Saturday, July 7, 2007

Хакухо гавьяат боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхөөр онцгой амжилттай барилдаж дээд зиндаанд дэвшиж, удаа дараа түрүүлэн “Их аварга” цолыг хүртэж, бөх хүний уужуу ухаан, уран мэх, эрэмгий зориг, эрч хүч, бяр чадлын гайхамшгийг үзүүлэн төр, түмэн олноо баясгаж, Монгол Улсын нэр төрийг Япон даяар төдийгүй дэлхий дахинаа алдаршуулж буй бахдам амжилтыг нь үнэлж, Япон Улсын Мияагино дэвжээний бөх Мөнхбатын Даваажаргалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.

Tuesday, July 3, 2007

Чиёнофүжигийн догшин харц зүүдэнд орсон

1982 онд Испанид болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр “Спортын мэдээ”-д бүр “хувьсгал” гарч дугаар болгондоо тэмцээний явцын талаар мэдээлж байлаа. Тэр үед ДАШТ-ий нээлтийн тухай “Хунтайж Хуан Карлос шүгэл үлээж ДАШТ эхэллээ” гэсэн гарчигтай материал нэгдүгээр нүүрэндээ нийтэлсэн нь их олзуурхууштай санагдаж байсныг нуух юун. Энэ бүгдийг Б.Мөнхбат гэдэг нэртэй “нэг нөхөр” байнга бичээд байлаа. Тухайн үед спортын талаарх ховор мэдээллүүд хаанаас авчихдаг хүн бэ гэсэн бодол төрдөг байж.

Хожим “Монголын спорт” сонинд ажиллаж байхдаа энэ эрхэмтэй танилцах завшаан тохиосон юм. Найз нөхөддөө “Ков” гэдэг хочоороо “алдаршсан” Б.Мөнхбат гэдэг энэ хүн хүүхэд ахуй наснаасаа өнөөг хүртэл спорттой “үерхэж” ирсэн, хойшдоо ч хамтдаа явах нэгэн. Тэр 1962 онд Завхан аймгийн Улиастай хотод төрж нийслэлийн зургадугаар арван жилийн сургуулийг 1980 онд дүүргэсэн аж. Улмаар МУИС-ийн физикийн ангид элсэн орж суралцан гуравдугаар курсээсээ арлын Япон оронд очин таван жил номын дуу сонссон байна. Эхлээд Токиод нэг жил суралцаад дараа нь Шиншү их сургуулийн химийн ангид элсэн орж дүүргэжээ.

“Ков” спортын улаан фэн төдийгүй өөрөө бас ч үгүй спортын булчирхайтай. Оюутан байхдаа хөлбөмбөгөөр факультетийнхээ багт орон энгэрээ медалиар мялааж, зуны ажлаар ангийнхантайгаа Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаж байхдаа наадмаар зодоглон сумын начин цол хүртэж байсан нэгэн билээ. Монголчууд сүмо гэдгийг мэдэхгүй байсан 1980-аад оны эхэн үед тэр сүмогийн ордонд анх арлын энэ орны үндэсний бөхийг үзэж сонирхжээ. Тэр мөчөөс хойш түүний хообий сүмо болсон гэхэд хилсдэхгүй. 2005 оноос Монголын үндэсний телевизийн “Чандмань” студээс үзэгчдэдээ хүргэдэг Японы мэргэжлийн сүмогийн NHK-ийн тайлбарыг “сөөнгөдүү” хоолойтой нэгэн хүн сүмо сонирхогч элэг нэгтнүүддээ хүргэж ирсэн. Тэр хүн бол нөгөө л “Ков” Б.Мөнхбат байлаа. Энэ эрхэмтэй “ТЦ” саяхан уулзаж хэдэн хором хөөрөлдсөн юм.

-Өдгөө монгол хүн бүрийн мэддэг болсон сүмог “сураггүй” байхад нь анх та үзсэн гэдэг. Харийн бөхтэй танилцсан түүхээс тань ярилцлагаа эхэлье.
-Япон руу явахаасаа өмнө Зөвлөлтийн зохиолч Евгений Овчинниковын “Сакүра хэзээ дэлгэрдэг вэ?” номноос сүмогийн тухай ерөнхий төсөөлөлтэй болсон. Гэхдээ очоод үзэхэд үнэхээр сүрдмээр юм билээ. Том биетэй бөхчүүд их дуу чимээ гаргаж мөргөлдөөд л. Энэ бол 1983 оны хавар юм. Монголчууд түрүүлсэн бөхийн биед хүрч, хөлснөөс нь адис авдаг уламжлалтай. Үүн шиг санаж домогт аварга Чиёнофүжигийн биед хүртэл “Яаж байнаа?” гэсэн аятай нэлээн ууртай, догшин харж билээ. Тэр ширүүн харц нь бүр шөнө зүүдлэгдсэн. Дараа нь өдгөөгийн Азүмазэки ояката буюу Такамиямад хүрч үзлээ. Бас л дургүйцэж байсан. Энэ нь монгол хүн сүмотой танилцсан анхны тохиолдол гэж боддог. Ингээд сүмог шимтэн сонирхох болсон.

-Оюутан ахуйдаа тэнд сүмог үзээд, сонин сэтгүүлээс уншаад байж. Төгсөж ирээд энэ талын мэдээллийг хэрхэн олж байв? Интернетгүй, кабель телевизгүй үе шүү дээ.
-Сардаа 1-2 удаа ажлын шугамаар Япон руу явдаг юм. Очоод ирэхдээ сонин, сэтгүүл авчирна. Тиймээс мэдээллийн хувьд хангалттай авдаг байсан.

-Монгол хүний бараа сураггүй байхад та сүмог сонирхож эхэлжээ. Тэгвэл харийн бөхөөр хүч үзэх болсон залуучуудтайгаа анх хэзээ нүүр тулан учирч байв?-1995 оны гуравдугаар сард Ш.Отгонбилэг агсантай хамт Осакад очлоо. Би завшааныг яаж алдах вэ, ШО-д сүмо үзье гэлээ. Жюүрёод монгол хүн барилддаг гэсэн гээд цагийг нь тааруулж ордонд очсон. Д.Батбаярыг дэвжээнд гарахад нь “Батбаяраа, Сайн барилдаарай” гэж хашгирсан чинь их цочиж харж байна. Манай хүн ч яллаа. Удалгүй Н.Цэвэгням гүйж ирээд “Өнөө орой хамт хоол идье гэнэ. Ордны гадаа 6.00 цагт байж байгаарай гэж хэлүүллээ” гэсэн. Ингэж монгол сүмочидтойгоо анх танилцсан. Дэвжээнийх нь манлай сүмоч Асахиютака тэгэхэд 7-3 амжилттай явж байсан. Тэгээд надад “Би уул нь эд нарын ах. Гэтэл дүү нар маань надад юм заагаад байх юм. Долоо ялахдаа бүгдэд нь Кёкүшюүзаны зөвлөгөөг дагасан. Сая л гэхэд зүгээр хөл тавиад татчих гэснийг нь хийхэд Такаторики үсрээд өглөө” гэж ярьсан. Тэр үед Монгол хөвгүүдээрээ бахархсан шүү.
Нэг сонирхолтой түүх яръя. Түүнээс хоёр жилийн дараа ШО надаас “Нөгөө хүү хэр барилдаж байна” гэж асуусан. “Комүсүби болсон. Монгол бөхөөр бол улсын заан” гэлээ. Тэгтэл “Тэр хүүг баярлуулах хэрэгтэй юм байна даа” гээд ерөнхийлөгч Н.Багабандид хандан, гавьяат тамирчин болгож байсан.

-Одоо бараг телевиз болгон сүмог шууд дамжуулдаг болж. Энэ дундаас хүргэж буй мэдээлэл, мэдэрч тайлбарладгаараа яах аргагүй таных бусдаас ялгардаг. Башёгийн үед хэрхэн ажилладаг зарчмаа хэлнэ үү?
-NHK-гээр тайлбарлаж буй ояката нар тун сайн ярина. Тэд нарын хэлж байгаагаас хэрэгтэйг нь орчуулдаг. Мөн Японы сонин, хэвлэлүүдэд макүүчигийн хүн тус бүр дээр юу гэж бичсэн талаар мэдээлэл авдаг. Гэхдээ сонссон, мэдсэн болгоноо яриад байдаггүй л дээ. Монголчууд цагаан хэл ам гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлийг нь сонсоогүй юм шиг өнгөрөөдөг. Жишээ нь өнгөрсөн башё өндөрлөх яагаа ч үгүй байхад, Хакүхогийн ёкозүнагийн анхны ёслол хийх өдрийн тов тодорч, бүр 19-нөөс бэлтгэл ажил нь эхэлсэн. Энэ талаар би тухайн үед мэдсэн ч бүх зүйл тодорхой болсон хойно анх дуугарч байлаа. Энэ дашрамд хамтрагчийнхаа тухай үг хэлье. Би тайлбарын явцад гацаж, түгдрэх нь бий. Энэ үед “Чандмань” студийн спортын сэтгүүлч, сүүлийн жилүүдэд надтай маш сайн гар нийлж байгаа Г.Отгонжаргал үргэлжлүүлээд аваад явчихдаг. Бид хоёрын хувьд бие биеэ тун сайн ойлгож ажилладаг.

-Шууд нэвтрүүлгийн цаг давхацдаг болохоор бусад телевизийг үзэж амжихгүй нь тодорхой. Харин орой тойм нэвтрүүлгээр ч юм уу, өөр тайлбарлагчийн хэрхэн ярьдгийг үздэг үү?-Би зөвхөн япон хэлээр л сонсдог. Ер нь сүмог монгол тайлбартай үзээгүй санагдана. Хакүхог түрүүлсний дараа гурван өдөр дараалж NHK-гийн мэдээ түүний тухай мэдээгээр эхэлж, бүх сонин нэгдүгээр нүүртээ Хакүхогийн зургийг тавьж байлаа.

-Одоо макүүчигийн дээд хэсэгт монголчууд олноор барилдаж, бүр хоёр аваргатай боллоо. Үндэсний спортод нь харийнхан ноёлохоор мэдээж япончуудад таатай биш байх. Энэ талаар таны бодлыг сонсъё?-Япончуудын хувьд тийм үзэлтэй хүн ховор. Муусайн монголчууд аварга боллоо гэх биш, сүмод шинэ аварга төрлөө гэсэн хандлагатай. Энэ бол сүмогийн ёс заншил, дэг жаягийн онцлог юм. Телевизүүд гудамжинд яваа хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсоход бүгд л “Хоёр дахь аварга төрсөнд баяртай байна. Улам өрсөлдөөнтэй болох нь” гэж ярьж байсан.

-Сүмод нэгэнт ноёрхсон манай бөхчүүдтэй хэн илүү ширүүн үзэх бол? Нэг үе их эрчтэй гарч ирсэн европчууд зогсчихлоо? -Яагаад заавал монголчуудтай үзэх ёстой гэж. Энэ сүмогийн зарчим биш. Монгол бөхөд тэр аймгийн тэр сум гэж дууддаг. Харин сүмод зүүн, баруун жигүүрийн гэж л цоллоно. Ийм ялгаанаас дээрх яриа гарч байгаа. Жишээ нь Хакүхо япон бүсгүйтэй гэрлэхэд тэнд “Озэки Хакүхо гэрлэлээ” гэж байхад Монголд “Манай бөхийн удам японд шилжлээ” гээд шуугисан. Таны хэлсэнчлэн европчууд зогсонги байдалд орсон нь үнэн. Багш нарын ярианаас сонсоход Котоошюү озэкигоор үлдэнэ. Барүто муу багштай болохоор гавихгүй гэсэн. Манайхны хувьд Ама сайхан озэки болох байх...
мэдээллийн эх сурвалж

Monday, July 2, 2007

Ө.ТАМИР: Хакүхо одонгийн хүү

Наадмын сар урган гарч байна. Долдугаар сар гэдгийн хувьд хуучин танил үг. Урсгал усанд нэг л удаа орж таардаг утгаар ухвал цоо шинэ өдөр, сар ирж явна. Баяр наадмын өмнөх өдрүүдэд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбаттай нэг биш удаа уулзаж, тэр бүхнээ уншигчдадаа толилуулж байсан уламжлалыг энэ удаа арай өөрөөр үргэлжлүүлье.
Японы сүмогийн 69 дэх аварга хүү М.Даваажаргал-Хакүхогийн хамт хориод хоног байж олон содон сайхан үйл явдлыг үзээд ирсэн дархан аваргын гэргий, шинэхэн аваргын ижий Ө.Тамиртай ярилцах боломж олдсонд баяртай байна.

-Аваргын гэргий, аваргын ижий хэмээх эрхэм хүндэтгэлийн эзэн ховор хүнтэй “Өнөөдөр” сонины уншигчид уулзах нь. Танайхан Японоос ирээд удаагүй байна. Явсан газрын сонин сайхныг хуучилдаг монгол уламжлалыг Та юу эс андах билээ.

-За байз. Эхлээд хүүгийнхээ барилдаан, цолны тухай ярих уу?

-Тэгэлгүй яах вэ.
-Бид өнгөрсөн Нацү башёгийн төгсгөлийн буюу 15 дахь өдрийн барилдааныг Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд үзлээ. Өмнөх 14 өдрийнхийг зурагтаар харсан. Барилдаан сайхан болж, хүүгийн минь ялалтаар өндөрлөснийг олон хүн ордон дотор, буман үзэгч зурагтаар харсан нь илэрхий. Тиймээс түмний харсан мэдсэн, нэг талаар өнгөрсөн зүйлийг давтан хэлээд ч яахав. Аав нь их баярласан шүү. Би ч баярлаж л суулаа. Ер нь тухайн өдрийн барилдааны үр дүнгээс төдийлөн хамаарахгүйгээр хүү гурав дахь удаагаа түрүүлэх, улмаар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга цолтой болох нь хэвлэл мэдээллийн шугамаар бараг тодорхой болчихоод байсан үе. Би хүүгээ гурав дахь удаагаа түрүүлээд их аварга болсныг тохиолдлын ч юм уу, эсвэл нарийн учир шалтгаантай юм уу ховор учрал гээд бэлгэшээж байгаа.
Аавыг нь улсын наадамд гурав түрүүлж байж улсын аварга болсон тухай бөх сонирхогчид мэднэ. Та хоёр тиймэрхүү гарчигтай ярилцлага нийтлүүлж байсан биз дээ?

-Санаж байна.
-Эцэг хүү хоёр сонгосон сонгосон барилдаанаараа гурав гурав түрүүлээд аварга болж байгаа нь ховор, содон сайхан амжилт юм даа.

-Тийм ээ. Та ийм ховор содон сайхан амжилтын үр үндсийг юунд буйг бодож үзсэн үү?
-Бурхан минь. Бодож үзэлгүй яахав. Бараг өдөр бүр боддог байлгүй. Түмний минь буян. Хүүгийн минь төлөө сүүн цацал өргөж ерөөл тавьж суусан ард түмний минь сайхан сэтгэлийн ач гэж боддог оо. Бас тамирчин хүний сэтгэлийн хат тэвчээр, багш нарынх нь эрдэм ухаан, хайр ивээл, хүүгийн минь удам судар, аавынх нь нөмөр нөөлөг гээд олон учиг нөлөөтэйг үгүйсгэх аргагүй дээ.
Түмний ерөөлөөр хүү минь сайн барилдлаа гэдгийг тайлбарлаж хэдэн үг хэлье, би. Хүү 2004 онд жюүрёод дэвшихэд нь бид анх Японд очиж байлаа. Тэр үеэс монгол, япон олон хүн аваргын хүү аварга болоорой гэцгээдэг байлаа. Сая Японд очоод хүүгийн минь амжилтын төлөө баярлаж, догдлох япон, монгол хүмүүсийг хараад сэтгэл хангалуун явлаа. Япон руу нисэх болгондоо Мөнхбат 1964 онд Токиогийн олимпод очихдоо усан онгоцоор хүрч байснаа дурсан хуучилдаг. Ядарч усан зам туулснаа мартдаггүй юм билээ. Бид тэр үед бие биенээ мэдэхгүй явсан үе.

-Ингээд л асууж тодруулмаар юм гараад ирдэг юм. Аваргатай яаж танилцсанаа та нэг удаагийн ярилцлагадаа дэлгэрэнгүй өгүүлсэн байх аа.
-Ганц нэг ярьж байсан удаатай. Бид нийлж суугаад таван хүүхэд, түүнээс олон ач, зээтэй болцгоолоо. Би одоо хүүгээ Японд очсоны дараа санаж байсан тухай хэдэн үг хэлье. Хүү минь 2000 онд Японд очсон юм. Японд очих замыг Батбаярын аав Даваа анх гаргаж өгсөн буянтан шүү дээ. За тэгээд Даваажаргалыг жин бага, нас балчир гээд сүмогийн дэвжээнд авах эзэн олдохгүй буцахын толгой дээр Батбаяр Миягино дэвжээний эзэнд удам судар сайтай, бөх болох ирээдүйтэй гэж учирлан танилцуулсаар сүмоч болох нөхцөлийг бүрдүүлснийг хүмүүс одоо ерөнхийдөө мэддэг болсон доо. Би хүүгээ их санана аа. Аав нь ч санадаг л байсан байх.
Хүүгээ санахаар дуунд гардагчлан “нисээд очмоор санагдана аа”. Хааяа утсаар ярихаар нь сэтгэл уужирна. Монгол Улсынхаа иргэний үнэмлэх бичгийг авах насанд хүрээгүйдээ тэр хол газар луу явчихсан амьтныг чинь санахаас яахав. Одоо ч нисээд очдог болчихлоо.

-Та нар нисэж очоод озэки Хакүхог өвдөг шороодолгүй 15 дахиа давахыг, Ёкозүна цолтон болохыг хараад ирлээ. Тэр ёслол хүндэтгэлийн талаар ярихгүй юү?
-Зурагтаар та, ер нь нэлээд хүн үзсэн байлгүй. Сүртэй, ёс төртэй сайхан юм боллоо. Гудамжаар задгай машинаар давхиулах юмаа. Японы NHK телевиз дээр очлоо. Харуул, хамгаалалт нь лут бололтой ажиглагдсан шүү. Хүү тэнд очоод олон хүнтэй барилдааны биш сэдвээр бас ярилцаж л байх юм. NHK телевизийнхэн сүмочидтой хэд хэдэн шугамаар холбоотой бололтой. Тэд ажил төрлийн дагуу уулзаж учрах нь мэдээж. Бас сагс энэ тэр тоглодог юм байна, хааяа.
Түрүүлснээс хойш гурав хоногийн дараа Ёкозүна цол олгох албан ёсны шийд гарч Мэйжинжингү сүмд ёсолгоо хийв. Дараа нь манай Элчин сайдын яамныхан хүлээн ач уулзаж бас баяр хүргэх хөтөлбөртэй байв. Бид очлоо. Миний ээжийн дүү Д.Цэрэндондов ах Японд Элчин сайдаар ажиллаж байсныг тэр баярт мөчид дурсахад нэн таатай байсан шүү, надад.

-Таны ээжийн болон нагац нарын тухай үргэлжлүүлээд ярилцвал олон сайхан гэгээн дурсамж хөврөх учиг ургаж л байна. Уншигч нар хол нутгийн бэртэйгээ бяцхан ачтайгаа уулзан учирсныг тань сонсох гэж яарч байж магадгүй дээ.
-Нөгөөдүүлийнхээ барааг сүмогийн тэр том ордон дотор анх харж уулзаж танилцлаа, бид. Бяцхан ачийг минь өлгийдөөгүй хувцаслачихаад аваад иржээ. Хөөрхөн амьтан. Отгон хүүгийн минь ууган гэж бодоод тэр үү, сэтгэл нялхруулаад.

-За одоо бэрийнхээ тухай ярьж болох уу?
-Нэгэнт одоо түмэнд тодорхой илэрхий зүйлийн тухай ярихад дургүйцэх юу байхав. Мөнхбатынхан япон бэртэйгээ мэдээд уурлаж бухимдсан гэнэ. Бие нь муудсан гэнэ гэхчилэнгээр сонин хэвлэлд гарсан зүйл таавар таамаг төдий худал байсныг хүмүүст дуулгах нь зүйтэй байлгүй.
Ер нь хүүхдүүдийн үерхэл хоёр гурван жилийн өмнөөс эхэлсэн юм билээ. Хүн хүний хувь тавилан гэж байдаг даа. Сайхан сэтгэлтэй, элгэмсэг бэртэй болж таарлаа. Манай охин Батгэрэл, бас нэг дүү минь англи хэлтэйн ачаар япон бэртэйгээ төвөггүй ойлголцож байв. Тэр охин англиар ярьдаг учраас. За, тэгээд нүд сэтгэлийн толь гэж лут үг бий. Бэрийнхээ нүднээс бид түүний сэтгэлийн сайхныг мэдэрч, өөриймсөг дотно байхыг чармайж буйг мэдэрч явлаа. Цөөн хэдэн монгол үг сураад амжжээ, хөөрхий минь. Бас монгол хоол хийж сурч байна аа.

-Ач охин, япон бэрийн тухай яриаг залгаад шинэ худынхаа тухай хуучлаач, та.
-Бэр охины минь нэр Соёоко Вада шүү дээ. Аав, ээж нь тавь орчим насны хүмүүс байна. Хүү, охин хоёртой айл юм. Ууган нь хүү. Отгон нь охин. Хүү нэг дээд сургуулийн багш. Охин нэг жил сураад дээд сургуулиа дүүргэх учиртай хэмээн тэд ярьж байв. Бэрийн эцэг Вада зах зээлийн жамаар бизнес эрхэлж яваа аж. Нэг биш чиглэлээр ажилладаг бололтой юм. Монголд элэгтэй, боломж бүрдвэл манай оронд хөрөнгө оруулалт хийх санаатай явдгаа илэрхийлж, эхний алхмаа мод тарьж эхлүүлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Янагада Савада гэдэг хүн Японоос Монголд ирж мод тарьсан нь тэдний ажлын нэг хэсэг болж таарах нь. Мод үржүүлж тарихаас гадна, асрамж сувилал зэрэг салбарт компанитай айл байна.

-Мөнхбатын Даваажаргалынх ямар байранд аж төрж байна, Токиод.
-Гурван өрөө сайхан байртай, тэндхийн айлуудад байвал зохих тавилгатай, унаатай, жолоочтой, хэд хэдэн туслахтай айл байна аа.

-Танай шинэ хүмүүс Монгол нутагт хэзээ хөл тавих бол?
-Мэдээжээр нэг сайхан өдөр ирж таарна. Одоогоор шийдэж товлоогүй байна. Бяцхан ач онгоцоор аялах арай болоогүй нь хэн бүхэнд илэрхий. Сонирхолтой нь манай бэр хэдэн жилийн өмнө аавтайгаа Монголд ирээд үзчихсэн юм байна лээ.

-Та бүхэн Хавайд зохион байгуулсан жюнгё үзээд ирсэн байх. Тэнд монголчууд олон очих юм уу?
-Хавайд монголчууд очжээ. Тэгэхдээ харьцангуй цөөхүүлээ очиж таарлаа. АНУ-аас виз авдаг учраас бас бэрхшээл гарах юм. Тухайлбал, манай хүргэн, бэрийн Хавайд очих виз энэ удаа бүтсэнгүй. Мөнхбат бид хоёр АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотод 2005 онд сүмочдын үзүүлэх тоглолтыг сонирхож явсны хувьд Хавайн тоглолтыг хүү, охин, хүргэн бэр нартаа үзүүлэхийг зорьсон боловч энэ жил амжсангүй. За яахав. Дүрэм журам, хууль номтой зүйлийн тухай олон юм хэлэх бодол алга. Харин Лас-Вегаст сүмо сонирхож явсан дөрвөн залуу Хавайд ирсэн нь сонин санагдсан. Тэд монгол гэсэн сайхан сэтгэлтэйн дээр сүмочдын жинхэнэ фэн болоод тэгж яваа байлгүй дээ. -Ёкозүна Акэбоно, Мусашимару нарын нутаг Хавайд танайхан очоод хүүгээ хоёронтоо түрүүлэхийг хараад иржээ. Тэнд болсон жюнгё сонирхолтой болов уу?

-Сонирхолтой байлгүй яах вэ. Эхний өдрийн тэмцээн нь Хонолулу хотын захирагчийн цомын төлөөх барилдаан байв. Асашёорюү түрүүлээд хүү удаалав. Хоёр дахь өдрөө сүмочид Хавай мужийн амбан захирагчийн цомын төлөө барилдахад хүү Аматай үлдээд түрүүлсэн.
Хоёр барилдааны ялагч үнэмлэхүй аваргын төлөө дахин барилдахад сүмогийн 68 дахь аваргыгаа 69 дэх нь даваад “Гранд гран при” гардахыг харахад сайхан байлгүй яахав дээ.

-Хавайд зохион байгуулсан сүмогийн барилдааныг олон хүн үзэх юм уу? Би ч зурагтаар үндсэн башёг хардаг нэгэн.
-Хонолулу хотын “NBC-Arena” ордны үзэгчдийн суудлыг 8000 гэж танилцуулж байна лээ. Нэг удаагийн барилдааныг нь 4000 гаруй хүн л үздэг бололтой юм. Суудлын талаас арай илүү нь үзэгчтэй харагдсан шүү. Сүмогийн үзүүлэх тоглолтын үеэр бас олон сонирхолтой үзүүлбэр бэлтгэдэг уламжлал тогтсон юм байна. Бид тэнд дөрөв, тав хонолоо. Японоос долоон цаг нисэж хүрсэн байх шүү. Хүү минь, ер нь сүмочид сүмогийнхоо холбооны мэдлийн хүн болчихдогийг сайн мэдээд ирлээ. Усан дээр моторт завиар аялуулах, дельфинтэй бүжиглүүлэх хөтөлбөр сонирхолтой ч, зарим талаараа эрсдэлтэй санагдсаныг нуугаад яах вэ? Тэр бүжигчин дельфинүүд сургуультай амьтад учраас эрсдэл багатай байж магадгүй. За тэгээд усчин усандаа гэдэг үг бий. Монголчууд усан дээр наадаж байсан уламжлал байх биш. Мөнхбат хүүгээ усан дээр нэлээн тоглохыг харж байгаад “Одоо гар, наад ус чинь хамаг тэнхээ аваад явчихдаг юм” гэж байна лээ.

-Аварга Японд лекц уншсан мэдээлэл байсан үнэн үү?
-Биднийг Хавайгаас ирсний дараа Японд тийм ажил зохион байгуулсан шүү. Аваргын хүү аварга боллоо гээд... япончууд ер нь баярлаж байгаа нь илэрхий.

-Манайхан бас баярлаж байгаа шүү дээ.
-Тийм ээ, тийм тэр бүхнийг мэдэрч байна. Олны буян, амны бэлгэ гэж лут юм байх юмаа. Таны асуултад хариу болгож хэлэхэд тэр лекц нь эцэг хүүгийн барилдлага сэдэвтэй юм билээ.

-Дархан аваргын гэргий бөх хүүтэй болохыг мөрөөдөж явсан байлгүй. Сайхан байгаа биз, одоо.
-Сайхан байлгүй яах вэ. Намайг буруу өтлөх нь гэж битгий бодоорой, та. Миний ээжийн эцэг Дэнзэнг сайн барилдаж байсныг мэдэх хүн цөөрлөө. Улсын арслан Г.Цоодол барилдаж явсныг асуувал дурсах байх аа.

-За тэгвэл хүү тань хоёр талаас бөхийн удамтай болж тодорлоо. Таны ээж Дэнзэнгийн Дулмаа Түвдэнгийн Бортой хамт тэмцэж явсан бүсгүйчүүдийн нэг сайхан урт насалсан байх.
-Тийм ээ. 90 гараад өөд болсон доо. Залуудаа хавар тариа тариулж, намар хураалцаж, театрын жүжигчин болж, хэзээ завандаа юм феодлын хөрөнгө хураалцаж явсан баян намтартай. Өвөрхангайн зарим хөгшид, түүхчид Даваажаргалыг саяхнаас нутгийн хүү гэлцэх болж байна. Тэгвэл миний аав Сэрээтэрийн Өлзий-Утас Архангайн хүн. Тэгээд надад Тамир нэр өгсөн байх магадлалтай. Аавыгаа Монголын анхны шүхэрчдийн нэг энэ тэр гээд яривал би таныг чилээх байх даа.

-Тамир аа, энэ удаа тэгж чилэхийг азная. Анагаах ухааны дээд сургуулийн оюутан үедээ Иосиф Броз Титод цэцэг барьж буй зураг тань хэвлэлийн хуудсанд үлдсэн байгаа. тэр үед онц сурлагатай оюутан, сурагчдад тийм сонин хувь, бас үүрэг ногддог байсныг гадарлах юм. Эмчийн мэргэжлээрээ олон жил ажилласан уу, хөдөлмөрийн гараа чинь хаанаас эхэлсэн бэ, Та.
-Тийм ээ, гадаадын том зочинд цэцэг өргөх үүрэг хүлээж явсан минь үнэн. Тухайн цагийн шалгуурт тэнцээд тэр биз. Нийслэлийн гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасгаас хөдөлмөрийн гараагаа эхэлж билээ. Тэнд одоо баатар болсон төрийн шагналт Р.Пүрэв гуай, төрийн шагналт Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, С.Загдаа, Ё.Бодьхүү, Ж.Моондой нар ажиллаж байж билээ. Арай хожим нь саяхан хөдөлмөрийн баатар болсон Ж.Хайрулла багштай хамт хагалгаанд орж явсан удаатай. Дээрх баримтыг хэлэхдээ би тэдний дайтай эмч явсан гэдгээр биш мэргэжлээрээ ажиллаж явснаа илэрхийлэх гэж хэллээ. Эрүүл мэндийн салбарт хорь гаруй жил хөдөлмөрлөснийх салбарынхаа тэргүүний ажилтны эгнээнд багтсан үнэмлэх тэмдэгтэй.

-Уучлаарай. Тэмдэг гэснээс одон медаль олонтой юу, эмч та.
-/инээснээ/. Манайд одон медаль олон бий шүү. Цаашдаа нэмэгдэх л биз. Даваажаргал манай отгон хүүхэд. Би одонгийн хүү гэж наргиан болгодог юм. Алдарт эхийн одонгоо эхчүүд зүүх нь цөөрөө юү дээ. Манай таван хүүхэд миний шагнал, одон.

-Та сэтгэл хангалуун сайхан аж төрж яваа эзэгтэй нарын нэг ээ. Амьдралдаа дутагдаж гачигдахын бэрхийг ер нь мэдэрсэн үү?
-Та усан амлаж байна гэж битгий бодоорой. Зах зээлийн үе биднийг тойроогүй шүү. Хүүгийн хүч, түмний хайраар одоо боломжийн аж төрж явна аа, бид. Бололцоо нөхцөлийнхөө хэрээр сайхан сэтгэл гаргаж бидэнд тус дэм болж явсан одоо ч сайхан харилцаатай байдаг олон хүн бий. Би таны мэдэх, гадарлах хэдэн хүний нэрийг зориуд хэллээ. Тэр бүхнийг сонинд тоочин бичих хэрэгтэй, үгүйгээ та сонгоно биз. Ер нь хүмүүс дэм дэмэндээ аж төрдөг, бид олонтойгоо, тэднийхээ буян, амны бэлгээр сайхан амьдарч байна.

-Тамир аа, наадам дөхлөө. Энэ жил хэн түрүүлэх бол, хэн хэн начин болох бол бодлоо хуваалцаач.
-За.Чулуун гуай наад асуултад чинь хэвлэлд зориулаад хариу өгөх надад ахадна. Ёс жудагт таарахгүй. Бид хоёр удаан ярилцлаа. “Өнөөдөр” сонины уншигч түмнийг, танай бүтээлч хамт олныг сайхан наадахыг ерөөе, болох уу?

-Баярлалаа.