгт би лав итгэхгүй.
Б.М: Яг үнэн. Одоо ч гэмтэл нь гүйцэд эдгээгүй. Унаж сураагүй хүн юм билээ. Хэрэв цол авчих юм бол дээшээ явчихаж мэдэх нөхөр. Ер нь л эвгүй дээ эвгүй.
Ш.Д: Доод зиндааны бөхчүүдийн барилдааныг тэр болгон хүн мэддэггүй. Тэдний дундаас хэн нь гарч ирэх бол.
Б.М: Дүвчин зааны хүү байна. Түүний барилдаан Амагийнхтай төстэй. Бараг л түүний хэмжээнд гарч ирж чадна. Гол нь жин бага юм.
Ш.Д: За бид хоёрын яриа ингээд үргэлжилбэл дуусахгүй нь бололтой. Дараа дахин үргэлжүүлнэ дээ. Тантай ярилцахад их сонирхолтой байлаа шүү. Их баярлалаа.
Б.М:-Чамд ч гэсэн баярлалаа. Эцэст нь манай зарим хэвлэл сүмогийн талаар үнэн зөв мэдээлж байгаасай гэж хүсмээр байна.