Saturday, March 10, 2007

Япон судлаач Д.Төмөрбаатар: Дэвжээний эзэд тохирсноор нэгэндээ худал унаж өгөх явдал байдаг

Их аварга Д.Дагвадорж даваа худалдаж авдаг уу?
Япон үндэстний ёс зүй, оюун санааны суурь ухааныг үзүүлсэн “Бүшидо” нэртэй ном монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Уг номыг олон нийтэд танилцуулах нээлтийн ёслол саяхан Монгол Японы Төвд болов.


Бид уг номыг орчуулсан Монгол Японы Соёл Утга Зохиолын Төв ТББ-ын тэргүүн Д.Төмөрбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.

-Япончуудын өвөрмөц арга ухаан, бусад үндэстнүүдээс ялгарах гайхамшигт чанаруудыг тайлбарлан үзүүлсэн чухал номыг орчуулан монгол уншигчдад хүргэж байгаа танд баяр хүргэе. Юуны өмнө, манай уншигчдад Бүшидо гэдэг угийн утгыг тайлбарлаж өгнө үү?
-Бүши гэдэг бол самурай гэдэгтэй утга дүйх үг. До гэдэг нь “арга ухаан, зам мөр” гэсэн үг. Бүшидо гэсэн нийлмэл үг бол “бүши буюу самурай хүний баримтлах ёс зүй, аж төрөх арга ухаан” гэсэн утгыг илэрхийлнэ л дээ. Самурай анги давхарга Японд ойролцоогоор 700 орчим жил оршин тогтносон юм. Энэ анги давхарга үүсэн бий болж, оршин тогтнох хугацаанд бүрэлдэн бий болсон ёс зүй, оюун ухааны цогцыг Бүшидо гэж нэрлээд байгаа юм. Энэхүү цогц ухааныг Нитобэ Иназо гэдэг хүн цэгцлэн, барууныханд ойлгуулахын тулд Бүшидо гэдэг номын англи хэлээр бичин, 1899 онд хэвлүүлсэн юм. Япон хэлээр орчуулан гаргасан зургаа, долоон хувилбар бий. Хэдийгээр 100 гаруй жилийн өмнө зохиогдсон ч энэ ном өнөөдөр ч эрэлт хэрэгцээтэй, шилээвэр ном болсоор л байна.

-Япончуудын энэ ёс зүйн цогц ухаанаас жишээ татан, товчхон тайлбарлаж болох уу?
-Бүшидогоор бол, самурай хүн шударга ариун, зүй зохист ёсыг ягштал баримтлагч, бодит үнэн, чин үнэнийг л ярьж хэлдэг, нэр төрөө аминаасаа илүү өндөрт өргөж байх ёстой, эр зориг хатуужил тэвчээртэй байх ёстой гэж үздэг. Самурай хүн бол нинжин сэтгэлтэй, өрөвч сэтгэлтэй, эелдэг зан чанартай, урвашгүй үнэнч сэтгэлтэй байдаг. Хэрвээ эдгээр эрхэм дээд чанараа умартан, зарчмаасаа ухарсан бол харакири хийн амиа егүүттэж, хариуцлагаа хүлээдэг ёстой билээ Япончууд нэг баг болж ажиллахдаа гаргуун, зорилгодоо хүрэхийн тулд хамтран ажиллагчийнхаа үгийг маш сайн сонсдог, нийтийн эрх ашгийн тулд өөрийн хүсэл мөрөөдлийг ч золиосолж чаддаг. Энэ бүхэн Бүшидо дахь урвашгүй сэтгэл (Үнэнч сэтгэл) хэмээх эрхэм чанарын үр дүн юм л даа. Самурайн гэр бүл гэдэг бол нэгэн бүхэл эд. Үр хүүхэд, эхнэр нь гэрийн эзэн самурайн төлөө бүхнийгээ зориулах ёстой. Гэрийн эзэн самурай гэр бүлийнхээ хамтаар өөрийн овгийн эзэн ноёныхоо төлөө амь биеэ зориулна. Энэхүү самурайн харьяалагдаж байгаа овог бол бас л нэгэн бүхэл том “гэр бүл”. Энэ овгийнхоо төлөө самурай, мөн түүнчлэн овгийн эзэн самурай нь ч алив бүхнээ золиосолно. Харин овгийн эзэн самурай болон овгийн самурай нар овгуудыг нэгтгэн захирагч самурай-шёогүн ноёны төлөө, шёогүнээр дамжуулан эх орныхоо төлөө, самурай ёст аж төрөх ёсныхоо төлөө бүхнээ зориулна. Энэ бол эцгийн эрхт ёсноос огт өөр зүйл шүү. Эзэн ноёныхоо төлөө алив бүхнээ зориулж байна аа гэдэг бол, “эзэн ноёндоо боолын хувиар дарлагдан, бүхнээ золиосолж байгаа юм биш”, самурай анги давхаргын баримталж буй ёс зүйн өндөр дээд зорилгод бүхнээ зориулж байсан гэсэн үг.

-Өнөөдөр манайд хүний нэр төр ер нь үнэгүй шахам болж байна. Самурай хүн нэр төрөө аминаасаа илүү өндөрт өргөж байх ёстой гэж та хэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Самурай гэхээр орчин үеийн бид нарт бол сэлэм эргэлдүүлсэн, алж талсан, байлдаж тулалдсан хүмүүс мэтээр л төсөөлөгддөг. Гэтэл ийм дүр төрхийн цаана самурай хүн бол шударга үйлсийн төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй, нэр төрөө юунд ч сэвтээдэггүй гэх мэт хүний эрхэм дээд, олон чанарыг биедээ шингэсэн, биеийн болоод сэтгэлийн аугаа их тэнхээтэй хүмүүс байсан байна. Үүнийг батлах олон жишээ дурдаж болох боловч энд ганцхан жишээ хэлье л дээ. 1868 онд Японд Мэйжи Ишин хэмээх ардчилсан их өөрчлөлт өрнөсөн. Энэ ардчилсан үйл явцын үр дүнд олон шинэ зүйл бий болж, хуучин харилцаа халагдсаны нэг бол самурай анги давхарга онц эрхт анги давхарга байхаа больж өмнө нь зөвхөн самурай гэдэг нэрээрээ л хүртэж байсан тэтгэлэг цалин пүнлүүгээсээ салсан явдал юм. Тэдэнд өөрсдийн хүч, хөдөлмөрөөр амьдрахаас өөр аргагүй цаг мөч тулж иржээ. Нэгэн самурай эр худалдаачны пүүсэнд ирж мөнгө зээлж шинэ ажил эхлэхээр болсон байна. Пүүсийнхэн самурай эрд хандан, “мөнгөний барьцаанд юу тавих вэ, та мөнгөө эргүүлэн буцааж төлж чадахгүй бол бид яах вэ”, гэж асуухад нөгөө самүрай “о варай күдасай”, буюу “мөнгөө эргүүлэн төлж чадахгүй бол намайг олны элэг доог болгоорой” гэж хариулсан гэдэг. Самурай хүн алдаа мадаг гаргах юм уу, самурайн ёс тангаргаас няцвал харакири хийж өөрийгөө егүүтгэдэг. Энэ бол самурай ёс журмаар өөрийн алдаа мадгийг цайруулж байгаа явдал юм. Харин өөрийн нэр төрийг гутаан, амьтан хүний элэг доог болно оо гэдэг харакири хийж үхсэнээс хэд дахин аз заяагүй, гутамшигтай явдал гэж үздэг байсан байна. Тэгэхээр дээрх самурай өөрийн “асар их үнэтэй” нэр төрийг барьцаанд тавьж байсан гэсэн үг. Өнөө үеийн бид нарын хувьд мөнгө зээлэх барьцаа гэдэг бол зөвхөн эд хөрөнгө, мөнгө л байдаг шүү дээ.

-Тэгэхээр энэ ухаан маань зөвхөн самурай анги давхаргынхны л мөрддөг зарчим байсан уу?
-Самурай анги давхарга бол нийгмийн хамгийн дээд, онцгой эрх дархтай анги байсан. Үүний хажуугаар бусад анги давхарга, энгийн хүмүүст өөрсдийн эрхэм дээд хүн чанар, ажил үйлсээрээ үлгэр дууриал болж байжээ. Өөрөөр хэлбэл, самурай нарын баримталж байсан зарчим, ёс нийгмээрээ баримтлах ёс зүй болж байсан байна. Бүр “хүний дээд нь самурай, цэцэгсийн дээд нь сакура” гэж хүртэл ярьдаг байсан.

-Энэ номыг зөвхөн япон хэл үзэж сонирхогчид ч биш, улс төрчид, нийгмийн ажилтнууд ер нь бүх л хүмүүс унших ёстой юм шиг санагдаж байна л даа?
-Тийм шүү. Энэ ном монголоор хэвлэгдэн гарч байгаад хэд хэдэн ач холбогдол байгаа юм. Юуны өмнө, монголчууд япончуудыг илүү таньж ойлгоход тус дэм болно. Түүнчлэн, япончуудтай харилцах, хамтран ажиллахад тун хэрэг болно. Үүнээс гадна, монголчууд маань япончуудын аж төрөх арга ухаанаар дамжуулан өөрсдийгөө нэг хараасай гэж бодож байна. Дээр би самурай хүний нэр төр ямар үнэтэй вэ? гээд л жишээ татлаа. Гэтэл “хүн нэрээ тогос өдөө”, “нэр хугарахаар яс хугар” гэх зэрэг зүйр үгсийн үнэ цэн одоо хэвээрээ юү гэж бид өөрсдөөсөө асуумаар байна. Япончууд ч гэсэн өнөөгийн даяаршин өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд “яаж өөрөөрөө байх вэ, эдийн засгийн хувьд хүчирхэгжин хөгжиж байгаа улс орнуудтай яаж харилцах вэ” гэдэг дээр толгойгоо гашилгаж байна. Тэгэхээр энэхүү Бүшидо номоо бүгд дахин нэг уншиж, өөрсдийг нь хүчтэй болгож байсан энэхүү арга ухаанаараа хүчээ сэлбэх хүсэлтэй байгаа билээ.

-Өнөөдөр манай залуусын дунд самурайн талаар ойлголт тийм ч сайн биш. Самурай гэдэг нь өнөөдрийн цаг үед якуза гэгч болж таарч байна уу? гэсэн асуулт гарч ирж байна. Энэ нэг юмны үргэлжлэл үү, эсвэл тусдаа бүлэглэл уу?
-Самурай, якуза хоёр бол ямар ч холбоо байхгүй. Якуза гэдэг бол ерөөсөө хөрөнгөтөн нийгэм нэлээд дээд шатандаа гараад ирэх үед үүссэн нэлээд буруу талын улсууд. Гэхдээ самурай, якуза нарт нэг нийтлэг юм ажиглагдаад байдаг. Нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд нийгэмтэйгээ зөрчилдсөн ямар нэгэн зохицож болохгүй байгаа зүйлийг зохицуулах гэсэн санаатай байсан нэг нийтлэг шинж байгаа.
Ялангуяа якузагийн хувьд дайны үеэр, дайны дараа Японы нийгэм эмх замбараагүй болсон тэр үед цагдаа нарт, төрийн байгууллагад туслаад гэмт этгээдүүдийг олж өгөх, эсвэл төр засгийнхаа заавар журмыг дагахгүй байгаа тохиолдолд зохицуулж өгөх тийм тохиолдол байсан. Гэсэн ч ерөнхийдөө хүчирхийллийн чиглэлээр ханддаг. Ялангуяа сүүлийн үед Японы нийгэм зөв урсгал, хөгжлийнхөө шатанд орчихсон энэ үед татвараас зайлсхийх, эсвэл захиалгаар ямар нэгэн хүнийг дарамтлах ч юм уу тийм зам руу орчихсон байхгүй юу.

-Тэгвэл якуза нь гэмт хэргийн бүлэглэл мөн үү?
-Одоо якуза бол ерөнхийдөө тийм л талдаа шүү дээ. Буруу муу юм руу яваад өгч байна. Гэтэл самурай болохоор их зөв зохицуулагч болж хөгжиж ирсэн байна ш дээ. Би түрүүн хэлсэн… бослого гаргасан тариачдыг дарах гэх зэрэг үйл ажиллагаанд оролцож байгаад цаашдаа зөв зохицуулалт, ёс зүйтэй бүлэглэл болоод их зөв тал руугаа явсан. Гэтэл якуза зохицуулах ажиллагаанд орсон мөртлөө цаашдаа буруу тал руу явж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээд ирсэн.

-Якуза нарын бүлэглэлийн эхлэлийг хэдий үетэй холбож тайлбарладаг юм бэ. Самурай нь хэдэн мянган жилийн түүхтэй юм байна шүү дээ?
-Самурай бол 7-8 зуун, феодал харилцааны үед үүссэн. Харин якузагийн тухайд яг хэзээнээс гэдгийг нь би нарийн мэдэхгүй байна. 1868 оноос эхлээд Японд ардчилсан нийгэм байгуулагдаж эхэлсэн шүү дээ. Тэгээд өнгөрсөн зууны эхээр, зах зээлийн харилцаа нэлээд дээд шатанд гарч ирээд, бизнес нэлээд зөрчил тэмцэлтэй үед шат руу ороод ирэх үед гарч ирсэн болов уу гэж бодож байна.

-Одоо Японд самурай гэж байна уу. Харакири хийх гэдгийг өнөөдөр бид домог шиг л ойлгодог. Гэхдээ энэ нь зөвхөн самурайн ёс зүйд байсан асуудал уу, зсвэл якуза нар ч үүнийг хийдэг юм уу?
-Харакири хийнэ гэдэг бол самурайн анги давхаргад л байдаг ийм ёс журам. Өөрийнхөө баримтлах ёс зарчмаас хазайж, хэлсэн амандаа хүрээгүй тохиолдолд өөрөө өөрийнхөө амийг егүүтгэдэг самурайн ёс жаяг. Якузад бол тийм ёс жаяг байхгүй байх. Харин тохиролцоо яриа хэлэлцээрээ зөрчих, буцах юм бол гарынхаа чигчий хурууг үеэр нь огтолдог юм гэсэн. Тэр ёс жаяг нь одоо байна уу үгүй юу мэдэхгүй. Самурайн өндөр ёс зүй, сайн чанаруудыг якузатай холбож ойлгож ерөөсөө болохгүй. Самурай яг өнөөдрийи Японд байхгүй.

-Эцэст нь нэг зүйл асууя. Таныг сумо тайлбарладгаар тань манай уншигчид сайн мэднэ. Их аварга Дагвадорж даваа худалдаж авдаг гэсэн шуугиан дэгдсэн. Японы сумод үнэхээр тийм юм байдаг уу?
-Тэр шуугиан бол ор үндэсгүй худлаа зүйл. Өндөр хөгжилтэй оронд ч, хөгжил дорой газар ч сенсааци тарьж тухайн асуудалд, өөрсдийнхөө хэвлэл мэдээлэлд олны анхаарал хандуулах явдал байдаг. Түүний л нэг. Ёкозүна хүний эрхэм чанар гэж байдаг. Бидний энэ. яриад байгаа самурайн бушидогийн ёс зүй сумод ч гэсэн байна. Тэгэхээр Ёкозүна хүн ч бас самурайн ухааныг баримталж байх ёстой. Яагаад гэвэл бүх салбарт нь энэ үзэл шингэж байдаг. Доод талын бусад бүх бөхчүүддээ өөрийн хүч чадал, чадвар, ухаанаараа үлгэрлэн, байлдан дагуулж байх ёстой. Ялангуяа Ёкозүна хүн бол бөхчүүдэд мөнгө өгч даваа худалдаж авна гэж хэзээ ч байхгүй. Тэр бол шал худлаа. Тэгээд ч Ёкозүна Асошёрюү энэ их хүчтэй хүн ингэнэ гэхэд итгэхийн аргагүй. Харин… Харин дэвжээнийх нь бөхчүүд ялагдаад тухайн дэвжээ тэр чигээрээ доошоо унаж, чадваргүй болох ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар унаж өгөх шаардлагатай тохиолдолд дэвжээний эзэд хоорондоо ярьж тохиролцох ганц нэгэн тохиолдол байдаг гэж ярьдаг юм билээ. Мөнгө өгч биш, дэвжээний эзэд нь тухайн бөхдөө “чи түүнд унаж өгөх ёстой шүү” гэж шууд тушаадаг гэж ярьдаг юм билээ. Тиймэрхүү л ганц нэг тохиолдол байдаг байх. Би бол яг нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй байна. Ер нь яг даваа худалдаж авдаг гэсэн асуудлыг хэн ч нотлохгүй шүү дээ, Өнөөдөр бид монгол бөхөд начны найраа байдаг, баталгаатай гээд л яриад байдаг. Гэтэл яг баталчихсан юм байхгүй л байна шүү дээ. Түүн шиг сумод даваа худалдаж авдаг гэсэн юмыг би мэдэхгүй. Гагцхүү ёс жудгаар, манайд ч гэсэн аварга хүн үнэхээр сайхан барилдахаар бөхөд унаж өгөөд цол ахиулж л байдаг. Энэ бол жудагтай буулт шүү дээ. Түүнтэй адил сумо бөхийнхөө төлөө ч юм уу, ямар нэгэн онцгой тохиолдолд дэвжээний эзэд хоорондоо яриад буулгах тохиолдол байдаг гэж ярьдаг юм байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ю.Шүрээ Чансаа /2007.03.10/