Wednesday, January 28, 2009

“Ёкозунагийн зөвлөл” Асашёорюүг буруутгав

Мэргэжлийн сумо бөхийн холбооны дэргэдэх “Ёкозунагийн зөвлөл” уламжлал ёсоор башё өндөрлөсний дараагийн өдөр хуралдаж, мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ 23 дахь удаагаа Эзэн хааны цом хүртсэн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн талаар ярилцсан байна. Ингэхдээ түүнийг башёгийн сүүлийн өдөр ёкозуна Хакухо М.Даваажаргалтай нэмэлт барилдаан хийж, ялалт байгуулсныхаа дараа ариун дэвжээнээ гараа өргөж, сэтгэлийн хөөрлөө илэрхийлснийг нь шүүмжилсэн байна. Улмаар сумогийн холбооны ерөнхийлөгч ояката Мусашигава 68 дахь их аварга Асашёорюү болон түүнийг хүмүүжүүлэгч ояката Такасаго нарт аман сануулга өгчээ. Мөн хурлын үеэр “Ёкозунагийн зөвлөл”-ийн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцээд, 81 настай Цурута гэгчийг зөвлөлийн тэргүүнээр сонгожээ. Тэрбээр тэтгэвэрт гарахаасаа өмнө эдийн засгийн чиглэлийн “Жапан Кэйзай” нэртэй сонин эрхлэн гаргадаг компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аж. Энэ хуралд их аварга Асашёорюүг үргэлж шүүмжилж байдаг Утидатэ гэгч зохиолч эмэгтэй оролцоогүй байна. Учир нь хатагтай Утидатэ өнгөрсөн оны сүүлээр зүрхний мэс засалд орсон ажээ.

No comments: