Wednesday, September 17, 2008

Мэргэжлийн сумогийн шуугиан дуулиан

Монголчуудын дурлан сонирхдог сумо бөх бүтэн жил хэрэг төвөг, хэрүүл шуугиан, шүүх заргаар дүүрэн байна. Олны анхаарлыг татна гэдэг сайн хэрэг ч үргэлж муу талаараа дийлнэ гэдэг юу л бол доо. Ямар ч гэсэн өнөөдөр эхэлж буй 9 сарын тэмцээний тасалбар их сайн зарагдаж байгаа ч ивээн тэтгэгчдийн бооцоо багассан гэнэ. Муу ч сайн ч орос ах нар маань гэж, Рохо, Ваканохо, Хакурозан нар сумогийн жинхэнэ фэнүүдэд үгүйлэгдэх нь ойлгомжтой. Яагаад ийм явдал болов оо? Нэг жилийн дотор нэг ояката, 3 сумо бөх тэр тусмаа цолтой бөхчүүдээ ажлаас нь халж байсан түүх сумод үгүй. Өнгөрсөн жилийн залуу бөхийн үхэлд холбогдоод байгаа 3 сумоч шүүхээс буруутай гэж тогтоогдвол бас хөөгдөх болоод байгаа. Хэрэг тарьлаа гээд л хөөгөөд байвал асуудал хурдан шийдэгдэх ч энэ нь бас зөв арга мөн үү, үгүй юу эргэлзээтэй аж. Энэ долоо хоногийн шуугиан 8-нд Рохо Хакурозан нарыг сумо бөхийн холбооноос хөөж, холбооны тэргүүн Китаноүмиг огцруулсанаар эхэлсэн. Китаноүми бол яахав. Угаасаа аль эрт огцрох ёстой байсан ч албан тушаалдаа үнэхээр дурласан ,хэнэггүй нэгэн сайхан гүндэггүй япон эр тул дэвжээнд гарсан асуудал ерөнхийлөгчид хамаагүй гэж ярьж хэлсээр ирж байсан ч өөрийх нь шавь хэрэгт холбогдоод яалт ч байхгүй уналаа. Унах ч гэж дээ, ерөнхийлөгчөө болиод , удирдах зөвлөлд бол үлдээд, сарын 1 сая 800 мянган иэний цалин нь хэвээр, харин тусгай хангамж болох 50000 иэн л алга болоод , өглөө эрт бөхийн өргөөнд очих хэрэг байхгүй болж, чөлөөт цаг нэмэгдэж, загнуулж нүдүүлэхгүй амар сайхандаа жаргаж байгаа юм байх. Харин элдэв асуудал шийдэхэд оролцох эрх, нөлөө нь багасж.
Рохо Хакурозан шүүхдэнэ
Юуны өмнө хэлэхэд сумогийн холбооноос хөөнө гэдэг хэт хатуу байж болох шийтгэл. Хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж байна гэсэн үг. Ваканохогоос ялгаатай нь тэд баривчлагдаагүй. Нөгөө талаар Японы цагдаагийн газраас тэднийг хууль зөрчсөн гэж үзээгүй байгаа. Заавал хөөх хэрэггүй, 1 жил барилдах эрхийг нь хасья гээд л олон санал гарж байж уг нь. Нэг нь Китаноүмигийн шавийг хэлэх үү, гэвч ах дүүс сумогийн холбоотой сөргөлдөх, муудалцах байр суурь барьж эхэлсэн тул шинээр батлах баримт гаргаж , хөөхөөр болсон гэх. Энэхүү шинэ баримт гэдэг нь хар тамхины шинжилгээгээр дүн нь сэжигтэй гаран, хэдэн цаг хиртэй дахин шинжилгээний хариуг хүлээж суух зуур хэдэн ояката Рохо Хакурозан хоёроос яг хэрэглэсэн юм уу үгүй юу хэл дээ, үнэнээ хэлбэл цааш нь задруулахгүй гэхэд ах дүү хоёр 6 сард Америкад тойргийн барилдаанаар явж байхдаа танил хар арьстан дуучнаас авж татаж үзсэн гэж хариулсан гэнэ. Энийг нь 8-нд сумогийн холбооны хурал дээр асуухад ах дүү нар сайн санахгүй байна, япон хэл 80% л ойлгодог, тйим юм хэлсэн билүү үгүй билүү гээд булзаад байсан тул сумогийн холбооноос хөөх болсон гэнэ. Мөн ах дүү хоёрын шинжилгээний Б сорьцыг дахин шинжлэхээс өөрсдөө татгалзсан заргээр ийм хатуу шийтгэл оноож. Халагдсан шийдвэр сонсоод ах дүү хоёр дэвжээнээсээ ачаа бараагаа зөөж нүүсэн бөгөөд өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж эхэлсэн. 12-ны баасан гаригт ах дүүс хэвлэлийн бага хурал хийлгэж, сумогийн холбоотой шүүхээр заргалдах болсоноо зарлалаа. Өмгөөлөгчийн хэлсэнээр тэд аль нэг ояката болон шинжилгээ хийсэн эмч нартай биш, сумогийн холбоотой нэр төрөө сэргээлгэхээр заргалдах болсон. 16-нд сумогийн холбоонд тайлбар шаардсан бичиг илгээж, санаандаа хүрсэн хариу аваагүй тохиолдолд ирэх долоо хоногт заргаа эхлэнэ гэнэ. Тэдний зарга гэвэл 69 бөх оролцсон ч жүрогийн Чиёхакухо яагаад ч юм шинжилгээнд ороогүй. Мөн шинжилгээнд орсон бөхчүүдээс нэгэн япон бөхийн дүн хар тамхи хэрэглэсэн гэж гарсан боловч дахин дахин шинжилгээ хийсээр байгаад хэрэглээгүй болгож гаргасан. өөр хүний сорьцыг ах дүү хоёрыхтой сольсон байх магадлал өндөр. Дээр дурдсан Америкад хэрэглсэн гэж хэлсэн талаар баахан ояката нар яасан юм гээд л шахаад байсан, тэр үед юу хэлсэнээ санахааргүй сандарсан байсан. Энэ маягаараа хэрэг сунжирвал 3 сарын дараа вийз нь дуусаж ,Орос харихаас өөр арга алга болох тул Рохо 9 сарын тэмцээний дундуур ч хамаагүй хурдан шүүхдэнэ гэдгээ зарлалаа. Шинжлэх ухааны үндэстэй хариу гараад байхад ч бид хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй хэмээн заргалдаж байгааг нь харахаар итгэмээр ч санагдах аж. Рохо Хакурозан нарын хувьд бол шийтгэлийг хүчингүй болгож дахиад сумо барилдах гэсэн хүсэл байхгүй, нэр хүндээ л сэргээх гэсэн бодолтой байна. Тэднийг аль эрт Японы прореслингийхэн , болон тулааны урлагийхан сонирхоод эхэлсэн байгаа билээ. Хүн тэжээвэл толгой цустана гэдэг үг үнэн юм гэж тэд бодож байна уу үгүй юу , ямар ч гэсэн Оросоос хөрш айлыхаа хүүхэд Ваканохог Японд авчран сумо болгож, мөнгө алдарт хүргэсний балаг уу даа.
Ваканохо- сумо барилдмаар байна
Рохо Хакурозан хоёроос ялгаатай нь 20 настай энэ залуу яаж ч байсан дахин сумо барилдмаар байна гэдэг хүслээсээ болж шүүхэд заргалдах болсон. Хоёрдугаарт өөрөө хар тамхи хэрэглсэн гэдгээ хүлээгээд хоригдоод гарсан. Мөрдөнгөөс гараад Ваканохо кимонотой, үсээ ардаа боогоод шууд сумогийн холбоог зорьсон. Хэвлэлийн бага хурал хийлгэн Японы ард түмэн, сумогийн холбоо, ояката, Рохо Хакурозан нараас уучлал гуйн толгой бөхийлгөж, сумогийн холбооны боссуудтай уулзаж шинэ цэргээр ч хамаагүй дахиад сумо барилдуулж өгөөч гэж хүссэн боловч татгалзсан хариу сонссон. Угаасаа холбооны дүрмэнд нэг хасагдсан хүн бөх ч бай, ояката ч бай, үсчин шүүгч ч бай дахин сумогийн ертөнцөд эргэн орж болохгүй гэж заасан бий. Магаки дэвжээндээ очсон боловч залуу бөхчүүл ояката танийг дахин бүү үзэгд гэж хэлсэн гээд оруулсангүй, Рохогийн гэрт очиж хонхыг нь хичнээн дараад нөгөөх нь хариу өгсөнгүй. Ивээн тэтгэгч спонсорууд дээрээ очсон ч сумо болохоор нь дэмжиж байсан болохоос жирийн хүн болохоор хэрэггүй тул тэд ч нүүр өгсөнгүй. Ингээд шүүхэд хандахаар боллоо. Японы цагдаагийн газраас түүнийг хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан болон шалихгүй бага хэмжээний хар тамхи хадгалсан тул эрүү үүсгэлгүй сулласан билээ. Ваканохо хэвлэлийн бага хурал дээр сумогийн ертөнцөд дассан тул өөр газар ажил хийнэ гэж санаанд багтахгүй байна. Яаж ч байсан сумо л барилдмаар байна. Би маэгаширагийн манлай бөх болсон. Цаашдаа аварга арслан болмоор байна. Цагдаагийн газар намайг өршөөсөн, сумогийн холбоо ч өршөөж болно биз дээ зэргээр ярьсан ч дахин сумо болох нь үлгэрийн далай гэдэгтээ бүгд санал нэг байна. Түүний заргалдаж байгаа асуудал гэвээс урьд өмнө надаас хүнд гэмт хэрэг үйлдэж байсан сумо олон байсан ч ийм хүнд шийтгэл хүлээж байгаагүй. Хөл бөмбөг олимп болон спортын түүх харсан ч нэг мөсөн тухайн спортоос нь хөөж байсан жишээ байхгүй явдал гэнэ. Тэгээд хоригдож байх үеийн цалин 10000 ногооны төлбөр. Тайхо аварга Америкаас гар буу худалдаж аваад хууль бусаар хил нэвтрүүлж оруулж ирээд зөвхөн хатуу сануулга хүртсэн болон мөрийтэй тоглоом тоглоод цагдаад баривчлагдсан нэгэн ояката цалингаа л хасуулж байсан зэргийг дурдан заргалдаж байгаа аж. Ажиглагчдын үзэж байгаагаар дахиж сумо болохын төлөө биш цолтой бөхийн хангалуун амьдралд дасчаад жирийн ажил хийхийг хүсэхгүй байгаа болтой, хичнээн сайн өмгөөлөгч хөлслөөд ч сумогийн холбооны хөгшин бурхинууд, үндэсний спортоо хамгаалах шүүгч нарыг дийлэхгүй гэнэ.

Хакухо тун даруухан амьдардаг


Мэргэжлийн сумод цахиур хагалж яваа Хакухо Даваажаргалынх бүл нэмж удам залгах хүүтэй болсон Даваажаргал хөл газар хүрэхгүй баяртай суугаа. Япондоо нэртэй баяны охинтой дэр нэгтгэсэн Хакухо Даваажаргал хадмуудаасаа туслалцаа огт авдаггүй бөгөөд нийтийн орон сууцанд тун энгийн амьдардаг аж. Эхнэр авч гэр толгойлох хүртлээ сумогийн холбоондоо харьяалагдан залуу бөхчүүдтэй нэг дороо амьдарч байсан Хакухо гэр бүлтэй болсныхоо дараахан нийтийн 21 давхар орон сууцны 9 давхарт 3 өрөө байранд даруухан амьдрах болсон. Бүл нэмээд удаагүй байгаа Хакухогийнх тун удахгүй амьдрах орчноо өөрчилж байраа томсгож магадгүй аж.