Monday, January 8, 2007

Японы мэргэжлийн сумо бөхийн үүсэл

Арлын Япон улсаас үүсэлтэй мэргэжлийн сумо бөхийг манайхан сүүлийн үед ихээхэн сонирхох болсон. Түүгээр ч үл барам сумогийн дэвжээг Монголын залуус эзэгнэж, сумо сонирхогчдын тоог жилээс жилд нэмэгдүүлж байгааг бид сайн мэдэх билээ. Харин энэхүү спорт нь хаанаас үүсэлтэй хийгээд ямар дэг жаягтай байдаг талаарх мэдээллийг спорт сонирхогч уншигч нартаа хүргэж байна.

Судлаачдын үзэж байгаагаар Нихоний сумо бөхийг 1700 жилийн түүхтэй гэж үздэг. Сумо бөхийн талаарх хамгийн эртний баримт бол МЭ 642 онд бичигдсэн "Нихоний түүхэн тэмдэглэл"-д байгаа домгууд юм. Эдгээрийн дотор одоог хүртэл дурсгал булш нь тахигдсаар ирсэн домог бол Сүкүнэ, Кэхая хоёрын тулалдаан (барилдаан) юм. МЭ 4-р зууны дунд үед Сүйнин хааны зарлигаар эдгээр хоёр хүчтэн барилдаж Сүкүнэ нь Кэхаягийнхаа ууцыг нь хугалж алсан гэх домог билээ.

Сумогийн түүхэн баримт олдворууд нь ихэвчлэн сумо барилдаж байгаа бөхчүүдийн дүрсийг сийлсэн /6-р зуунд хамаарах/ эртний ваар саван эдлэлүүд байдаг. Түүний дотроос 1969 онд олдсон "Бөхийн баримал " нь чухал олдворын нэгд тооцогддог. Энэ баримал 6-р зууны эхэн үед хамаарах бөгөөд "маваши" бүсэлсэн нүцгэн бөхийн баримал юм.

Ийнхүү Нихоний сумо бөх нь МЭ 4-6 зуунд үүсч өөрийнхөө төрхийг олж эхэлсэн гэдэг. Үүний дараа Нихоний түүхийн Нара, Хэиангийн үед (7-11 зуун) сумо нь эзэн хааны ордны үзвэр, уламжлалт спортын нэг болон хөгжжээ. Чухам энэ үеэс л сумод янз бүрийн язгууртны ёс, дэг жаягууд нэвтэрч сумо нь уламжлалт соёлын хэлбэрийг олж эхэлсэн байна. Тухайлбал эрт үед бөхчүүдийн барилдааныг талбар луу хүрэх замын хоёр талыг цэцгээр чимэглэдэг байсныг цэцгэн зам (хана мичи)гэх болж тэр нь өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа билээ. Сумогийн хөгжлийн дараагийн үе нь буши буюу самурай нарын ноёрхолын үеийн /11-17 зуун/ сумо юм. Энэ үеэс сумо нь самурай нарын бие бялдараа хөгжүүлэх, чийрэгжүүлэх, хамгаалах тулааны бэлтгэл болохын зэрэгцээ цэрэг дайны бэлтгэл хийхэд зориулагдаж байв. Энэ нь яваандаа бэлтгэл сургуулилт төдий бус сумог бие даасан спорт болон хөгжихөд нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр тухайн үед сумо нь урьдын адил сумогийн үзэгчдээс хандив мөнгө олдог үзвэр хэвээр хөгжиж байв. Харин Камакүрагийн үес (12-13-р зуун) эхлэн сумо бөх нь мэргэжлийн болж, түүгээр амь зуух бөхчүүд олноор төрж эхэлсэн байна. Тухайн үед сумо нь Киото болон Осака хоёрт голлон дэлгэрч байгаад Эдогийн эхэн үес эдод /токиод/ мөн хөгжих болжээ.

Эдогийн дунд үе хүртэл сумод дохёо /дэвжээ/ гэж байсангүй. Анх сумогийн үзэгчид болон бөхчүүд тойрч суугаад түүнийхээ голд барилддаг байв. Дараа нь барилдах талбарын 4 буланд багана босгох болсон байна. Ингээд эдогийн дунд үеэс (1699 онд) эхлэн анх дохёо бий болжээ. Энэхүү хэлбэр, хэмжээ нь аажмаар өөрчлөгдсөөр одоо үеийн тойрог хэлбэрийг олсон юм. Гэвч сумо бөхийн хөгжил нь тийм ч шулуун дардан байсангүй. Эдогийн засгийн газар сумо бөхийг 1648-1684 оны хооронд хориглож байжээ. Үүний дараа Мэйжигийн үед шинэчлэл (1868 оноос) эхэлсэн боловч сумог хориглох, түүнийг хоцрогдсон бүдүүлэг үеийн спорт гэж үзэх хандлага хэвээр байлаа. Сумог эсэргүүцэгчид нүцгэн хүн барилдах нь улс орны нэр хүндэд муу, бүдүүлэг явдал болно гэж маргаж байв. Гэсэн ч сумо сонирхогч олон түмэн түүний дотор эзэн хаан өөрийн биеэр сумог очиж үзсэний дэмээр мартагдан сөнөх байдлаас сумо аврагдсан юм. Үүнээс хойш Нихоний түүхийн Мэйжи, Тайшо, Шова, Хэйсэйгийн сумо бөх нь өнөөдрийг хүртэл амжилттай хөгжиж байна. Сумо бөхийн дүрэм тун энгийн бөгөөд өрсөлдөгчөө дэвжээнээс гаргасан эсвэл гарыг нь дэвжээнд хүргэсэн бол тухайн бөх ялна.

Бөхчүүдийн өмсгөлийг "маваши" хэмээн нэрлэдэг. Хэрвээ барилдааны явцад "маваши" тайлагдвал тухайн бөхийг шууд унасанд тооцдог аж. Сумо бөх болохыг хүссэн залуус 173 см-ээс дээш өндөртэй, 75 кг-аас илүү жинтэй байхаас гадна 15-23 настай байх шаардлагатай гэнэ. Учир нь энэ спортод бидний нэрлэдгээр "махан бөмбөлгүүд" амжилт гаргах магадлал өндөр байдаг. Тэр нь ч батлагдсан. Зөвхөн бяртай, хүчтэй гэсэн шалгуураас гадна бөхчүүдэд боловсролтой байх шаардлага тавьдаг байна. Ямар ч бөх дор хаяж 9-р ангийн мэдлэгтэй байх ёстой байдаг. Мэргэжлийн сумод 54 дэвжээ бий. Дэвжээний эзэд нь зодог тайлсан нилээд нэр хүндтэй бөх байдаг. Тэдний үг хууль л гэсэн үг. Энд нэг бичигдээгүй хууль байдаг нь дэвжээний эзэд өөрийнх нь охинтой гэрлэсэн бөхчүүдэд дэвжээгээ өвлүүлэн үлдээдэг байна. Одоогийн байдлаар ёкозуна Асашёорюугийн "Такасаго" саяхан зодог тайлсан их аварга Мусашимаругийн "Мусашигава" дэвжээг хамгийн хүчирхэгг тооцдог гэнэ. Жил бүрийн сондгой тоотой саруудад болдог уламжлалт тэмцээнийг "башё"хэмээн нэрлэнэ. Башё 15 хоног үргэлжлэх бөгөөд cap бүр өөр өөр нэртэй. Тухайлбал нэгдүгээр сарынхыг Хацу, гуравдугаар сарынхыг Хару, гэх мэтээр нэрлэдэг. Нэг, тав, есдүгээр сарын барилдаанууд Токиод, гуравдугаар cap Осакад, долдугаар сард Нагояд, арваннэгдүгээр сард Фукуокод барилдаанууд зохиогддог. Макуучи, журёо зиндааны бөхчүүд 15 барилдаан хийх бол доод зиндааныхан 7 удаа барилддаг аж.

Ингэхдээ бүх өрсөлдөгч нартайгаа тулалдах боломжгүй тул хоорондоо ойролцоо даваатай яваа бөхчүүд оноолтоор барилддаг. Нэг дэвжээний хоёр бөх аваргын төлөө өрсөлдөж, сүүлийн өдөр адил даваатай гарсан үед л хоорондоо барилдахгүй байх "алтан" дүрэмтэй. Сумо нь зөвхөн спорт төдийгүй Японы ард түмний аж амьдрал, зан заншлын нэгээхэн хэсэг тул нарийн дэг жаягтай. Тухайлбал барилдааны дэвжээ болох "дохёо" дээр эмэгтэй хүн гарч болохгүй. Түүнийг тусгай зориулалтын шавраар хийдэг бөгөөд түүн дээр зөвхөн давс цацдаг нь элдэв муу зүйлээс бөхийн ариун дэвжээг хамгаалж буй хэрэг гэнэ. Тэмцээн эхлэхийн өмнө зүүн дэвжээний бөхчүүд, дараа нь баруун дэвжээний бөхчүүд гарч ёслол хийж ордог. Үүний дараагаар их аварга хоёр туслахын хамт ёкозунагийн ёслолоо хийнэ. Шагналын дээд хэлбэр нь эзэн хааны гэр бүлээс Макүүчи зиндаанд түрүүлсэн бөхчүүдэд олгодог шилжин явах цом юм.

Харин 1991 оноос эхлэн манай залуус Нихоний мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд орж амжилттай барилдаж байгаа билээ. Өнөөдөр мэргэжлийн сумод Монгол, Болгар, Гүрж, Америк, Бразил, Солонгос, Орос, Хятад зэрэг орны бөхчүүд барилдаж байна. Мөн дэлхийн хэд хэдэн оронд сонирхогчидийн сумогийн холбоо байгуулагдаж, сонирхогчдийн сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулагддаг байна.