Thursday, December 6, 2007

Хакурозан: Би Ама шиг сайн бөх болохыг хүсч байна

 Оросын сумоч Хакурозаны нэгэн сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та Кюшёо башёгийн талаар юу гэж бодож байна?
-Миний бэртэл эдгээгүй байгаа тул харьцангуй хүнд байлаа. Би бүр сонирхогчдын сумод байхдаа зүүн хөлний өвдгөө гэмтээсэн. Үүнээс хойш зарим нэг асуудлууд гарч ирсэн. Тодорхой хугацаанд би гэмтлээ хөлөө харьцангуй гайгүй болгосон байсан юм. Харин өнгөрсөн жилийн тав дугаар сард бэлтгэлийн үеэр тэгэхэд озэки цолтой байсан Хакухотой барилдаж байгаад өөр гэмтэл авсан. Тэгээд наймдугаар сард хагалгаанд орсон. Харамсалтай нь зүүн хөлний бэртэл бүрэн эдгээгүй тул баруун хөлөнд ачаалал их ирсэн. Ингэснээр баруун хөлний булчин гэмтсэн.

Ер нь сүүлийн хэдэн сар өвдөг, нурууны гэмтлүүдээс болоод сайн бэлтгэл хийж чадаагүй. Бэлтгэл сайн хийгээгүй бол тэмцээний амжилтад муугаар нөлөөлдөг. Сумо бол их мэдрэмж шаардсан спорт. Тачиа хийснээс дараах хэсэг нь цэвэр мэдрэмж, инстинктийн асуудал байдаг. Маэгаширагийн 12-оос босч барилдсан. Ядахнаа хоёрхон долоо хоног бэлтгэл хийчихсэн бол урам зоригоо олоод авчихсан байх байлаа. Гэхдээ би энэ башёд бүх хүчээ дайчилж барилдсан. Харин үзэгчид, эх орныхноо баярлуулж чадаагүйдээ харамсаж байна.
Би үзэгчиддээ сайхан сонирхолтой сайхан барилдаан үзүүлэхийг хүсч байна. Үүнийгээ ирэх оны эхний башёд заавал ч үгүй харуулах болно.

-Та ирэх сарын барилдаанд бэртэл чинь хэр нөлөөлөх бол?
-Миний эрүүл мэнд сайжирч байгаа. Хамгийн гол нь ухаантай барилдах хэрэгтэй. Ямар нэг зүйл өвдвөл өөр аргаар барилдах болно.

-Рохогийн сэтгэл бас ийм байгаа юу?
-Тийм ээ. Энэ башёд Рохо 10 давсан. Гэхдээ бараг ихэнхийг нь хатакикоми мэхээр ялсан. Бид хоёр хоёулаа бэртэлтэй байсан. Харин энэ үеэр олон бөх үнэхээр сайжирсан байна. Одоо хүн болгон л Амаг магтаж байна. Ама техник сайтай, хүчтэй сайн бөх. Одоо бид хоёр ч түүн шиг сайн болох болно. Ер нь бэлтгэл сайн хийх тусам бие хөнгөрөөд ирдэг. Бид бүр өдөрт 100 удаа барилдаж бэлтгэлээ хангадаг байсан үе бий. Дараагийн башёгоос эхлэн бид хоёр маш сайн барилдах болно.

-Токицүке дэвжээнд болсон золгүй явдлын талаар?
-Би энэ талаар сонсоод их гайхсан. Яаж хүүхдийн толгой руу шилээр цохиж чадаж байна аа? Ер нь залуу тамирчдыг ингэж зодож огт болохгүй. Энэ чинь хүүхдүүд шүү дээ. Сумо бол өөр ертөнц шүү дээ. 15-16 настай хүүхдүүдийн хувьд их хэцүү байдаг. Тэдэнд маш их хориг тавьдаг. Аяга таваг угаах, юм худалдан авах гээд гарын доорх бүх л зүйлийг хийлгэдэг. Харин дэлгүүрээс буруу зүйл авсных нь ч юм уу, сургуулиас зугтсаных нь төлөө зодож болохгүй. Манай клубт л гэхэд эхний гурван сарын турш огт бэлтгэл хийдэггүй. Зөвхөн зараалд явдаг. Дараа нь хоорондоо барилддаг. Энэ байдал бүтэн жил гаруй үргэлжилсний дараа л шалгуурууд эхэлдэг.

-Олон сурагч сургуулиас зугтдаг уу? Ямар шалгаанаар зугтдаг юм бол?
-Бараг тал хувь нь. Энэ бол хаалттай ертөнц. Тэдний амьдралыг цаанаас нь зохицуулдаг. Залуу сумочид ахмадуудын хэлсэн бүх д зүйлийг хийдэг. Хаашаа ч явж болохгүй. Гар утастай байж болохгүй. Тоглоом тоглож бүр ч болохгүй. Энэ мэт зүйлсээс хамаарч хүүхдүүд зугтдаг.

-Анх сумод орж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ядуу гэр бүлээс гаралтай байдаг гэж сонссон...
-Тийм ээ. Бараг тал хувь нь бага орлоготой гэр бүлээс гаралтай байдаг. Тэдний хувьд амжилтад хүрэх, алдартай болох, өөрийгөө таниулах зорилгоор сумод хөл тавьдаг.

-Ояката залуу сумочдыг бэлдсэнийхээ төлөө мөнгө авдаг уу?
-Тийм ээ. Сумогийн холбооноос ойролцоогоор 1000 ам.доллар авдаг. Гэхдээ секитори зэрэгтэй бөхчүүдээс авдаг.

-Шийтгэлийн талаар ярихгүй юу?
-Маш чанга дүрэм журам байдаг. Хэзээ ч толгой руу цохиж болохгүй. Харин хулсан саваагаар зөвхөн өгзөг рүү л цохиж болно. Шийтгэх хэд хэдэн шалтгаан байдаг. Жишээ нь, бэлтгэлийн үеэр барилдаан гаргахгүй, зүгээр л оронцоглож байвал шийтгэнэ. Ингэж бэлтгэл хийвэл хэзээ ч хүчтэй болохгүй. Бэлтгэлийн үеэр унтсан бол 500 удаа суниах, 3-4 мянган удаа босч суулгах зэрэг шийтгэл оноодог. Гэхдээ бүр босч чадахаа байтал нь шийтгэдэггүй. Миний бодлоор хамгийн хүнд шийтгэл нь долоо хоногийн турш түгжигдэх. Би ганцхан удаа сурагчаа модоор өгзөг, нуруу руу нь зодож байсныг харсан. Тэр мөнгө хулгайлсан хэргээр ингэж шийтгүүлсэн юм. Ийм төрлийн буруу зүйл хийсэн хүмүүст их хүнд шийтгэл оноодог.

-Оякатагаас өөр хүн шийтгэл оноох эрхтэй юу?
-Хэдийгээр сэкитори болоогүй ч 10-15 жилийн турш сумогоор хичээллэсэн ахмад сурагчдаас бүрдсэн тийм эрх бүхий хүмүүс байдаг. Түүнчлэн ариун цэвэр, эмх замбарааг хариуцсан сурагчид бий. Гэхдээ тэд сурагчид шийтгэл оноохоосоо өмнө заавал сэкитори цолтой бөхд учир явдлыг тайлбарлах үүрэгтэй.

-Таны хувьд анх сумод ороод ийм зүйлтэй учирч байв уу?
-Шийтгүүлээд босч суух дасгал анх хийсний дараа хөл мод шиг хөдөлгөөнгүй болчихдог байсан. Намайг зодолдуулж, суниалгах зэргээр шийтгэж байсан. Энэ үед миний толгойд намайг гадаадын хүн болохоор ингэж байна гэсэн бодол орж ирдэг байсан. Гэхдээ ийм шийтгэлүүд нь зөвхөн намайг л хүчтэй болгох гэсэн зорилготой байдаг гэдгийг ойлгосон юм.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

Saturday, December 1, 2007

Yokozuna Asashoryu real 横綱・朝青龍の素顔

2004/05/30 放送





Friday, October 5, 2007

Erika loves Asasyouryu!

Erika loves Asasyouryu!
エリカは朝青龍が大好き!

Thursday, September 6, 2007

Ахлах сургуулийн сурагч Асашёорюү Давгадорж

1998年インターハイ出場時、坊主頭の朝青龍関Dolgorsuren Dagvadorj(この時17歳)+新弟子検査時の映像。
この時のインターハイで、ドルジは準決勝で今の普天王関に敗れ3位。普天王関は2位、 優勝は2007九州場所新十両の磋牙司関(磯部)。

Tuesday, September 4, 2007

Кёкүтэнзан- Ханьтайгаа учирсандаа их баярлаж явдаг

Монголын сумочид Японд анх ирж байсан тэр үеээс хойш нэгэнт 15 жил өнгөрөн оджээ. Оошима ояката 18 настай 6 хүүхэд дагуулан Токиогийн нисэх онгоцны буудалд бууж байсан тэр мөч Монголын сумогийн түүхийн эхлэл байлаа. Анхны алтан хараацай нараас маань 3 нь нутаг буцаж, нэг нь зодог тайлан, одоо Кёкүтэнхо, Кёкүтэнзан хоёр үлдээд байгаа билээ. Хэрэв тэд маань амжилттай сайн барилдаагүй бол өдийд Японд монгол сумоч байхгүй ч байж мэдэх байсан. Тэднийхээ ач гавьяагаар одоо хоёр их аваргаар манлайлуулсан Монголын хөвгүүд мэргэжлийн сумог эзэгнээд байна. Энэ удаад бид сумо сонирхогчдоо манай сумогийн анхдагчдын нэг Кёкүтэнзан хэмээх Б.Энхбаттай уулзуулж байна.

- Сайн байна уу? Таныг Хэнтий аймгийн уугуул гэж мэднэ. Багадаа нилээд хөдөлгөөнтэй, ямар ч спортоор эвсэлтэй хүүхэд байсан гэж сонссон юм байна.

- Би 1973 оны 8 сарын 4-нд Хэнтий аймгийн Өндөр хаанд төрсөн. Ах дүү 5 уулаа, би айлын том. Спортод л их дуртай байлаа. 1-4 ангидаа хичээлдээ их сайн байсан юм. Өдөр болгон номын санд суудаг, өвлийн өвгөн ааваас ч бэлэг авж явлаа. Харин 4-р ангиасаа сагс, гар бөмбөг, бөх гээд хичээлээ хийхээ байсан. Харин зургийн хичээлд бол их дуртай, зурахдаа өөрийгөө гайгүй гэж боддог.. 4-8 р ангид ангийн дарга байсан. Сайн сурагч болохоор биш л дээ, том биетэй болохоор хүүхдүүд үгэнд нь орно гэж бодоод тавьсан юм шиг байгаа юм.

- Хэдэн настайгаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?

- 15 настайгаасаа. Хэнтий аймгийн 8 жилийн дунд сургуулийн физикийн багш Бямбаа гээд бөхөд их дуртай хүн байлаа. Бямбаа багш маань намайг чөлөөт бөх барилдуулж эхэлсэн. Бас Мөнхбаатар гээд багын найз маань их нөлөө үзүүлсэн. Мөнхбаатар чөлөөтөө дагнасан бол сайн тамирчин болох байсан хүн дээ. Би 1990 оны Дарханд болсон чөлөөтийн УАШТ –ий 74 кг д барилдаад мөнгөн медаль авч байсан. Бямбаа багш маань бид хоёрыг Хөдөлмөр нийгэмлэгт Намшир багшид шавь оруулж өгсөн юм. Намшир багштай найз байсан юм билээ. Бид хоёрыг ямар ч байсан хоолны захад хүргэе, бас нутгаасаа ч бөх гаргая гэсэн багший маань алсын санаа байсан байх л даа. 1991 оны 8 сарын 1-д Улаанбаатарт ирж, Хөдөлмөр клубийн тамирчин болсон. Тэр үед Хөдөлмөрт Асасэкирюгийн аав Бадарч гуай байсан. Даанч би хагас жил болоод л Япон яваад өгсөн дөө.

- Сумо бөхийн сонгон шалгаруулалт болж байгааг яаж мэдсэн бэ?

- Телевизээр анх мэдсэн. Үндэсний бөхийн холбооныхон тэр үеийн Анагаахын дээдийн зааланд 160 орчим хүүхэд цуглуулаад, үндэсний бөх барилдуулж сумод шалгалт авж байсан. Би тэнцэнэ гэж бодоогүй байсныг хэлэх үү, тэнцэхгүй бол онигоо гээд хэнд ч, ээж аавдаа ч хэлэлгүй яваад очсон. Тэгсэн чинь тэнцдэг байгаа. 7 хоногийн дотор л амьдрал огт өөр болчиж байгаа юм. Хөдөлмөр нийгэмлэгийн нэрэмжит олон улсын тэмцээнд орох гээд жин хасаад явж байсан хүн 7 хоногийн дараа л Япон явах, сумо барилдах болчихсон байлаа. Намшир багш маань их эсэргүүцсэн. Элбэг бид хоёр хамт очиж шалгалт өгч байсан юм. Тэгсэн үндэсний бөхийн холбооныхон Элбэгийг үндэсний бөхөд хэрэгтэй хүү, Монголдоо үлд гээд буцаачихаж билээ. Шалгалтад тэнцсэн хүүхдүүдийг ээж ааваа авчир гэлээ, хотод оыл дотны хүн байхгүй би бөхийн холбооны Үнэнбат ахыг хамаатаны ах гээд худлаа яриад дагуулж очиж байлаа. Улаанбаатар ресторанд сумогийн шалгаруулалтад тэнцсэн бид үндэсний бөхийн холбооныхон болон бусад холбогдох байгууллага хүмүүстэй хүлээн авалтан орсон дуусангуут нь л би Төв шуудан гүйгээд аавдаа утсаар хэлсэн. Аав эхлээд итгэж өгдөггүй, юун Япон, юун сумо , чи наад бэлтгэлээ сайн хийж байгаа биз гээд л байдаг юм. Нилээд удаан тайлбарласны эцэст нэг юм үнэмшээд хэд хоногийн дараа манай хамаатнууд бөөнөөрөө намайг үдэж өгөхөөр Улаанбаатарт орж ирж байлаа. Ояката мөнгө төгрөг, хувцас хунар юу ч хэрэггүй гэж хэлсэн ч зах гараад л тэр үедээ жинхэнэ моод болж байсан жинс, цамц, пүүз надад авж өгж байсан юм. Яг үнэндээ Аав надад юм хум бэлтгэж гэж банкнаас мөнгө зээлж байсан юм байна лээ.

- Яагаад ер нь сумо бөх больё гэж шийдсэн хэрэг вэ?

- 1992 он гэхээр картны барааны үе байлаа. Амьдрал хэцүү байсан. Сумо барилдаж мөнгө ольё гэхээсээ илүү нэг нь ч гэсэн гадаад явж, аав ээжийхээ амьдралыг хөнгөлье гэсэн бодол хүчтэй байлаа. Чөлөөт бөх барилдаад амьдралаа аваад явах бололцоо байхгүй байсан. Тэгээд ч ояката анх 3 жилийн гэрээтэй гэж хэлж байсан болохоор 3 жил барилдчаад л буцаад ирэх юм бодож байлаа. Капиталист социалист өөр нийгмийг хэлэх үү, ояката тэгэж хэлэхээс өөр арга байхгүй байсан байж болох юм. Нэг ёсны хууртагжиж байгаа юм. Оошима багш та нар хичээж зүтгэвэл мөнгө төгрөг, нэр хүнд бүх юм орж ирнэ, та нар бол чадна гэж ятгаж бидэнд өөртөө итгэх итгэлийг бага ч болов төрүүлж дагуулж ирсөн дээ. Ингээд л Японд 6-уулаа ирсэн . Би өөрийгөө нэг бодлын азтай хүн гэж боддог. Хүнд гурван том шанс байдаг гэж ярьдаг. Энэ бол нэг нь байсан гэж би итгэдэг. Япон яваад миний амьдрал огт өөр болсон. Ялангуяа сумод орьё гэж өөрөө шийдсэндээ баяртай явдаг. Одоо би дүү нартаа ах нь 18 нас хүрсэнээсээ хойш аав ээжээсээ ганц ч төгрөг авч байгаагүй, санааг нь ч зовоож байгаагүй юм шүү гэж бардам хэлдэг.

- Анх Японд ирэхэд мэдээж хүнд хэцүү юм их л тохиолдоо биз дээ? Мөн гайхаж цочирдсон зүйл?

- Хөдөөнөөс хот гоё гээд л анх ирж байгаа хүнтэй л адилхан байлаа. Халаасандаа 10 ногоонтой гэж байгаа. Тэр үед Японд Монголоос элчингийхэн тэгээд цөөхөн хэдэн оюутан л байдаг байлаа. Социализмаас капитализмд ирсэн гэхээсээ илүү картны барааны газраас гэнэт тансаг баян газар ирээд цочирдож байсан. Хоол ундны цайны газар ороход тухайн үед монголд ховор нөгөөх элсэн чихэр зүгээр л ширээн дээр тавьчихсан байлаа элсэн чихэр энэ тэрийг аваад харьчмаар санагддаг байсан гээд бод доо. Монголын тухай мэдэх хүн ч гэж байхгүй. Монгол хаана байдаг юм гээд л асууна, би ч Хятадын дээд , Оросын доод талд гээд л хариулдаг байсан. Чингис хаан гэж мэдэх хүн заримдаа тааралдана. Хурдны замаар давхиж явахдаа яагаад голгүй газар гүүр байнаа гээд л гайхаад байдаг байсан. Хоол унд түүхий загас гарж ирээд дасахад хэцүү гэж. Би чинь Улаанбаатарт хагас жил л болсон болохоос жинхэнэ хөдөөний хүн байсныг хэлэх үү, сайхан айраг ууж, боодог идээд, өргөн уудам тал газар морь унаад давхимаар санагддаг байсан шүү. Нэг шөнө унтаж байсан юм түжигнээд л ,байшин дайваад байдаг юм. Би нэг хүн л шал дэвслээд гүйгээд байна даа гэж бодож байсан чинь харин газар хөдөлж байсан юм билээ. Тэгэж анх газар хөдлөхийг мэдэрч билээ. Монголд болсон сонгон шалгаруулалтын үед сумо бөхийн бичлэг үзүүлсэн гэсэн, би хоцроод үзэж чадаагүй юм. Тийм болохоор сумогийн талаар бүр ямар ч ойлголт байгаагүй. Орой нь нэг шланг шиг урт юм өгөөд би дэр гэж бодож байсан харин хамгийн гол зүйл маваши маань байдаг байгаа. Сумо их хэцүү, зарим хүмүүс их амар юм боддог тэгвэл үгүй юм. Хэр баргийн хүн даваж туулах эд биш. Цэрэг шиг л эрчүүдийн ертөнц. Энд хүчгүй нь хүчтэний өмнө буруутай. Манай дэвжээний дэмжигчдийн нийгэмлэгийхэн их сайн хүмүүс. Тэгээд ояката маань, зодог тайлсан Кёкүдозан нар байсан тулдаа тэсэж, тэвчиж байсан гэж бодож явдаг.

- Энэ үед манайхан зугтаагаад элчиндээ очсон. Та ганцаар үлдсэн. Хэрэв та тэр үед хамтдаа зугтсан бол өдийд сумод нэг ч монгол байхгүй байж болох байсан. Энэ утгаараа таныг Монголын сумогийн загалмайлсан эцэг , баатар ч гэж хэлж болох юм гэж би бодож явдаг. Ингэхэд яагаад зугтаагүй юм бэ?

- Би баатар мундаг болохоороо зугтаагүй хэрэг биш л дээ. Мэдээж хэцүү хүнд байсан. Зодуулж нүдүүлж, хөл гар маань хугарж байлаа. 40 градус хүртэл халуураад ухаан санаа орж гарж байсан ч гуйваад л барилдаад явж байлаа. Яагаад зугтаагүй вэ гэвэл ээж аавы маань сургасан хүмүүжил, эхэлсэн юмаа эцэст нь хүртэл шантралгүй дуусга гэсэн сургаалын ачаар л зугтаагүй хэрэг. Бас нэг юм бол сумо гэж тийм муухай юм биш юм гэж ойлгоод эхэлсэн байлаа. Алсын алсад нэг юм гялалзаж байгаа нь харагдаад байсан. Гүрийгээд зүтгээд байвал тэр гэрлэнд хүрнэ ,ямар нэг сайн сайхан юм байгаа гэж итгэж өөртөө хэлж байлаа. Японд битгий хэл би нутгаасаа Улаанбаатарт ирээд ч их юм үзэж зовж явсан. Идэх хоолоо олох гээд гүйж байлаа, тэгвэл энд ядаж идэх юм нь бэлэн байна ,ингээд нэг эд нарт зодуулж нүдүүлээд дуусахгүй заавал нэг юм олж, мэдэж, авж байж харьна гэж бодож байсан юм. Монгол хүний хор шар гэж байна даа. Бид нар ирээд оошима дэвжээ их өөр болсон юм. Сэтгүүлчдийн анхаарлыг монгол бөхчүүд татаж байлаа. Тийм болохоор хал цэргүүд маань их дургүй. Юм л бол күсо монгорү, муусайн монголчууд гээд л загнадаг, хоорондоо наадуул чинь удахгүй зугтана, дэглээд бай л гэж ярьдаг байлаа. Энийг нь сонсохоор улам шар хөдлөдөг байсан. Би адилхан 18 тай ч гэрээсээ гараад Улаанбаатарт хагас жил болоод бас амьдрал үзсэн гэхүү, бусад маань дөнгөж гэрээсээ гараад л Японд ирж байсан болохоор надаас илүү хэцүү байсан байх.

- Ийм хэцүү үед яаж өөрийгөө зоригжуулж, тэсэж тэвчиж явав даа?

- Гэрийнхнийхээ зургыг хараад л ,аав ээж, дүү нараа дурсаад л суудаг байсан. Ээжийхээ захиаг уншаад л уйлдаг байлаа. Ээж маань яриа хөөрөө цөөнтэй хүн. Захиан дээр л хамаг юмаа бичдэг. Би хичнээн нас ахьсан ч ээжийхээ хувьд бол хэзээд ч хүүхдээрээ. Ээж маань архи дарс ууж болохгүй, за яахав найз нөхөдтэйгээ уулаа гэхэд миний хүү пиво л ууж байгаарай, хүний дор битгий ороорой, эвтэй яваарай, усыг нь уусан бол ёсыг нь дагадаг юм шүү хүү минь гээд л бичдэг юм. Ээж аав маань намайг эрхлүүлж, тансаглуулж өсгөсөн бол би өдийд сумо барилдаж байхгүй байсан. Тэдний маань сургаал, олгосон хүмүүжил хатуужил надад их тус хэрэг болсон гэж бодож явдаг.

- Анхны барилдаанаа санаж байна уу?

- Одоо болтол санаж байгаа. Би гараа дохёнд хүргээд ухасхийтэл өрсөлдөгч маань хальтраад уначихаж билээ. Юу болов, би ялсан уу гээд л их гайхаж байсан юм даг. 3 сард бид нар анх маэзүмо барилдаад 5 сараас жонокүчид барилдаж эхэлсэн. 60000 иэн аваад л бүгдээрээ гэрлүүгээ зуу зуун ногоон явуулж байлаа. Би шинэ бөхийн эрүүл мэндийн үзлэгт жин хүрдэггүй, жингээ нэмэх гээд баахан ус уучихсан чинь шээх гээд болж өгдөггүй, ёстой л нөгөөхөө гараараа атгаж базаж байгаад давсан юм. Дараа нь зураг харсан чинь нээрээ доодохоо хамаг хүчээрээ базаж байгаа зураг гарсан байна билээ.

- Таныг Японы иргэн боллоо гээд Монголд нилээд шуугисан?

- Тэр үед Монголоос олон хүүхэд сумо болохоор ирж, би сумогийн талаар хичээл заадаг байлаа. Хакүхо Амагаас эхлээд л би бүгдэд нь а-гаас нь эхлээд зааж байсан. Сумогийн холбоонд ер нь Кёкүтэнзаныг холбоондоо ажиллуулья гэсэн яриа ч гарж, би ч сумод дуртай, сонирхолтой тул ажиллах бодолтой байсан. Харин сумогийн холбоонд заавал Японы иргэн л байх дүрэмтэй тул иргэншлээ солихоос өөр аргагүй болсон доо. Монголд сонин хэвлэлээр намайг япон хүнтэй гэрлэж байгаа болохоор япон боллоо хэмээн бичиж байсан . Үгүй юм. Үнэндээ Кёкүтэнхо ч японы иргэн болсон хойноо хүнтэй суусан болохоос японтой суугаад японы иргэн болсон юм байхгүй. Миний хувьд бол ээж ааваасаа асууж зөвшөөрөл авсан. Аав маань чи өөрөө шийдээд сумо болж, гадаад явсан ,одоо өөрөө шийд , аль ч улсын иргэн бай чи миний хүүхэд хэвээрээ, иргэншил гэдэг зүгээр нэг бичиг цаас бүртгэлийн л асуудал гэж хэлсэн. Тэр үед их баярласан. Би хэзээ ч хаана ч Монгол шүү дээ.

- Монгол хэр их явж байна?

- Боломж олдвол л явах дуртай. Япон шиг тансаг бэлэн газар байгаад байвал хүн анх зүтгэж хичээж байсан залуу үеийхээ юмыг мартдаг. Өөрийгөө мартахгүйн тулд, би чинь Хэнтий аймгийхаа жинхэнэ хөдөөний хүн шүү дээ гэж өөртөө дахин дахин сануулахын тулд би Монголдоо байнга харьдаг. Нутагтаа хариад ирэхээр улам ухаан суусан юм шиг санагдаж, дахиад хичээе зүтгэе гэсэн бодолтой болдог.

- Анхны гурвын хоёр нь сэкитори болж, цол авсан. Энэ үед юу бодож байв?

- Мэдээж би ч гэсэн цолтой болохсон гээд л зүтгэж байсан. Атаархмаар харагдах үе байлгүй яахав. Хүн болсон хойно. Гэхдээ болдоггүй юм гэдэг хичнээн зүтгээд болдоггүй л юм байна. Эхнээсээ эцсээ хүртэл явна гэж би анх Японд ирж байхдаа бодож байсан, тэгэж ч явсан. Надад одоо харамсах юм байхгүй. 34 хүртэлээ барилдлаа. Олон сайхан дүү нартай боллоо. Сэтгэл хангалуун байгаа. Монголын сумогийн анхны нэг нь болсондоо баярлаж явдаг. Дүү нарыхаа замыг нээлцэж өгсөндөө баяртай байдаг. Хамгийн гол нь би замын голд шантраагүйдээ өөртөө баярладаг. Голд нь больчоод дараа нь би яваад байсан бол дээд зиндаанд гарах байсан юм биш байгаа гэсэн эргэлзэл энэ тэр байвал харуусалтай гэсэн үг. Би бол хичээсэн зүтгэсэн тэгээд болоогүй юм болоогүй, тийм болохоор дараа харамсах энэ тэр гэсэн юм байхгүй. Бид 3- уулаа байсан. Нэгнийхээ чадах юмыг нөгөө нь чадахгүй, Нэг нэгнээсээ зөвлөгөө дэмжлэг авж байж бид 3 өдий хүртэл ирсэн. Бид гуравт Японы шоронд орсон монгол залуугаас захиа ирж байлаа. Та нарыхаа барилдааныг хараад би хүний нутгийн шоронд сэтгэлээр уналгүй зүтгэнэ шүү, хэзээ нэг цагт нутагтаа харих юм шүү гэсэн хүч чадал олж авдаг, та нартаа баярлалаа гэж бичсэн байсан. Энийг уншаад бид нар ч гэсэн улам илүү хичээнэ дээ гэсэн бодолтой болж байгаа юм.

- Манай сумочид танд зориулж дуу зохиосон гэж сонссон юм байна.

- Гурав дөрвөн дуу байдаг. Яахав миний амьдралыг дуулж шүлэглэж өгсөн. Одоо барилдаж байгаа бөхчүүд дотор миний хичээл заагаагүй бөх бараг байхгүй. Хоёр их аваргыг анх ирж байхад нь би анхан шатны юм зааж байлаа. Дүү нар маань Энхбат ах аа гээд л хүрээд ирдэг, би ч өөрийн туулсан амьдрал туршлагаасаа тэг ингэ гээд л зөвлөгөө өгдөг. Зөвхөн сумо ч биш хувийн амьдралаа, элдэв нууцаа яриад ирдэгт нь ,надад итгэдэгт нь би баярлаж явдаг. Одоо бид мэргэжлийн сумод гучин хэдүүлээ байна. Сумо бол жирийн нэг спорт биш. Хүнд хатуу. Монголын гучин хэдэн сайхан залуус энд зовж зүтгэж, баярлаж гомдож, уйлж инээж, хамаг чадлаараа гүрийж яваа гэдгийг манайхан ойлгоосой.

- Гэмтэл бэртэл олон байсан тул Кёкүтэнзан дэвшиж чадаагүй гэсэн яриа байдаг.

- Гэмтэхийн хувьд бол рекорд тогтоохоор болсон. За гайхуулмаар юм биш л дээ. Анх 1997 онд хөлөө хугалж байсан. Дараа нь тохой мултраад аппарат хийлгэсэн. Хүзүү цуурж, чих ханзарж байсан.

- Чих ханзарна гэж юу гэсэн үг вэ?

- Чих салаад жоохон арьсан дээр тогтоод унжчихдаг юм байна лээ. Гялс эмнэлэг яваад оёуулж байгаа юм. Гэхдээ миний хамгийн гайхсан гэмтэл бол нүд. Нүдэнд чичихээр хуруу талаа хүртэл орчдог юм байна лээ. Барилдаж байгаад цүппаридуулсан чинь нөгөөх чинь нүдрүү чичээд хуруу нь орчихдог байгаа. Бараг нүд бүлтрээд гарах шахсан. За за энэ гэмтэл ч яахав. Хүн барилдаж ,бэлтгэл хийж байж л гэмтдэг. Зүв зүгээр суугаад байвал хэн ч гэмтэхгүй.

- Танд мэргэжлийн гольфоос урилга ирж байсан гэсэн.

- Би 3 настайгаасаа морь унаж өссөн, ямар ч спортод дуртай, хөдөлгөөнтэй. Хөдөөнийх болохоор багаасаа байгаль дэлхийдээ ойр өссөн. 20 настайдаа анх гольф тоголж үзсэн. Үнэхээр сайхан, гол нь тоглохдоо биш. Хэдий хиймэл ч гэсэн сайхан байгаль дунд алхаад л явахад Монгол санаанд ороод сайхан байдаг байлаа. Дараа нь тоглоод сурахаар гольфны амтанд орж ирсэн. Намайг сумогоос илүү гольфонд авьяастай гэдэг юм. Нэг өдөр мэргэжлийхэнтэй тоглоод би ялсан юм. Тэгсэн чинь Японы мэргэжлийн гольфийн хүмүүс намайг уриад ,оякатад очоод энэ залуугаа өгчих гэж хэлдэг юм. Тэр үед Кёкүшюзан дөнгөж жүрод орж байсан үе. Багш маань мэдээж Монгол яваад бас зовж байж олж ирсэн шавиа гольфод өгчинө гэж байхгүй л дээ. Одоо ч гэсэн оройтоогүй больё гэвэл мэргэжлийн гольфод орж болох л юм. Гольф их сайхан соёлтой спорт. Найз нөхөд ихтэй болдог, хүмүүстэй танилцана.

- Сумо болоод харамсах юм байхгүй гэж ярьлаа. Тэгвэл сумо барилдаад хамгийн баяртай зүйл юу вэ?

- 16 жил барилдлаа, үнэхээр харамсах юм байхгүй. Төр засгаасаа Алтан гадас одонгооор шагнууллаа. Өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлсэнд их баярлаж байдаг. Сумод ороод Японы бараг бүх мужаар , гадаад олон орноор явж үзлээ. Олон хүнтэй танилцлаа, уулзлаа. Энэ бол маш том олз юм. Японы хамгийн том их сургуульд орсон хүнээс илүү олон юм үзэж, их юм сурлаа гэвэл буруу болчихгүй байгаа даа. Хамгийн том олз гэж хэлж болохоор юм бол хүнтэй харьцаж сурсан явдал. Баян ядуу хэн ч байсан харьцаад ярьж сууж чадна. Эхний 5 жил удаан хэцүү байсан ч одоо бодоход нүд ирмэх зуур л өнгөрж дээ. Хэрвээ би сумо барилдаж байгаагүй бол амьдралын ханьтайгаа учрахгүй байсан. Ханьтай болсондоо, олон сайхан найз дүү нартай болсондоо баяртай явдаг.

- Та саяхан хуримаа хийсэн. Гэр бүлийн хүнээ танилцуулаач.

- Манай гэргийг Х.Од гэдэг. Ханьтай болсондоо би хамгийн их баярладаг. Хайр сэтгэл, хань гэж байхгүй бол амьдрал утгагүй. Намайг ийм сайн ойлгож мэдэрж чаддаг энэ хүнтэй би учирж , уулзсан маань сумо бөхийн ач тус юм. Германд амьдардаг монгол бүсгүйтэй Японд уулзаж дотносоно гэдэг хувь заяа гэж би боддог. Зовсоны эцэст жаргадаг гэдэг. Би зовоод л байдаг байсан. Сүүлд нь хувь заяа надад ийм том бэлэг өгнө гэдэг үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна. Мэргэжлийн сумогийн хоёр их аваргыг анх сумод хөл тавьж байхад нь зааж тусалж, одоо болтол дотно харьцаатай явдагтаа баярладаг. Нэгэн үед амьдарж байгаадаа бахархдаг. Анхны гурваас нэг маань зодог тайллаа. Би ч гэсэн удахгүй зодог тайлна. Хүн нэг л амьдарна. Бүгдийг нойлоос нь эхлээд үзмээр байгаа. Энэ бол миний хоёр дахь шинэ амьдрал юм. Одоо би Монгол Японоос өөр газар амьдарж үзмээр байна. Шинэ хэл сурж, олон юм хиймээр байна. Урьд өмнө үзээгүй зүйл хийж өөрийгөө дахин дахин сорьж үзмээр байна. Энэ ганц амьдралаа ханийхаа төлөө, үр хүүхдийхээ төлөө зориулна.

- Сүүлийн үед Асашёрю аваргын талаар Японы хэвлэл мэдээллээр их гарж байна.

- Аварга дүрэм зөрчсөн байж болно. Гэхдээ арай хэтэрхий хүнд шийтгэл болсон. Ойр дотно байдгийн хувьд хэлэхэд за жишээ нь бид нар зугаалаад явж байтал нэг хүн бие нь муудаад унасан байлаа гэхэд хамгийн түрүүн гүйж очиж туслах хүн бол Дагваа юм. Дохён дээрх хатуу ширүүн Дагваа жирийн амьдрал дээрх Дагваа хоёр огт өөр гэдгийг хүмүүс мэдэхгүй байж болох. Хүн алж хүрээ талчаагүй цагт би хэзээ ч аваргыхаа талд. Дүү бөхчүүд маань ч гэсэн нэг тогооноос хоол идэж, хамтдаа хөлсөө урсгаж байсных би хэзээ ч өмгөөлж дэмжиж явах болно.

- Баярлалаа. Амьдралд чинь аз жаргал хүсэн ерөөе.

Мандах нарт тэнгэрийн уул Кёкүтэнзаны хоёр дахь амьдрал удахгүй эхлэнэ. Тэрээр хаана юу ч хийлээ гэсэн сумо бөхөөс олсон хатуужил чадал нь хэрэг болох нь мэдээж.
мэдээллийн эх сурвалж

Sunday, August 26, 2007

Мэргэжлийн сумогийн шуугиан дуулиан

Асашёорюү Давгадорж сонин дуулиан

Friday, August 10, 2007

Би хүүгээ богинохон хугацаанд өндөр амжилт гаргасан болохоор богино настай юм биш байгаа гэж айдаг, одоо сайн эмчлүүлж авна аа

Их аваргын ээж Д.Пүрэвбадам:
-Хэдийд авсан бэртэл вэ. Энд эмчлүүлсэн үү?
-Нуруундаа ясны гэмтэлтэй гэдгийг нь Японд тоггоочихсон юм. Түүнээс биш, бэртэлтэй гэж худлаа ярьж энд ирээгүй. Урьд нь гараа гэмтээчихээд Хужиртын шавар тавьж эмчлүүлээд зүгээр болоод явсан. Сая бол эмчлэх зай ч өгөлгүй, Хархорин ч явж чадалгүй, гурав хоноод л дуудагдаад буцсан даа. Бидэнтэй ч тухтай уулгаж чадаагүй. Хүүхдүүдтэй хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийчихээд маргааш нь Тэрэлж рүү найзуудтайгаа салхинд гарсан. Тэгзэд гэнэт над руу утасдаад “Намайг Сүмогийн холбооноос дуудлаа. Би явах гээд нисэх дээр байна” гэж хэлээд яваад өгсөн. Уул нь бид Өвөрхангайн Хужиртын рашаанд эмчлүүлэхээр явахдаа наадам үзнэ гэж бодож байсан юм.

-Сүмогийн холбооны дүрэм гэдэг хатуу зүйл. Хоёр башё барилдахгүй байхаар зэрэг цол нь буурах болов уу?
-Сүмогийн холбоо олон жил дагаж мөрдөж ирсэн хатуу дүрэмтэй. Түүнийгээ маш сайн биелүүлдэг нь харагдаж байна. Тэдний хууль дүрмээ чанд сахиж байгааг Монголд ч авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөрчсөн нь үнэн л бол янз бүрийн хэл ам хийх шаардлагагүй. Тэгээд ч маш хурдан хугацаанд асуудлыг шийддэг болсон. Манайхан шиг удаж сунжруулж завааруулахгүй. “Би яах ч аргагүй юм хийчихсэн юм чинь” гээд өөрөө санаа зовсон шинжгүй утасдаж байсан. Аварга цолыг авсан хүнд зиндаа буурна, цол хураалгана гэж байхгүй. Аль эсвэл бүр чөлөөлчихдөг. Чөлөөлж байсан жишээ 1965 онд гарч байсныг сонссон.

-Танай гэр бүлийнхэн энэ тал дээр ямар бодолтой байна. Хоёр башё барилдахгүй байна гэдэг тийм богино хугацаа биш шүү дээ?
-21 удаа түрүүлчихсэн хүн хоёр башё сайхан амраг л дээ. Цаана нь Монголын аварга, олон сайхан залуучууд байна. Бидэнд лав санаа зовох юм ердөө алга. Харин энэ өнжиж байгаа хугацаанд нь М.Даваажаргал түрүүлж тоогоо өсгөчих хэрэгтэй. Нутгийнхаа ахтай цуг барилдаж манлайлж байгаа Хакүхог Монголын ард түмэн түрүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ итгэлийг нь ч алдахгүй байлгүй. Дооёо, Сумъяа эд ерөөсөө тоохгүй. Харин ч “Хоёр cap жаахан амраг. Дүрмээ зөрчсөн бол шийтгэлээ хүлээх ёстой” гэж байна лээ.

-Хоёр башёгийн дараа амжилтаа ахиулаад явахад нас залуу, боломж ч их байна даа?
-Монгол эр хүний хүч тэнхээ, бяр чадал дөч хүртэл бараг харьдаггүй. Дөч гарсан эр, дөрвөө дарсан ат гэж ярьдаг шүү дээ, монголчууд. Сүмо бөх эрт харьдаг бол 35 нас гэдэг монгол эрчүүдийн бяр тэнхээний оргил үе шүү дээ. Сүмогийн холбооны шударга шийдвэр, дүрэм журмыг бид их хүндэтгэж байгаа. Тэд хүний алдааг өөрт нь ухааруулж өгч чадаж байна. Би хүүгээ богино хугацаанд өндөр амжилт гаргасан болохоор богинохон настай ч юм бил үү гэж айдаг. Тиймээс хэдэн cap эмчилгээ хийлгээд хүний хэл амаас жаахан ч болов ангижрах болсонд баярлаж байна гэх нь ч юу юм. Хэсэгтээ сэтгэл амарч байна. 2008 оны нэг сараас эхлээд шинэ амжилтуудынх нь эрин үе эхлэх байх. Япон орон миний хүүг өнөөдөр өдий зэрэгтэй явуулж Монгол улсыг нэрд гаргаж байна. Харин манайхан япончуудад буруу өгч болохгүй.

-Дагваа аварга хоёр башё барилдахгүйдээ харамсаж байгаа байх даа? Ойрд эргэж ирэх үү?
-Хүүгийнхээ сэтгэл дотор орж үзээгүй болохоор мэдэхгүй юм даа. Дотроо мэдээж, сайнгүй л байгаа. Усыг нь уувал, ёсыг нь дагах хэрэгтэй гэдгийг өөрөө сайн ухамсарласан хүн. Сүмогийн дэвжээн дээр хорь гаруй түрүүлээд ирэхээр алдар цол нь хүнддэж байж болох юм.

-Багшийг нь бас шийтгэсэн гэсэн үү. Хэдэн сарын цалинг нь 30 хувиар торгосон юм бэ? Ер нь сард хэдэн төгрегийн цалин авдаг юм бол?
-Багшийг нь яаж шийтгэснийг мэдэхгүй. Өөрийнх нь цалинг дөрвөн сарын турш гучин хувиар торгосон юм билээ. Сард хэдэн төгрөг авдаг, хэдэн төгрөгөөр торгуулж байгааг нь мэдэхгүй. Тэд чинь барагтай бол хүнд хэлдэггүй юм гэсэн.

Tuesday, July 31, 2007

Их аварга Д.Дагвадорж: Хоёр башё дарааллан түрүүгээ алдсан сэтгэл санаа жаахан тиймхэн явлаа

Монгол сумочид анх удаа бүх зиндаанд барилдсанаас эхлэсэн энэ удаагийн башёгийн сонин хачин өнөөдөр ч яригдсаар. Тавдугаар сард шинэ аварга төрсөн бол энэ сард шинэ арслан гарлаа. 31 настайдаа арслан болж байсан хүн байхгүй тул Котомицуки хамгийн өндөр настайдаа арслан болсон бөх болж байна. Эрүү, гараа хугалж, зодог тайлахдаа тулж байсан түүнийг ийнхүү арслан болсонд Япончууд үнэхээр баяртай байгаа гэсэн. Харин шинэ аварга Хакухо дөрөв унаж, гурав дараалан түрүүлнэ гэсэн мөрөөдлөө орхиход хүрсэн. Сүүлийн өдрийн барилдаанд их аварга Дагвадорж шинэ аварга Хакухотой барилдахаар гарч ирсэн. Их аварга Асашёорюүгийн хувьд ёкозүно цол хүртсэнээсээ хойш анх удаа ижил цолтонтойгоо барилдсан нь энэ. 2003 оны Хару башёд Асашёорюү оргил цолоо авсаны дараахан нь гэмтлийн улмаас барилдахгүй байсан Мусашимару зодог тайлсан учраас ийнхүү нэгэн аваргын эрин эхэлж, Асашёорюү 21 башёд ганцаараа ёкозуно цолтой явсан билээ. Харин энэ оны гурав, тавугаар сарын тэмцээнд дараалан түрүүлсэн Хакухо мэргэжлийн сумогийн 69 дэхь аварга болсон юм. Ингэснээр “Нагоя башё”-д аварга цолтонууд хоорондоо барилдах нөхцөл бүрдсэн. Өмнө нь Асашёорюү Хакухо нар 14 удаа таарч барилдаж байснаас есөд нь Асашёорюү ялж байсан, Энэ удаа ч мөн ялсанаар 21 дэхь түрүүгээ авсан юм. Хэдийгээр эхний өдрийн барилдаанд унасан ч үлдсэн 14 хоногийн барилдаанд нэг ч уналгүй ийнхүү түрүүлсэн нь их аварга өөрийгөө ямар чансаатай бөх болохоо харуулж, шинэ аварга Хакухо ч түүнтэй эн тэнцүүхэн өрсөлдөх болоогүй байна гэдгийг харууллаа. Ийнхүү “Нагоя башё” монгол бөхийн манлайлал дор өндөрлөлөө. Башё дууссаны марааш нь буюу энэ сарын 23-нд их аварга эх нутагтаа ирсэн. 21 цаг 10 минутанд хувийнхаа онгоцоор газардсан их аваргыг ээж Х.Пүрэвбадам ах Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ тэргүүтэй 100 гаруй хүмүүс тоссон нь их аваргын энэ удаагийн түрүүлэлт нэлээд үнэ цэнэтэй болжээ гэдэг нь харагдсан. Сүүлийн үед чимээгүйхэн ирээд нам гүмхэн байсаар буцдаг болсон их аваргатай уулзаж цөөн хэдэн асуултанд хариулт авах боломж олдсон юм.

-Сумо сонирхогчдыг 15 өдрийн турш дэгэлзүүлсэн барилдаан Нагоя башёд болж өнгөрлөө. Таны хувьд бодож төлөвлөж байсан барилдаануудаа гаргаж чадав уу?
-Түрүү авлаа. Сэтгэл санаа сайхан өндөр байна. Жаахан ядарлаа даа.

-Эхний өдрийн барилдаанд та унасан. Сэтгэл дундуур байсан уу?
-Эхний өдөр барилдаан дээрээ алдаа гаргаад ялагдсан. Дандаа давна гэж юу байхав. Алдаан дээрээ дүгнэлт хийгээд 21 дэхь удаагийн түрүүгээ авлаа.

-Хоёр удаа завсарласны эцэст Ерөнхий сайдын цомыг авлаа шүү дээ. Маш их баяр хөөртэй байгаа нь анзаарагдаж байсан. Үнэхээр сэтгэл дүүрэн байв уу?-20 түрүүлсэнээс хойш Дай ёкозүно, Мэй ёкозүно гээд цолууд үргэлжилдэг. Миний хувьд Мэй ёкозүно цолоо аваад анхныхаа түрүүг авлаа гэдэг утгаараа баярласан. Өмнө нь дандаа шахуу түрүүлж байсан хүн чинь хоёр башё дарааллаад түрүүгээ алдсан байсан болохоор сэтгэл санаагаар жаахан тиймэрхүү явсан л даа үнэнийг хэлэхэд. Үнэхээр баяртай байсан гэдэг нь үнэн л дээ.

-Өөрийн чинь хувьд агуу аваргуудын амжилтыг эвдэж байна. Одоо ер нь цөөхөн амжилт үлдсэн. Тэдний амжилтыг эвдэнэ гэсэн зорилго тавьж байгаа л байх?-Зорилгогүй барилдаан гэж юу байхав. Тийм учраас аварга гэдэг энэ эрэмбийг олон жил хамгаалж явах юмсан гэж бодож байгаа.

-Башёгийн хамгийн сүүлийн өдөр та Хакухо Даваажаргалтай барилдахдаа хүссэн барилдаанаа гаргаж чадсан уу. Яг тийм барьцнаас барилдвал давна гэдгээ тооцоолсон байсан уу?
-Ерөнхийдөө миний барилдаан бол тиймэрхүү барилдаан шүү дээ. Та бүхэн сайн мэдэж байгаа.

-Арслан цолны болзол хангаад байгаа Котомицүкитэй барилдаад таныг давахад “аварга хүн ийм л байдаг даа” гэж Монголчууд тэр аяараа баярлаж билээ. Харин хамгийн сүүлийн өдөр таныг Хакухотой барилдаж байхад Котомицүкигийн байгаа байдлыг телевизүүдээр гаргаж байхыг нь хараад өрөвдсөн шүү. Тантай барилдаад уначихаад уйлаад явж байсан түүнийг хараад танд юм бодогдсон л байх?
-Сумочдод өроөлдөгчөө өрөвдөнө гэж юм байдаггүй. Дохён дээр гарсан л бол тэмцэл явагддаг. Дэвжээнээс буусан хойно бол сайхан нөхдүүд байдаг. Тэр бол маш том зарчим юм л даа. Хүнийхээ хувьд цол авсанд нь би баяр хүргэсэн.

-Таван жилийн турш ганцхан ёкозүно дэвжээнээ гарсаар ирсэн. Саяын башёноос хоёр ёкозуно барилдлаа. Ямар санагдаж байв?
-Сайхан байлгүй яахав. Би чинь ганцаараа л аварга цолтой яваад байлаа шүү дээ. Монгол хүүхэд ёкозүно гэсэн цолтой болоод түүнтэйгээ баруун зүүн жигүүрийг нь манлайлаад сайхан байна. Сайхан ч барилдлаа. Ёкозүно нарын хоорондын барилдаан гэж их том барилдаан байдаг.

-Ёкозуно цолтны нэр хүнд өндөр болохоор сайхан байдаг ч нөгөө талаараа маш их үүрэг хариуцлага нуруун дээрээ тээж явах болдог. Харин шинэ ёкозунотой болсноос хойш ачаа хөнгөрч байна уу?
-Мэдээж тодорхой хэмжээгээр ганцаараа ёкозүно биш болсон болохоор жаахан ч гэсэн зав гарах болов уу гэж бодох юм. Одоохондоо ачаанаас маань хөнгөрч шингэрсэн юм бол харагдахгүй л байна.

-Одоогийн башёд барилдаж байгаа бөхчүүдээс чадалтай юм дуулгахаар бөх хэн байна. Аварга хүний хувьд анзаарч, ажиглаж л явдаг байх?
-Сумо сонирхогчид маань надаар хэлүүлэлтгүй хэн сайн байгааг зурагтаар хараад мэдэж байгаа байх. Сайн барилддаг дүү нар гарч ирж л байна. Ялангуяа монгол сумочид. Дараа дараагийн башёнууд улам л сонирхолтой болно гэж бодож байна.

-Монгол хүмүүс юманд хэт ам гарахыг цээрлэдэг шүү дээ. Харин таны хувьд эсрэгээр юм шиг ээ. Би түрүүлнэ л гэж хэлсэн бол яг л түрүүлдэг. Энэ удаа ч гэсэн түүнийгээ баталлаа?
-Миний бэлтгэл сайн байгаад өөртөө итгэлтэй байвал түрүүлнэ гэж хэлэхээсээ айдаггүй. Энэ удаа ч гэсэн чадлаа.

-Монголын наадам Нагоя башё хоёр давхацсан шүү дээ. Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны сонин хачинаас та сонсоо л байлгүй?
-Сонсоод байхад сонирхолтой сайхан наадам болсон юм шиг байна лээ. Хэний ч таавар таагаагүй болов уу гэж бодсон. Энд амрах хугацаандаа наадмын бичлэг үзнэ ээ.

-Энэ удаагийнхаа амралтыг яаж өнгөрөөх гэж байгаа вэ?
-Нутаг руугаа л явна даа. Аав ээж, ах нар, хань үр хүүхэдтэйгээ хамт салхинд гарч сайхан амарч өнгөрөөнө л гэж бодож байна. Бас Өвөрхангайд болох “Арвайхээрийн хурд” наадмыг үзэж өөрийнхөө хэмжээнд баяр тэмдэглэнэ дээ.

-Таны эхнэр хүүхдүүд тань харагдахгүй байна. Түрүүлээд ирчихсэн байгаа юмуу. Бас таныг гуравдахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа тухай яриа гарсан байсан. Үнэн бол баяр хүргэе. Ер нь та хэдэн хүүхэдтэй болъё гэж боддог вэ?
-Манай гурав түрүүлээд ирчихсэн энд амарч байгаа. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Одоогоор би гуравдахь хүүхдийнхээ сургийг сонсоогүй л байна шүү. Яахав амны билэг юм даа. Тэгж байгаад болох байлгүй дээ. Заримдаа ч би өөрийнхөө амьдралыг хэвлэлээс л унших юм. Их л өөр Дагвадоржийн тухай бичээд байх шиг санагддаг. За ингээд өндөрлөө. Цаг их орой болж. Амрахгүй бол их ядарлаа. Бидэнд дараа уулзаж, сонирхолтой яриа өрнүүлэх цаг олон гарна. Нийт Монголчууддаа өнгөрсөн ч гэсэн Их Монгол Улс байгуулагдсаны 801 жилийн ой, Ардын хувьсгалын 86 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Friday, July 27, 2007

Зодог тайлсныхаа дараа сумо үзэхэд сэтгэл их хөдөлж, харамсмаар ч юм шиг санагдсан

Том сүрлэг бие, алхаа гишгээгээр олноос толорч хараглах Кёкүшюүзан ойрын өдрүүдэд их л баяр, хөөртэй байгаа аж.
Учир нь мэргэжлийн сумод хөтлөн оруулсан түүний шавь нарын нэг болох Хакухо М.Даваажаргал Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн байгаа гэнэ. Өөрийнхөө араас олон сумогийн цолтон, гавъяатуудыг төрүүлсэн тэрээр булган сүүлтэй гэж хэлэглэх нь энүүхэнд аж. Эл өдөр бол Кёкүшюүзан Л.Батбаярын төмөр хүлгээр түүний баяр хөөр, бас бус ажлыг хамтдаа зохицуулж явахын чацуу сонирхолтой ярилцлага хийхийг хичээсэн билээ...

-Их сумогийн долдугаар сарын Нагоя башё саяхан өндөрлөлөө. Зодог тайлсныхаа дараа сумо үзэхэд ямар санагдаж байв?
-Анх үзэхэд сэтгэл их хөдөлж, харамсмаар ч юм шиг санагддаг байсан. Морийг уралдуулж, уралдуулж байгаад болихоор сэтгэл сонин болдог шүү дээ. Тэрэнтэй адилхан сэтгэл хөдөлж байлаа. Одоо бол дасчихжээ. Харин ч бур эсрэгээрээ яаж ийм газар барилдаж байсан юм бол гэж бодогдон, заримдаа айдас төрөх шиг болдог. Бэртэл гэмтэл авчихалгүй зодог тайлчихсан нь их юм гэж боддог болсон шүү.

-Энэ сарын башёг хаана үзэв ээ. Сумо эхэлсэн 15 хоногийг тэвчээртэй үзэж өнгөрүүлдэг байх?
-Аль болох боломжоороо үзчих сэтгэл байдаг. Долдугаар сарын башёны үеэр хөдөө морь уяж, наадмын талбай дээр уралдуулах зэрэг олон ажил байсан болохоор үзэж чадаагүй. Тиймээс шууд Котомицүки, Роха гэх мэтийн гадаад бөхчүүд рүү шууд утасдаад "Өнөөдөр яасан, юу болсон" гээд асуучихдаг. Тэр нь амар байдаг юм. Бас Хакухо, Энхбат, Цэвэгням, Ама гээд найзууд болон дүү нар маань байгаа болохоор үзэж чадаагүй тохиолдолд утсаар яриад асуудаг. Өөрөө барилдахгүй ч гэсэн тэднийгээ дэмжээд суух нь сайхан юм даа.

-Энэ жилийн наадмаар өөрийн тань уясан морьд хурдтай байлаа.
Ер нь та эрийн гурван наадмын аль ч хэсэгт очсон хийморьтой эр хун гэдгээ харууллаа шуу дээ?

-Зодог тайлаад ирэхэд намайг монголчууд маань их сайн хүлээж авсан. Тэр дундаа алдарт уяачид болох Даваахүү гуай, Онон гуай, Сундуйжав гуай, Билэгдэмбэрэл гээд бүгд надад хурдан морьдоо хайрлахгүй бэлэглэсэн. "Манай нутгийн нэрийг гаргаж байсан хурдан морио Кёкүшюүзандаа бэлэглэе" гээд л өгөхөд их баярласан. Намайг хөдөө гарна гэсэн чинь цагдаагийн генерал СандагОчир гуай хүртэл бараг 30,40 сая төгрөгний үнэтэй найман ханатай, сийлбэртэй гэр бэлэглэсэн. Энэ мэтчилэн Монголын ард түмэн на¬майг сайхан хүлээж авсан.

Энэ жилийн хувьд би морь сайн мэддэг юм шиг олон морь уяад яахав гэж бодсон. Нутагтаа анх удаа наадаж байгаа миний хувьд морь уяхаас гадна барилдчихъя гэсэн бодол ч байсан. Гэхдээ би олон жил барилдлаа шүү дээ. Өдөрт гурван удаа бэлтгэл хийж, байнга л хөлсөө гарган барилддаг байлаа. Цэрэгт гурван жил яваад ирэхэд ямар урт хугацаа байдаг билээ. Тэгэхэд би бүтэн 16 жил нутагтаа биш далайн чанадад цэргийн алба хааснаас ялгаагүй амьдарч байсан гэж боддог. Энэ 16 жилийн хугацаанд барилдаж байхдаа "Эзгүй хээр морь унаад, айраг ууж, сайхан тарваганы боодог чанаж идсэн шиг тааваараа амьдрах юмсанД гэж боддог байсан.

Ёстой л жинхэнэ Монгол гутлаа тайлж, эмээлээ дэрлэн хонож, өнжин явах юмсан гэж их бодогддог байж билээ. Тэгээд энэ наадмаар барилдах биш, өөртөө цаг заваа зориулж, хүслээ биелүүлье гэдэг утгаараа алдарт уяач Билэгдэмбэрэлийн өгсөн соёолон морийг уясан. Энэ морь маань өмнө нь шүдлэндээ бас уралдаад улсад 20 шахуу ирсэн юм л даа. Ингээд хиймроо бодоод ганцхан соёолон насанд уясан нь дээр гэж бодсон чинь унасан хүүхэд, уясан уяач, уралдсан морь, түүний эзэн зэргийнх нь хийморь сайхан таарсан юм болов уу айрагдлаа. Алдарт уяач Билэгдэмбэрэл "Ер нь бол соёолон насны айргийн таван морьд хийморийн морь байдаг.

Соёолон морийг түрүүлүүлэх гэж хүн зовдог, хөдөлмөр гаргадаг. Жилд ганцхан соёолон улсын наадмаар айрагддаг шүү дээ. Харин соёолон морь түрүүлсэн хойноо эзэндээ маш их билэгшээл, олз омог, хийморь, ёндоо авчирдаг" гэж наадмын өмнөхөн ярьж байсан. Тэгж яриад л удалгүй наадмаар морь маань айрагдсан. Би морио айрагдана гэж бодоогүй. Хорин хэд, гучин хэд дээр орж ирнэ гэж бодоод морио дагаа ч үгүй тавчик, подволк өмсчихөөд наана нь дурандаад сууж байтал гараад ирэхээр нь гайхсан. Үнэхээр сайхан наадам болсон. Морь гэдэг гоё юм байна, би амтанд нь орчихсон шүү.

-Та ер нь морь уях эрдмийн талаар хэр мэдлэгтэй байв аа. Гэнэтхэн л морь уях тухай,.
боддог болчихоогүй байх?

-Би жинхэнэ хөдөө өссөн хүүхэд. Малтай, хурдан морь уяж байгаагүй ч унаж өссөн. Хурдан морь унаж байгаад бага настай ч гэсэн том биетэй болохоор хасагдаж байлаа. Нэг жил лав Ховдод морь унаад дөчин хэд дээр давхиж байсан. Ер нь бол багадаа морь унаж байсан болохоор эргээд моринд орохдоо хүчтэй ордог юм байна. Хамгийн гол нь Монгол эр хүний хийморь гэдэг утгаараа морь уях болсон. Магадгүй би Япон хүн байсан бол морь уяхгүй ч байсан юм бил үү, яаж мэдэх вэ дээ.

-Дараа жилийн наадам хол байна даа, хол байна гэж манайхан яридаг. Та ирэх жилийн наадмаар морь уях нь ойлгомжтой юм байна. Тэгвэл зулэг ногоон дэвжээнээ зодоглох уу?
-Дараа жилийн наадмаар морь уях нь гарцаагүй. Зодоглох, зодоглохгүйгээ шийдсэн зүйл алга. Би дараа жилийн долоон сард маш завгүй явах болов уу. Учир нь сургууль соёлоо төгсөнө. Энэ жилийн хувьд зодог тайлна энэ тэр гээд хичээлээ сайтар базаагаагүй. Тиймээс дараа жил хичээлдээ шамдуу зүтгэж байгаад сургуулиа төгсчих санаа байна. Би чинь Токиогийн "Басиуда" дээд сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан шуу дээ. Манай сургууль дээд сургуулиуд дундаа эхний нэг, хоёрт ордог том сургууль. Хам¬гийн олон Ерөнхий сайд манай сургуулийг төгссөн юм.

-Таныг Монгол Японы гүүр, билэг тэмдэг гэж ярих нь энгийн асуудал болж. Энэ нь Мон¬голын олон залуусыг мэргэжлийн сумод хөл тавихад чухал үүрэг гүйцэтгэсэнтэй тань холбоотой яриа болов уу. Ер нь Кёкүшюузан маань өөрөө хэрхэн мэргэжлийн сумод орж байсан юм бол оо?
-Намайг сумод анх хөл тавихад мэддэг, тоодог ч хүн байгаагүй. Би өөрөө ч мэдэхгүй болохоор анх сургуульд явж байгаа юм шиг явж байлаа. Анх зургуулаа тус улсад очсон юм. Бидний гурав нь удалгүй буцаж, Цэвэгням, Энхбат бид гурав үлдсэн. Цэвэгням, Энхбат бид гурав нэг байшинд, нэг тогооноос хоолоо идэж, уйлах үедээ уйлан, инээх үедээ инээж явсан. Бид гурвын хоёр нь гавъяат тамирчин болж, нэг нь эх орныхоо нэрийг гаргаад сайхан барилдаж байна. Одоо манай Цэвэгням, Энхбат хоёр хоёулаа Японы иргэн болсон. Цэвэгням маань бүр Япон эхнэр авчихлаа. Анх Цэвэгням бид хоёр амралтаараа нутагтаа ирсэн юм. Гэтэл Цэвэгнямыг налайхын гудамжаар явж байсан чинь "Сонин үстэй, мэдрэл муутай ах явж байна" гээд хүүхдүүд чулуу нүүлгэсэн гэсэн. Тэр үед тиим л байлаа. Одоо бол монголчууд сумог андахгүй болчихжээ.

-Үнэхээр ч та арлын орны сумог монголчуудад таниулж, нэг ёсондоо төрсөн биеэрээ сурталчилж өгсөн юм байна шүү дээ?
-Сумог манай ард түмэн байтугай төр засгийн байгууллагууд ч мэддэггүй байсан. Муухай, сонин спорт гэж яридаг байсан юм билээ. Тэр үеийг эргээд бодоход өнөөдөр сумог жаахан хүүхдүүдээс авахуулаад бүгд мэддэг болсон.

-Морин дэл дээр хийсч явсан унаган бага насаа та түрүүн дурслаа. Эргээд бодоход сумотой нөхөрлөсөн он жилүүд таны амьдралд хэр том өөрчлөлт оруулсан гэж дугнэдэг вэ?
-Сумо гэдэг ганцхан үг миний амьдралд маш том өөрчлөлт оруулсан. Ер нь тэр чигээр нь өөрчилсөн шүү. Зөвхөн миний амьдралд өөрчлөлт оруулаад зогсохгүй монголчууд, дэлхийд хүртэл өөрчлөлт оруулсан. Яагаад Тэвэл бид анх сумод очоогүй байсан бол залуучууд маань сумог ойлгохгүй, очихгүй байсан. Одоо Монголын аваргууд нь Японы сумог эзэлчихлээ, Монголыг мэдэхгүй орон алга байна. NHK телевизээр Монгол гээд гараад ирэхээр дэлхий даяар Монголыг үзэж байгаа. Сумо үздэг улс орон бүхэн Монголыг мэднэ. Тэр тусмаа монголчуудыг бүгдийг нь сумо үздэг болголоо шүү дээ. Энэ бүгдээс харахад ганц миний амьдрал биш Монголын ард түмний амьдралыг хүртэл өөрчилсөн байна. Би Японд очсоноор ганцхан өөрөө цол аваад ирсэнгүй. Миний араас Цэвэгням цол авлаа, дараа нь Дагваа, Хакухогоос эхлээд олон сайхан бөхчүүд цол авч, амжилттай сайхан барилдаж байна. Баруун, зүүн талын жигүүрийн хоёрхон аварга байдаг нь хоёулаа монгол аваргууд болсон.

-Шувууд хуртэл нутаг буцдаг шиг та анх очсоныхоо дараа нутаг усаа санадаг л байсан биз. Тухайн үед чухам юу бодогддог байв аа?
-Мэдээж хүүхэд байхдаа очсон болохоор урьд хожид үзээгүй. аймаар хөгжилтэи орныг хараад гайхах, бишрэх сэтгэгдэл төрж байсан. Хамгийн гол нь тэр их хөгжилтэи оронд ийм сонин спорт хөгжиж ирсэнд гайхаж билээ. Элсэн дээр хөл нүцгэн хөлсөө гартлаа мөргөлдөж, зодолдож байгаа сумочдыг хараад гайхдаг байсан. Сүүлдээ дассан.

-Аливаа спортод амжилт гаргахын тулд тодорхой хэмжээгээр тэвчээр гаргаж, ёс жаяг, дэг журмыг нь дагах хэрэгтэй болдог. Гэхдээ улс Үндэстнүүдийн спортын төрлөөс сумогийн дэг жаяг, ёс журам маш хатуу байдаг гэж сонссон юм байна? -Сумогийн ёс жаяг, дэг журам спортууд дундаа хамгийн хүнд, хатууд нь ордог. Ер нь бараг дэлхийдээ тэргүүлэх хэмжээний дэг жаягтай, өөрөө үндсэн соёлоо аваад үлдчихсэн, 270-аад жилийн өмнө суурь нь тавигдсан хэрнээ өнөөг хүртэл хэвэндээ байж байгаа зэрэг нь . ямар хатуу ёс журамтай спорт вэ гэдгийг нь харуулдаг. Ер нь жинхэнэ эр хүний спорт л доо. Ямар ч эр хүнд юм ойлгуулж, мэдрүүлдэг спорт.

-Уулын оргил руу мацахад шантраад буцах үе тохиолддог. Хүн л болсон хойно танд шантрах, буцмаар санагдсан үе гарч байсан болов уу?
-Өдөр болгон л хэцүү санагддаг байсан. Яг шантраад Монгол руугаа буцсан удаа байхгүй ч түүний наахан очдог байлаа. Мэргэжлийн сумо гэдэг өөр л дөө. Мэргэжлийн гэдэг утгаараа өдрийн гурван удаа бэлтгэл хийгээд ирэхээр шантрах үе тохиолдож байсан. Дэр маань нойтон нулимстай хонож байсан үе ч бий. Ингэж байхаар хурдан Монгол руугаа буцъя ч гэж бодож үзсэн. Эхний жил бол цол авах хэрэгтэй, дээшлэвэл ингэдэг юм байна, найм ялвал тэгдэг, дөрөв ялвал ингэдэг гэдгийг мэдэхгүй, зааж өгөх хүнгүй хэцүү байсан. Өөрсдөө очиж, хэл сураад, амьдралд дотор нь орж, эхний нэг хоёр жил алдаж байж мэдэрдэг, ойлгодог болсон. Одооны хүүхдүүд "Өө Кёкүшюүзан ах шиг, Цэвэгням ах шиг, хоёр аварга шигээ болно" гээд бүгдийг мэддэг болсон байна лээ. Наад зах нь өвдөхөд энэ эмнэлэгт үзүүл, тэр эмнэлэг зүгээр гээд хэлчихдэг хүнтэй болсон. Бид мөргөлдөж барилддаг учраас байнга тархи хөдөлдөг байлаа. Тэр бүрт тархи хөдөлсөн гэдгээ хэлж чадахгүй учраас эмнэлэгт үзүүлэхээр эм л өгөөд байх жишээтэй.

-Манай олон ч сумочид тэнд амьдарч байгаа. Тэдний маань амьдрал ямархуу байдаг талаар яриач?
-Одоо тэндэх монголчуудын амьдрал сайхан болсон. Дээрээ ахтай, захтай, бидний туулаад ирсэн туршлага байна. Дор хаяж өвдөхөд бидний очдог эмнэлэг, сүлжээ, танил тал хүртэл байгаа. Өмнөх шиг шантраад айхтар зодуулаад байдаг үе нь ч өнгөрсөн байна лээ.

-Сүүлийн үед Цэвэгням, Хакухогоос эхлээд манайхан Япон эхнэр авдаг болжээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хэн ямар эхнэр авах нь хувь хүний асуудал учраас би юм боддоггүй. Хайртай л бол хүн өөрийнхөө сонголтыг хийх ёстой. Хүний хорьж болохгүй хамгийн чухал зүйл бол гэр бүлийн сонголт. Эхнэр болгох хүнээ тэр хүн өөрөө л сонгоно. Сүүлийн үед Хакухог Япон эхнэр авлаа гэж манайхан нэлээн шүүмжилдэг болсон байна лээ. Анх Даваажаргалыг Японд очоод хэл мэддэггүй байхад монголчууд тусалдаг ч үгүй, тоодог ч үгүй байсан. Өвдөхөд нь хүртэл ойшоодоггүй байсан. Тэр үед нь ганц хоёр Монгол хэлтэй жаахан Япон бүсгүй яваад л байдаг байсан юмдаг. Өвдөхөд нь дэмжиж, инээхэд нь баясаад л хоол ундыг нь зөөгөөд гүйдэг байсан. Эрэгтэй хүний сэтгэл амархан юманд уярдаг юм болохоор Даваа маань сэтгэл алдарсан юм байгаа биз. Харин цолтой болоод ирсэн чинь бүгд Даваажаргал гээд гүйгээд эхэлсэн.

-Та 16 жил Японд амьдарлаа шуу дээ. Энэ хугацаанд Япончуудад элэгтэй болсон гэж санагддаг уу?
-Элэгтэй гэх нь ч юу юм. Ямар ч байсан энэ Япон хүн юу ярих гээд байна гэдгийг Монгол хүнээс илүү ойлгодог болсон. Монгол хүнтэй арван минут яриад ойлголцох зүйлийг Япон хүнтэй таван минут яриад ойлгодог. 18-34 хүртэлх ид цэцэглэх насаа Японд өнгөрүүлсэн учраас тэднийг сайн мэднэ. Японы бүх хот, бүх дүүрэг, бүх сумаар явж, очоогүй газар, уулзаагүй хүн үлдсэнгүй. Ер нь Монгол хүнтэй ярихаас илүүтэй Япон хүний ярьж, бодож байгааг ойлгодог, мэдэрдэг болсон.

-Сумогоор барилдаж байгаа манай залуучууд Япончуудаас илүү хурдан амжилтанд хүрдэг гэдэг. Нууц нь юундаа байдаг юм бол оо?
-Японы мэргэжлийн сумо 800 гаруй бөхтэй, 60 орчим сургуультай, 50 гаруй гадаадын бөхтэй, 30 гаруй Монгол бөхтэй шүү дээ. Ер нь Япончуудыг бодвол илүү хурдан амжилтанд хүрээд байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө нэг их давуу тал монголчуудад байхгүй. Яг л адилхан насны, адилхан хүүхдүүд барилдаж эхэлдэг. Манайхан бэлтгэл, тэвчээр, хатуужил, эх орныхоо нэрийг гаргачихъя гэсэн сэтгэлээрээ илүүбайдаг. Тэрнээс биш Япончуудаас айхтар том биеэрээ ялгараад гараад ирсэн юм биш. Тэгж их гаргасан хөлс хөдөлмөр, барилдаж зовсон зовлогоороо илүү байгаа учраас амжилтанд хүрдэг.

-Сумочдын тогоонд чанагдаж, бөхийн спортод хүч чадлаа гайхуулж байсны хувьд сумо бөх, үндэсний бөх хоёрын ялгааг хэрхэн дүгнэдэг вэ. Зарим бөхчүуд маань сумог мэх багатай, тэсвэр тэвчээр бага шаардагддаг бөх гэж дүгнэдэг юм билээ?
-Би багадаа Үндэсний бөхөөр барилдаж байсан. "Монгол бөх" клубт Ганбаатар арслангийн анхны шавь болоод очиж байлаа. Тиймээс Үндэснийхээ бөхийг сайн мэднэ. Харин мэргэжлийн сумогийн хувьд хамгийн удаан хугацаанд барилдчихлаа. Тэгэхээр хоёр бөхийн ялгааг ер нь мэднэ шүү. Мэхний хувьд энэ нь ийм тэр нь тиим гэх зүйлгүй. Мэдээж зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдаж байгаа бөхчүүд маань заавал өвдөг, тохойг нь хүргэхийн тулд олон мэхний хувилбар гаргаж ирдэг. Сумогийн хувьд тэр жижигхэн тойрогт олон мэх хийгээд байх үндэс байхгүй, хэцүү шүү дээ. Түлхэж гаргах, өргөж гаргах юм уу цуппаридах зэргээр мэх цөөхөнтэй ч маш богинохон хугацаанд хүчтэй, хурдан гаргах хэрэгтэй байдаг. Ялгаа ихтэй л дээ.

-Бидний амьдарч байгаа нийгэм зудрүүхэн болоод ч тэр уу сүүлийн үеийн залуучууд маань баяжих ямар л амархан зам байна, түунийг эрэлхийлдэг болж. Тэр утгаараа сумогоор барилдвал нэр хүнд, мөнгө төгрөгтэй болдог гэсэн ойлголт тэдэнд маань нэгэнт бий болчихжээ?
-Ганцхан сумогоор барилдвал нэр хүндтэй, мөнгө төгрөгтэй болдог гэсэн ойлголт хүүхдүүдэд байдгийг би мэднэ. Надад маш их захиа ирдэг. Нэн ялангуяа Хакухо, Амагаас эхлээд гуч гаруй хүүхдүүдээс хорь гаруйг нь би хөтөлж аваачаад оруулсан болохоор Кёкүшюүзанд хандвал болчихно гэсэн бодолтой захиа илгээдэг. Олон ч хүүхдүүдтэй уулзахад сумод орчихвол аварга болоод, их цалинтай болно гэж яридаг. Гэхдээ үүний цаана маш их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаарддагддагийг хүүхдүүд маань ойлгох хэрэгтэй. Яахав, тиим хүсэлтэй хүүхдүүдийг би татгалзаад байлгүй, аль болох сумод оруулахыгхүсдэг. Нэг хүн ч гэсэн Монголын нэрийг гаргаасай гэж боддог л доо.

-Өчигдөр таны шавь нарын нэг болох Хакухо Монгол улсын гавъяат тамирчин цолыг хуртлээ. Анх сумогийн ямар ч дэвжээ тоож авахгуй байхад нь та гуйж, гуйж байж оруулсан гэдэг юм билээ. Эргээд бодоход дурсамжтай сайхан санагддаг биз?
-Ганц Хакухо ч биш, олон залуучуудыг аваачиж өгдөг байсан. Гэхдээ миний аваачиж өгсөн бөхчүүдийг шууд л авдаг байсан бол Хакухог миний бүх найз бөхчүүд голсон. Хакухо ганцаараа үлдчихээр нь жаахан хүүхдийг яаж ганцааранг нь явуулах вэ гээд аавтайгаа буцаахаар онгоцны тийз авчихсан байсан. Ингээд маргааш нислээ гэж байхад нь би орой нь Ошима багштай ганц хоёр пиво ууж, Шүши гэдэг загас идэж байхдаа "Манай нэг аваргын хүүхэд байгаа, Монголд аваргын удам дамжсан хүүхдүүдийг сайн бөх болно гэдэг" гэж панаалдсан юм. Багш маань тухайн үед халамцуу бас Хакухог хараагүй байсан болохоор миний уран панааланд орж, дүүг маань Осокагаас Токио руу дуудаад авчихсан /инээв. Сурв/.

Тэгээд Миягина дэвжээний захирал нь манай багшийн найз би бас нэг галынх байсан болохоор утасдаж байгаад "Кёкүшюүзаны нэг гайгүй хүүхэд байна, энийг авчихаач" гэж арайхийн яриад оруулахгүй юу даа, Хакухог хараагүй учраас. Тэр захирал нь ч Хакухог хараагүй, манай багш ч хараагүй тэгээд авчихсан. Дараа нь хэд хоногийн дараа "Энэ хүүхдийг болиулж үсчин болгоё" гэдэг юм байна. Хакухог зүгээр бөхчүүдийн үс засдаг үсчин болгох гэж байсан юм шүү дээ. Тэгэхээр нь би "Яах юм бэ, нэгэнт хүрээд ирчихсэн юм чинь бөхөөр нь хичээллүүлж байгаач" гэж гуйсан. Сүүлд нь багш нь надад "Кёкүшюүзан надад иймэрхүү хүнээ шахчихлаа" ухааны юм ярьж л байсан. Би аль болох багштай нь уулзахгүй, хулхитчихсан юм шиг бултаад явдаг байлаа. Харин дараа нь Хакухог цол аваад гараад ирэхэд багш нь ирж, надтай гар барихад миний урьдын бүх бодож байсан бүх зүйл алга болсон.

-Мөнхбат аварга хүугээ сумочин болгох талаар өөрөө танаас гуйж байсан юм уу эсвэл та Хакухог гуйж авч явсан юм уу?
-Мөөеө аварга надаас гуйж байсан. Хакухо бид хоёр их сонин уулзаж байсан хүмүүс. Бид хоёрыг жаахан байхад Мөөеө аварга тарваганд их дагуулж явдаг байлаа. Тэр үед Хакухо зургаан настай, би 17 настай байсан. Түүгээр ч барахгүй Мөөеө аварга, Ганбаатар арслан хоёрыг дагаад зун болохоор Хакухо бид хоёр цэргүүдтэй хамт наадмын бэлтгэлдгардаг байсан. Тэгэхэд надад хоол олдохгүй шүү дээ. Цолтой бөхчүүд нь гоё гоё хоол идэхээрээ надад хоёр гуравхан гурил, төмс жаахан шөлөнд хийж өгдөг байсан. Жаахан хүүхэд болохоор жаахан хоол өгдөг байсан юм шиг байгаа юм. Тэр үед Хакухо намайг өлсдөг гэдгийг мэддэг байсан юм уу Хадбаатар аваргын өөрөө идэх гээд хөшиглөөд тавьчихсан махыг хулгайлаад авчирч өгдөг байсан /инээв. Сурв/. Тэгээд л Хакухо бид хоёр өдөржин хэрээнүүдийг чулуугаар шидэж тоглодог байлаа.

Харин сүүлд нь би Хакухог тэр хүүхэд гэж мэдэхгүйгээр сумод авчирсан юм. Хакухо ч намайг тэр үед тоглодог байсан ах нь гэж мэдээгүй юм билээ. Японд ирсэн хойноо намайг цаагуураа их хайсан гэсэн. Намайг Кёкүшюүзан болчихсон гэж мэдэхгүй, нарийхан нүдтэй, хурдан гүйдэг, бор царайтай, Батбаяр гэдэг ах энд заавал барилдаж байх ёстой, тэр ах хаана байна гэж нэлээн хайсан юм билээ. Тэгтэл Ганбаатар арслан саяхан Японд очоод хоол идэж байхдаа "Та хоёр бие биенээ мэддэг үү, нэг амралтанд ингээд тоглож явснаа" гэж хэлсэн чинь Хакухогийн нүдэнд нулимс цийлэгнээд гэнэт босч ирснээ "Би таныг их хайдаг байсан, та Кёкүшюүзан болчихсон байсан юм уу" гээд намайг тэвэрч аваад уйлсан /инээв. Сурв/. Хакухогийн сэтгэлд туранхай хар залуутай хэрээнүүдийг чулуугаар онож тоглодог байсан нь тод үлдсэн юм шиг байгаа юм. Тэгсэн чинь өнөөх нь том, бүдүүн залуу болчихсон байдаг.

-Таныг улс төрд орох гэж байгаа гэж нэг хэсэг шуугиж байсан. 2008 оны сонгуульд узээд алдах санаа байна уу?
-Би өөрөө бол улс төрд орно гэж хэнд ч хэзээ ч хэлж байгаагүй. Хэн иймэрхүү яриа гаргасныг мэдэхгүй. Түүгээр харин дамжаад "Мэдлэг, боловсрол сайтайн хувьд, мөн Японд олон жил амьдарсан гэдэг утгаараа тус улсын нийгмийг Монголд танилцуулж өгөөч ээ" гэсэн саналууд ирж байгаа. Одоохондоо надад шийдсэн зүйл алга. Сонин хэвлэлээр намайг МАХН, АН-д орчихсон гээд л бичээд байдаг. Чухамдаа яг өнөөдөр аль нэг намд харъяалагдсан зүйл надад байхгүй ээ.

-Тэгэхээр Кёкушюузаны маань гэр бүлһин талаар үнэн худал нь мэдэгдэхгүй хэл ам гардаг болсон. Таныг гэр булийнхээ хунээс өрх тусгаарласан гэх юм. Энэ үнэн үү?
-Сонин хэвлэлээр янз бүрийн л зүйл бичих юм. Наадмын өмнөхөн хүртэл бөхчүүдийг дуудаж ирээд 300 сая төгрөг тараагаад заан болох гэж байна гээд л бичээд байсан, худлаа л байгаа биз дээ. Бичих нь бичээд, унших нь уншинабиз. Тэртэй тэргүй миний найз нөхөд, эргэн тойрныхон маань намайг ямар хүн бэ гэдгийг мэдэж байгаа болохоор санаа зовохгүй байна. Бидний хувьд одоохондоо хоёр талдаа байгаа. Би зодог тайлаад Монголдоо ирж, эхнэр сургууль соёлдоо үлдсэн. Уулзалдахгүй хоёр талдаа байгаа нь үнэн. Би хоёр хүүхэдтэйгээ энд байгаа. Нэг айхтар аг, ёсоoр салсан юм өнөө алга. Яахав, хүний амьдралд янз бүрийн л тохиолдцог шүү дээ. Ярилцсанд баярлалаа.

Wednesday, July 18, 2007

Кёкүшюзан Д.Батбаяр: Соёолон морь эзэндээ хийморь авчирдаг болохоор билэгшээж байгаа

Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд зодоглосон анхны монгол хүн гэж түүнийг бид хайрладаг. Сумогийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа л монгол эрчүүдийн эр бярыг гайхуулж явсан Батбаярыг “мэхний их дэлгүүр” гэж нэрлэдэг байсан нь түүний барилдааны ур чадварыг илтгэдэг гэхэд болно. Арван зургаан жилийн өмнө арлын орон руу гаргасан түүний зам мөр булган сүүлтэй байж, араасаа хоёр ч аваргыг төрүүлсэн нь өнөөдөр ч Япон болоод бусад орны бөхчүүдийн атаархлыг төрүүлдэг гэхэд болно. Өнгөрөгч башёгоор зодог тайлсан тэрээр олон жилийн дараа төрийнхөө их баяр наадмыг үзэж, уясан морь нь айрагдаж аз хийморьтой наадсан юм. Ямартай ч Кёкүшюзаны Д.Батбаярын галаар зочилж хэдхэн хором ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе .
-Сайхан наадаж байна уу та?
-Сайхан наадаж байна.
-Мэргэжлийн сумод барилдсанаас хойш та үндэснийхээ их баяр наадмыг анх удаа үзэж байна уу?
-Тиймээ анх удаа үзэж байна. Японы мэргэжлийн сумод 16 жил барилдаад зодог тайллаа. Улсынхаа их баяр наадмаараа морь уяад л сайхан л байна.
-Уясан соёолон чинь айрагдсан байсан. Цаашдаа морь уявал юм дуулгах уяач болох нь ээ?
-Би чинь хүүхэд байхдаа л Япон руу явсан хүн шүү дээ. Арван зургаан жил барилдаж байхдаа хөдөө нэг сайхан гэр бариад морь уяад, морь унаад явах юмсан гэж их мөрөөддөг байсан. Тэр хүсэл маань өнөөдөр биелэлээ. Өөрөө хөдөө төрсөн болохоор багаасаа л морь унах дуртай хүүхэд байсан. Нагац ах маань морь уядаг байсан болохоор ганц жил хурдны морь унаж үзсэн л дээ. Сая зодог тайлах ёслолын үеэр манай тод манлай уяач Даваахүү гуай, Онон гуай, Эрдэнэбаяр гээд алдарт уяач нар маань надад маш сайхан хурдан удмын хүлэг морьд бэлэглэсэн. Харин энэ гэрийг маань Д.Сандаг-Очир генерал бэлэглэсэн юм. Манай Ганбаатар арслан, Санжмятав гишүүн гээд хүмүүс дээл, монгол гутал Билэгдэмбэрэл найз маань надад их олон морь бэлэглэсэн. Хамгийн сүүлд найз маань энэ соёолонг бэлэглэсэн нь надад аз авчирлаа. Тэнгэрт ганцхан соёолонгийн тоос л хүрдэг гэдэг сайхан монгол үг байдаг. Тэр ч утгаараа монголчууд маань соёолон морийг хийморьтой амьтан гэж үздэг шүү дээ. Тийм болохоор “би ер нь яагаад морь уяж болдоггүй юм. Соёолонг чинь тавьчихья” гээд тавьсан. Сүртэй том уяач байгаа биш, нэг их олон морь уяагүй, сэтгэлээрээ ганц л соёолон тавья гэж наадмын өмнө шийдсэн. Тэр оройноо гэрээ бариад Максийн Ганбаатар, Бямбадорж дарга, Билэгдэмбэрэл нартайгаа нэг гал болж буусан. Энэ наадмаар манай галын морьд их сайхан хурдалж олон айраг түрүү авлаа. Уясан ганц морь маань айрагдаад хоншоортой байна. Ард түмний маань хийморь буян байна. Сэтгэл өндөр байна.
-Уясан морь чинь тэр дундаа соёолон морь чинь айрагдсан болохоор та энэ жил их хийморьтой байна байх аа?
-Ах нь ганцхан морь л уралдуулсан. Сүүлдэж гараад айргын тавд ирлээ л дээ. Дөчин хэдэд явж байгаад хорин хэдэд ороод, хорин хэдээс наймд ороод, тэгээд айргын тавд орж ирлээ. Улаанбаатар хотын хүндэт иргэн гэж дөрвөн хүн байдгийн нэг нь би. Улаанбаатар хотын хүндэт иргэн болохоор хот дотроо бүх юманд бүрэн эрхтэй байдаг. Тийм болохоор машинтайгаа чөлөөтэй давхиж байгаад морио их сайхан харсан. Соёолон морь чинь их сонин байдаг юм байна. Гучаад жил морь уясан хэрнээ айрагдаж байгаагүй хүн олон байдаг юм билээ. Tэp тусмаа соёолон айрагдталаа хүнээс маш их сэтгэлийн тэнхээ шаарддаг гэнэ. Соёолон морь эзэндээ их хийморь авчирдаг болохоор би их баяртай байгаа. Уяан дээр би зовж үзээгүй ч гэсэн, арван зургаан жил нутгаасаа хол өөр ертөнцөд бэлтгэл хийж хөлсөө гоожуулж, заримдаа нулимстай барилдаж байсныг минь Бурхан тэнгэр харж үзсэн юм байлгүй. Энэ хүүхдийн морийг нь айрагдуулчихья гээд айрагдуулчихсан байж магадгүй. Морины минь хийморийг дагаад бас надад хийморь ирж магадгүй гэж би билэгшээж байгаа. Их ёндоотой байна. Бурхан тэнгэр маань их сайхан харж үзээд сайхан наадаж байна даа.
-Танд монгол дээл их сайхан зохидог юм байна шүү?
-Тийм шүү. Би монгол дээлээ өмсөх их дуртай л даа. Боломж л олдвол монгол дээлээ өмсдөг.
-Та арван зургаан жил ихэнхдээ Японд амьдарч, кимоно өмсөж Япон хүн шиг л амьдарч байсан байх. Харин монгол дээлээ өмсчихөөд морь мал ярьсан шиг эх орондоо сууж байх ямар байна?
-Арван зургаан жил Японд амьдрахдаа, тэмцээний дараа л эх орондоо ирнэ. Заримдаа нэг хоёр жилээр ч ирэхгүй байх үе байдаг байлаа. Японд бол мэдээж кимоно өмсөөд, баахан туслах дагуулаад л баахан ёслол үйлдээд явна. Хаашаа л харна тэр олон байшин, машин гээд юунаас ч хоцорч болдоггүй тэр бачуу ертөнцөд 16 жилээ, хүүхэд насаа өнгөрөөжээ. Харин зодог тайлчихаад эх орондоо ирээд айраг ууж, морь мал ярьсан шиг хэвтэх надад үнэхээр сайхан байна. Морь гэдэг монгол эр хүний хийморь байдаг болохоор би их билэгшээж байна. Өчигдөр хүрэн халзан морио эмээллээд ганцаараа монгол дуу дуулсан шиг хойшоо уул давлаа. Гоё байна лээ. Энд байгаа монголчууд маань өөрсдөө энэ жаргалыг мэддэггүй юм шиг байгаа юм. Ийм сайхан газар нутагт амьдардагаа мэдэрдэггүй байх. Сая наадмаар “NHK”-ээс 40-өөд Япон ирлээ. Тэр соёлтой оронд цэвэрхэн газар байж байгаад, энэ их шороо тоостой, морь малны хөлстэй холилдоод юу нь гоё байдаг байнаа гэж гайхацгааж байсан. Би хариуд нь “Энэ нь монгол хүнд илүү жаргал байдаг юмаа” гээд хэд хэдэн юм зүйрлүүлээд ярьж өгсөн л дөө. Харин тэд “Нээрээ таны зөв юм байна шүү” гэж байсан. Заавал бөх хүн гэхээр бөхөөрөө байх албагүй шүү дээ. Наадамд барилдахгүй яасан юм гээд л хүмүүс асуудаг. Начин, заан аваад сайн барилдчихвал нөгөө Кёкүшюзан чинь наадам будилуулж үймүүллээ, төрийн наадмаар тоглолоо гэнэ. Гай нь таараад нэг хоёрын даваанд уначихвал “Өө нөгөө Кёкүшюзан чинь уначихлаа, аргагүй аргагүй гээд” л янз янзаар ярих байсан байх. Энэ жилдээ сайхан амраад ирэх жил ноцолдож болно. Зодог тайлсан ч гэсэн дөнгөж гуч гарч яваа залуу хүн байна. Надаас ахмад улсууд сайхан барилдаад явж байна. Тийм учраас энэ хэл амыг дарж энэ удаа монгол гэрээ бариад хүсэл мөрөөдлөө биелүүлж морио уяъя гэж бодсон юм.
-Та үндэсний бөхөөр өөрийгаа хэр хэмжээнд барилдах байх гэж бодож байна даа?
-Ах нь үндэсний бөхөөр их дээр үеэс барилдсан даа. Хүүхэд байхдаа Ганбаатар арслангын “Монгол бөх” клуб гэж байгуулагдахад хамгийн анхны шавь нь болж очиж байсан. Анх хотын аварга болж байсан. Сумод явахад биднийг үндэсээр барилдуулж шалгаруулж авч байлаа. Хоёр тэмцээн болоход, би нэгэнд нь түрүүлж, нэгэнд нь үзүүрлэж байсан юм. Тэгээд л энэ хүүхэд очоод барилдаж болох юм байна. Таргалж магадгүй. Цол авч магадгүй гээд л Япон руу авч явж байсан.
-Таныг тэгвэл дараа жилийн наадмаар зодоглоно гэж ойлгож болох нь ээ. Барилдвал хэд давах бол. Аварга арс лангуудыг Япондоо урьж хамтдаа бэлтгэл хийж байсан болохоор таньд нэг багцаа байгаа байх?
-Хамтдаа бэлтгэл хийж байснаас унагаж байсан удаа байхгүй л дээ. Дараа жилийн наадмаар барилдсан ч яах вэ гэж бодож байгаа. Энэ жил завсарлаад сайхан бэлтгэлээ хийгээд уяа нь таарсан морь гэдэг шиг халаагаа тааруулаад эвслээ авчихвал барилдана. Арван зургаан жил дугуй тойрог дотор цупари хийж түлхээд л дайрдаг байсан. Багадаа үндэсний бөхөөрөө барилдаж байсан ч буцаад зодог шуудаг монгол гутал өмсөж дасталаа бас хэцүү байх. Энэ жил зодог тайлаад хөл ихтэй байсан болохоор бэлтгэл хийх зав гарсангүй. Ямар ч байсан хүслээ биелүүлж морь уяья гэсэн зорилгодоо хүрлээ. Барилдахаар морь уяж чадахгүй байх байсан болохоор энэ удаа хойшлуулъя гэж бодсон.
-Зодог тайлчихлаа. Одоо та юу хийх вэ. Нэгэнт барилдахаа больчихсон болохоор эх орондоо байх уу. Аль эсвэл?
-Монголдоо ч, Японд ч байна. Токиогийн “Васида” гэдэг дээд сургуульд интернэт ID-гийн чиглэлээр дөрөвдүгээр курсэд сурдаг. Ямар ч байсан сургуулиа төгсөх санаа байна. Манай сургуулийг Японы хамгийн олон Ерөнхий сайд төгссөн их том сургууль. Монголоос сурдаг цөөхөн оюутнуудын нэг нь би. Сургуулиа төгсчихвөл надад их хэрэгтэй. Улс эх орондоо бага ч гэсэн юм хийчих санаа байна. Одоо “Кёкүшюзан хөгжил сан”-гаараа дамжуулаад олон сайхан буяны ажил хийж байгаа. Би өөрийгөө монгол улсдаа их өртэй хүн гэж боддог. Улсынхаа буянд өдий зэрэгтэй яваа ч гэж боддог. Тийм сайхан том оронд анх монгол гэж нэрийг гаргаж, монголын ард түмэн монголчуудынхаа өмнөөс очиж барилдаж байсан. Монгол гэдэг нэрийг анх Японд таниулсандаа баярладаг. Японы ард түмэн ч бөхдөө их хайртай сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг.
-Монголчуудаас та л анх Японы сумо бөхөд барилдаж, монгол бөх хүний гайхамшгийг харуулж чадсан. Бас таны сумод гаргасан мөр булган сүүлтэй байж, монголоос хоёр ч аварга төрөөд байгаа. Та мэдээж тэднээрээ бахархдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Өөрөө дагуулж аваачсан хүүхдүүд маань эхнээсээ аварга болж байна. Хакухо, Ама, Санчирболд, Базарсад гээд бүгдээрээ цолтой боллоо. Одоо Японд ерөнхий сайд Абэ, Хакухо хоёр л байнга мэдээгээр гарч байна. Хакухо өглөө хэдэн цагт боссон, ямар хоол идсэн, орой хэдэн цагт унтав гээд л Японы ард түмэн Хакухогоор амьсгалж байна. Японы ард түмэн Хакухог маань сайхан хүндэлж байгааг харахад би өөрөө аварга болсон юм шиг л сайхан санагдаж байна.
-Зодог тайлж, даахиа үргээлгэх тэр мөчид таньд юу бодогдож байв?
-Зодог тайлах ёслолын арга хэмжээ маань их сайхан болсон. Тэмцээнээр ч дүүрдэггүй арван хоёр мянган хүний суудалтай сумогийн ордон пиг дүүрсэн. Монголчууд маань маш их ирсэн. Монголд байраа Японы элчин сайдын яам, манай 500 гаруй хүний визийг чөлөөтэй гаргаж өгсөн. УИХ-ын гишүүд бизнесийнхэн, уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон гээд бүгд л очсон болохоор надад их сайхан байсан. Мэдээж барилдаж эхэлсэн хүн болгон л эрт орой хэзээ нэгэн цагт зодог тайлах үе ирдэг юм чинь. Үсэнд анх хайч хүрэхэд их сонин байсан. Дараа нь Цэвэгням, Энхбаяр хоёрыгоо хайч хүргэхэд дээшээ огшоод их эвгүй байсан. Энэ хоёртойгоо анх Японд очиж барилдаж, нэг тогооноос хоол идэж, нэг дээвэр доор олон жилийг үдсэн болохоор тэр байсан биз. Хамгийн сүүлд багш маань үсэнд минь rap хүрэхэд өөрийн эрхгүй нулимс гарсан л даа. Мэдээж 16 жил хөдөлмөрлөсөн болохоор бүх юм бодогдолгүй яах вэ.
-Одоо сумо үзээд сууж байхдаа өөрөө барилдмаар санагддаг уу?
-Хааяа ч бас барилдмаар санагдана л даа. Тэгэхдээ бас халширч байна. Одоо барилдах юм бол яаж тийм юман дээр болж байсан юм гэж бодож магадгүй гэдэг утгаараа сая наадмаар барилдаагүй.
-Халимаг үсэндээ хэр дасаж байна даа?
-Дасаж байна. Хөнгөн шингэн, сайхан байна. Наадмын өмнө мориндоо зориулаад үсээ жижиглүүлсэн зохиж байна уу?
-Зохиж байна аа?
-Ах нь тусгай үсчинтэй. Тэргүүндээ ганц л хүнээр гар хүргүүлж байгаа.

Thursday, July 12, 2007

Асашёорюү Японы хэвлэлд “Монголоос хятадуудыг хөөж гаргана” гэсэн ярилцлага өгчээ

Японы сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж саяхан Нагоя башё эхлэхийн өмнө Осака хотод хэвлэгддэг “Асахи трибун” сонинд ярилцлага өгчээ. Гэвч ярилцлагын гол утга нь сумогийн ээлжит башёд хэрхэн барилдах тухай биш харин төрөлх Монгол орон болон монголчуудын эрх ашиг, тусгаар тогтнолын асуудлыг хөндсөн байснаараа олны анхаарлыг маш их татсан байна. Монголд ерөнхийлөгчөөс илүү нэр хүндтэй хүн гэж тооцогддог сумогийн их аваргаас сурвалжлагч “Та ойр ойрхон Монгол руугаа ирж очоод байх болсон. Японд ер нь идээшиж дасахгүй байна уу?” гэж асуухад “Би Японд аль эрт Ёкозүна болохоосоо өмнө л идээшиж дассан хүн. Гэхдээ унасан газар, угаасан усандаа очоод ирэхээр улам их бяр тэнхээ орох шиг санагддаг учраас сүүлийн үед амралтаараа байнга явдаг болсон доо” гэж хариулсан байна. Үүний дараа удахгүй болох Нагоя башёд хэрхэн барилдах гэж байгаа болон мөн бусад бөхчүүдээс хэн өөрийнх нь гол өрсөлдөгч байх талаар асуухад “Мэдээж би энэ башёд амжилтаа ахиулах зорилго тавьж барилдана. Цол дагаж бяр гэдэг болохоор шинэ ёкозүна Даваажаргал миний хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болов уу” гэж хэлээд Эстонийн бөх Баруто, озэки Котоошюү, сэкивакэ Ама, Мияабияма нарыг нэрлэсэн байна. Дараа нь сурвалжлагч Монгол оронд нийгмийн хөгжил болон хүмүүсийн амьжиргааны түвшин хир зэрэг байдагийг асуухын далимд өөрийнх ль Монголд явуулж буй бизнесийн үйл ажиллагааг сонирхоод авчээ. Хамгийн сонирхолтой нь уг асуултанд хариулж байхдаа их аварга маань Монголд хятадууд маш ихээр суурьшиж буйг дурдаад, тэднийг хөөж гаргах бодлогыг төрөөс барих хэрэгтэй болсон гэж үздэгээ илэрхийлжээ. Энэхүү санаандгүй хариултанд олзуурхсан сурвалжлагч “Хэрвээ танай төр засгаас хятадуудыг хөөж гаргах арга хэмжээ авахгүй бол өөрөө энэ үйл ажиллагаанд гар бие оролцох уу?” хэмээн лавшруулан асуухад “Би сумод барилдахаа боливол Монгол нутагтаа л амьдрах учраас эх орноо аль нэг улсын дагуур муж болгохыг хүсэхгүй. Тэгээд ч манай оронд тусгаар улсаа гэсэн сэтгэлтэй маш олон залуучууд бий. Хэрвээ шаардлага гарвал би тэдэнд туслахад бэлэн байна” гэж түс тас хариулсан байна. Уг ярилцлагыг хийсэн сэтгүүлч төгсгөлд нь Монголтой хил залгаа оршдог БНХАУ-ын иргэд их аварга Дагвадоржийн нутагт үй олноороо нэвтрэн орж суурьшиж байгаа явдал ийнхүү Асашёорюүгийн санааг зовоож байгааг дурдаад ер нь хятадууд Монгол улсаас Японыг гурав нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний их газар нутгийг өмнө нь булааж авсан гэж бичсэн нь Өвөрмонгол болон Шинжааны Бор талын монголчуудыг хэлж байгаа бололтой. Японы зарим судлаачид “Их аваргын энэхүү ярилцлага Монголд Хятадын нөлөө хир зэрэг их болсоныг гэрчилж байгаа явдал. Түүнээс биш сүмогийн ертөнцийн домог болсон хүн уг нь иймэрхүү зүйл ярих ёсгүй. Гэхдээ их аваргын хэлсэн ярьсан зүйл нь Японы сүмогийн холбооны бодлого биш хувь хүний үзэл бодол учраас ингэж илэн далангүй ярих эрхтэй” гэж тайлбарласан байна. гадаад нэр алдраа цуурайтуулж яваа алдар цуутнууд маань ийнхүү их аварга Дагвадоржийн адил үндэсний үзэл санаагаа дэмжээд эхэлбэл харийн цагаачид эх оронд маань дураараадургиж чадахгүй л болов уу.

Saturday, July 7, 2007

Хакухо гавьяат боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхөөр онцгой амжилттай барилдаж дээд зиндаанд дэвшиж, удаа дараа түрүүлэн “Их аварга” цолыг хүртэж, бөх хүний уужуу ухаан, уран мэх, эрэмгий зориг, эрч хүч, бяр чадлын гайхамшгийг үзүүлэн төр, түмэн олноо баясгаж, Монгол Улсын нэр төрийг Япон даяар төдийгүй дэлхий дахинаа алдаршуулж буй бахдам амжилтыг нь үнэлж, Япон Улсын Мияагино дэвжээний бөх Мөнхбатын Даваажаргалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.

Tuesday, July 3, 2007

Чиёнофүжигийн догшин харц зүүдэнд орсон

1982 онд Испанид болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр “Спортын мэдээ”-д бүр “хувьсгал” гарч дугаар болгондоо тэмцээний явцын талаар мэдээлж байлаа. Тэр үед ДАШТ-ий нээлтийн тухай “Хунтайж Хуан Карлос шүгэл үлээж ДАШТ эхэллээ” гэсэн гарчигтай материал нэгдүгээр нүүрэндээ нийтэлсэн нь их олзуурхууштай санагдаж байсныг нуух юун. Энэ бүгдийг Б.Мөнхбат гэдэг нэртэй “нэг нөхөр” байнга бичээд байлаа. Тухайн үед спортын талаарх ховор мэдээллүүд хаанаас авчихдаг хүн бэ гэсэн бодол төрдөг байж.

Хожим “Монголын спорт” сонинд ажиллаж байхдаа энэ эрхэмтэй танилцах завшаан тохиосон юм. Найз нөхөддөө “Ков” гэдэг хочоороо “алдаршсан” Б.Мөнхбат гэдэг энэ хүн хүүхэд ахуй наснаасаа өнөөг хүртэл спорттой “үерхэж” ирсэн, хойшдоо ч хамтдаа явах нэгэн. Тэр 1962 онд Завхан аймгийн Улиастай хотод төрж нийслэлийн зургадугаар арван жилийн сургуулийг 1980 онд дүүргэсэн аж. Улмаар МУИС-ийн физикийн ангид элсэн орж суралцан гуравдугаар курсээсээ арлын Япон оронд очин таван жил номын дуу сонссон байна. Эхлээд Токиод нэг жил суралцаад дараа нь Шиншү их сургуулийн химийн ангид элсэн орж дүүргэжээ.

“Ков” спортын улаан фэн төдийгүй өөрөө бас ч үгүй спортын булчирхайтай. Оюутан байхдаа хөлбөмбөгөөр факультетийнхээ багт орон энгэрээ медалиар мялааж, зуны ажлаар ангийнхантайгаа Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаж байхдаа наадмаар зодоглон сумын начин цол хүртэж байсан нэгэн билээ. Монголчууд сүмо гэдгийг мэдэхгүй байсан 1980-аад оны эхэн үед тэр сүмогийн ордонд анх арлын энэ орны үндэсний бөхийг үзэж сонирхжээ. Тэр мөчөөс хойш түүний хообий сүмо болсон гэхэд хилсдэхгүй. 2005 оноос Монголын үндэсний телевизийн “Чандмань” студээс үзэгчдэдээ хүргэдэг Японы мэргэжлийн сүмогийн NHK-ийн тайлбарыг “сөөнгөдүү” хоолойтой нэгэн хүн сүмо сонирхогч элэг нэгтнүүддээ хүргэж ирсэн. Тэр хүн бол нөгөө л “Ков” Б.Мөнхбат байлаа. Энэ эрхэмтэй “ТЦ” саяхан уулзаж хэдэн хором хөөрөлдсөн юм.

-Өдгөө монгол хүн бүрийн мэддэг болсон сүмог “сураггүй” байхад нь анх та үзсэн гэдэг. Харийн бөхтэй танилцсан түүхээс тань ярилцлагаа эхэлье.
-Япон руу явахаасаа өмнө Зөвлөлтийн зохиолч Евгений Овчинниковын “Сакүра хэзээ дэлгэрдэг вэ?” номноос сүмогийн тухай ерөнхий төсөөлөлтэй болсон. Гэхдээ очоод үзэхэд үнэхээр сүрдмээр юм билээ. Том биетэй бөхчүүд их дуу чимээ гаргаж мөргөлдөөд л. Энэ бол 1983 оны хавар юм. Монголчууд түрүүлсэн бөхийн биед хүрч, хөлснөөс нь адис авдаг уламжлалтай. Үүн шиг санаж домогт аварга Чиёнофүжигийн биед хүртэл “Яаж байнаа?” гэсэн аятай нэлээн ууртай, догшин харж билээ. Тэр ширүүн харц нь бүр шөнө зүүдлэгдсэн. Дараа нь өдгөөгийн Азүмазэки ояката буюу Такамиямад хүрч үзлээ. Бас л дургүйцэж байсан. Энэ нь монгол хүн сүмотой танилцсан анхны тохиолдол гэж боддог. Ингээд сүмог шимтэн сонирхох болсон.

-Оюутан ахуйдаа тэнд сүмог үзээд, сонин сэтгүүлээс уншаад байж. Төгсөж ирээд энэ талын мэдээллийг хэрхэн олж байв? Интернетгүй, кабель телевизгүй үе шүү дээ.
-Сардаа 1-2 удаа ажлын шугамаар Япон руу явдаг юм. Очоод ирэхдээ сонин, сэтгүүл авчирна. Тиймээс мэдээллийн хувьд хангалттай авдаг байсан.

-Монгол хүний бараа сураггүй байхад та сүмог сонирхож эхэлжээ. Тэгвэл харийн бөхөөр хүч үзэх болсон залуучуудтайгаа анх хэзээ нүүр тулан учирч байв?-1995 оны гуравдугаар сард Ш.Отгонбилэг агсантай хамт Осакад очлоо. Би завшааныг яаж алдах вэ, ШО-д сүмо үзье гэлээ. Жюүрёод монгол хүн барилддаг гэсэн гээд цагийг нь тааруулж ордонд очсон. Д.Батбаярыг дэвжээнд гарахад нь “Батбаяраа, Сайн барилдаарай” гэж хашгирсан чинь их цочиж харж байна. Манай хүн ч яллаа. Удалгүй Н.Цэвэгням гүйж ирээд “Өнөө орой хамт хоол идье гэнэ. Ордны гадаа 6.00 цагт байж байгаарай гэж хэлүүллээ” гэсэн. Ингэж монгол сүмочидтойгоо анх танилцсан. Дэвжээнийх нь манлай сүмоч Асахиютака тэгэхэд 7-3 амжилттай явж байсан. Тэгээд надад “Би уул нь эд нарын ах. Гэтэл дүү нар маань надад юм заагаад байх юм. Долоо ялахдаа бүгдэд нь Кёкүшюүзаны зөвлөгөөг дагасан. Сая л гэхэд зүгээр хөл тавиад татчих гэснийг нь хийхэд Такаторики үсрээд өглөө” гэж ярьсан. Тэр үед Монгол хөвгүүдээрээ бахархсан шүү.
Нэг сонирхолтой түүх яръя. Түүнээс хоёр жилийн дараа ШО надаас “Нөгөө хүү хэр барилдаж байна” гэж асуусан. “Комүсүби болсон. Монгол бөхөөр бол улсын заан” гэлээ. Тэгтэл “Тэр хүүг баярлуулах хэрэгтэй юм байна даа” гээд ерөнхийлөгч Н.Багабандид хандан, гавьяат тамирчин болгож байсан.

-Одоо бараг телевиз болгон сүмог шууд дамжуулдаг болж. Энэ дундаас хүргэж буй мэдээлэл, мэдэрч тайлбарладгаараа яах аргагүй таных бусдаас ялгардаг. Башёгийн үед хэрхэн ажилладаг зарчмаа хэлнэ үү?
-NHK-гээр тайлбарлаж буй ояката нар тун сайн ярина. Тэд нарын хэлж байгаагаас хэрэгтэйг нь орчуулдаг. Мөн Японы сонин, хэвлэлүүдэд макүүчигийн хүн тус бүр дээр юу гэж бичсэн талаар мэдээлэл авдаг. Гэхдээ сонссон, мэдсэн болгоноо яриад байдаггүй л дээ. Монголчууд цагаан хэл ам гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлийг нь сонсоогүй юм шиг өнгөрөөдөг. Жишээ нь өнгөрсөн башё өндөрлөх яагаа ч үгүй байхад, Хакүхогийн ёкозүнагийн анхны ёслол хийх өдрийн тов тодорч, бүр 19-нөөс бэлтгэл ажил нь эхэлсэн. Энэ талаар би тухайн үед мэдсэн ч бүх зүйл тодорхой болсон хойно анх дуугарч байлаа. Энэ дашрамд хамтрагчийнхаа тухай үг хэлье. Би тайлбарын явцад гацаж, түгдрэх нь бий. Энэ үед “Чандмань” студийн спортын сэтгүүлч, сүүлийн жилүүдэд надтай маш сайн гар нийлж байгаа Г.Отгонжаргал үргэлжлүүлээд аваад явчихдаг. Бид хоёрын хувьд бие биеэ тун сайн ойлгож ажилладаг.

-Шууд нэвтрүүлгийн цаг давхацдаг болохоор бусад телевизийг үзэж амжихгүй нь тодорхой. Харин орой тойм нэвтрүүлгээр ч юм уу, өөр тайлбарлагчийн хэрхэн ярьдгийг үздэг үү?-Би зөвхөн япон хэлээр л сонсдог. Ер нь сүмог монгол тайлбартай үзээгүй санагдана. Хакүхог түрүүлсний дараа гурван өдөр дараалж NHK-гийн мэдээ түүний тухай мэдээгээр эхэлж, бүх сонин нэгдүгээр нүүртээ Хакүхогийн зургийг тавьж байлаа.

-Одоо макүүчигийн дээд хэсэгт монголчууд олноор барилдаж, бүр хоёр аваргатай боллоо. Үндэсний спортод нь харийнхан ноёлохоор мэдээж япончуудад таатай биш байх. Энэ талаар таны бодлыг сонсъё?-Япончуудын хувьд тийм үзэлтэй хүн ховор. Муусайн монголчууд аварга боллоо гэх биш, сүмод шинэ аварга төрлөө гэсэн хандлагатай. Энэ бол сүмогийн ёс заншил, дэг жаягийн онцлог юм. Телевизүүд гудамжинд яваа хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсоход бүгд л “Хоёр дахь аварга төрсөнд баяртай байна. Улам өрсөлдөөнтэй болох нь” гэж ярьж байсан.

-Сүмод нэгэнт ноёрхсон манай бөхчүүдтэй хэн илүү ширүүн үзэх бол? Нэг үе их эрчтэй гарч ирсэн европчууд зогсчихлоо? -Яагаад заавал монголчуудтай үзэх ёстой гэж. Энэ сүмогийн зарчим биш. Монгол бөхөд тэр аймгийн тэр сум гэж дууддаг. Харин сүмод зүүн, баруун жигүүрийн гэж л цоллоно. Ийм ялгаанаас дээрх яриа гарч байгаа. Жишээ нь Хакүхо япон бүсгүйтэй гэрлэхэд тэнд “Озэки Хакүхо гэрлэлээ” гэж байхад Монголд “Манай бөхийн удам японд шилжлээ” гээд шуугисан. Таны хэлсэнчлэн европчууд зогсонги байдалд орсон нь үнэн. Багш нарын ярианаас сонсоход Котоошюү озэкигоор үлдэнэ. Барүто муу багштай болохоор гавихгүй гэсэн. Манайхны хувьд Ама сайхан озэки болох байх...
мэдээллийн эх сурвалж

Monday, July 2, 2007

Ө.ТАМИР: Хакүхо одонгийн хүү

Наадмын сар урган гарч байна. Долдугаар сар гэдгийн хувьд хуучин танил үг. Урсгал усанд нэг л удаа орж таардаг утгаар ухвал цоо шинэ өдөр, сар ирж явна. Баяр наадмын өмнөх өдрүүдэд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбаттай нэг биш удаа уулзаж, тэр бүхнээ уншигчдадаа толилуулж байсан уламжлалыг энэ удаа арай өөрөөр үргэлжлүүлье.
Японы сүмогийн 69 дэх аварга хүү М.Даваажаргал-Хакүхогийн хамт хориод хоног байж олон содон сайхан үйл явдлыг үзээд ирсэн дархан аваргын гэргий, шинэхэн аваргын ижий Ө.Тамиртай ярилцах боломж олдсонд баяртай байна.

-Аваргын гэргий, аваргын ижий хэмээх эрхэм хүндэтгэлийн эзэн ховор хүнтэй “Өнөөдөр” сонины уншигчид уулзах нь. Танайхан Японоос ирээд удаагүй байна. Явсан газрын сонин сайхныг хуучилдаг монгол уламжлалыг Та юу эс андах билээ.

-За байз. Эхлээд хүүгийнхээ барилдаан, цолны тухай ярих уу?

-Тэгэлгүй яах вэ.
-Бид өнгөрсөн Нацү башёгийн төгсгөлийн буюу 15 дахь өдрийн барилдааныг Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд үзлээ. Өмнөх 14 өдрийнхийг зурагтаар харсан. Барилдаан сайхан болж, хүүгийн минь ялалтаар өндөрлөснийг олон хүн ордон дотор, буман үзэгч зурагтаар харсан нь илэрхий. Тиймээс түмний харсан мэдсэн, нэг талаар өнгөрсөн зүйлийг давтан хэлээд ч яахав. Аав нь их баярласан шүү. Би ч баярлаж л суулаа. Ер нь тухайн өдрийн барилдааны үр дүнгээс төдийлөн хамаарахгүйгээр хүү гурав дахь удаагаа түрүүлэх, улмаар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга цолтой болох нь хэвлэл мэдээллийн шугамаар бараг тодорхой болчихоод байсан үе. Би хүүгээ гурав дахь удаагаа түрүүлээд их аварга болсныг тохиолдлын ч юм уу, эсвэл нарийн учир шалтгаантай юм уу ховор учрал гээд бэлгэшээж байгаа.
Аавыг нь улсын наадамд гурав түрүүлж байж улсын аварга болсон тухай бөх сонирхогчид мэднэ. Та хоёр тиймэрхүү гарчигтай ярилцлага нийтлүүлж байсан биз дээ?

-Санаж байна.
-Эцэг хүү хоёр сонгосон сонгосон барилдаанаараа гурав гурав түрүүлээд аварга болж байгаа нь ховор, содон сайхан амжилт юм даа.

-Тийм ээ. Та ийм ховор содон сайхан амжилтын үр үндсийг юунд буйг бодож үзсэн үү?
-Бурхан минь. Бодож үзэлгүй яахав. Бараг өдөр бүр боддог байлгүй. Түмний минь буян. Хүүгийн минь төлөө сүүн цацал өргөж ерөөл тавьж суусан ард түмний минь сайхан сэтгэлийн ач гэж боддог оо. Бас тамирчин хүний сэтгэлийн хат тэвчээр, багш нарынх нь эрдэм ухаан, хайр ивээл, хүүгийн минь удам судар, аавынх нь нөмөр нөөлөг гээд олон учиг нөлөөтэйг үгүйсгэх аргагүй дээ.
Түмний ерөөлөөр хүү минь сайн барилдлаа гэдгийг тайлбарлаж хэдэн үг хэлье, би. Хүү 2004 онд жюүрёод дэвшихэд нь бид анх Японд очиж байлаа. Тэр үеэс монгол, япон олон хүн аваргын хүү аварга болоорой гэцгээдэг байлаа. Сая Японд очоод хүүгийн минь амжилтын төлөө баярлаж, догдлох япон, монгол хүмүүсийг хараад сэтгэл хангалуун явлаа. Япон руу нисэх болгондоо Мөнхбат 1964 онд Токиогийн олимпод очихдоо усан онгоцоор хүрч байснаа дурсан хуучилдаг. Ядарч усан зам туулснаа мартдаггүй юм билээ. Бид тэр үед бие биенээ мэдэхгүй явсан үе.

-Ингээд л асууж тодруулмаар юм гараад ирдэг юм. Аваргатай яаж танилцсанаа та нэг удаагийн ярилцлагадаа дэлгэрэнгүй өгүүлсэн байх аа.
-Ганц нэг ярьж байсан удаатай. Бид нийлж суугаад таван хүүхэд, түүнээс олон ач, зээтэй болцгоолоо. Би одоо хүүгээ Японд очсоны дараа санаж байсан тухай хэдэн үг хэлье. Хүү минь 2000 онд Японд очсон юм. Японд очих замыг Батбаярын аав Даваа анх гаргаж өгсөн буянтан шүү дээ. За тэгээд Даваажаргалыг жин бага, нас балчир гээд сүмогийн дэвжээнд авах эзэн олдохгүй буцахын толгой дээр Батбаяр Миягино дэвжээний эзэнд удам судар сайтай, бөх болох ирээдүйтэй гэж учирлан танилцуулсаар сүмоч болох нөхцөлийг бүрдүүлснийг хүмүүс одоо ерөнхийдөө мэддэг болсон доо. Би хүүгээ их санана аа. Аав нь ч санадаг л байсан байх.
Хүүгээ санахаар дуунд гардагчлан “нисээд очмоор санагдана аа”. Хааяа утсаар ярихаар нь сэтгэл уужирна. Монгол Улсынхаа иргэний үнэмлэх бичгийг авах насанд хүрээгүйдээ тэр хол газар луу явчихсан амьтныг чинь санахаас яахав. Одоо ч нисээд очдог болчихлоо.

-Та нар нисэж очоод озэки Хакүхог өвдөг шороодолгүй 15 дахиа давахыг, Ёкозүна цолтон болохыг хараад ирлээ. Тэр ёслол хүндэтгэлийн талаар ярихгүй юү?
-Зурагтаар та, ер нь нэлээд хүн үзсэн байлгүй. Сүртэй, ёс төртэй сайхан юм боллоо. Гудамжаар задгай машинаар давхиулах юмаа. Японы NHK телевиз дээр очлоо. Харуул, хамгаалалт нь лут бололтой ажиглагдсан шүү. Хүү тэнд очоод олон хүнтэй барилдааны биш сэдвээр бас ярилцаж л байх юм. NHK телевизийнхэн сүмочидтой хэд хэдэн шугамаар холбоотой бололтой. Тэд ажил төрлийн дагуу уулзаж учрах нь мэдээж. Бас сагс энэ тэр тоглодог юм байна, хааяа.
Түрүүлснээс хойш гурав хоногийн дараа Ёкозүна цол олгох албан ёсны шийд гарч Мэйжинжингү сүмд ёсолгоо хийв. Дараа нь манай Элчин сайдын яамныхан хүлээн ач уулзаж бас баяр хүргэх хөтөлбөртэй байв. Бид очлоо. Миний ээжийн дүү Д.Цэрэндондов ах Японд Элчин сайдаар ажиллаж байсныг тэр баярт мөчид дурсахад нэн таатай байсан шүү, надад.

-Таны ээжийн болон нагац нарын тухай үргэлжлүүлээд ярилцвал олон сайхан гэгээн дурсамж хөврөх учиг ургаж л байна. Уншигч нар хол нутгийн бэртэйгээ бяцхан ачтайгаа уулзан учирсныг тань сонсох гэж яарч байж магадгүй дээ.
-Нөгөөдүүлийнхээ барааг сүмогийн тэр том ордон дотор анх харж уулзаж танилцлаа, бид. Бяцхан ачийг минь өлгийдөөгүй хувцаслачихаад аваад иржээ. Хөөрхөн амьтан. Отгон хүүгийн минь ууган гэж бодоод тэр үү, сэтгэл нялхруулаад.

-За одоо бэрийнхээ тухай ярьж болох уу?
-Нэгэнт одоо түмэнд тодорхой илэрхий зүйлийн тухай ярихад дургүйцэх юу байхав. Мөнхбатынхан япон бэртэйгээ мэдээд уурлаж бухимдсан гэнэ. Бие нь муудсан гэнэ гэхчилэнгээр сонин хэвлэлд гарсан зүйл таавар таамаг төдий худал байсныг хүмүүст дуулгах нь зүйтэй байлгүй.
Ер нь хүүхдүүдийн үерхэл хоёр гурван жилийн өмнөөс эхэлсэн юм билээ. Хүн хүний хувь тавилан гэж байдаг даа. Сайхан сэтгэлтэй, элгэмсэг бэртэй болж таарлаа. Манай охин Батгэрэл, бас нэг дүү минь англи хэлтэйн ачаар япон бэртэйгээ төвөггүй ойлголцож байв. Тэр охин англиар ярьдаг учраас. За, тэгээд нүд сэтгэлийн толь гэж лут үг бий. Бэрийнхээ нүднээс бид түүний сэтгэлийн сайхныг мэдэрч, өөриймсөг дотно байхыг чармайж буйг мэдэрч явлаа. Цөөн хэдэн монгол үг сураад амжжээ, хөөрхий минь. Бас монгол хоол хийж сурч байна аа.

-Ач охин, япон бэрийн тухай яриаг залгаад шинэ худынхаа тухай хуучлаач, та.
-Бэр охины минь нэр Соёоко Вада шүү дээ. Аав, ээж нь тавь орчим насны хүмүүс байна. Хүү, охин хоёртой айл юм. Ууган нь хүү. Отгон нь охин. Хүү нэг дээд сургуулийн багш. Охин нэг жил сураад дээд сургуулиа дүүргэх учиртай хэмээн тэд ярьж байв. Бэрийн эцэг Вада зах зээлийн жамаар бизнес эрхэлж яваа аж. Нэг биш чиглэлээр ажилладаг бололтой юм. Монголд элэгтэй, боломж бүрдвэл манай оронд хөрөнгө оруулалт хийх санаатай явдгаа илэрхийлж, эхний алхмаа мод тарьж эхлүүлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Янагада Савада гэдэг хүн Японоос Монголд ирж мод тарьсан нь тэдний ажлын нэг хэсэг болж таарах нь. Мод үржүүлж тарихаас гадна, асрамж сувилал зэрэг салбарт компанитай айл байна.

-Мөнхбатын Даваажаргалынх ямар байранд аж төрж байна, Токиод.
-Гурван өрөө сайхан байртай, тэндхийн айлуудад байвал зохих тавилгатай, унаатай, жолоочтой, хэд хэдэн туслахтай айл байна аа.

-Танай шинэ хүмүүс Монгол нутагт хэзээ хөл тавих бол?
-Мэдээжээр нэг сайхан өдөр ирж таарна. Одоогоор шийдэж товлоогүй байна. Бяцхан ач онгоцоор аялах арай болоогүй нь хэн бүхэнд илэрхий. Сонирхолтой нь манай бэр хэдэн жилийн өмнө аавтайгаа Монголд ирээд үзчихсэн юм байна лээ.

-Та бүхэн Хавайд зохион байгуулсан жюнгё үзээд ирсэн байх. Тэнд монголчууд олон очих юм уу?
-Хавайд монголчууд очжээ. Тэгэхдээ харьцангуй цөөхүүлээ очиж таарлаа. АНУ-аас виз авдаг учраас бас бэрхшээл гарах юм. Тухайлбал, манай хүргэн, бэрийн Хавайд очих виз энэ удаа бүтсэнгүй. Мөнхбат бид хоёр АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотод 2005 онд сүмочдын үзүүлэх тоглолтыг сонирхож явсны хувьд Хавайн тоглолтыг хүү, охин, хүргэн бэр нартаа үзүүлэхийг зорьсон боловч энэ жил амжсангүй. За яахав. Дүрэм журам, хууль номтой зүйлийн тухай олон юм хэлэх бодол алга. Харин Лас-Вегаст сүмо сонирхож явсан дөрвөн залуу Хавайд ирсэн нь сонин санагдсан. Тэд монгол гэсэн сайхан сэтгэлтэйн дээр сүмочдын жинхэнэ фэн болоод тэгж яваа байлгүй дээ. -Ёкозүна Акэбоно, Мусашимару нарын нутаг Хавайд танайхан очоод хүүгээ хоёронтоо түрүүлэхийг хараад иржээ. Тэнд болсон жюнгё сонирхолтой болов уу?

-Сонирхолтой байлгүй яах вэ. Эхний өдрийн тэмцээн нь Хонолулу хотын захирагчийн цомын төлөөх барилдаан байв. Асашёорюү түрүүлээд хүү удаалав. Хоёр дахь өдрөө сүмочид Хавай мужийн амбан захирагчийн цомын төлөө барилдахад хүү Аматай үлдээд түрүүлсэн.
Хоёр барилдааны ялагч үнэмлэхүй аваргын төлөө дахин барилдахад сүмогийн 68 дахь аваргыгаа 69 дэх нь даваад “Гранд гран при” гардахыг харахад сайхан байлгүй яахав дээ.

-Хавайд зохион байгуулсан сүмогийн барилдааныг олон хүн үзэх юм уу? Би ч зурагтаар үндсэн башёг хардаг нэгэн.
-Хонолулу хотын “NBC-Arena” ордны үзэгчдийн суудлыг 8000 гэж танилцуулж байна лээ. Нэг удаагийн барилдааныг нь 4000 гаруй хүн л үздэг бололтой юм. Суудлын талаас арай илүү нь үзэгчтэй харагдсан шүү. Сүмогийн үзүүлэх тоглолтын үеэр бас олон сонирхолтой үзүүлбэр бэлтгэдэг уламжлал тогтсон юм байна. Бид тэнд дөрөв, тав хонолоо. Японоос долоон цаг нисэж хүрсэн байх шүү. Хүү минь, ер нь сүмочид сүмогийнхоо холбооны мэдлийн хүн болчихдогийг сайн мэдээд ирлээ. Усан дээр моторт завиар аялуулах, дельфинтэй бүжиглүүлэх хөтөлбөр сонирхолтой ч, зарим талаараа эрсдэлтэй санагдсаныг нуугаад яах вэ? Тэр бүжигчин дельфинүүд сургуультай амьтад учраас эрсдэл багатай байж магадгүй. За тэгээд усчин усандаа гэдэг үг бий. Монголчууд усан дээр наадаж байсан уламжлал байх биш. Мөнхбат хүүгээ усан дээр нэлээн тоглохыг харж байгаад “Одоо гар, наад ус чинь хамаг тэнхээ аваад явчихдаг юм” гэж байна лээ.

-Аварга Японд лекц уншсан мэдээлэл байсан үнэн үү?
-Биднийг Хавайгаас ирсний дараа Японд тийм ажил зохион байгуулсан шүү. Аваргын хүү аварга боллоо гээд... япончууд ер нь баярлаж байгаа нь илэрхий.

-Манайхан бас баярлаж байгаа шүү дээ.
-Тийм ээ, тийм тэр бүхнийг мэдэрч байна. Олны буян, амны бэлгэ гэж лут юм байх юмаа. Таны асуултад хариу болгож хэлэхэд тэр лекц нь эцэг хүүгийн барилдлага сэдэвтэй юм билээ.

-Дархан аваргын гэргий бөх хүүтэй болохыг мөрөөдөж явсан байлгүй. Сайхан байгаа биз, одоо.
-Сайхан байлгүй яах вэ. Намайг буруу өтлөх нь гэж битгий бодоорой, та. Миний ээжийн эцэг Дэнзэнг сайн барилдаж байсныг мэдэх хүн цөөрлөө. Улсын арслан Г.Цоодол барилдаж явсныг асуувал дурсах байх аа.

-За тэгвэл хүү тань хоёр талаас бөхийн удамтай болж тодорлоо. Таны ээж Дэнзэнгийн Дулмаа Түвдэнгийн Бортой хамт тэмцэж явсан бүсгүйчүүдийн нэг сайхан урт насалсан байх.
-Тийм ээ. 90 гараад өөд болсон доо. Залуудаа хавар тариа тариулж, намар хураалцаж, театрын жүжигчин болж, хэзээ завандаа юм феодлын хөрөнгө хураалцаж явсан баян намтартай. Өвөрхангайн зарим хөгшид, түүхчид Даваажаргалыг саяхнаас нутгийн хүү гэлцэх болж байна. Тэгвэл миний аав Сэрээтэрийн Өлзий-Утас Архангайн хүн. Тэгээд надад Тамир нэр өгсөн байх магадлалтай. Аавыгаа Монголын анхны шүхэрчдийн нэг энэ тэр гээд яривал би таныг чилээх байх даа.

-Тамир аа, энэ удаа тэгж чилэхийг азная. Анагаах ухааны дээд сургуулийн оюутан үедээ Иосиф Броз Титод цэцэг барьж буй зураг тань хэвлэлийн хуудсанд үлдсэн байгаа. тэр үед онц сурлагатай оюутан, сурагчдад тийм сонин хувь, бас үүрэг ногддог байсныг гадарлах юм. Эмчийн мэргэжлээрээ олон жил ажилласан уу, хөдөлмөрийн гараа чинь хаанаас эхэлсэн бэ, Та.
-Тийм ээ, гадаадын том зочинд цэцэг өргөх үүрэг хүлээж явсан минь үнэн. Тухайн цагийн шалгуурт тэнцээд тэр биз. Нийслэлийн гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасгаас хөдөлмөрийн гараагаа эхэлж билээ. Тэнд одоо баатар болсон төрийн шагналт Р.Пүрэв гуай, төрийн шагналт Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, С.Загдаа, Ё.Бодьхүү, Ж.Моондой нар ажиллаж байж билээ. Арай хожим нь саяхан хөдөлмөрийн баатар болсон Ж.Хайрулла багштай хамт хагалгаанд орж явсан удаатай. Дээрх баримтыг хэлэхдээ би тэдний дайтай эмч явсан гэдгээр биш мэргэжлээрээ ажиллаж явснаа илэрхийлэх гэж хэллээ. Эрүүл мэндийн салбарт хорь гаруй жил хөдөлмөрлөснийх салбарынхаа тэргүүний ажилтны эгнээнд багтсан үнэмлэх тэмдэгтэй.

-Уучлаарай. Тэмдэг гэснээс одон медаль олонтой юу, эмч та.
-/инээснээ/. Манайд одон медаль олон бий шүү. Цаашдаа нэмэгдэх л биз. Даваажаргал манай отгон хүүхэд. Би одонгийн хүү гэж наргиан болгодог юм. Алдарт эхийн одонгоо эхчүүд зүүх нь цөөрөө юү дээ. Манай таван хүүхэд миний шагнал, одон.

-Та сэтгэл хангалуун сайхан аж төрж яваа эзэгтэй нарын нэг ээ. Амьдралдаа дутагдаж гачигдахын бэрхийг ер нь мэдэрсэн үү?
-Та усан амлаж байна гэж битгий бодоорой. Зах зээлийн үе биднийг тойроогүй шүү. Хүүгийн хүч, түмний хайраар одоо боломжийн аж төрж явна аа, бид. Бололцоо нөхцөлийнхөө хэрээр сайхан сэтгэл гаргаж бидэнд тус дэм болж явсан одоо ч сайхан харилцаатай байдаг олон хүн бий. Би таны мэдэх, гадарлах хэдэн хүний нэрийг зориуд хэллээ. Тэр бүхнийг сонинд тоочин бичих хэрэгтэй, үгүйгээ та сонгоно биз. Ер нь хүмүүс дэм дэмэндээ аж төрдөг, бид олонтойгоо, тэднийхээ буян, амны бэлгээр сайхан амьдарч байна.

-Тамир аа, наадам дөхлөө. Энэ жил хэн түрүүлэх бол, хэн хэн начин болох бол бодлоо хуваалцаач.
-За.Чулуун гуай наад асуултад чинь хэвлэлд зориулаад хариу өгөх надад ахадна. Ёс жудагт таарахгүй. Бид хоёр удаан ярилцлаа. “Өнөөдөр” сонины уншигч түмнийг, танай бүтээлч хамт олныг сайхан наадахыг ерөөе, болох уу?

-Баярлалаа.

Tuesday, June 19, 2007

МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр: 16 жилийн дараа өөрөө үсээ угаахад хамгийн сайхан байсан

Инээж байгаад үсээ авахуулна гэж бодож байсан ч тэсэлгүй уйлчихсан

“Одоо миний сумогийн амьдрал дуусч байна. Гэхдээ үүнээс ч урт амьдрал намайг хүлээж байгаа. Тэр амьдралд маань та бүхэн намайг дэмжээрэй”. Зодог тайлахдаа хэлсэн кёкүшюзан Д.Батбаярын энэ үг олон хүнд нэгийг бодогдуулсан. Өдгөө мэргэжлийн сумогийн баруун зүүн жигүүрийг тэргүүлэх болсон Монгол сумочдын замыг нээж өгсөн түүнд Монголчууд төдийгүй Япончууд ч гэсэн туйлын хүндэтгэлтэй ханддаг. Түүний илрэл нь түүхэндээ хоёрхон удаа зүү орох зайгүй дүүрсэн /зодог тайлах ёслолын үеэр/ 12.000 хүний суудалтай сумогийн ордны үзэгчид байсан биз. МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр зодог тайлснаасаа хойш эх орондоо анх удаа ирэхдээ “Зиндаа” сонины редакцид зочилж илэн далангүй ярилцсан юм.

-Монголчуудыг тэр чигт нь нүүлгэх шахсан зодог тайлах ёслолын тань талаар яриагаа эхэлбэл ямар байна?
-Мэдээж 16 жилийн амьдралаа нэг л өдөр өөрчилнө гэдэг амаргүй байсан. Сумод орсон хүн болгон энэ замыг туулах ёстой. Энэ бол жам юм.Өөрчлөх аргагүй. Гэхдээмонголчууд маань намайг их дэмжсэн. Энд тэндээс 500 гаруй монголчууд хүрэлцэн ирсэн нь надад юу юунаас илүү хүндэтгэл байсныг хэлэх нь зүйтэй. Та бүхэн зурагтаар харсан байх, сумогийн ордон дүүрсэн. Өмнө нь зодог тайлах ёслолын үеэр ингэж дүүрч байсан тохиолдол хоёрхон бий. Чиянофүжи аварга, Хавайн Каношин арслан хоёрыг зодог тайлахад сумогийн ордон дүүрсэн байдаг юм. Тийм болохоор би өөрийнхөө ёслолын үеэр дүүрнэ гэж бодоогүй. 2000 хүн хүрэх болов уу үгүй болов уу л гэж бодож байлаа. Тэгсэн монголоос гэхэд л 500 гаруй хүн очсон, тэнд байдаг монголчуудтай нийлээд 2000 гаруй хүн болсон. Тэднийхээ сэтгэлийн дэмээр зодог тайлах ёслол маань үнэхээр сайхан болсон. 12.000 хүний суудалтай сумогийн ордон үзэгчид, хүндэт зочдоор дүүрэн байхыг харах сайхан л юм билээ. Японы Ерөнхий сайд асан улс төрчдөөс эхлээд манай улсын аваргууд, улс төрч, бизнесменүүд, уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон, хэвлэлийнхэн хүрэлцэн ирсэн. Ёслолын үеэр сумогийн ордны доод танхимд миний амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарч, орой нь бүх монгол зочдоо хамарсан хүлээн авалт болсон. “Камертон” хамтлагийнхан, дуучин Жавхлан нар ая дуугаа өргөсөн. Мөн Халимагийн алдарт дуучин Цагаанзам алдарт “Жангар” туулиа хайлж, Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр ирж сумо үзээд буцсан. Жюрёо зиндааны барилдаан болсон. Ер нь зодог тайлах үеэр жюрёогийн барилдаан болох нь тийм олон тохиолддоггүй. Энэ мэтчилэн олон сайхан дурсамжтай сайхан ёслол болсон. Ямар сайндаа л Чёотикай, Котошү нарын арслангууд манай зөвлөхтэй уулзаад “Яаж ингэж зохион байгуулсан юм. Биднийхийг бас ингэж зохион байгуулж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан байна лээ.
-Хамгийн сүүлийн удаа хүүтэйгээ барилдсан. Хүүгээ сумоч болгох эхний алхам уу?
-Сумогийн холбооноос хамгийн сүүлийн барилдаанаа хэнтэй барилдах вэ гэж санал асуусан л даа. Хакухотойгоо барилдах юмуу, Цэвэгнямтай барилдах юмуу гэж. Би өмнө нь бүгдтэй нь барилдаж байсан учраас хүүтэйгээ барилдъя гэж шийдсэн. Миний хүүг Батбуян гэдэг. Хүүтэйгээ нэг дэвжээнд барилдах завшаан ахиж олдохгүй шүү дээ.
-Ошима багшаараа үсээ хөндүүлэхдээ нулимс унагасан. Тэр үед юу бодогдож байсан бэ?
-Зодог тайлсан бөхчүүд бүгд л уйлсан гэж сонсоод болж өгвөл уйлахгүй байх юмсан гэж хичээж байсан ч тэсээгүй. Миний үсэнд 200-гаад хүн гар хүрсэн ш дээ. Эхний өдөр гайгүй л байсан юм. Дараагийн өдөр байдал эвгүйрсэн. /инээв/ Инээж байгаад л үсээ авахуулчихна даа гэж бодож байтал анх сумод хамт хөл тавьж нэг тогооноос хоол идэж, уйлах үедээ уйлж, инээх үедээ инээж явсан сайхан найзууд Цэвэгням, Энхбат нар маань хайч бариад үсэнд хүрэхэд нэг л эвгүй болоод явчихсан. Гэтэл Цэвэгням мөрөн дээр минь алгадаад “За найздаа амжилт хүсье” гэж хэлэхэд бүр эвгүй болчихоод нулимсаа арайхийн барьж байтал захирал маань сүүлийн үсэнд гар хүрсэн. Тэр үед өөрийн мэдэлгүй нулимс унагачихсан л даа. Сумодоо бол би зодог тайлах хүртлээ ахмад бөхийн тоонд ордог, залуу бөхчүүд, дүү нар маань ч гэсэн үргэлж хүндэтгэдэг байсан бол одоо байдал өөр болсон. Жирийн амьдралдаа би залуу хүн шүү дээ. Улсын заан Мягмарсүрэн, Батзориг, Өсөхөө аварга, Сумъяа аварга гээд он жавууд маань өнөөдөр ид барилдаж байна. Тэгэхээр халимаг үстэй залуу Батбаярын хувьд амьдралаа шинээр эхлэх болж байна. Ирээдүй маань гэрэлтэж байгаа учраас хөдөлмөрлөх, суралцах, одоогийн сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй байна.
-Одоо хэддүгээр курс вэ?
-Дөрөвдүгээр курс. Дараа жилийн зургаан сард төгсөх ёстой ч зодог тайлна гээд ажил ихтэй байсаар хичээлээсээ нэлээд хоцорчихлоо. Энэ янзаараа аягүй бол нэг жил өнжиж магадгүй болоод байна. Амжвал төгсөхийг бодно, амжихгүй бол нэг жил чөлөө авах байх.

Өөрөө үсээ угаах эрхтэй болсон нь хамгаас сайхан санагдсан

-Шинэ дүр төрх чинь өөрт чинь болон бусдад ямар санагдаж байгаа вэ?
-Хүмүүс зохиж байна гэсэн, өөрт ч гэсэн таалагдсан. Ганцхан хүнд таалагдаагүй. Тэр нь манай охин. Арга ч үгүй юм даа. Төрөхөд нь л тийм үстэй байсан. Аавыгаа дэвжээн дээр гарахаар барилдах гэж байна л гэж бодсон байх. Тэгсэн хүмүүс хайч бариад үсийг нь хайчлаад эхлэхээр айгаад уйлчихгүй юу. Дараа нь ч гэсэн та өөр болсон байна. Урьдын үс чинь л гоё гээд байсан. Тэр үед яагаад ч юм охиноо их өрөвдсөн. Одоо бол дасчихаад гайгүй болсоон.
-Эхнэрт чинь таалагдсан уу?
-Эхнэр болон найзууд бол инээлдээд л өнгөрсөн. Халимаг үстэй болчихсон чинь дүүтэйгээ их адилхан болсон байна гэж байна лээ. Гэхдээ их инээдтэй. Үсээ авахуулчихаад тэр оройдоо ч яахав. Хүлээн авалт энэ тэр гэсээр нэг их ядарсан амьтан унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод толинд харсан өөрийгөө таньдаггүй. Цочсон ш дээ. Өөрийгөө хараад байгаа хэрнээ мэддэггүй кино шиг л юм болсон. Тэрүүхэн үедээ мартчихгүй юу. Нойрмог хавдсан нүүртэй юм босоод толинд хартал үс байхгүй, аягүй сонин харагддаг юм билээ. Жирийн хүмүүс бол мэдэхгүй л дээ. Бидний үс чинь байнга татаастай, тослоостой, ямар ч хөдөлгөөнгүй байдаг. Хүн хүргэдэггүй, шүргэчихвий гэж үргэлж зайлсхийж явах хэрэгтэй болно. Гэтэл унтаад сэртэл тэр бүгд байхгүй болчихоор аргагүй ч юм уу даа.
-Толгой чинь хөнгөрөөд сайхан болж байх юм уу. Эсвэл?
-Эхлээд салхи сийгээд их сонин байдаг юм билээ. 16 жил тостой, хамгаалалттай, боолттой байсан болохоор арга ч үгүй биз дээ. Хамгийн гоё нь өөрөө толгойгоо угаах эрхтэй болсон. 16 жил өөрийнхөө үсийг угаах эрхгүй байлаа шүү дээ. Заавал тусгай үсчинд орж угаалгадаг. Өглөө босоод усанд орохдоо биеэ угаачихаад үсээ угаадаггүй байлаа. Одоо бол гольф тоглочихоод, өөрөө толгойгоо угааж болно. Энэ мөч л хамгийн сайхан санагдаж байна даа.
-Монгол залуу таны үсийг зассан. Та өөрөө сонгосон уу?
-Үгүй, би мэдээ ч үгүй байсан. Японд үсчин бэлдчихээд байж байтал Монголын сумо бөхийн холбоо зохион байгуулаад хамгийн шилдэг үсчнээр шалгарсан Хүрэлбаатар гэдэг залууг аваад ирсэн байсан. Өмнө нь шилдэг үсчин шалгаруулах тэмцээн болж байгааг сонсож байсан ч яг хэн шалгарсан гэдгийг мэдээгүй.Тэгээд самнуулж үзсэн, үнэхээр сайхан сэтгэлд хүртэл засаж өгсөн. Олон жил тослоод самначихсан болохоор хэвэнд орохгүй нэлээд юм болдог л доо. Японы үсчид сайн л даа. Гэхдээ монгол үсчнээр засуулсан нь илүү сайхан санагдсан. Тэр үсчин ч гэсэн анхны монгол сумочийнхоо үсэнд гар хүрсэндээ баяртай байна гэсэн.
-Монгол хөвгүүд гурав эсвэл таван настайдаа даахиа үргээлгэдэг. Таны хувьд хоёр удаа даахиа үргээлгэчихлээ?
-Тэглээ ш дээ. Намайг гурван настай байхад аав ээж маань даахь үргээж, найранд хүмүүс олон мал бэлэглэж байсан юм гэнэ лээ. Батбаярын буянд олон малтай боллоо гэж байсан нь санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш 30 жилийн дараа дахиад даахиа үргээлгэлээ. Өөрийн чинь хэлснээр их ховорхон тохиолдол. Бас сонин шүү, тийм ээ. Хоёр ч удаа даахиа авлаа. Гэхдээ одоо болсон байх аа.
-Үсээ яасан бэ, өөрөө авч хадгалсан уу?
-Аваад хадгалчихсан. Ер нь хүмүүс шилэн хоргонд хийгээд гэртээ хадгалдаг юм билээ. Би ч гэсэн тэгж байгаа.

Намайг залгамжлах бөхийг Кёкүшюхо гэдэг

-Зодог тайлчихлаа. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ? Гэр бүлийнхэн чинь ирсэн үү?
-Ирээгүй тэндээ сургуульдаа сурч байгаа. Миний хувьд ч гэсэн ирэн очин байна байх. Маргааш буцна. Японд удсан учраас тэнд бизнесийн болоод нийгмийн чиглэлийн маш олон ажил хүлээж байгаа. Монголд ч гэсэн хийх зөндөө олон ажил байна даа. Барилгаа барьж дуусгамаар байна, сумо бөхийн холбооныхоо ажлыг илүү идэвхжүүлэх хэрэгтэй байна. Сайн залуучууд, авьяастай хүүхдүүдийг цуглуулж, Япон руу сумод явуулах хэрэгтэй. Ер нь бодсон юмнууд маш их байна л даа.
-Сумод Монгол бөхчүүдийг авахаа больчихсон юм биш үү?
-Авахаа больчихсон гэж яригдаж байгаа ч боломжийг хайх хэрэгтэй. Одоо 36 Монгол сумоч Японд барилдаж байна. Эдний ихэнхийг буюу хорь гаруйг нь би оруулсан байдаг юм.
-Таныг залгамжлах бөхийг тодруулсан гэж сонссон юм байна. Тэр азтай залуу хэн бэ?
-Кёкүшюхо гэсэн. Кёкүшюзаны Кёкүшю, Хакухогийн Хо-г оруулж нэрлэсэн юм билээ. Цэвэгням, Энхбат хоёр чинь Японы иргэн болчихсон. Би зодог тайлчихаар миний оронд нэг хүний орон тоо манай дэвжээн дээр гараад энэ хүүхдийг авсан. Их гоё залуу байгаа. Барилдааны хувьд сумод ороод дөнгөж cap болж байгаа учраас тийм ийм гэж хэлж чадахгүй байна. Одоо л бүхнийг заалгаж байгаа даа.
-Залгамжлагчтайгаа уулзаж, захиасаа хэлж чадсан уу?
-Уулзалгүй яахав. Миний дүү бэлтгэлээ сайн хийгээд, сайн бөх болоорой гэсэн, “тэгнээ л” гэж байна лээ.
-Зодог тайлснаас хойш сумогийн холбоо ямар нэг байдлаар харж үзэх зүйл байдаг уу?
-Байлгүй яахав. Монголын хамгийн анхны сумоч, олон жил дээд зиндаанд барилдсан, мэхний рекорд гэдгээр нь шууд хаячихгүй л дээ. Жишээлбэл, ямар нэг хэмжээгээр өвдлөө гэхэд эмнэлгийн хөнгөлөлттэй тусламж үзүүлэх байдаг ч юмуу. Шаардлагатай үед сумо бөхийн холбооны ажлыг хийхэд туслалцах ч юмуу, хамтрах зүйл зөндөө

Хакухог хэн ч тоодоггүй тэр үед эхнэр нь л хамт байсан, тэд эртний танилууд

-Таныг зодог тайлж байхад Хакүхо аварга цолоо авсан.Түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд таны нөлөө их байсан. Тэр танд юу гэж хэлсэн бэ?
-Их сонин шүү. Хакүхо надад хоёр жилийн өмнө “Ахыгаа зодог тайлахаас өмнө, би аварга болно” гэж амлаж байсан юм. Хоёр жилийн өмнөх амлалтыг нь би хоёрхон башёгийн өмнө Хакүхог арслан байхад нь сануулж “Чи хэлсэндээ хүрч чадсангүй дээ” гэсэн. Тэр үед Хакүхо тааруу барилдсан л даа. Тэгсэн “Харин тийм ээ, дараагийн башёд түрүүлээд л, дараа нь сайн барилдчихвал аварга болох байх. Тэгээд хамгийн анхны ёсолгоогоо ах дээрээ хийчихье гэж хэлээд бид биенийгээ алгадахад Японы сурвалжлагчид байж байгаад дараа нь сонингуудаар гарсан. Тэгсэн чинь үнэхээр гурван сард түрүүлээд, таван сард сая түрүүлээд хамгийн анхныхаа ёслолоо миний зодог тайлахад хийсэн. Баруун, зүүн жигүүрийг Монгол аваргууд тэргүүлж байгаа нь тэнд очсон Монголчуудад юутай ч зүйрлэшгүй сайхан бэлэг байсан байх гэж бодож байна. Миний зүгээс ч гэсэн үүнийг мэдрүүлэх гэж Монголчууддаа хамгийн урд талын суудал бэлтгэсэн. Зарим суудал нь 1000 долларын үнэтэй байдаг шүү дээ. Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байгаа юм. Юу вэ гэхээр Монголоос очсон бүх хүмүүс эргэж ирсэн. Нэг ч хүн үлдээгүй. Нэг хүн олгой тусаад эмнэлэгт хүргэгдсэн, нэг хэл муутай хүн төөрч яваад хамгийн сүүлийн онгоцонд суусан байна лээ.
-Хакүхотой хамгийн ойр байдаг хүний хувьд танаас гэргийнх нь талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа?
-Их сайн охин. Монголоор их сайн ярина, монгол хоол сайхан хийнэ. Гэрт нь очоод гарынх нь лавшааг олон л удаа идэж байлаа. Гурилтай шөлийг янзын хийнэ. Ер нь их энгийн, монголд маш элэгтэй охин бий. Мань хүн үүнд нь ч татагдсан болов уу гэж би боддог. Анх Японд очиж байх үед нь монголчууд маань тоодоггүй л байсан шүү дээ. Хэцүү үе Хакуход байсан. Тэр үед нь монголоор ярьдаг нэгэн бүсгүй сэтгэлийг нь хөдөлгөөд, монгол хоол хийж өгөөд их сайхан ханддаг байсан нь мань хүний сэтгэлийг татсан болов уу гэж би боддог юм. Хүний хэцүү үед нь хань болсон хүн хамгийн сайн нөхөр нь байдаг. Хакүхог цол зэрэг ч үгүй бэлтгэл хийгээд хөлсөндөө хутгалдчихсан, нулимсаа унагаад явж байхад монгол охид сонирхдоггүй ч юмуу, монголчууд маань тусалж байгаагүй. Ний нуугүй хэлэхэд тийм хүмүүс бараг байдаггүй. Харин тэр охин тусалсан, байнга хамт байсан. Япон Монгол нь хамаагүй. Гол нь хувь хүн нь чухал шүү дээ. Үүнийг Монголчууд маань зөв сайхан ойлгоосой гэж хүсч байна.
-Тэгэхээр тэд эртний танилууд байх нь ээ дээ?
-Тэгэлгүй яахав. Вада сан гээд аавтай нь би анх танилцаж, Монголд авчирч байсан юм. Аав нь надтай хоёр ч удаа Монголд ирж байсан. Манай санд хандив өргөөд, биднийг их дэмжинэ л дээ. Аав нь ч гэлтгүй ээж нь адилхан бөхөд элэгтэй хүмүүс байдаг. Тийм ч болохоороо аав нь Кёкүшюзаны дүү гээд Дагваа аваргыг дэмжиж, дэмжих клубынх нь даргаар ажиллаж байсан. Охиных нь хувьд ч ялгаагүй, бүр багын л Монголд их элэгтэй хүүхэд байсан. Монголыг ядуу буурай хэцүү орон гэж ойлгочихоод “Кёкүшюзан хөгжил сан” -гаар дамжуулан хүүхдүүдэд бал, харандаа, дэвтэр өгч байсан. Тэгэхэд 14 билүү 15 настай жаахан охин байсан. Яагаад ч юм бүү мэд, Монголд их элэгтэй хүн. Японд байгаа өөр алдартай хүмүүсийн эхнэрүүд тэр бүр ил гараад яваад байдаггүй. Гэтэл мань хүн уржигдар намайг наашаа онгоцонд суух гэж байхад хадам ээж, эгч хоёрыгоо гаргаж өгч байгаа гэчихсэн ачааг нь үүрээд хөлс нь гарчихсан гүйж явсан. “Сайн уу, аав байгаа, нөхөр Хавай явсан” гээд их гоё ярьж байгаа байхгүй юу. Гоё ш дээ, миний хувьд үнэхээр сэтгэлд хүрсэн сайн бэр. Баян айлын охин, аваргын эхнэр гэсэн хэрнээ ямар нэг элдэв зан байхгүй, энгийн. Магадгүй энэ бүхэн нь Хакүход таалагдсан байх. Хакүхогийн эхнэр гэж хэлэхгүй л бол хэн ч мэдэхгүй. Тэрийг хараад би улам хайртай болсон. Монголчуудыгаа ч гэсэн зөвөөр ойлгож, энэ залуусыг дэмжээрэй гэж хэлмээр байна.
-Хакүхо Япон эхнэртэй болох гэж байгаа тухайгаа танд хэлж байсан уу?
-Надаас хамгийн анх асуусан. Магадгүй Мөөеө аваргаас асуухаасаа өмнө надаас асуусан байх. Бид үерхэж байгаа. Энд ирчихээд гэр лүүгээ ч утсаар ярьж чаддаггүй байхад бүхнийг зааж зөвлөн тусалж байсан. Бид гэрлэх нь зөв үү гэж. Бид хэн ч байлаа гэсэн гэр бүлийн асуудалд оролцож болохгүй. Тэдний өөрсдийн хэрэг. Ахын дүү өөрөө л шийд гэсэн. Тэр бүсгүйн ийм сайхан чанарыг нь манай хүн марталгүй татагдаж явсаар гэрлэсэн байх аа.
-Монголын иргэн болох гэж байгаа дуулдсан. Та энэ талаар сонссон уу?
-Өөрөө Монголын иргэн болмоор байна гэж хэлж байсан шүү. Ер нь манай эзэн хаадууд чинь гаднаас л эхнэр авдаг байсан юм билээ ш дээ.
-Үндэс угсаа өөр гэдгээсээ илүүтэй Хакүхог харийн иргэн болчих вий гэсэн эмзэглэл төрөөд байгаа юм?
-Хакухо тийм юм хийхгүй.

Энэ наадмаар морь уяж, өөрөө наадмын бэлтгэлд гарна

-Наадам дөхөж байна. Сүүлийн үед та хурдан морь сонирхдог болоод байгаа. Энэ жил морь уралдуулах уу?
-Ирээдүйн түмэн эхийг тодруулах хурдан дааганы уралдааныг ивээн тэтгэсэн. Миний хонгор зүсмийн даага уралдаж, 12-т хурдалсан байна лээ. Манлай уяач Ганхуяг уясан юм. Сүүлийн үед морь их сонирхож байгаа. Энэ жил нутгийнхаа наадамд морь уралдуулна, бас улсын наадамд морь уралдуулна. Ер нь Монгол хүн болгон морь сонирхдог учраас морийг би цаашдаа хүндэлж, аль болох ойр байя гэж бодож байгаа.
-Бэлгэнд ирсэн нэлээд олон адуу бий гэж ярьж байсан. Хичнээн адуутай болсон бэ?
-Сайн барилдлаа гээд ах дүү төрөл садан найз нөхөд адуу их бэлэглэнэ ээ. Одоо 200 гаруй, 300 дөхөж байгаа байх. Бэлэгний болон өөрийн сонирхож худалдаж авсан нь нийлээд шүү дээ. Монгол хүний хийморь нь мориндоо байдаг гэж ярьдаг. Үүнийг бэлгэдэж адууг сонирхож цуглуулж байгаа. Уралдаад түрүүлээд сүйд болохгүй ч гэсэн эр хүний хийморь сэргээдэг гэдэг утгаар нь хүлээж авч байгаа. Айраг уугаад морь харж суух эр хүний бас нэг жаргал шүү дээ. Тэрнээс биш би нэг их сүрхий моринд орчихсон, мориор бизнес энэ тэр хийнэ гэдэг утгаараа биш. Жирийн монгол залуу морио яаж дээдэлдэг юм түүн шиг л хүндэлж явъя гэсэн хэрэг.
-Түрүүн үндэсний бөхөөр барилдаж байгаа нэг үеийнхэн маань зодог тайлаагүй байгаа гэж байсан. Тэдэнтэй барилдах бодол төрөх юм уу?
-Хамт наадмын бэлтгэлд гарна гэж бодож байгаа. Мягмарсүрэн зааны Ховдын гал Хайртханд гардаг юм билээ. Бэлтгэл дээр нь яваад очно доо.
-Амжилт хүсье. Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.