Tuesday, July 31, 2007

Их аварга Д.Дагвадорж: Хоёр башё дарааллан түрүүгээ алдсан сэтгэл санаа жаахан тиймхэн явлаа

Монгол сумочид анх удаа бүх зиндаанд барилдсанаас эхлэсэн энэ удаагийн башёгийн сонин хачин өнөөдөр ч яригдсаар. Тавдугаар сард шинэ аварга төрсөн бол энэ сард шинэ арслан гарлаа. 31 настайдаа арслан болж байсан хүн байхгүй тул Котомицуки хамгийн өндөр настайдаа арслан болсон бөх болж байна. Эрүү, гараа хугалж, зодог тайлахдаа тулж байсан түүнийг ийнхүү арслан болсонд Япончууд үнэхээр баяртай байгаа гэсэн. Харин шинэ аварга Хакухо дөрөв унаж, гурав дараалан түрүүлнэ гэсэн мөрөөдлөө орхиход хүрсэн. Сүүлийн өдрийн барилдаанд их аварга Дагвадорж шинэ аварга Хакухотой барилдахаар гарч ирсэн. Их аварга Асашёорюүгийн хувьд ёкозүно цол хүртсэнээсээ хойш анх удаа ижил цолтонтойгоо барилдсан нь энэ. 2003 оны Хару башёд Асашёорюү оргил цолоо авсаны дараахан нь гэмтлийн улмаас барилдахгүй байсан Мусашимару зодог тайлсан учраас ийнхүү нэгэн аваргын эрин эхэлж, Асашёорюү 21 башёд ганцаараа ёкозуно цолтой явсан билээ. Харин энэ оны гурав, тавугаар сарын тэмцээнд дараалан түрүүлсэн Хакухо мэргэжлийн сумогийн 69 дэхь аварга болсон юм. Ингэснээр “Нагоя башё”-д аварга цолтонууд хоорондоо барилдах нөхцөл бүрдсэн. Өмнө нь Асашёорюү Хакухо нар 14 удаа таарч барилдаж байснаас есөд нь Асашёорюү ялж байсан, Энэ удаа ч мөн ялсанаар 21 дэхь түрүүгээ авсан юм. Хэдийгээр эхний өдрийн барилдаанд унасан ч үлдсэн 14 хоногийн барилдаанд нэг ч уналгүй ийнхүү түрүүлсэн нь их аварга өөрийгөө ямар чансаатай бөх болохоо харуулж, шинэ аварга Хакухо ч түүнтэй эн тэнцүүхэн өрсөлдөх болоогүй байна гэдгийг харууллаа. Ийнхүү “Нагоя башё” монгол бөхийн манлайлал дор өндөрлөлөө. Башё дууссаны марааш нь буюу энэ сарын 23-нд их аварга эх нутагтаа ирсэн. 21 цаг 10 минутанд хувийнхаа онгоцоор газардсан их аваргыг ээж Х.Пүрэвбадам ах Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ тэргүүтэй 100 гаруй хүмүүс тоссон нь их аваргын энэ удаагийн түрүүлэлт нэлээд үнэ цэнэтэй болжээ гэдэг нь харагдсан. Сүүлийн үед чимээгүйхэн ирээд нам гүмхэн байсаар буцдаг болсон их аваргатай уулзаж цөөн хэдэн асуултанд хариулт авах боломж олдсон юм.

-Сумо сонирхогчдыг 15 өдрийн турш дэгэлзүүлсэн барилдаан Нагоя башёд болж өнгөрлөө. Таны хувьд бодож төлөвлөж байсан барилдаануудаа гаргаж чадав уу?
-Түрүү авлаа. Сэтгэл санаа сайхан өндөр байна. Жаахан ядарлаа даа.

-Эхний өдрийн барилдаанд та унасан. Сэтгэл дундуур байсан уу?
-Эхний өдөр барилдаан дээрээ алдаа гаргаад ялагдсан. Дандаа давна гэж юу байхав. Алдаан дээрээ дүгнэлт хийгээд 21 дэхь удаагийн түрүүгээ авлаа.

-Хоёр удаа завсарласны эцэст Ерөнхий сайдын цомыг авлаа шүү дээ. Маш их баяр хөөртэй байгаа нь анзаарагдаж байсан. Үнэхээр сэтгэл дүүрэн байв уу?-20 түрүүлсэнээс хойш Дай ёкозүно, Мэй ёкозүно гээд цолууд үргэлжилдэг. Миний хувьд Мэй ёкозүно цолоо аваад анхныхаа түрүүг авлаа гэдэг утгаараа баярласан. Өмнө нь дандаа шахуу түрүүлж байсан хүн чинь хоёр башё дарааллаад түрүүгээ алдсан байсан болохоор сэтгэл санаагаар жаахан тиймэрхүү явсан л даа үнэнийг хэлэхэд. Үнэхээр баяртай байсан гэдэг нь үнэн л дээ.

-Өөрийн чинь хувьд агуу аваргуудын амжилтыг эвдэж байна. Одоо ер нь цөөхөн амжилт үлдсэн. Тэдний амжилтыг эвдэнэ гэсэн зорилго тавьж байгаа л байх?-Зорилгогүй барилдаан гэж юу байхав. Тийм учраас аварга гэдэг энэ эрэмбийг олон жил хамгаалж явах юмсан гэж бодож байгаа.

-Башёгийн хамгийн сүүлийн өдөр та Хакухо Даваажаргалтай барилдахдаа хүссэн барилдаанаа гаргаж чадсан уу. Яг тийм барьцнаас барилдвал давна гэдгээ тооцоолсон байсан уу?
-Ерөнхийдөө миний барилдаан бол тиймэрхүү барилдаан шүү дээ. Та бүхэн сайн мэдэж байгаа.

-Арслан цолны болзол хангаад байгаа Котомицүкитэй барилдаад таныг давахад “аварга хүн ийм л байдаг даа” гэж Монголчууд тэр аяараа баярлаж билээ. Харин хамгийн сүүлийн өдөр таныг Хакухотой барилдаж байхад Котомицүкигийн байгаа байдлыг телевизүүдээр гаргаж байхыг нь хараад өрөвдсөн шүү. Тантай барилдаад уначихаад уйлаад явж байсан түүнийг хараад танд юм бодогдсон л байх?
-Сумочдод өроөлдөгчөө өрөвдөнө гэж юм байдаггүй. Дохён дээр гарсан л бол тэмцэл явагддаг. Дэвжээнээс буусан хойно бол сайхан нөхдүүд байдаг. Тэр бол маш том зарчим юм л даа. Хүнийхээ хувьд цол авсанд нь би баяр хүргэсэн.

-Таван жилийн турш ганцхан ёкозүно дэвжээнээ гарсаар ирсэн. Саяын башёноос хоёр ёкозуно барилдлаа. Ямар санагдаж байв?
-Сайхан байлгүй яахав. Би чинь ганцаараа л аварга цолтой яваад байлаа шүү дээ. Монгол хүүхэд ёкозүно гэсэн цолтой болоод түүнтэйгээ баруун зүүн жигүүрийг нь манлайлаад сайхан байна. Сайхан ч барилдлаа. Ёкозүно нарын хоорондын барилдаан гэж их том барилдаан байдаг.

-Ёкозуно цолтны нэр хүнд өндөр болохоор сайхан байдаг ч нөгөө талаараа маш их үүрэг хариуцлага нуруун дээрээ тээж явах болдог. Харин шинэ ёкозунотой болсноос хойш ачаа хөнгөрч байна уу?
-Мэдээж тодорхой хэмжээгээр ганцаараа ёкозүно биш болсон болохоор жаахан ч гэсэн зав гарах болов уу гэж бодох юм. Одоохондоо ачаанаас маань хөнгөрч шингэрсэн юм бол харагдахгүй л байна.

-Одоогийн башёд барилдаж байгаа бөхчүүдээс чадалтай юм дуулгахаар бөх хэн байна. Аварга хүний хувьд анзаарч, ажиглаж л явдаг байх?
-Сумо сонирхогчид маань надаар хэлүүлэлтгүй хэн сайн байгааг зурагтаар хараад мэдэж байгаа байх. Сайн барилддаг дүү нар гарч ирж л байна. Ялангуяа монгол сумочид. Дараа дараагийн башёнууд улам л сонирхолтой болно гэж бодож байна.

-Монгол хүмүүс юманд хэт ам гарахыг цээрлэдэг шүү дээ. Харин таны хувьд эсрэгээр юм шиг ээ. Би түрүүлнэ л гэж хэлсэн бол яг л түрүүлдэг. Энэ удаа ч гэсэн түүнийгээ баталлаа?
-Миний бэлтгэл сайн байгаад өөртөө итгэлтэй байвал түрүүлнэ гэж хэлэхээсээ айдаггүй. Энэ удаа ч гэсэн чадлаа.

-Монголын наадам Нагоя башё хоёр давхацсан шүү дээ. Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны сонин хачинаас та сонсоо л байлгүй?
-Сонсоод байхад сонирхолтой сайхан наадам болсон юм шиг байна лээ. Хэний ч таавар таагаагүй болов уу гэж бодсон. Энд амрах хугацаандаа наадмын бичлэг үзнэ ээ.

-Энэ удаагийнхаа амралтыг яаж өнгөрөөх гэж байгаа вэ?
-Нутаг руугаа л явна даа. Аав ээж, ах нар, хань үр хүүхэдтэйгээ хамт салхинд гарч сайхан амарч өнгөрөөнө л гэж бодож байна. Бас Өвөрхангайд болох “Арвайхээрийн хурд” наадмыг үзэж өөрийнхөө хэмжээнд баяр тэмдэглэнэ дээ.

-Таны эхнэр хүүхдүүд тань харагдахгүй байна. Түрүүлээд ирчихсэн байгаа юмуу. Бас таныг гуравдахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа тухай яриа гарсан байсан. Үнэн бол баяр хүргэе. Ер нь та хэдэн хүүхэдтэй болъё гэж боддог вэ?
-Манай гурав түрүүлээд ирчихсэн энд амарч байгаа. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Одоогоор би гуравдахь хүүхдийнхээ сургийг сонсоогүй л байна шүү. Яахав амны билэг юм даа. Тэгж байгаад болох байлгүй дээ. Заримдаа ч би өөрийнхөө амьдралыг хэвлэлээс л унших юм. Их л өөр Дагвадоржийн тухай бичээд байх шиг санагддаг. За ингээд өндөрлөө. Цаг их орой болж. Амрахгүй бол их ядарлаа. Бидэнд дараа уулзаж, сонирхолтой яриа өрнүүлэх цаг олон гарна. Нийт Монголчууддаа өнгөрсөн ч гэсэн Их Монгол Улс байгуулагдсаны 801 жилийн ой, Ардын хувьсгалын 86 жилийн ойн баярын мэнд хүргэе.