Thursday, November 5, 2009

Асашёорюү Далай ламтай уулзахаар төлөвлөжээ

 Мэргэжлийн сумо бөхийн кюүшю башё эхлэх өдөр ойртож байна. Ойрын өдрүүдэд Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны бөхчүүд Фүкүока мужид тойргийн барилдаан хийж байна. Үүнд оролцож буй Монголын их аварга Асашёорюү өнөөдөр далай ламтай уулзах ажээ. Далай лам өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Японд ажлын айлчлалаар ирсэн бөгөөд энэ сарын 7-ныг хүртэл Токио хот, Эхимэ, Окинава мужид айлчилж, сүсэгтнүүдэд ном айлдах юм байна.


Их аварга далай ламтай уулзахыг хүсч байгаа ч сумогийн холбооноос энэ уулзалтыг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй аж. Учир нь шинэ башёгийн банцукэ гарснаас хойш бөхчүүдийг ийш тийш явуулахыг зөвшөөрдөггүй бөгөөд их аварга Асашёорюү далай ламтай уулзахын тулд Окинава арал хүртэл багагүй цаг зарцуулах учир багш нар болоод сумогийн холбоо зөвшөөрөхгүй байж магадгүй гэнэ. Далай лам Их аварга Асашёорюүг ихэд хүндэлдэг бөгөөд их аваргыг өнгөрсөн жил гэрийн хорионд байх үед нь далай лам түүнтэй өөрийн төлөөлөгчөө уулзуулж, сэтгэл санааны дэм өгч байсан билээ.