Tuesday, June 19, 2007

МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр: 16 жилийн дараа өөрөө үсээ угаахад хамгийн сайхан байсан

Инээж байгаад үсээ авахуулна гэж бодож байсан ч тэсэлгүй уйлчихсан

“Одоо миний сумогийн амьдрал дуусч байна. Гэхдээ үүнээс ч урт амьдрал намайг хүлээж байгаа. Тэр амьдралд маань та бүхэн намайг дэмжээрэй”. Зодог тайлахдаа хэлсэн кёкүшюзан Д.Батбаярын энэ үг олон хүнд нэгийг бодогдуулсан. Өдгөө мэргэжлийн сумогийн баруун зүүн жигүүрийг тэргүүлэх болсон Монгол сумочдын замыг нээж өгсөн түүнд Монголчууд төдийгүй Япончууд ч гэсэн туйлын хүндэтгэлтэй ханддаг. Түүний илрэл нь түүхэндээ хоёрхон удаа зүү орох зайгүй дүүрсэн /зодог тайлах ёслолын үеэр/ 12.000 хүний суудалтай сумогийн ордны үзэгчид байсан биз. МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр зодог тайлснаасаа хойш эх орондоо анх удаа ирэхдээ “Зиндаа” сонины редакцид зочилж илэн далангүй ярилцсан юм.

-Монголчуудыг тэр чигт нь нүүлгэх шахсан зодог тайлах ёслолын тань талаар яриагаа эхэлбэл ямар байна?
-Мэдээж 16 жилийн амьдралаа нэг л өдөр өөрчилнө гэдэг амаргүй байсан. Сумод орсон хүн болгон энэ замыг туулах ёстой. Энэ бол жам юм.Өөрчлөх аргагүй. Гэхдээмонголчууд маань намайг их дэмжсэн. Энд тэндээс 500 гаруй монголчууд хүрэлцэн ирсэн нь надад юу юунаас илүү хүндэтгэл байсныг хэлэх нь зүйтэй. Та бүхэн зурагтаар харсан байх, сумогийн ордон дүүрсэн. Өмнө нь зодог тайлах ёслолын үеэр ингэж дүүрч байсан тохиолдол хоёрхон бий. Чиянофүжи аварга, Хавайн Каношин арслан хоёрыг зодог тайлахад сумогийн ордон дүүрсэн байдаг юм. Тийм болохоор би өөрийнхөө ёслолын үеэр дүүрнэ гэж бодоогүй. 2000 хүн хүрэх болов уу үгүй болов уу л гэж бодож байлаа. Тэгсэн монголоос гэхэд л 500 гаруй хүн очсон, тэнд байдаг монголчуудтай нийлээд 2000 гаруй хүн болсон. Тэднийхээ сэтгэлийн дэмээр зодог тайлах ёслол маань үнэхээр сайхан болсон. 12.000 хүний суудалтай сумогийн ордон үзэгчид, хүндэт зочдоор дүүрэн байхыг харах сайхан л юм билээ. Японы Ерөнхий сайд асан улс төрчдөөс эхлээд манай улсын аваргууд, улс төрч, бизнесменүүд, уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон, хэвлэлийнхэн хүрэлцэн ирсэн. Ёслолын үеэр сумогийн ордны доод танхимд миний амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарч, орой нь бүх монгол зочдоо хамарсан хүлээн авалт болсон. “Камертон” хамтлагийнхан, дуучин Жавхлан нар ая дуугаа өргөсөн. Мөн Халимагийн алдарт дуучин Цагаанзам алдарт “Жангар” туулиа хайлж, Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр ирж сумо үзээд буцсан. Жюрёо зиндааны барилдаан болсон. Ер нь зодог тайлах үеэр жюрёогийн барилдаан болох нь тийм олон тохиолддоггүй. Энэ мэтчилэн олон сайхан дурсамжтай сайхан ёслол болсон. Ямар сайндаа л Чёотикай, Котошү нарын арслангууд манай зөвлөхтэй уулзаад “Яаж ингэж зохион байгуулсан юм. Биднийхийг бас ингэж зохион байгуулж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан байна лээ.
-Хамгийн сүүлийн удаа хүүтэйгээ барилдсан. Хүүгээ сумоч болгох эхний алхам уу?
-Сумогийн холбооноос хамгийн сүүлийн барилдаанаа хэнтэй барилдах вэ гэж санал асуусан л даа. Хакухотойгоо барилдах юмуу, Цэвэгнямтай барилдах юмуу гэж. Би өмнө нь бүгдтэй нь барилдаж байсан учраас хүүтэйгээ барилдъя гэж шийдсэн. Миний хүүг Батбуян гэдэг. Хүүтэйгээ нэг дэвжээнд барилдах завшаан ахиж олдохгүй шүү дээ.
-Ошима багшаараа үсээ хөндүүлэхдээ нулимс унагасан. Тэр үед юу бодогдож байсан бэ?
-Зодог тайлсан бөхчүүд бүгд л уйлсан гэж сонсоод болж өгвөл уйлахгүй байх юмсан гэж хичээж байсан ч тэсээгүй. Миний үсэнд 200-гаад хүн гар хүрсэн ш дээ. Эхний өдөр гайгүй л байсан юм. Дараагийн өдөр байдал эвгүйрсэн. /инээв/ Инээж байгаад л үсээ авахуулчихна даа гэж бодож байтал анх сумод хамт хөл тавьж нэг тогооноос хоол идэж, уйлах үедээ уйлж, инээх үедээ инээж явсан сайхан найзууд Цэвэгням, Энхбат нар маань хайч бариад үсэнд хүрэхэд нэг л эвгүй болоод явчихсан. Гэтэл Цэвэгням мөрөн дээр минь алгадаад “За найздаа амжилт хүсье” гэж хэлэхэд бүр эвгүй болчихоод нулимсаа арайхийн барьж байтал захирал маань сүүлийн үсэнд гар хүрсэн. Тэр үед өөрийн мэдэлгүй нулимс унагачихсан л даа. Сумодоо бол би зодог тайлах хүртлээ ахмад бөхийн тоонд ордог, залуу бөхчүүд, дүү нар маань ч гэсэн үргэлж хүндэтгэдэг байсан бол одоо байдал өөр болсон. Жирийн амьдралдаа би залуу хүн шүү дээ. Улсын заан Мягмарсүрэн, Батзориг, Өсөхөө аварга, Сумъяа аварга гээд он жавууд маань өнөөдөр ид барилдаж байна. Тэгэхээр халимаг үстэй залуу Батбаярын хувьд амьдралаа шинээр эхлэх болж байна. Ирээдүй маань гэрэлтэж байгаа учраас хөдөлмөрлөх, суралцах, одоогийн сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй байна.
-Одоо хэддүгээр курс вэ?
-Дөрөвдүгээр курс. Дараа жилийн зургаан сард төгсөх ёстой ч зодог тайлна гээд ажил ихтэй байсаар хичээлээсээ нэлээд хоцорчихлоо. Энэ янзаараа аягүй бол нэг жил өнжиж магадгүй болоод байна. Амжвал төгсөхийг бодно, амжихгүй бол нэг жил чөлөө авах байх.

Өөрөө үсээ угаах эрхтэй болсон нь хамгаас сайхан санагдсан

-Шинэ дүр төрх чинь өөрт чинь болон бусдад ямар санагдаж байгаа вэ?
-Хүмүүс зохиж байна гэсэн, өөрт ч гэсэн таалагдсан. Ганцхан хүнд таалагдаагүй. Тэр нь манай охин. Арга ч үгүй юм даа. Төрөхөд нь л тийм үстэй байсан. Аавыгаа дэвжээн дээр гарахаар барилдах гэж байна л гэж бодсон байх. Тэгсэн хүмүүс хайч бариад үсийг нь хайчлаад эхлэхээр айгаад уйлчихгүй юу. Дараа нь ч гэсэн та өөр болсон байна. Урьдын үс чинь л гоё гээд байсан. Тэр үед яагаад ч юм охиноо их өрөвдсөн. Одоо бол дасчихаад гайгүй болсоон.
-Эхнэрт чинь таалагдсан уу?
-Эхнэр болон найзууд бол инээлдээд л өнгөрсөн. Халимаг үстэй болчихсон чинь дүүтэйгээ их адилхан болсон байна гэж байна лээ. Гэхдээ их инээдтэй. Үсээ авахуулчихаад тэр оройдоо ч яахав. Хүлээн авалт энэ тэр гэсээр нэг их ядарсан амьтан унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод толинд харсан өөрийгөө таньдаггүй. Цочсон ш дээ. Өөрийгөө хараад байгаа хэрнээ мэддэггүй кино шиг л юм болсон. Тэрүүхэн үедээ мартчихгүй юу. Нойрмог хавдсан нүүртэй юм босоод толинд хартал үс байхгүй, аягүй сонин харагддаг юм билээ. Жирийн хүмүүс бол мэдэхгүй л дээ. Бидний үс чинь байнга татаастай, тослоостой, ямар ч хөдөлгөөнгүй байдаг. Хүн хүргэдэггүй, шүргэчихвий гэж үргэлж зайлсхийж явах хэрэгтэй болно. Гэтэл унтаад сэртэл тэр бүгд байхгүй болчихоор аргагүй ч юм уу даа.
-Толгой чинь хөнгөрөөд сайхан болж байх юм уу. Эсвэл?
-Эхлээд салхи сийгээд их сонин байдаг юм билээ. 16 жил тостой, хамгаалалттай, боолттой байсан болохоор арга ч үгүй биз дээ. Хамгийн гоё нь өөрөө толгойгоо угаах эрхтэй болсон. 16 жил өөрийнхөө үсийг угаах эрхгүй байлаа шүү дээ. Заавал тусгай үсчинд орж угаалгадаг. Өглөө босоод усанд орохдоо биеэ угаачихаад үсээ угаадаггүй байлаа. Одоо бол гольф тоглочихоод, өөрөө толгойгоо угааж болно. Энэ мөч л хамгийн сайхан санагдаж байна даа.
-Монгол залуу таны үсийг зассан. Та өөрөө сонгосон уу?
-Үгүй, би мэдээ ч үгүй байсан. Японд үсчин бэлдчихээд байж байтал Монголын сумо бөхийн холбоо зохион байгуулаад хамгийн шилдэг үсчнээр шалгарсан Хүрэлбаатар гэдэг залууг аваад ирсэн байсан. Өмнө нь шилдэг үсчин шалгаруулах тэмцээн болж байгааг сонсож байсан ч яг хэн шалгарсан гэдгийг мэдээгүй.Тэгээд самнуулж үзсэн, үнэхээр сайхан сэтгэлд хүртэл засаж өгсөн. Олон жил тослоод самначихсан болохоор хэвэнд орохгүй нэлээд юм болдог л доо. Японы үсчид сайн л даа. Гэхдээ монгол үсчнээр засуулсан нь илүү сайхан санагдсан. Тэр үсчин ч гэсэн анхны монгол сумочийнхоо үсэнд гар хүрсэндээ баяртай байна гэсэн.
-Монгол хөвгүүд гурав эсвэл таван настайдаа даахиа үргээлгэдэг. Таны хувьд хоёр удаа даахиа үргээлгэчихлээ?
-Тэглээ ш дээ. Намайг гурван настай байхад аав ээж маань даахь үргээж, найранд хүмүүс олон мал бэлэглэж байсан юм гэнэ лээ. Батбаярын буянд олон малтай боллоо гэж байсан нь санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш 30 жилийн дараа дахиад даахиа үргээлгэлээ. Өөрийн чинь хэлснээр их ховорхон тохиолдол. Бас сонин шүү, тийм ээ. Хоёр ч удаа даахиа авлаа. Гэхдээ одоо болсон байх аа.
-Үсээ яасан бэ, өөрөө авч хадгалсан уу?
-Аваад хадгалчихсан. Ер нь хүмүүс шилэн хоргонд хийгээд гэртээ хадгалдаг юм билээ. Би ч гэсэн тэгж байгаа.

Намайг залгамжлах бөхийг Кёкүшюхо гэдэг

-Зодог тайлчихлаа. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ? Гэр бүлийнхэн чинь ирсэн үү?
-Ирээгүй тэндээ сургуульдаа сурч байгаа. Миний хувьд ч гэсэн ирэн очин байна байх. Маргааш буцна. Японд удсан учраас тэнд бизнесийн болоод нийгмийн чиглэлийн маш олон ажил хүлээж байгаа. Монголд ч гэсэн хийх зөндөө олон ажил байна даа. Барилгаа барьж дуусгамаар байна, сумо бөхийн холбооныхоо ажлыг илүү идэвхжүүлэх хэрэгтэй байна. Сайн залуучууд, авьяастай хүүхдүүдийг цуглуулж, Япон руу сумод явуулах хэрэгтэй. Ер нь бодсон юмнууд маш их байна л даа.
-Сумод Монгол бөхчүүдийг авахаа больчихсон юм биш үү?
-Авахаа больчихсон гэж яригдаж байгаа ч боломжийг хайх хэрэгтэй. Одоо 36 Монгол сумоч Японд барилдаж байна. Эдний ихэнхийг буюу хорь гаруйг нь би оруулсан байдаг юм.
-Таныг залгамжлах бөхийг тодруулсан гэж сонссон юм байна. Тэр азтай залуу хэн бэ?
-Кёкүшюхо гэсэн. Кёкүшюзаны Кёкүшю, Хакухогийн Хо-г оруулж нэрлэсэн юм билээ. Цэвэгням, Энхбат хоёр чинь Японы иргэн болчихсон. Би зодог тайлчихаар миний оронд нэг хүний орон тоо манай дэвжээн дээр гараад энэ хүүхдийг авсан. Их гоё залуу байгаа. Барилдааны хувьд сумод ороод дөнгөж cap болж байгаа учраас тийм ийм гэж хэлж чадахгүй байна. Одоо л бүхнийг заалгаж байгаа даа.
-Залгамжлагчтайгаа уулзаж, захиасаа хэлж чадсан уу?
-Уулзалгүй яахав. Миний дүү бэлтгэлээ сайн хийгээд, сайн бөх болоорой гэсэн, “тэгнээ л” гэж байна лээ.
-Зодог тайлснаас хойш сумогийн холбоо ямар нэг байдлаар харж үзэх зүйл байдаг уу?
-Байлгүй яахав. Монголын хамгийн анхны сумоч, олон жил дээд зиндаанд барилдсан, мэхний рекорд гэдгээр нь шууд хаячихгүй л дээ. Жишээлбэл, ямар нэг хэмжээгээр өвдлөө гэхэд эмнэлгийн хөнгөлөлттэй тусламж үзүүлэх байдаг ч юмуу. Шаардлагатай үед сумо бөхийн холбооны ажлыг хийхэд туслалцах ч юмуу, хамтрах зүйл зөндөө

Хакухог хэн ч тоодоггүй тэр үед эхнэр нь л хамт байсан, тэд эртний танилууд

-Таныг зодог тайлж байхад Хакүхо аварга цолоо авсан.Түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд таны нөлөө их байсан. Тэр танд юу гэж хэлсэн бэ?
-Их сонин шүү. Хакүхо надад хоёр жилийн өмнө “Ахыгаа зодог тайлахаас өмнө, би аварга болно” гэж амлаж байсан юм. Хоёр жилийн өмнөх амлалтыг нь би хоёрхон башёгийн өмнө Хакүхог арслан байхад нь сануулж “Чи хэлсэндээ хүрч чадсангүй дээ” гэсэн. Тэр үед Хакүхо тааруу барилдсан л даа. Тэгсэн “Харин тийм ээ, дараагийн башёд түрүүлээд л, дараа нь сайн барилдчихвал аварга болох байх. Тэгээд хамгийн анхны ёсолгоогоо ах дээрээ хийчихье гэж хэлээд бид биенийгээ алгадахад Японы сурвалжлагчид байж байгаад дараа нь сонингуудаар гарсан. Тэгсэн чинь үнэхээр гурван сард түрүүлээд, таван сард сая түрүүлээд хамгийн анхныхаа ёслолоо миний зодог тайлахад хийсэн. Баруун, зүүн жигүүрийг Монгол аваргууд тэргүүлж байгаа нь тэнд очсон Монголчуудад юутай ч зүйрлэшгүй сайхан бэлэг байсан байх гэж бодож байна. Миний зүгээс ч гэсэн үүнийг мэдрүүлэх гэж Монголчууддаа хамгийн урд талын суудал бэлтгэсэн. Зарим суудал нь 1000 долларын үнэтэй байдаг шүү дээ. Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байгаа юм. Юу вэ гэхээр Монголоос очсон бүх хүмүүс эргэж ирсэн. Нэг ч хүн үлдээгүй. Нэг хүн олгой тусаад эмнэлэгт хүргэгдсэн, нэг хэл муутай хүн төөрч яваад хамгийн сүүлийн онгоцонд суусан байна лээ.
-Хакүхотой хамгийн ойр байдаг хүний хувьд танаас гэргийнх нь талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа?
-Их сайн охин. Монголоор их сайн ярина, монгол хоол сайхан хийнэ. Гэрт нь очоод гарынх нь лавшааг олон л удаа идэж байлаа. Гурилтай шөлийг янзын хийнэ. Ер нь их энгийн, монголд маш элэгтэй охин бий. Мань хүн үүнд нь ч татагдсан болов уу гэж би боддог. Анх Японд очиж байх үед нь монголчууд маань тоодоггүй л байсан шүү дээ. Хэцүү үе Хакуход байсан. Тэр үед нь монголоор ярьдаг нэгэн бүсгүй сэтгэлийг нь хөдөлгөөд, монгол хоол хийж өгөөд их сайхан ханддаг байсан нь мань хүний сэтгэлийг татсан болов уу гэж би боддог юм. Хүний хэцүү үед нь хань болсон хүн хамгийн сайн нөхөр нь байдаг. Хакүхог цол зэрэг ч үгүй бэлтгэл хийгээд хөлсөндөө хутгалдчихсан, нулимсаа унагаад явж байхад монгол охид сонирхдоггүй ч юмуу, монголчууд маань тусалж байгаагүй. Ний нуугүй хэлэхэд тийм хүмүүс бараг байдаггүй. Харин тэр охин тусалсан, байнга хамт байсан. Япон Монгол нь хамаагүй. Гол нь хувь хүн нь чухал шүү дээ. Үүнийг Монголчууд маань зөв сайхан ойлгоосой гэж хүсч байна.
-Тэгэхээр тэд эртний танилууд байх нь ээ дээ?
-Тэгэлгүй яахав. Вада сан гээд аавтай нь би анх танилцаж, Монголд авчирч байсан юм. Аав нь надтай хоёр ч удаа Монголд ирж байсан. Манай санд хандив өргөөд, биднийг их дэмжинэ л дээ. Аав нь ч гэлтгүй ээж нь адилхан бөхөд элэгтэй хүмүүс байдаг. Тийм ч болохоороо аав нь Кёкүшюзаны дүү гээд Дагваа аваргыг дэмжиж, дэмжих клубынх нь даргаар ажиллаж байсан. Охиных нь хувьд ч ялгаагүй, бүр багын л Монголд их элэгтэй хүүхэд байсан. Монголыг ядуу буурай хэцүү орон гэж ойлгочихоод “Кёкүшюзан хөгжил сан” -гаар дамжуулан хүүхдүүдэд бал, харандаа, дэвтэр өгч байсан. Тэгэхэд 14 билүү 15 настай жаахан охин байсан. Яагаад ч юм бүү мэд, Монголд их элэгтэй хүн. Японд байгаа өөр алдартай хүмүүсийн эхнэрүүд тэр бүр ил гараад яваад байдаггүй. Гэтэл мань хүн уржигдар намайг наашаа онгоцонд суух гэж байхад хадам ээж, эгч хоёрыгоо гаргаж өгч байгаа гэчихсэн ачааг нь үүрээд хөлс нь гарчихсан гүйж явсан. “Сайн уу, аав байгаа, нөхөр Хавай явсан” гээд их гоё ярьж байгаа байхгүй юу. Гоё ш дээ, миний хувьд үнэхээр сэтгэлд хүрсэн сайн бэр. Баян айлын охин, аваргын эхнэр гэсэн хэрнээ ямар нэг элдэв зан байхгүй, энгийн. Магадгүй энэ бүхэн нь Хакүход таалагдсан байх. Хакүхогийн эхнэр гэж хэлэхгүй л бол хэн ч мэдэхгүй. Тэрийг хараад би улам хайртай болсон. Монголчуудыгаа ч гэсэн зөвөөр ойлгож, энэ залуусыг дэмжээрэй гэж хэлмээр байна.
-Хакүхо Япон эхнэртэй болох гэж байгаа тухайгаа танд хэлж байсан уу?
-Надаас хамгийн анх асуусан. Магадгүй Мөөеө аваргаас асуухаасаа өмнө надаас асуусан байх. Бид үерхэж байгаа. Энд ирчихээд гэр лүүгээ ч утсаар ярьж чаддаггүй байхад бүхнийг зааж зөвлөн тусалж байсан. Бид гэрлэх нь зөв үү гэж. Бид хэн ч байлаа гэсэн гэр бүлийн асуудалд оролцож болохгүй. Тэдний өөрсдийн хэрэг. Ахын дүү өөрөө л шийд гэсэн. Тэр бүсгүйн ийм сайхан чанарыг нь манай хүн марталгүй татагдаж явсаар гэрлэсэн байх аа.
-Монголын иргэн болох гэж байгаа дуулдсан. Та энэ талаар сонссон уу?
-Өөрөө Монголын иргэн болмоор байна гэж хэлж байсан шүү. Ер нь манай эзэн хаадууд чинь гаднаас л эхнэр авдаг байсан юм билээ ш дээ.
-Үндэс угсаа өөр гэдгээсээ илүүтэй Хакүхог харийн иргэн болчих вий гэсэн эмзэглэл төрөөд байгаа юм?
-Хакухо тийм юм хийхгүй.

Энэ наадмаар морь уяж, өөрөө наадмын бэлтгэлд гарна

-Наадам дөхөж байна. Сүүлийн үед та хурдан морь сонирхдог болоод байгаа. Энэ жил морь уралдуулах уу?
-Ирээдүйн түмэн эхийг тодруулах хурдан дааганы уралдааныг ивээн тэтгэсэн. Миний хонгор зүсмийн даага уралдаж, 12-т хурдалсан байна лээ. Манлай уяач Ганхуяг уясан юм. Сүүлийн үед морь их сонирхож байгаа. Энэ жил нутгийнхаа наадамд морь уралдуулна, бас улсын наадамд морь уралдуулна. Ер нь Монгол хүн болгон морь сонирхдог учраас морийг би цаашдаа хүндэлж, аль болох ойр байя гэж бодож байгаа.
-Бэлгэнд ирсэн нэлээд олон адуу бий гэж ярьж байсан. Хичнээн адуутай болсон бэ?
-Сайн барилдлаа гээд ах дүү төрөл садан найз нөхөд адуу их бэлэглэнэ ээ. Одоо 200 гаруй, 300 дөхөж байгаа байх. Бэлэгний болон өөрийн сонирхож худалдаж авсан нь нийлээд шүү дээ. Монгол хүний хийморь нь мориндоо байдаг гэж ярьдаг. Үүнийг бэлгэдэж адууг сонирхож цуглуулж байгаа. Уралдаад түрүүлээд сүйд болохгүй ч гэсэн эр хүний хийморь сэргээдэг гэдэг утгаар нь хүлээж авч байгаа. Айраг уугаад морь харж суух эр хүний бас нэг жаргал шүү дээ. Тэрнээс биш би нэг их сүрхий моринд орчихсон, мориор бизнес энэ тэр хийнэ гэдэг утгаараа биш. Жирийн монгол залуу морио яаж дээдэлдэг юм түүн шиг л хүндэлж явъя гэсэн хэрэг.
-Түрүүн үндэсний бөхөөр барилдаж байгаа нэг үеийнхэн маань зодог тайлаагүй байгаа гэж байсан. Тэдэнтэй барилдах бодол төрөх юм уу?
-Хамт наадмын бэлтгэлд гарна гэж бодож байгаа. Мягмарсүрэн зааны Ховдын гал Хайртханд гардаг юм билээ. Бэлтгэл дээр нь яваад очно доо.
-Амжилт хүсье. Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.