Sunday, January 24, 2010

Тайхо 32, Чиёнофүжи 31, Асашёорюү 25

Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж макүүчи зиндаанд 25 дахь түрүүгээ авлаа. Тэрбээр башёгийн 14 дэх өдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадоржийг давснаар тэргүүлэх нь тодорхой болсон бөгөөд өнөөдөр буюу башёгийн сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалтай барилдаж, ёритаоши мэхээр өвдөг шороодсоноор 13 даваа, хоёр унаатайгаар 2010 оны тэргүүн башёг үдлээ. Харин хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдсан их аварга Хакухогийн тухайд 12 даваа, гурван унаатайгаар башёг өндөрлүүлж байна.

Хацү башёд макүүчи буюу дээд зиндаанд манай 12 бөх зодоглосноос баруун жигүүрийн озэки Харумафүжи Д.Бямбадорж сүүлийн өдөр Болгарын озэки Котоошютай барилдаж, сукуинагэ мэхээр унаснаар таван унаатай болж, 10 даваа, таван унаатайгаар башёг дуусгалаа. Харин комүсүби Какурюү М.Ананд өнөөдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилыг ёрикири мэхээр давсан боловч долоон даваатайгаар 50-иас дээш хувийн амжилтаа биелүүлж чадсангүй. Манай бусад бөхчүүдийн тухайд маэгаширагийн таваас босч барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням, Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/ нар найман даваа, долоон унаатай, харин Моконами Г.Базарсад /М11/ болон Асасэкирюү Б.Дашням /М8/ нар зургаан даваа, есөн унаатайгаар башёг өндөрлүүллээ. Харин Шотэнро Д.Нямсүрэн /М9/, Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ нар башёгийн туршид гурван даваа авснаар ирэх гуравдугаар сарын хару башёд жюүрё зиндаанд барилдах болж байна. Дээд зиндаанд зодоглосон манай бөхчүүдээс Токитэнкү А.Хүчитбаатар ес дэх өдрийн барилдааны дараа башёг орхисон билээ.

Хацү башёгийн бас нэгэн онцлог гэвэл сэкиваки цолтойгоор барилдсан Чиётайкай зодог тайлж, харин озэки Кайо макүүчи зиндаанд 814 давж, түүхэн амжилтыг шинэчилсэн явдал байлаа.

Ийнхүү их аварга Асашёорюү Д.Дагвадорж мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 25 дахиа түрүүлснээр 32 түрүүлсэн их аварга Тайхо, 31 түрүүлсэн Чиёнофүжи нарын амжилтын дараагаар буюу түрүүлсэн тоогоороо гуравдугаарт бичигдэх боллоо.

Асашёорюү Д.Дагвадорж 25 дахь түрүүгээ авах нь тодорхой боллоо




Токио хотын Кокугикан ордонд зохиогдож буй Японы мэргэжлийн сумо бөхийн 2010 оны анхны тэмцээн болох хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Баруун жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөөдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадоржтой учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр давснаар 13 дахь даваагаа авч, маргаашийн барилдаанд их аварга Хакуход өвдөг шороодсон ч хацү башёд тэргүүлэх нь тодорхой боллоо. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү ийнхүү макүүчи зиндаанд 25 дахь түрүүгээ авсан юм.
Харин зүүн жигүүрийн манлай бөх их аварга Хакухо М.Даваажаргалын тухайд энэ өдөр Болгарын озэки Котооюштай барилдаж, уватэнагэ мэхээр давснаар башёгийн 11 дэх даваагаа авсан. Манай бусад бөхчүүдийн тухайд Какурюү М.Ананд маэгаширагийн зургаад эрэмбэлэгдсэн Аминишикитэй учраа тааран барилдаж, цүкиотоши мэхээр унаснаар найман унаатай болж, 50-иас дээш хувийн амжилтаа биелүүлэх боломжгүй болсон бол Кёкүтэнхо Н.Цэвэгням /М5/ зүүн жигүүрийн комүсүби Котошогикүг ёрикири мэхээр давж, найман даваатай боллоо. Мөн энэ өдөр баруун жигүүрийн маэгаширагийн 11-т эрэмбэлэгдсэн Моконами Г.Базарсад кубинагэ мэхээр Точиозанг давснаар зургаан даваа, найман унаатай болсон юм. Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүд харамсалтай нь өнөөдрийн барилдаанд өвдөг шороодлоо. Тодруулбал, Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/ Тоёохибикитэй, Шотэнро Д.Нямсүрэн /М9/ Тосаюүкататай, Хакуба А.Өнөржаргал /М/4 Хомашотой, харин Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ Котокасугатай тус тус оноолт тааран барилдсан боловч өрсөлдөгчдөдөө өвдөг шороодлоо.

Хакухо Даваажаргалын 500 дахь ялалт

Аварга Хакухо озэки Котоошюгаар 500 дахь ялалтаа авлаа.

-2010.01.22-ны тойм-

Японы мэргэжлийн сумо бөхийн 2010 оны анхны тэмцээн болох хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өчигдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадоржид унаж, хоёр унаатай болсон их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн озэки Кайотой барилдаж, ошидаши мэхээр өвдөг шороодсоноор гурван унаатай боллоо. Озэки Кайогийн хувьд ийнхүү мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 813 дахь ялалтаа авсан юм. Харин өнөөдрийн барилдаанд их аварга Асашёорюү Д.Дагвадорж Болгарын озэки Котоошютай учраа тааран барилдаж, кайнахинэри мэхээр өрсөлдөгчөө давснаар башёгийн 12 дахь даваагаа аваад байна. Их аварга Асашёорюү маргаашийн барилдаанд озэки Харумафүжитэй барилдах бөгөөд хэрэв давсан тохиолдолд хацү башёд түрүүлэх нь тодорхой болно. Харин Хакухо аваргын тухайд маргаашийн барилдаанд озэки Котоошютай хүч үзнэ.

Өнөөдрийн барилдаанд манай бөхчүүдээс озэки Харумафүжи, Асасэкирюү, Кёкүтэнхо, Тамаваши нарын бөхчүүд өрсөлдөгчөө давж, даваагаа ахиулсан бол комүсүби Какурюү, Хакуба, Шотэнро, Коорюү, Моконами нар өвдөг шороодсон. Озэки Харумафүжи Д.Бямбадоржийн тухайд 13 дахь өдрийн барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөв дэх бөх Какизоэтэй барилдаж, ошидаши мэхээр давсан бол Асасэкирюү Б.Дашням /М8/ Такэказэг хатакикоми мэхээр, харин Кёкүтэнхо Н.Цэвэгням /М5/ ёрикири мэхээр Шимоториг давлаа. Түүнчлэн Тамаваши Б.Мөнх-Оргил ОХУ-ын бөх Арантай хүч үзэж, котэнагэ мэхээр өрсөлдөгчөө давснаар 50-иас дээш хувийн амжилтаа хийсэн юм.