Friday, December 19, 2008

Мэргэжлийн сүмогийн 2008 оны онцлох үйл явдал

Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд өмнө нь гарч байгаагүй олон сонирхолтой үйл явлал энэ жил болж өнгөрсөн. Монголчуудын шимтэн үзлэг сүмочид маань багагүй хэрэг төвөг тарьж, хэрүүл шуугиан дэгдэн, шүүх зарга дээрээ тулав. Гэхдээ бүх зүйл тийм ч хар бараан байсангүй. Ингээд хамгийн дуулиантай үйл явдлаас тоймлон хүргэе.

Асашёорюү, Хакүхо нарын ёс бус авир
Нацү башёгийн сүүлчийн өдөр хаалтын барилдаанд боссон Асашёорюү, Хакүхо нар дэвжээн дээр ёс бус авир гаргаж, олныг цочирдуулсан билээ. Ёкозүнагийн хяналтын зөвлөлийн гишүүд энэ үйлдлийг нь "Эртний түүхт сүмо бөхийн нэр хүндийг унагаасан тэднийг хатуу шийтгэх хэрэгтэй" гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ Сүмогийн холбооны тэргүүн Китаноүми Асашёорюүг өмөөрч, Хакүхог буруутгасан юм. Тэрээр "Нэгэнт хүч, чадлаа шавхан барилдаад дийлээгүй л бол ялагчийн өмнө хүлцэнгүй байх нь сүмогийн нэг зарчим. Энэхүү үүссэн нөхцөл байдлын бүх хариуцлагыг Хакүхо ганцаараа үүрэх ёстой" хэмээсэн юм. Энэ үйлдлээрээ хоёр аварга анх удаа хар амжилтын дансанд бүртгэгдсэн.

Асашёорюү домогт аваргуудын нэг Таканоханатай зэрэгцэв
Зүүн, баруун жигүүрийг магнайлан боссон монгол аваргууд хоёр дахь башё буюу харуд мөн л дараалан хэн давсан нь түрүүлэх нөхцөлтэйгөөр барилдсан. Сүмогийн түүхэнд ховор тохиодог ёкозүна цолтнууд сүүлийн өдөр ижил даваатай боссон үзэгдэл ийнхүү 2008 оны эхний хоёр тэмцээнд дараалан гарсан юм. Гэхдээ энэ башёд ёкозүна Асашёорюү 22 дахь түрүүгээ авсан. Энэ түрүүг авснаар тэрээр Японы домогт аваргуудын нэг Таканоханатай зэрэгцэж, бүх үеийн түүхийн IҮ байрыг хуваах болсон юм.

Тоёозакүра, Магаки нарт өгсөн анхааруулга
Өнгөрсөн оны зургадугаар сард "Токицүказэ" дэвжээний залуу бөх бэлтгэлийн үеэр дарамт, зодуурыг даалгүй амиа алдсан нь сүмогийн ертөнцийг цочроосон гэхэд болно. Үүний дараахан Магаки ояката жониданд хүч үзэж буй шавиа эхний барилдаандаа ялагдчихаад ирэхэд нь бейсболын цохиураар нүд рүү нь цохиж, маргааш өглөө нь хэт их ачаалалтай бэлтгэл хийлгэж дарамталсан нь тодорхой болсон. Мөн Тоёозакүра дэвжээнийхээ жонокүчигийн бөхийг саваагаар толгой руу нь цохиж, үүний улмаас нөгөө сүмоч нь найман оёдол тавиулсан нь илэрсэн юм. Тиймээс тэдэнд сүмогийн холбооноос хатуу анхааруулга өгсөн юм.

Хакүход олон шинэ амжилт бэлэглэсэн нагоя башё
Нагояд түрүүлж үзээгүй байсан ёкозүна Хакүхо башёгийн 13 дахь өдөр түрүүлэх болзлоо хангасан юм. Мөн Хакүхо мэргэжлийн сүмогийн жилийн бүх тэмцээнд түрүүлсэн арав дахь бөх болов. Өнгөрсөн жил дөнгөж мэндэлсэн охиндоо зориулж тавдугаар сарын барилдаанд уналгүй түрүүлж байсан Хакүхо энэ удаа ч хоёр дахь хүүхдээ төрөхийн өмнөхөн дахин төгс амжилт үзүүлсэн нь энэ юм. Ийнхүү нагоя башё, Хакүход олон шинэ амжилт бэлэглэсэн.

Ваканохогийн худал гүтгэлэг
Сүмогийн бараг бүх барилдааны үр дүнг урьдчилан, тохиролцдог, өөрөө ч найраанд оролцож байснаа өгүүлж байсан Ваканохо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд энэ бүхэн худлаа яриа байсан хэмээн мэдэгдсэн билээ. Хар тамхи хадгалсан, хэрэглэсэн гэх хэргээр их сүмогоос хөөгдсөн тэрээр хөндлөнгийн нэгний ятгалгад орж энэ бүгдийг ярьснаа хүлээсэн юм. Мөн өөрийг нь хатгасан тэр хүнээс 2,5 сая иен авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Тэрээр ингэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа, "Сүмогоос хөөгдсөн хүнд үед минь тэр хүн ирж үг зааж өгөөд хэрэв ингэж яривал чи удахгүй сүмодоо эргэж орно гэсэн. Энэ бүгдийг би дахин сүмод барилдахын төлөө л хийсэн. Худал гүтгэлэг хийж, нэр хүндэд нь халдсаныхаа төлөө бүх сүмочдоос уучлал гуйж байна" гэж байсан юм.

Китаноүми ерөнхийлөгчөөсөө мултарсан
Нэг жилийн дотор нэг ояката, гурван сүмоч тэр тусмаа цолтой бөхчүүдээ ажлаас нь халж байсан түүх сүмод үгүй. Рохо, Хакүрозан нарыг Сүмо бөхийн холбооноос хөөж, холбооны тэргүүн Китаноүмиг огцруулсанаар энэ түүх бий болов. Китаноүмиг ерөнхийлөгчөөс нь болиулсан ч удирдах зөвлөлд үлдээж чадсан юм. Гэвч сарын нэг сая 800 мянган иенийн цалин нь хэвээр, харин тусгай хангамж болох 50 мянган иен л үгүй болжээ. Харин элдэв асуудал шийдэхэд оролцох эрх, нөлөө нь багассан.

Их аварга Асашёорюүгийн байцаалт
Долоо хоног тутмын "Шюүкан гэндай" сэтгүүл мэргэжлийн сүмод даваа наймаалцах явдал газар авсан хэмээн нэг бус удаа нийтлэл гаргасан. Тус сэтгүүлийн нийтлэлтэй холбогдуулан Японы сүмогийн холбоо нэр нь дурдагдсан 32 хүнээс байцаалт аваад, найраа байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн учир сэтгүүлийн газрыг хуулийн байгууллагад шилжүүлсэн юм. Токио хотын мөрдөн байцаах газраас сүмочид болон холбооны холбогдох хүмүүсээс байцаалт авахдаа нийтлэлийн гол баатар болсон ёкозүна Асашёорюүгаас ч байцаалт авсан юм. Энэхүү байцаалтыг Японы өдөр тутмын хэвлэлүүд үг, үсгийн зөрүүгүй буулган хэвлэсэн байв. 50-иад минут үргэлжилсэн байцаалтын туршид ёкозүна Асашёорюү сүмо дахь найрааг үгүйсгэж, өөрөө ийм хэрэгт орооцолдож байгаагүйгээ баталсан.

Хамгийн өндөр зэрэгтэй шүүгч тэтгэвэрт гарав
Мэргэжлийн сүмогийн хамгийн өндөр зэрэгтэй шүүгч Кимүра Жёоносүкэгийн 65 насны ой энэ жил тохиов. Их сүмод 65 нас хүрвэл тэтгэвэрт гардаг аж. Кимүра шүүгчийн хүндэтгэлийн ёслолд Японы сүмогийн холбооны тэргүүн Китаноүми, ёкозүна Хакүхо нарын 300 гаруй хүн оролцсон. Тэрээр "52 жил сүмогийн ертөнцөд ажиллаж хөдөлмөрлөлөө. Харин тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн хоёр монгол аварга сүүлчийн өдөр тэнцүү даваатай түрүү булаацалдахыг хоёр башё дараалан харсан нь тун завшаант хэрэг боллоо. Хамгийн сэтгэл догдлуулсан мөчүүд сүмо дахь амьдралын минь төгсгөлд ирсэнд таатай байна" хэмээн ярьсан байдаг.

Сүмогийн холбооны хүнд цохилт
Залуу гарьд хэмээн нэрлэгдэж, ирээдүйн арслан хэмээн цоллуулж байсан маэгаширагийн манлай бөх Оросын Ваканохо хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр цагдаагийн газарт баривчлагдсанаар Сүмогийн холбоо хүнд цохилтод орсон гэхэд болох юм. Залуу бөхийн үхэл, шинэ бөхчүүдийг дэглэх гээд сүүлийн нэг жилийн турш шүүмжлэлээс салаагүй байсан Сүмогийн холбоо Боловсролын Яамны шахалтаар холбоондоо Хэрэг зөрчил гарахаас сэргийлэх хороо гэгчийг байгуулсан юм. Энэхүү хороонд нь сүмотой ямар ч холбоогүй өөр мэргэжлийн хүмүүс орсон. Учир нь, гадны хяналт байхгүй бол сүмо холбоон дотроо ялзраад дуусах нь гэж Боловсролын яам үзсэн болохоор ийм алхамд хүрсэн юм.

Ама Озэки болов
Кюүшюү башёд 13 даваа авч Озэки цолны болзлоо давуулан биелүүлсэн Ама Д.Бямбадорж уран барилдааны шагналыг ч мөн хүртсэн. Амаг болзолт даваандаа хүрээгүй байхад л "Исэгахама"-гийн дэмжигчдийн нийгэмлэг аль хэдийнэ Озэки цолны баяр тэмдэглэх газраа товлосон байсан юм. Озэки цол олгох ёслол Амагийн харьяалагддаг "Исэгахама" дэвжээнд болсон. Уг ёслолд Мэргэжлийн сүмо бөхийн холбооны удирдлагуудаас гадна дэвжээний ояката, Ама буюу Асахифүжи болон түүний гэргий, бусад бөхчүүд оролцсон юм. Харьяалагддаг дэвжээгээ нэгэн гэр бүл гэж үздэг сүмо бөхийн ёсоор тухайн дэвжээний бөх цол нэмэхэд дэвжээний эзэн болон түүний эхнэр хоёр заавал байх ёстой юм билээ.

Monday, December 15, 2008

Сумо тайлбарлагч Д.Төмөрбаатар: Монголын сумочид японд очоод эзлэн түрэмгийлж байгаа гэдэг үгийг хэлмээргүй байна

Японы мэргэжлийн сумогийн ертөнцөд Монгол бөхчүүд цахиур хагалж бид тэднээрээ бахархах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ зүлэг ногоон дэвжээнээ эр бяраа уралдуулдаг үндэсний бөхөө дээдэлж ирсэн Монголчууд бид эхэндээ сумо бөхийг ойлгохгүй "Бөх юм уу биш юм уу. Хэдэн шалдан хүн ноцолдоод байх юм" гэж үл ойшоох аястай байсан нь яах аргагүй үнэн. Тэгвэл Монгол-Япон хоёр орны гадаад харилцааг өргөжин тэлэхэд онцгой хувь нэмэр оруулсан сумо бөхийг хэн хүний анхаарлын төвд авчирахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн эрхэм бол та бидний сумо тайлбарлагч гэдгээр нь андахгүй таних Д.Төмөрбаатар юм.

-11 сарын башё эхэлсэн болохоор та ч цаг наргүй явж байгаа байх. Сумо гэдэг ертөнцийг Монголчууддаа илүү ойлгомжтойгоор хүргэж таниулахад таны үүрэг нөлөө их байсан. Тэгэхээр эндээс яриагаа эхлэх үү?
-Хэдэн жилийн өмнө бол манайхан сумо гэхээр ойлгодог ч үгүй байлаа. Энэ чинь барилдаан юм уу юу юм бэ. Эсвэл хэдэн шалдан эрчүүд л ноцолдоод байгаа юм биш үү гэдэг байсан бол. Одоо их өөрөөр хардаг болсон. Эхний үед бол тэнд барилдаж байгаа манай Монгол залуучууд Япончуудыг дийлээд өгөөсэй, монгол хүний чадлыг ид хавыг харуулаасай гэдэг байсан бол өнөөдөр, сумог бөх, соёл гэдэг утгаар нь ойлгодог болжээ. Үүнд би их баяртай байдаг. Сая 8-р сард Монголд Жингё гэж нэрлэдэг тойргийн барилдаан боллоо. Энэ барилдаан дээр монголчууд тухайлбал манай хоёр ёкозүна гэхээс илүү Японы Кайог их хөгжөөн дэмжиж, түүнд их талархал илэрхийлж байсан. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр сумо гэдэг бөхийг, соёлыг ойлгоод тэр барилдаж байгаа бөхчүүдээс өөр өөрийн бөхтэй болчихсон мэдрэмж, таашаалыг нь илэрхийлж байна гэсэн үг.

Аль болохоор бодитой байдлыг үзэгчиддээ ойлгуулах нь миний бас зорилго ч гэх юм уу даа. Японы бөхчүүд ч бай, манай бөхчүүд ч бай жаахан сахилга бат алддаг ч юм уу эсвэл үл ойлгогдох байдал гарах юм бол тэрийг нь ч гэсэн бодит байдлаар нь хүргэх юмсан гэж боддог. Хоёрдугаарт сумо гэдэг бол Япон үндэстний бий болгосон их том соёл юмаа. Хаана ч байхгүй өвөрмөц ёс зүй, дүрэм энд харагдаж байна аа. Эндээс манайхан ойлгож аваасай ойлгож авсныхаа үндсэн дээр тэр Япончуудтай харьцаж, Япончуудын соёлоос суралцаасай. Өөрсдийгөө харьцуулж хараасай гэж бодож тайлбарладаг л даа. Миний хувьд өөрөө Япон хэлийг бага сага эзэмшээд, Япончуудын талаар судалгаа хийж, ном сонин орчуулдагийн хувьд, мөн өөрийн үзсэн харснаа эх орон нэгтнүүддээ хүргэчих юмсан гэж бодож хичээж явдаг. Сумогийн тэмцээнийг тайлбарлах явцад их том боломж бас гарч ирж байгаад их баяртай байдаг. Миний тайлбарыг олон хүмүүс сонсоод, олон зүйл ойлгож авлаа, баярлалаа гэж хэлдэгт би их урамшиж явдаг.

-Япончуудын дунд харийнхан үндэсний спортод түрэмгийлж байгаад ихэд эгдүүцэж байгаа нь цухалздаг болсоор удлаа?
-Манай бөхчүүд тэдний бөхөөр барилдаад, түрэмгийлээд, эзлээд авлаа гэдэг үг хэрэглэмээргүй байна. Монголчууд сайн барилдаж үнэхээр гайхалтай амжилт гаргаж байгаа юу гэвэл гаргаж байгаа. Энэ хэмжээгээр Монгол Японы соёлын харилцаа сайжирч байна. Монголчууд бид ч их юм ойлгож байна. Эд материалын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч гэсэн Япончууд яг одоо харийнхан, гадны бөхчүүд ирээд сумогийнх нь хамаг том цолыг аваад, рекордыг нь эвдээд, голлох байр суурь эзэлж байгаад таагүй хүлээж авч, янз бүрээр хандаж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ би үүнийг хэлэхийн өмнө бас нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Юу гэвэл өндөр соёл хөгжилд хүрсэн ард түмэн гэдэг бол аргагүй л өргөн хэмжээнд сэтгэдэг. Ялангуяа Япончууд их өргөн хэмжээнд сэтгэдэг. Аливаа ажил үйлсэд их алсын хараатай хөдөлдөг. Одоо жудо гэж спорт байна. Жудо бол Япон үндэсний бөх. Гэхдээ одоо дэлхий нийтийн спорт болчихсон шүү дээ.

Тэгэхээр жудог өөрсдөө ингэж тараагаад, яг тэмцээн уралдаанд бол өөрсдөө тэргүүлэх байр суурьтай биш болсон. Тэглээ гээд Япончууд хоосроод, үгүйрээд болохоо байчихсан юм байхгүй. Харин эсрэгээрээ энэ соёлоор дамжуулаад өөрийнхөө бодол сэтгэлгээ өөрийнхөө соёл, өөртэйгээ яаж харьцахыг дэлхий ертөнцөд зааж байгаа гэж хэлж болно. Тийм учраас их явцуурахгүй. Одоо сүүлийн үед гадны орны бөхчүүд ялангуяа. Монголчууд голлох байр суурийг эзлээд байгаад их шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ их шүүмжлэлтэй хандахдаа яаж ханддаг вэ гэхээр хоёр янзын юм ажиглагддаг. Нэгдүгээрт өөрсөддөө их шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид өөрсдөө яагаад бөхөө бэлтгэж гаргаагүй юм бэ гэдгээ бодох хэрэгтэй гэж байгаа. Хоёрдугаарт хэрвээ гадаадын бөхчүүд ингэж барилдаж байгаа юм бол энэ бөхчүүд Япон үндэстний ёс жаягаар нь барилдах ёстой. Япон хүн болж хувираад, өөрөө сэтгэлээрээ барилдах ёстой. Тэр нь дутуу байгаад сумогийн холбооныхон буруутай гэсэн асуудал тавьж байгаа. Түүнээс биш голлох байр сууриа алдчихлаа. Одоо яанаа гээд харамлаад байгаа юм байхгүй. Гэхдээ мэдээж Япон хүн өөрөө Японыхоо сумод аварга болоод байж байвал тэд нарт таатай шүү дээ. Ийм зүйлийг л би хэлэх байна.

-Сая сумочид хар тамхины хэрэг мандуулсантай холбоотойгоор Асашёорюүг шүүхэд найрааны асуудлаар дуудаж байцаасан. Тэрнээс өмнө аваргыг хөл бөмбөг тоглосон асуудлаар гэрийн хорионд байлгасан. Монголчууд их таагүй хандсан. Харин таны зүгээс үүнд ямар дүгнэлтийг хийж байна?

-Хар тамхи, найраа хоёр бол ондоо. Тэрийг ялгаж ойлгоорой. Ухаандаа даваа худалдаж авах тухай найраа гэж ярьж байгааг өргөн утгаар ойлгох хэрэгтэй. Манай залуучууд гараад байгаа болохоор тэрийг илүү тусгаж аваад байгаа байхгүй юу. Ер нь бүх бөхчүүд энд дуудагдаж асуугдаж байгаа. Энэ бол Японы сумогийн холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудал. Тэрнээс Монгол бөхчүүдэд илүү хатуурхаад байгаа юм ерөөсөө байхгүй. Ер нь Япон гэдэг маш том зах зээл. Бид бол их жижигхэн зах зээл шүү дээ. Ний нуугүй хэлэхэд Японы сумогийн холбоотой холбоотойгоор ч бай үгүй ч бай ямар нэгэн асуудлыг худлаа гаргаж тавихад тэр зах зээл тэр чигээрээ хөдөлж байгаа байхгүй юу. Зах зээл хөдөлнө гэдэг чинь мөнгө урсаж байна.

Энэ урсаж байгаа мөнгө бол Японы Сумогийн Холбоонд эерэгээр ч, сөргөөр ч нөлөөлж байна. Японы хэвлэлийн зах зээл дээр ч гэсэн эерэгээр, сөргөөр нөлөөлж хөдөлгөөнд орж байгаа байхгүй юу. Яг тийм байдлаар яриа хөөрөө бол байдаг. Ингэж барилддаг гэнэ, тэгж даваа худалдаж авдаг гэнэ гэх зэрэг яриа бол байдаг. Үүнийг бол хэн ч баталж чадахгүй. Батлагдах үндэс ч байхгүй юм шиг. Ийм яриа хөөрөө олон жилийн туршид байсан. Тэгэхээр би Монгол бөхчүүдтэй холбоотойгоор ингэж гаргаж тавьж байгаа юм биш шүү гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт, хар тамхины асуудал бол шал ондоо. Оросын бөхчүүд бол хар тамхитай холбогдсон. Япончууд нэлэнхүйдээ үүнийг маш сэтгэл дундуур хүлээж авч байгаа. Ямар ч байсан таслан зогсоох ёстой. Энэ Оросын бөхчүүдийг хөөгдсөн асуудлыг зөв гэж үзэж байгаа.

-Асашёорюүг гэрийн хорионд байсан үеийн тухайд?
-Японы сумогийн холбоо, сумогийн ертөнц бол уламжлалыг их хатуу баримталдаг. Тэр нь явсаар байгаад хаалттай байгууллага болчихсон. Тэгээд тэр авч байгаа арга хэмжээ нь хүртэл дундад зууны үед авч байсан арга хэмжээ ч байдаг юм уу. Үүнийг Япончуудын зарим нь их зөв, цаашид хадгалж явах ёстой гэдэг. Зарим нь өөрчлөх ёстой юм яригддаг. Асашёорюүгийн хувьд бол ний нуугүй хэлэхэд авсан арга хэмжээ нь хатуухан болчихсон л доо. Гэхдээ яг Асашёорюүд зориулаад ийм арга хэмжээг авсан юм биш. Өөр хүн бас л иймэрхүү юманд холбогдсон бол яг л тийм арга хэмжээ авах байсан болов уу гэж бодож байгаа. Монголчууд бид нэг юмыг ойлгомоор байна. Бид дотооддоо ч гэсэн ямар нэг асуудлыг их дэлгэдэг. Намайг л ингээд эсвэл тэрийг л тэгээд гэдэг ч юм уу. Гэтэл ямар нэг зүйл дээр тэгж бодогдсон ч гэсэн тэвчиж өнгөрөөгөөд явчих л хэрэгтэй үе бас байна. Тэгтэл бүр дэвэргээд манай Асашёорюүг сүйд хийх гээд байна гэж дэвэргээд байдаг. Гэтэл бас тэндээс чинь ойлгоод авчихаар юм байна. Өөр юм ярьчихмаар ч юм байдаг. Тэгтэл тэрийгээ хэлж өгдөггүй. Үүн дээр бид анхаарах хэрэгтэй гэж боддог.

-Башёгийн үеэр Японд очихдоо сумочидтой нь Япон Монголгүй л дотносоно биз?
-Би сүүлийн үед ховор очдог болсон. Хоёрдугаарт тэр бөхчүүд чинь намайг мэдэхгүй. Би чинь тэнд очиход зүгээр л гадаадын хүн шүү дээ. Сумо үзэж байгаа Монгол хүмүүс л намайг танина уу гэхээс Монголын сумоч намайг танихгүй. Гадаадын сумоч танихгүй. Тэнд хутгалдах ямар ч юм байхгүй. Бараг би үзэх гэж очоод нэг захад нь зогсож байгаад үзчихээд гарна уу гэхээс биш өөр юм байхгүй.

-Ингэхэд та яаж яваад Япон гэдэг гүрэнтэй холбогдчихсон хүн бэ?
-Би Япон хэлний ангид суралцаад, Япон хэл бага сага мэддэг болсон. Ер нь Японыг судлаад сүйд болоод байсан юм байхгүй. Эрдмийн зэрэг цол байхгүй. Нэг сонины хүн надаар баахан Японы тухай яриулчихаад "Та бараг судлаач юм байна ш дээ" гээд судлаач гээд биччихсэн. Тэрнээс хойш хүмүүс судлаач гэж яриад, өөрөө ч сүүлдээ тэрэндээ итгээд их гоё юм шиг хүлээн зөвшөөрөөд. Судлаач Төмөрбаатар гуай мөн үү гэхээр тийм байна гэж ярьдаг болчихсон(инээв). Тийм л юм.

Миний ярьдаг бичдэг юм уу гэвэл Япончууд яагаад ийм мундаг хөгжилтэй болчихов. Яагаад ингэж сайхан амьдраад байна. Газар нутаг байхгүй. Газрын баялаг байхгүй. Тэгсэн мөртлөө эдийн засгаар ч юм уу харилцаагаараа дэлхийд хэнийг ч даваад гарчихдаг байхгүй юу. Үүний учир нь хаана байгааг олох юмсан. Тэрийг нь олоод Монголчууддаа танилцуулах юмсан гэсэн зорилгоор юм уншдаг л даа. Одоо бид Япончуудаас мөнгө төгрөг зээлээд, тусламж аваад, трактор авсан ч зээлсэн мөнгө нь дуусаад, хүлээж авсан техник нь эвдрээд л, дахиад гуйх дахиад зээлэх асуудал босч ирдэг. Үргэлж ингэмээргүй байна аа. Яаж ингэж мөнгө зээлдүүлдэг орон болсон юм бэ гэдгийг нь суралцаасай гэж боддог юм. Тийм ч учраас уншиж харсаар байгаад л бага сага юм мэддэг болсон. Тэрийгээ жаахан бичдэг. Ийм л учиртай юм л даа.

-Япончууд бол асар ажил хэрэгч ард түмэн. Таны хувьд манай хоёр орны хөгжил газар тэнгэр шиг л ялгаатай нь илүүтэй мэдрэгддэг биз? Манай төр засаг ч юун ард түмний амьдрал манатай нэг л суудлаа олохгүй байгаатай харьцуулахад амаргүй л дээ?
-Юуны өмнө Япончуудын юунаас нь суралцмаар юм, юу нь илүү их гайхмаар байна вэ гэдэг дээр нэг юм хэлье л дээ. Нэг л юмыг би одоо цагийн Монголчуудад зориулж хэлмээр байна. Тэнд жижигхэн газар нутаг дээр 127 сая гаруй хүн амьдарч байна. . Харин бид ийм өргөн уудам нутаг дээр 2 сая 600 мянгуулаа л амьдарч байгаа. Хараад байхад манай хөгжлийн гол саад нь бие биедээ тээг болж байна. Тэгэхэд тэнд тэр олон хүн ерөөсөө нэг нэгэндээ саад болохгүй сайхан амьдраад байна. Бид чинь машинтай ч бай явган ч бай бие биедээ саад болдог. Энэ өргөн уудам нутаг дээр байж. Япончуудын маш том давуу тал нь юу вэ гэхээр нийгмээрээ их олон хүн нэг дор их зөв амьдарч чаддаг. Бараг л би таньд яавал саад болохгүй амьдрах вэ гэдгээ хажуугийнхаа хүнээс асууж амьдардаг гэж болно. Манайх бол эсрэгээр бараг санаатай ч юм шиг. Яавал би хамгийн түрүүнд өөрийнхөө юмыг бүтээж, сайхан амьдарч тэрэнд саад болох вэ гэдгийг түрүүнд тавьдаг.

Ерөөсөө гол ялгаа энд л байна. Үүнийг дэлгэрүүлээд ярьвал маш их юм ярьж болно л доо. Түрүүн өөрөө улс төрийн талаар асуулаа. Төр засаг нийгмээ яаж авч явж байгааг асуулаа. Японд бол яах арга байхгүй улс төр нь өндөр ёс зүйтэй. Улс төр нь өндөр төвшинд явагддаг орон л доо. Тэгэхээр манайх яагаад хөгжихгүй байна вэ гэвэл олон шалтгаан бий. Бид нийтээрээ нийгмээрээ амьдарч чаддаггүй. Дээр нь ямар ч нийгмийг хөдөлгөж авч явдаг удирддаг улсууд нь улс төрчид. Улс төрөөр дэмжиж энэ улсын хууль журам бүх юм зохицуулагдана. Одоо манай улсын улс төрийг бол би маш доогуур төвшинд байна гэж хэлнэ. Улс төрийг авч яваа улс төрчдийн түвшин маш доогуур байгаа. Би улс төрийг нэг том зах зээл гэж үзэх гээд байгаа юм. Манайд улс төрд өрсөлдөөн ерөөсөө байхгүй. Улс төрийг өрсөлдөөнтэй болгож, .олон улс төрчид улс төрийн намаас сонгох чадвартай сонгогчид байхгүй. Сонгогчдын төвшин нь бас доогуур. Ийм учраас тааруухан хүн, доод тевшингийн улс төрчид нь сонгогчидоо хуурдаг, залилдаг, тэгээд урагшаа явдаггүй. Яг л ийм байдалд орчихоод байна. Энд бас нэг илүүг нэмээд хэлчихье л дээ. Мань мэтийн дунд зэргийн сэхээтнүүд бүр тарчилж байгаа байхгүй юу. Би бол ингээд орчуулагчийнхаа ажлыг хийгээд ч юм уу Япончуудын сайн сайхан зүйлийг танилцуулаад, бага зэргийн соён гэгээрүүлэх ажил хийгээд явж байх ёстой байтал би энэ ажлыг хийгээд амьдрах аргагүй болчихоод байна шүү дээ.

Би яаж сайхан амьдрах вэ гэхээр бизнес хийгээд ч юм уу, эсвэл улс төрчидтэй нөхөрлөөд амьдрах хэрэгтэй болчихоод байгаа байхгүй юу. Энэ бол өнөөдөр миний амьдралд нөлөөлж байна. Тэгэхээр би Япон шиг болохын тулд яах вэ гэхээр улс төрийн хөгжлийг, улс төрчдийн төвшинг дээшлүүлэх ёстой. Тэр цагт сая Монгол Японы улс төрийн тухай харьцуулж ярьж болох байх. Одоо бол харьцуулж ярих ч арга алга даа.

-Өнөөдөр манай жирийн ард иргэдэд Японы виз асар өндөр шалгууртай учраас бараг мөрөөдөл болчихсон. Хөгжил дэвшлийг нь ч гайхдаг. Харин эсрэгээрээ тэр их хөгжил нь Япончуудад зовлон авчирч байгаа тухай эрдэмтэд хэлж ярьж байна л даа?
-Японд техник машин өндөр төвшинд хөгжиж байгаа. Мэдээж эргээд хүмүүсийн амьдралд тодорхой нөлөөллийг үзүүлж байгаа. Энгийн жишээ хэлье л дээ. Монголд аялалаар ирсэн япон хүн зочид буудалд ороод 7 хоног унтчихаад, яваад өгч байгаа юм. Мэдээж жуулчны компанидаа мөнгөө төлж байгаа. Нөгөө жуулчны компани нь энэ хүн зүгээр унтах гэж ирсэн юм уу гээд гайхаад байдаг. Гэтэл тэр шуугиан, тэр асар их техникээс зугтаад чив чимээгүй газар ирээд 7 хоног унтаж байгаад буцаж байна. Тэр Япон хүний хувьд бол амьдралд нь олдохгүй амралт болж өгч байна л даа. Япончууд бол асар их хурдан дунд л амьдардаг. Өнөөдөр тэд банкныхаа системийг маш хурдан сайжруулж шинэчлэхгүй бол маргааш дийлэхээ байчихдаг. Тийм учраас үргэлж уралдаж, мэдлэгээ дээшлүүлж амьдрах хэрэгтэй.

Техникийн шинэчлэл өдөр бүр явагдаж буй учраас эргээд хүмүүстээ нөлөөлөөд, тэнд хүний байгалийн чанар нь алдагдаж байгаа байхгүй юу. Тэрийгээ дагаад машин шиг болно. Байнга яардаг болно. Бидэн шиг хамаатан садан, найз нөхөдтэйгээ харилцдаг харилцаа байхгүй болно. Энэ тал дээр "Арай ч дээ. Ийм болох гэж" гэмээр юм харагддаг юм. Жишээ нь манайд ирээд айлд хоёр хоносон япончууд уйлаад байдаг. "Ямар сайхан юм бэ. Би дүү нараа хамаатнаа саналаа. Тэд маань хаана явж байгаа бол" гэдэг юм. Гэтэл манайд чинь дүү нь болохоо байлаа гэхэд ах нь ажлаа хаяад дүүгийнхээ л төлөө явдаг шүү дээ. Хүн ёсны, садан төрлийн харилцаа маань хэвээрээ, Тэнд бол энэ харилцаа алга болчихсон. Чи бид хэн хэнээсээ хараат биш юм бол гэж дандаа өөрсдийгөө буруутгадаг байхгүй юу. Тэгээд арга хэмжээ авдаг. Манайд бол эсрэг. Дандаа л өөрийнх нь өөрсдийнх нь зөв байдаг. Манайхан өөрсдийгөө хэтэрхий дөвийлгөөд байна. Өөрсдөө очоод л тэр сумог нь орвонгоор нь эргүүлээд бүх юмыг нь баллаад хаячихсан. Нөгөөдүүл нь харамсаад хашгираад баларч байгаа юм шиг яриад байдаг. Тийм юм ерөөсөө байхгүй. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. За би сумогийн ордонд Монголчууд барилдаж эхэлснээс хойш орж үзсэн. Кёкүшюзан Батбаярыг яг дээшээ цойлж гарч ирж байх үед орж байсан. Тэгэхэд их сайхан үнэхээр бахархмаар санагдсан. Тэр үед Кёкүшюзан гарч ирээд л "Мундаг Монгол" гэж хүмүүс яриад л орлиод байхад их бахархмаар байсан. Тэр олбогоо шиднэ гэдэг чинь их муухай юм биш шүү дээ. Их соёлтой байдлаар илэрхийлж байгаа юм. Тэгэхэд манайхан цаас, архины шил шиддэг. Тэр чинь муухай байхгүй юу.

-Та ер нь нэлээд Японжих тал орсон хэтэрхий даруу хүн юм шиг санагдлаа?
-Би өөрөө хүн нь ийм. Японд очихоороо номын дэлгүүр ордог. Архи уудаг байж байгаад больсон. Олон хүн цугласан газар удаан байж чаддаггүй. Авах ёстой таашаал сайхныг өөрийнхөө хэмжээнд мэдрээд явахад л болно.

Заавал тэгж Асашёорюүтай эсвэл Хакухотой тэврэлдэж байж би сая алдартай хүн болчихно гэж юу байх вэ дээ. Гэхдээ яахав ээ тодорхой хэмжээнд бүгдтэй нь танил. Тэд намайг хүндэлдэг. Тэглээ гээд и заавал тэнд очиж онцгойрч од болох гээд байх хэрэггүй дээ. Өөрөө өөрийнхөө байдгаар л байх хэрэгтэй биз дээ. Орчуулагчийнхаа хэмжээнд, компьютерын ард суугаад багахан өгүүллэг орчуулаад тэр их гоё болчихвол би түүнээсээ их таашаал авдаг. Зарим хүнд бол цуг суугаад саке уугаад явбал их сайхан байгаа ш дээ.

-Манай гарамгай барилдаж байгаа сумочдын хувь хүнийх нь давтагдашгүй зан чанар барилдаанд нь нөлөөлдөгийг та нарийн мэдрэнэ биз дээ?
-Нөлөөлөлгүй яахав. Жишээлбэл Монголчуудад нийтлэг байдаг. Эрэмгий зан чанар байна. Бүх Япон хүмүүс асуудаг. Яагаад ийм эрэмгий байдаг юм бэ гэж хэлдэг л дээ. Энэ бол угаасаа цаг агаар, эрс тэс байгалийн байдал, ахуйтай холбоотой. Олон мянган жилийн туршид бий болсон чанар байгаа байхгүй юу. Архи уухаараа эрчүүд нь агсан тавьдаг ч юм уу. Тэгээд яахав. Бөхийн удам гээд байна аа. Хакухо бол их дөлгөөн хүүхэд. Тэр нь өөрийнх нь барилдаанд нөлөөлдөг ч юм уу, тийм юм байна.

-Дорнын соёл гэж их том юм байна. Тa Японд бол байнга тонгос тонгос гээд л явах уу?
-Тэгээд явахаас өөр арга байхгүй шүү дээ. Манж үг гэж бид ярьдаг шүү дээ. Уулзах болгондоо л "Та байгаагүй бол миний ажил бүтэхгүй байлаа. Таньтай ямар азаар танилцав аа" ч гэдэг юм уу. Тэр үгээ хэлж байж сая яриа хөөрөө явна. Тэрнээс шууд уулзаад нөгөөдөхөө ярих гэвэл Япон хүн ярихгүй. Заавал тэр уур амьсгалыг бий болгож тонголзох газраа тонголзож ухрах газраа ухарч явахгүй бол тэнд ажил, яриа хөөрөө өрнөхгүй. Угаасаа тэр орчинд яах аргагүй тийм болчихдог.

-Сумод очиж байгаа залууст их л олон бэрхшээл байдаг байх? Монголчууд мах их иддэг учраас эвгүй үнэр нь тэнд илүү мэдрэгддэг гэдэг?
-Япон үндэстэн, тэдний соёл, яаж амьдардаг тухай мэдэхгүй Монгол хүүхэд анх очиход маш хүнд. Тэгээд тэр сумогийн дэвжээ гэдэг чинь маш хүнд хатуу ёс жаягтай шүү дээ. Тийм ч учраас хүүхэд залууст их хэцүү байдгийг нь сонсож дуулж байсан. Кёкүшюзан анх оччихоод гадаа байдаг автоматаас ундаа гараад ирдэг гээд ойлгочихсон "Ундаа өгөөч" гэж хэлээд зогсож байсан гэдэг. Түүгээр нь телевизийн хошин шог хүртэл хийчихсэн тийм юм байдаг.

-Манайхан бөхчүүдээрээ бахархаж байна гэж ярьдаг л даа. Сумогоор дамжиж хоёр орны харилцаа олон салбарт шат ахиулсан байх аа?
-Шат ахиулахаар барахгүй маш их цаг хэмнэсэн. Ний нуугүй хэлэхэд хэрэв сумо байгаагүй бол Япончуудад Монгол орныг ойлгуулахад их цаг, хүч шаардагдах байсан. Мөн Монголчуудын талаар сайн муу зүйлийг хурдан ойлгосон. Тиймээс бидний хувьд энэ боломжийг сайн ашиглах хэрэгтэй байгаа юм. Шуудхан хэлэхэд Монголчууд бид өөрт байгаа, яг энэ цаг мөчид байгаа боломжийг ашиглахдаа муу хүмүүс юмаа. Алхам тутамдаа үүнийг мэдрэх юм. Олон ч хүн ярих юм. Ойлгосон ч өөрчлөгдөхгүй юм. Одоо ингээд алтан боломжууд өнгөрч байна. Манайд сумо анх танигдах үед наашаа гэсэн хамтарч ажиллах гэсэн япончууд их байлаа. Боломжууд өнгөрөөд байх юм.

мэдээллийн эх