Monday, February 9, 2009

Хакухо 2.5 сая иений шагнал хүртлээ

1977 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа нэг өдрийн үзүүлэх барилдаан өчигдөр Японы мэргэжлийн сумо бөхийн ариун газар болсон Токио хотын Кокугикан ордонд болж, сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал түрүүллээ. Тэрбээр тэмцээний үеэр дараалан экс-комүсүби Гоэйдо, Футэно, Коккай, Такамисакари болон 21 настай Точиношин, озэки Котоошю нарыг өвдөг шороодуулжээ. Хакухо М.Даваажаргал ийнхүү дөрвөн жилийн дараа энэ нэр хүндтэй үзүүлэх барилдаанд тэргүүлж байгаа ба хоёр дахь удаагаа аваргалж, 2.5 сая иений шагнал хүртлээ.
Харин уг барилдааны гурван удаагийн аварга ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж энэ барилдаанд Бушуяма, Ивакияма, Гоэйдо нарыг дараалан ялсан боловч хагас шигшээ барилдаанд Болгарын озэки Котоошюд өвдөг шороодсон байна. Тэрбээр ёрикири мэхээр унажээ.
Барилдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө эмнэлгээс гарсан озэки Кайо Асасэкирюү Б.Дашнямын довтолгоог барсангүй. Харин шинэхэн озэки Харумафүжи Д.Бямбадорж Оросын бөх Аранд унасан байна. Түүнчлэн озэки Чиётайкай, Котомицүки нар хоёрдугаар тойргийн барилдаанд өвдөг шороодож, тэмцээнийг орхижээ. Үзүүлэх барилдааны үеэр бөхчүүд сумо сонирхогч бага насны хүүхдүүдтэй үзүүлэх барилдаан хийж, үзэгчдийг баясгасан байна.