Tuesday, May 13, 2008

“Олимп” сургууль сумо бөхчүүдийг бэлтгэнэ

 Ардчилсан намд элсч, ирэх сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших нь тодорхой болсон Кёкүшюзан Д.Батбаяр далай аварга А.Сүхбаттай хамтран ажиллахаар болжээ. Мэргэжлийн сумо бөхөд монгол бөхчүүдийн замыг нээж өгсөн гэгддэг сумогийн алтан хараацай өдгөө сумо бөхийн өсвөр, залуу үеийг бэлтгэхэд санаагаа чилээж явдаг болсон гэнэ. Тиймээс Кёкүшюзан удахгүй болох өөрийн нэрэмжит тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн сумочдоос сонгон шалгаруулж, далай аварга А.Сүхбатын “Олимп” дэвжээнд сумо бөхийн анги нээн, сургахаар төлөвлөж байгаа ажээ. Тэгэхээр чөлөөт бөхийг гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, П.Сүхбат, жүдо бөхийг гавьяат тамирчин Д.Нармандах нарт даалгаад буй далай аварга А.Сүхбат спортын сургуульдаа сумо бөхийн анги нээж, түүнийг нь удахгүй Кёкүшюзан анхааралдаа авах бололтой. Дашрамд сонирхуулахад, Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит сумо бөхийн тэмцээнийг гар, хөл, амны халдварт өвчин гарсантай холбогдуулан түр хойшлуулаад байгаа аж.