Saturday, April 5, 2008

Хоёр Их аваргаа харах ховорхон завшааныг бүү алдаарай!

Мэргэжлийн сүмод Монгол бөхчүүд маань ноёрхлоо тогтоогоод удаж буй билээ. “Анхны алтан хараацай” болсон Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энхбат нарын гаргасан жим эдүгээ их зам болон өргөжсөн. Манайханч сураг төдий байсан сүмо бөхийн тухай үндэсний бөхөөсөө чилүү мэдэх болж, хүүхэд хөгшидгүй сүмогийн башёг тэсч ядан хүлээдэг болсон билээ. Энэ жил мэргэжлийн сүмогийнхон Монголд айлчлан үзүүлух барилдаан хийхээр болсон нь олон мянган монголчуудын маань магнайг тэнийлгэсэн.

Америкийн монголчуудад маань ч бас сүмог “амьдаар нь” үзэх, монгол хөвгүүдээ дэмжих боломж нэг биш удаа олдож байна. 2005 онд Лас Вегаст болсон тэмцээнийг Америкийн Монголчууд маань нилээн өргөн бүрэлдэхүүнтэй үзэж сонирхсон. 2007 онд Хавайд болсон тэмцээнийг ч бас цөөнгүй хүн харсан. Тэгвэл Та бидэнд, Америкийн монголчуудад маань хоёр Их аваргаа, хийморлог монгол залуусаа дахин “амьдаар нь” харах боломж гарч байна.

Ирэх зургадугаар сарын 7-8-нд Лос Анжелес хотын “ Los Angeles Memorial Sports Arena” ордонд мэргэжлийн сүмогийн “Grand Sumo in Los Angeles” тэмцээн болох гэж байна. Энэхүү тэмцээн Кальфорн мужийн амбан захирагч Арнольд Шварценеггерийн болон Лос Анжелесийн Мэрийн ивээл доор зохиогдох аж. Мэргэжлийн сүмогийн дээд буюу макүүчи зиндааны бүх бөхчүүд Лос Анжелес ч хүрэлцэн ирж, бяр чадлаа сорих юм. Тэдэн дотор мэргэжлийн сүмогийн зүүн, баруун жигүүрийн манлай Их аварга Хакухо М.Даваажаргал, Их аварга Асашёрю Д.Дагвадорж, сэкиваки Ама Д.Бямбадорж, маэгашира-1 Асасэкирю Б.Дашням, маэгашира-1 Какүрю М.Ананд, маэгашира-3 Токитэнкү А.Хүчитбаатар, маэгашира-4 Кёкүтэнхо Н.Цэвэгням, маэгашира-15 Рюү Э. Санчирболд нарын дээд зиндаанд хүч үзэж буй Монголын найман бөх маань ирнэ. Энэ тоо өсч ч магадгүй юм. Учир Лос Анжелест хүрэлцэн ирэхээсээ өмнө сүмочид маань хоёр ч башёд зодоглох бөгөөд эдүгээ жюүрё зиндааны 1,3,4,5,7-гоос босч буй Хошихикари Д.Лхагва, Коорю Э.Мөнх-Оргил, Хакүба А.Өнөржаргал, Мооконами Г.Базарсад, Тамаваши Б.Мөнх-Оргил нар маань амжилттай барилдвал дээд зиндаанд дэвшихэд тун ойрхон байгаа билээ.

“Арлын” Японы хүчит арслан Кайо, Чиётайкай, Котомицүки, Оросын “баавгай” Рохо, Болгарын “Гулливер” озэки Котоошю, Эстоний Баруто, Гүржийн Коккай, Солонгосын Касугао гээд та бидний “сайн танилууд” ч ирнэ.

Энэ тэмцээнийг зохион байгуулахад Лос Анжелесийн Монголчуудын холбоо, Кальфорны сүмогийн холбооны зохицуулагч Дамдингийн Даваадорж нар ихээхэн үүрэг гүйцэтгэж буй билээ. Ингээд Д.Даваадоржоос дараахь зүйлийг тодрууллаа.

-Манай уншигчид “Гранд сүмо Лос Анжелес 2008” тэмцээний тухай ихэд сонирхож байна. Тасалбар нь ямар үнэтэй байх вэ?

-Суудлаасаа шалтгаалаад янз бүр байгаа. 10-420 долларын хооронд. Бид зөвхөн монголчуудаа аваг гэж бодоод 13, 13А, 14 дугаар секторын суудлыг захиалаад авчихсан байгаа. Бүгдээрээ нэг доор суугаад монгол бөхчүүдээ дэмжээд, хоорондоо ярьж хөөрөөд сууг гэж бодсон. Үнэ нь 35 доллар. Ихээхэн боломжийн суудал. Ийм суудал Лас Вегаст 80 орчим долларын үнэтэй байсан. Тасалбарыг биднээс авбал дээрх үнээр авна. Харин www.ticketmaster.com-оос авбал үйлчилгээ, хүргэлтийн үнэ, татвар нэмэгдээд 45-50 орчим доллар болох байх. Тэрнээс гадна биднээс авсан тасалбар бүрт монгол сүмочдын хөрөг бүхий хуанли, “Гранд сүмо” ил захидал дагалдах юм. Мөн www.GrandSumoTickets.com-оос авч болно. Энэ вэб сайтад “Зөвхөн монголчуудад” гэсэн буланг монгол хэл дээр нээсэн байгаа.

-Зөвхөн энэ секторын л билетийг та бүхэн худалдаж байна уу?

-Үгүй. Хэрэв та өөр секторт, бүүр урдуур ч юм уу, өөр игазар сууж үзмээр байгаа бол урьдчилан бидэнд мэдэгдээд захиалж авч болно.

-Тэмцээнийг үзэх монголчууддаа хэлэх, анхааруулах зүйл бий юу?

-Манайхан юмыг их цагийг нь тулгаж байж хийдэг. Эртхэн тасалбараа авбал урдуур аятайхан суудал оногдоно гэдгийг сануулж хэлье. Одоогийн байдлаар гэхэд л 14 секторын эхний хоёр эгнээний суудал дууссан.

-Тэмцээний өөр сонин хачин юу байна?

-Энэхүү тэмцээн нь 1984 оны Лос Анжелесийн олимпийн боксын тэмцээн явагдаж байсан, 16 мянган хүний суудалтай “Los Angeles Sports Arena” ордонд болох юм. Мөн бусад муж, хотоос ирэх монголчууд маань сүмочдынхоо барилдааныг үзэхээс гадна Холливуд, “Универсаль студио”, Бэвэрли Хиллз, Диснейлэндийг ч сонирхоод буцаж болно шүү дээ.

Хоёр хоногийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүдэд Кальфорн мужийн амбан захирагч болон Лос Анжелес хотын Мэрийн нэрэмжит цом, шагналыг олгох юм. Америкт нилээд олон мянган монголчууд бий. Тэднийгээ төлөөлөөд Америкийн монголчуудын ч гэдэг юм уу, эсвэл Америк дахь ЭСЯ-ны нэрэмжит ч гэдэг юм уу ямар нэг шагнал, дурсгалын зүйл өгвөл зүгээр болов уу гэж би бодож байна. Мэргэжлийн сүмод гадаадын 59 бөх байгаагийн 32 нь монголчууд шүү дээ. Үүнээс дээд зиндаанд гэхэд л найман бөх байна. Тэгэхээр Монголчуудын гэсэн ямар нэг шагнал, цом өгвөл эх орны маань нэр хүндэд бага ч болов хэрэгтэй байх. Энэ талаар сана бодолтой хүн, хамт олон байвал бидэнтэй холбоо бариарай гэх байна даа.