Thursday, February 5, 2009

Д.Бямбадорж: Нэр хүнддээгүй байх аа

Мэргэжлийн сумо бөхийн озэки Харумафүжи Д.Бямбадорж өчигдөр эх орондоо ирсэн билээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын барилдаанд анх удаа озэки цолтой зодоглож, цолоо хамгаалан үлдсэн Харумафүжи шинэ цол хүртсэнээсээ хойш анх удаа нутагтаа ирж байгаа нь энэ юм. Түүнтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Хацу башёд та анх удаа озэки цолтой барилдлаа. Тийм болохоор олон хүн таны барилдаанд өмнөхөөс илүү анхаарлаа хандуулж байсан?
-Озэки цол хүртэнэ гэдэг маань маш том хариуцлага байдаг юм байна. Анх озэки цолтой бөхчүүдийг хараад сүрддэг, тэднээр бахархдаг байсан бол одоо өөрөө тэр хүмүүс шиг үргэлж сайн барилдах үүрэгтэй болсон. Хацу башёд санасандаа хүртэл барилдаж чадаагүй. Өөртөө тэгж дүгнэлт хийсэн. Тийм болохоор дараа дараагийн тэмцээнд, гуравдугаар сард алдаагаа засч, улам сайн барилдахыг хичээнэ.
-Башёгийн өмнө та Харумафүжи гэж нэрээ өөрчилсөн. Д.Бямбадоржийн шинэ нэр хүндэдсэн байх гэсэн яриа манайхны дунд байсан л даа?
-/инээв/. Нэр хүнддээгүй байх аа. Хүмүүс харин тэгж бодож байгааг би сонссон. Уг нь их сайхан нэр л дээ. Манай багш өгсөн юм. Нэр хүн дэдсэн гэж би бодоогүй. Харин би өөрөө л нэрэндээ эзэн болж барилдах хэрэгтэй болж байна.
-Та энэ удаа нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бололтой?
-Манай багш ирсэн. Мөн сумо бөхийн холбоог төлөөлж хэд хэдэн хүн ирлээ. Японы NHK телевизийн ажилтнууд байгаа.
-Монголд хэд хонох вэ. Озэки цолны мялаалга болох уу?
-Тийм бодолтой ирсэн.
-Сумо сонирхогчдодоо хандаж хэлэх таны үгийг сонсъё?
-Намайг үргэлж дэмжиж байдаг ард түмэндээ баярлалаа. Озэки цолтой болсны дараа маш олон хүн баяр хүргэж, урмын үг хэлж байлаа. Цаашид би арслан шиг арслан байхын төлөө хичээнэ. Өдөр бүр бэлтгэлээ сайн хийнэ. Энэ цолондоо эзэн болж явах болно гэж ард түмэндээ уламжилья даа. Удахгүй цагаан сар болох гэж байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Харумафүжи Д.Бямбадоржийн озэки цолны мялаалга боллоо

 Шинэ оны өмнө озэки цол хүртэж, өнгөрсөн хацу башёд анх удаа шинэ цолтойгоо зодоглосон Харумафүжи Д.Бямбадорж өчигдөр эх орондоо ирсэн билээ. Өөрийн багш болоод мэргэжлийн сумо бөхийн холбооны албаны хүмүүс, NHK телевизийн сэтгүүлчид гээд нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй ирсэн тэрбээр өчигдөр орой озэки цолны мялаалгаа хийсэн байна. Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр гэр бүлийнхнийхээ хамт аавынхаа нутаглуулсан газарт очиж хүндэтгэл үзүүлэх аж. Тэрбээр энэ удаа богино хугацаатай эх орондоо ирж байгаа тул маргааш Япон руу буцах юм байна.


Wednesday, February 4, 2009

Харумафүжи Д.Бямбадорж эх орондоо ирлээ

Энэ оны эхний барилдаанд озэки цолтой зодоглосон харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр эх орондоо дэвжээний багш болоод дэмжигчид Японы NHK телевизийнхэнтэй хамт ирсэн байна. Шинэ цол авснаасаа хойш анх удаа нутагтаа ирж буй харумафүжи Д.Бямбадорж нь озэки цолны мялаалгаа Монголд байх хугацаандаа хийх бололтой.

Sunday, February 1, 2009

Озэки Кайо эмнэлэгт хэвтжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 2009 оны анхны тэмцээн болох хацү башё өндөрлөсний дараах өдөр озэки Кайо эмнэлэгт хэвтсэн гэдгээ мэдэгдлээ. 36 настай озэки Кайо мухар олгойн хурц үрэвсэл байж магадгүй гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн байна. Эзэн хааны цомын таван удаагийн эзэн озэки Кайо гурван долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэнэ. Тэрбээр өнгөрсөн башёг найман даваа, долоон унаатай өндөрлүүлж, цолоо амжилттай хамгаалсан билээ.

Сумогийн ертөнцөд шинэ дуулиан дэгдэв

 Японы мэргэжлийн сумо бөхийн холбоонд нэгэн шинэ дуулиан дэгдлээ. Тодруулбал, жюүрё зиндааны бөх Вакакирин марихуан хадгалж байгаад баривчлагдсан байна. Ояката Огурумагийн 25 настай шавь Вакакириныг өөрийн найз, хөгжимчин Цутому Хирона гэгчийн хамт CD худалддаг дэлгүүрийн зочдын өрөөнд байхад нь саатуулсан байна. Цагдаагийн ажилтнууд хүрч ирэхэд “Залуу анааш” Вакакирин ширээн доогуураа тамхины навчтай хольсон 16 гр боодолтой марихуанаа нуухыг оролдсон байна. Огурума дэвжээнд байрлах Вакакириний өрөөнд цагдаа нар тэр оройдоо нэгжлэг хийж, түүний тэмдэглэл бичдэг зузаан дэвтрийг хураажээ.
Өнгөрсөн баасан гаригт баривчлагдсан Вакакирин өчигдөр дэвжээнийхээ ояката Огурумагаар дамжуулан сумо бөхийн холбоонд огцрох өргөдлөө хүргүүлсэн байна. Мэргэжлийн сумо бөхийн захирлуудын зөвлөл маргааш хуралдах бөгөөд энэ хурлын үеэр Вакакириний огцрох хүсэлтийг хүлээж авах эсэхээ шийдвэрлэх аж
ээ.
Шиничи Сүкүзава буюу Вакакирин мансууруулах бодисны хэрэгт орооцолдсон анхны япон бөх болж байна. Тэрбээр өчигдөр өөрийн өмгөөлөгчтэйгээ уулзаж, огцрох хүсэлт тавих саналтай байгаагаа хэлжээ. Харин түүний өргөдлийг авсан ояката Огурума удалгүй Токио хотын Кокугикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Вакакирин өөрөө сумогийн холбооноос огцрох хүсэлт гаргасан. Харин түүний багшийн хувьд энэ нь зөв шийдвэр гэж бодож байна. Түүнийг цаашид сумо бөхийн холбоонд хэвээр үлдээж, сумо барилдуулах нь дэвжээний нэр хүндийг унагаах аюултай” гэсэн байна.
Канагава тойргийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ Вакакирин хоёр л удаа хар тамхи хэрэглэсэн хэмээн мэдүүлсэн ч Оросын Рохо, Хакурозан нарын хэ
рэгтэй холбоотойгоор өнгөрсөн есдүгээр сард бөхчүүдээс авсан шээсний шинжилгээний үеэр Вакакириний шинжилгээнээс сэжигтэй зүйл илэрсэн ажээ. “Би баривчлагдахаасаа өмнө нэгдүгээр сарын 29, 30-нд хар тамхи хэрэглэсэн. Харин үүнээс өмнө хэрэглэж байгаагүй” хэмээн Вакакирин мэдүүлсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Вакакирин гурван удаа шинжилгээ өгсөн бөгөөд сүүлчийн шинжилгээ сөрөг гарсан учир сумогийн холбоо түүнийг цагаатгасан юм.
Өнгөрсөн жилийн долдугаар сард 0.358 гр марихуан хадгалж байгаад баригдсан Оросын бөх 19 настай Ваканахо баригдсан ба удалгүй тэрбээр сумогийн холбоогоос хөөгдөж, нутаг буцсан билээ. Харин есдүгээр сард Оросын ах, дүү сумоч Рохо, Хакурозан нар буюу Сослан болон Батраз Борадзов сумогийн холбооноос хөөгдсөн бөгөөд тэр үед дүүгийнх нь багш байсан ояката Китаноуми сумо бөхийн холбооны ерөнхийлөгчийн суудлаас огцорсон юм. Рохо, Хакурозан нарын хөөгдсөн
шалтгаан нь шээсний шинжилгээнээс мансууруулах бодис илэрсэн явдал юм. Ах, дүү хоёр сумоч Токио хотын тойргийн шүүхэд шинжилгээ авах журам зөрчилтэй явагдсан хэмээн гомдол гаргаад байгаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ах, дүү хоёрын өмгөөлөгчийн шахалтаар сумогийн холбооны шинэ удирдлага бөхчүүдийн шинжилгээ бага зэргийн зөрчилтэй байсныг хүлээн зөвшөөрчээ. Сэтгүүлч нар Хакурозан нарыг шинжилгээгээ өгч байхад хажуу талынх нь өрөөнд Вакакирин байсныг тогтоосон байна. Энэ явдал нь Сумогийн холбооны сахилга бат хариуцсан хороо болон спортын эмнэлгийн төвийн профессор Ониши нарын нэр хүндэд халтай хэрэг болж байна. Ямартай ч Вакакирины цагдаад өгсөн мэдүүлэг Оросын хоёр бөхийн хэрэгт эергээр нөлөөлж магадгүй бололтой.
Мэдээллийн эх сурвалж: Сумогийн ертөнцөд шинэ дуулиан дэгдэв