Tuesday, June 5, 2007

КЕКҮШЮЗАН: Намайг дэмжсэнд баярлалаа

Сүмогийн ертөнцөд уран барилдаанаараа олон мянган хөгжөөн дэмжигчтэй болж чадсан бөх бол Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр билээ.

Түүний зодог тайлах ёслол уржигдар Токиогийн Кокукиган ордонд боллоо.

КЕКҮШЮЗАНЫ ТУХАЙ

Одоогоос 16 жилийн өмнө Ошима багш Монголд ирээд ирээдүйн аваргуудыг хайж явахад Д.Батбаяр түүний хараанд өртжээ. Ингээд тэрээр 1992 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмод орсон түүхтэй. Хэдийгээр шантрах үе байсан ч бэлтгэлээ уйгагүй хийсээр 1995 оны гуравдугаар сард жүрёо зиндаанд дэвшиж цолтой бөх боллоо.
Ингэж тэр Монголын сүмочдоос анхлан цолтой бөх болж монгол хүн энэ спортоор хичээллэх боломжтой гэдгийг нотолсон юм. Бүгд л дээд зиндаанд барилдахыг хүсдэг болохоор жүрёод жинхэнэ тэмцэл өрнөдөг аж. Энэ хэцүү үед тэрээр уг зиндаанд хоёр удаа түрүүлээд амжив. Ингээд 1996 оны есдүгээр сард сүмоч болгоны зодоглохыг хүсдэг дээд зиндаанд дэвшиж чадлаа. Дээд зиндааны эхний тэмцээнээс эхлээд л Кёкүшюзан олон угсраа гайхамшигтай мэх хийж хүчтэй өрсөлдөгч нараа өвдөг шороодуулж байв. Тиймдээ ч мэхний их дэлгүүр гэсэн нэртэй болж алдарт Майноумигаас энэ алдрыг нь "булааж" авсан билээ. 1997 оны гуравдугаар сард комүсүби боллоо. Бас л Монголын сүмочдоос анхлан энэ цолыг хүртэж булган сүүлтэй бэх болох гараагаа тавьсан юм. Кёкүшюзан тусгай шагналыг таван удаа хүртжээ. Үүнээс уран мэхтэй бөхийн шагналыг хоёр, дайчин бөхийн шагналыг хоёр удаа хүртсэнээс гарамгай барилдааны шагнал нь илүү жин дарна. Түүнчилэн их аварга цолтныг унагахад олгодог кинбоши шагналыг таван удаа хүртэж ямар мундаг бөх вэ гэдгээ нотолсон. Олон жил амжилттай барилдсан тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зодог тайлахаар шийдсэн юм.

ЗОДОГ ТАЙЛАХ ЁСЛОЛ ГЭДЭГ НЬ...

Кёкүшюзаны зодог тайлах ёслол 12 мянган хүний суудалтай Кокугикан ордонд болсон. Гаднаас нь харахад том биш мөртлөө дотор нь ороход маш том ордон. Хүмүүс хоолоо аваад ордонд орох юм билээ. Учрыг лавлавал тэнд хоолны газар байдаггүй ажээ. Зурагтаар харахад хүмүүс хоол идэнгээ сүмо үздэг нь ийм учиртай юмсанж. Тэнд шар айраг ч чөлөөтэй ууж болно. Ер нь их чөлөөтэй газар гэж тодорхойлж болох юм. Нэгэнт л мөнгөө төлөөд орсон болохоор ийм зэргийн зүйлийг нэхэх нь арга ч үгүй биз. . Ёслол Японы терийн дууллаар эхэлсэн. Тэгэхдээ бичлэг тавьж биш, дөрвөн хүн амьдаар дуулж төрдөө хүндэтгэл үзүүлсэн юм. Удалгүй гэрэл унтарлаа. Гэнэт гэрэл асч ивээн тэтгэгч нарыг танилцуулах ажиллагаа эхэлсэн. Кёкүшюзан Японд ямар их нэр хүндтэйг тэр үед л жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Тус улсын томоохон компаниуд түүний зодог тайлах ёслолыг ивээн тэтгэж хөгжөөн дэмждэг бөхдөө урам хайрлажээ. Монголын компаниуд ч зүгээр суусангүй. МИАТ, Монгол газар, Спирт бал бурам зэрэг компаниуд энэ ёслолыг амжилттай зохион байгуулахад багагүй хувь нэмэр оруулсан. Тэр олон мянган хүнд үнэхээр том сурталчилгаа болж байна лээ. Үүний дараа тайлбарлагч Кёкүшюзаны тухай дэлгэрэнгүй ярьж хамаг нууцыг нь дэлгэчихэв. Анх хэрхэн сүмод хөл тавьсан, хэдэн хүүхэдтэй, ямар хоолонд дуртай гээд л. Хүнд бэлтгэлээс шантарч дэвжээнээсээ зугтаж байсан, бас чамгүй сайн бизнесмэн гэдгийг нь ч нуусангүй. Энэ бүхний эцэст Японы тайлбарлагч нэг зүйлийг ихэд онцолсон юм. Тэрээр Кёкүшюзаныг Монголын сүмочдын хувьд олон зүйл дээр анхдагч байсныг нь давтан ярьж байлаа. Үнэхээр ч тэр монголчуудын хувьд сүмогийн алтан хараацай гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Удалгүй ёслолын гол баатар Кёкүшюзан таван настай хүүгийнхээ хамт дэвжээн дээр гарч ирлээ. Тэд яг л өрсөлдөгч нар шиг бие бие рүүгээ харж байгаад дэвжээний ёслолыг үйлдэв. Хүү нь их звлэгхэн хийх юм билээ. Тэгээд ёсыг бодож аав хүү хоёр барилдав. "Ширүүн өрсөлдөөн"-ий эцэст хүү нь ялахад ордонд цугласан олон мянган үзэгч халуун алга ташилтаар урамшуулав. ёслолыг хэт уйтгартай болгохгүйн үүднээс том жижиг хоёр сүмоч дэвжээнд гарч хошин үзүүлбэр сонирхуулав. Тэгэхдээ үзэгчдийг зүгээр нэг инээлгэх бус сүмо гэдэг спорт Японы түүх соёлд хичнээн их нөлөөтэйг ч давхар харуулж байлаа. Зодог тайлах ёслолын гол арга хэмжээний нэг нь жүрёо, дээд зиндааны бөхчүүдийн үзүүлэх барилдаан байдаг аж. Эхлээд жүрёогийнхон дэвжээнд гарсан. Бөхчүүдийг танилцуулсны дараа барилдаан эхлэв. Хэдийгээр үзүүлэх гэсэн тодотголтой ч зарим үед гал гарсан барилдаан гарч байлаа. Барилдааны дараа Кёкүтэнхо дэвжээнд гарч ирээд суув. Түүний үсийг үсчин их л нямбай засч байлаа. Уг нь Кёкүшюзаны үсийг л ингэж засах байх гэж бодсон учир хэрдээ л гайхашрав. Гэтэл энэ нь бас л үзүүлбэр байжээ. Сүмочдын үсийг засна гэдэг томоохон урлаг байдаг аж. Бараг 20 минут үсийг нь самнаад л байх юм. Ашгүй нэг юм дуусч Кёкүшюзаны үсийг хөндөх ёслол эхлэв. Эхлээд Японы дэмжигч нар үсэнд нь хүрэв. Яг л хүүхдийн даахь үргээж байгаа юм шиг. Хүндэлдэг бөхиинхөө үсэнд хүрэхэд тодорхой төлбөртэй байдаг. Японуудын хувьд нэг хүн хамгийн бага нь 5000 доллар өгсөн бол монголчууд хөнгөлөлт эдэлж нэг хүний доод босго 1000 доллар байхаар тогтоожээ. УИХ-ын гишүүдээс С.Баярцогт, Я.Санжмятав, Т.Бадамжунай нар Кёкүшюзаны үсэнд гар хүрсэн. Манлай уяач Д.Датваахүү, Д.Онон,, улсын заан Ч.Батзориг, Л.Мягмарсүрэн гээд олон хүн түүний үсэнд хүрч хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үед Кёкүшюзан, намайг дэмжсэнд баярлалаа гэж хэлж байлаа. Бас Монголын сүмочид ч Кёкүшюзаны үсэнд гар хүрсэн. Ялангуяа шинэ их аварга Хакүхог дэвжээнд гарч ирэхэд үзэгчид нижигнэсэн алга ташилтаар угтсан юм.