Saturday, January 3, 2009

Хакухо энэ онд 80-аас дээш даваа авах зорилготой

 2009 онд 23 настай Монголын сумоч ёкозуна Хакухо М.Даваажаргал 2008 оныхоосоо илүү амжилт гаргаж, барилдана хэмээн төлөвлөжээ. Хакухо М.Даваажаргал хацү, хару, нацү, нагоя, аки, кюүшю башёд нийтдээ 80 даваа авна гэж төлөвлөсөн байна. Жилийн зургаан удаагийн башёгийн 80 ялалт авч байсан амжилтыг өмнө нь сумогийн түүхэнд их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Китаноуми, Тоёонофүжи, Тайхо, Таканахана нар гаргаж байсан юм. Өнгөрсөн жил Хакухо 90 барилдаан хийж, 79 удаад ялалт байгуулсан нь озэки Харумафүжи Д.Бямбадоржийн амжилтаас 18 даваагаар илүү байлаа. Энэ албан ёсны бус жагсаалтад озэки Котомицүки 55 даваатайгаар гуравдугаарт бичигдсэн байна. Өнгөрсөн онд хамгийн олон даваа авсан 10 бөхийн тоонд сэкиваки Баруто, комүсүби Кисэносато нар 51 даваатайгаар, озэки Котоошю 50, Кёкүтэнхо Н.Цэвэгням 49, комүсүби Тоёоношима 48, Ёшиказэ, Такамисакари нар 47 даваатайгаар тус тус эхний 10-т бичигдсэн байна. Сүүлийн гурван башёд зүүн тохойн гэмтлийн улмаас зодоглоогүй их аварга Асашёорюү Д.Дагвадорж 61 удаа дэвжээнд барилдаж, 45 даваа авсан юм.

Японы мэргэжлийн сумогийн ертөнцийн бусад мэдээллээс дуулгахад, хар тамхины хэрэгт холбогдож, сумо барилдах эрхээ хасуулсан Рохо, Хакурозан нар дэвжээнийхээ бөхчүүдээс сэтгэлзүйн дэмжлэг авсан байна. Учир нь макүүчи, жюүрё зиндааны 70 бөхчүүд шинэ оны өмнө хуралдаж, гарын үсэг цуглуулан, ОХУ-ын хоёр сумоч болон ояката Китаноумиг ерөнхийлөгчийн суудлаас огцруулсан шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.

2008 оны хамгийн сүүлчийн хуралдаанаар Японы сумо бөхийн холбоо Рохо, Хакурозан нарт 14.5 сая иен буюу 150 мянган ам.долларын нөхөн олговор өгөх шийдвэр гаргажээ. Гэтэл Оросын ах, дүү хоёр уг нөхвөрийг авахыг татгалзаж, өөрсдийн хэргээ зөвтгөж, цагаатгахыг шаардаж байгаа аж. Энэ сарын дундуур Токио хотын тойргийн шүүх Оросын ах, дүү хоёр бөхийн гаргасан гомдлыг авч хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргах гэнэ. Тэд сар бүрийн тогтмол цалингаа авах, дэвжээндээ дахин бэлтгэл хийхийг зөвшөөрөхийг шаардаж байгаа юм.

Tuesday, December 30, 2008

Асашёорюү гэрийнхэнтэйгээ баярлахаар болжээ

Мэргэжпийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж шинэ оныг эх орондоо, нутаг нэгтнүүдтэйгээ угтахаар шийджээ. Их аварга өнгөрсөн баасан гаригт 2008 оны сүүлчийн бэлтгэлээ хийсэн байна. Тэрбээр, "Дэваноуми" дэвжээнд, сэкиваки Точинадо, комүсүби Фүтэно зэрэг бөхчүүдтэй барилдахдаа 14 удаа ялсан гэнэ. Энэ оны бэлтгэлээ дуусгасан их аварга өнөөдрөөс нэгдүгээр сарын 2-ныг хүртэл амралт авчээ. Тиймээс Асашёорюү ирэх даваа гаригт нутагтаа ирэх юм байна.

Monday, December 29, 2008

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж өнөөдөр эх орондоо түр хугацаагаар ирж байна

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, Асашёорюү Давгадорж гэмтлийн улмаас мэргэжлийн сумогийн “Дээд” буюу “Макүүчи” зиндааны сүүлчийн хоёр башёд барилдаагүй билээ.Тохойны гэмтлээ Осака,Окинава мужид эмчлүүлж байсан их аварга,Асашёорюү Давгадорж богино хугацаагаар эх орондоо амрахаар өнөөдөр ирж байна. Их аварга Асашёорюү Давгадорж эх орондоо ирэхийн өмнө мэргэжлийн сумогийн
“Дэваноуми” дэвжээнд зочилж,дээд зиндааны Маэгишира цолто Точинонадо,Фүтэно зэрэг бөхчүүдтэй сорилт барилдаан хийж, бүх барилдаанд өрсөлдөгчөө ялсан байна.Эх орондоо байх үеэрээ их аварга,Асашёорюү Давгадорж хэд хэдэн шинэ жилийн сүлд модны наадамд оролцохын дээр их аваргын хувьд хамгийн том сүлд модны наадам нь “Асашёорюү сан”-гаас зохион байгуулах арга хэмжээ байх нь.Эх орондоо түр хугацаагаар ирж алжаалаа тайлсан сумогийн их аварга Асашёорюү Давгадорж ирэх оны 1-р сарын 2-ны өдөр Токиог зорьж,1-р сарын “Хацү” башё тэмцээнийхээ бэлтгэлийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. 1-р сарын “Хацү” башё тэмцээн 1-р сарын 4-ний өдөр эхэлнэ