Wednesday, September 17, 2008

Хакухо тун даруухан амьдардаг


Мэргэжлийн сумод цахиур хагалж яваа Хакухо Даваажаргалынх бүл нэмж удам залгах хүүтэй болсон Даваажаргал хөл газар хүрэхгүй баяртай суугаа. Япондоо нэртэй баяны охинтой дэр нэгтгэсэн Хакухо Даваажаргал хадмуудаасаа туслалцаа огт авдаггүй бөгөөд нийтийн орон сууцанд тун энгийн амьдардаг аж. Эхнэр авч гэр толгойлох хүртлээ сумогийн холбоондоо харьяалагдан залуу бөхчүүдтэй нэг дороо амьдарч байсан Хакухо гэр бүлтэй болсныхоо дараахан нийтийн 21 давхар орон сууцны 9 давхарт 3 өрөө байранд даруухан амьдрах болсон. Бүл нэмээд удаагүй байгаа Хакухогийнх тун удахгүй амьдрах орчноо өөрчилж байраа томсгож магадгүй аж.

Thursday, September 11, 2008

Асашёорюү Давгадорж Монголын үзэсгэлэнт түүхэн газруудыг үнэ цохин худалдан авч эхэллээ

Тэрээр Сүхбаатар аймгийн нутаг дахь “Талын толгой”-г 130 саяар худалдан авлаа-
Монгол хүний ид хавыг дэлхийд гайхуулсан сумогийн их аварга маань энэ жил тун ч одтой яваа бололтой. Бэртэл гэмтэл гээд сүүлийн үед төдийлөн сайн барилдахгүй байсан Асашёорюу АСА группын зохион байгуулсан “Монгол башё”-д сайхан барилдаж эх орондоо түрүүлсэнд үзэгчид тун чиг сэтгэл хангалуун байсан. Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг аварга маань олон зуун саяар тоологдох их мөнгөөр авсан хэмээн яригдаж байсан ч анх удаагаа манайд зохион байгуулагдсан “Монгол башё” амжилттай сайхан болж өнгөрсөн. Тэмцээний тасалбар 60-200 доллараар үнэлэгдсэн ч шагийн үнээр 350 доллар хүрсэн гээд бодоход АСА групп энэ удаа тийм ч ашиггүй ажиллаагүй бололтой. Гэхдээ сүүлийн үед барилдахаасаа илүүтэйгээр бизнесийн зах зээлд анхаарлаа хандуулах болсон сумогийн их аварга маань монголдоо төдийлөн хөгжөөгүй байгаа аялал жуулчлалын салбарт хүч үзэхээр шийдсэн гэдэг нь үнэн бололтой. Төрсөн нутаг Хархориндоо монголдоо л хамгийн томд тооцогдох жуулчны бааз барьсан нь ихээхэн ашигтай ажиллаж аваргыг энэ бизнес рүү уруу татсан гэдэг. Үүндээ ч амташсан уу яасан тэрээр тэрээр сүүлийн үед байгалийн үзэсгэлэнт газруудыг үнэ цохин худалдан авч эхэлжээ. Хэдхэн сарын өмнө Гачуурт тосгон дахь Шар тохойн амыг бүхэлд нь худалдан авсан аварга маань саяхан Сүхбаатар аймгийн Алтан овооны дэргэдэх Талын толгойг 130 саяар худалдан авчээ. Алдарт Тоорой бандийн нутгаар зочилж, Алтан овоон дээр гарч хийморио сэргээхийг хүсэхгүй монгол хүн гэж үгүй. Тэгээд ч Талын толгойг тойрсон морины fax хэлбэртэй. 100 гаруй галт уул гадныхны сонирхлыг татах ганц зүйл гэдгийг аварга аль хэдийн тооцоолсон нь лавтай. Үнэхээр ч Дарьгана нутаг нүд алдам тал, хулан зээрийн сүрэг, алдарт хийморийн овоо гээд үзэж харах юмтаи энэ нутаг яахын аргагүй жуулчдын харц унагах газар. Гэхдээ алдарт Алтан овооны газар нутгийг өөрийн эзэмшилд оруулах нь амаргүй байсан нь мэдээж. Гэхдээ аварга тэнд өөрийн эзэмшлээ бий болгож чаджээ. Юутай ч тун удахгүй онгон талын их тал нутагт аваргын нэртэй асар том цогцолбор хотхон сүндэрлэх тодорхой болжээ. Ер нь аль ч бизнесийн салбарт цаг хугацаа гэдэг алдаж болдоггүй алтан зүйл болохоор аварга маань ч аль хэдийн их цогцолборынхоо зураг төслийн ажлаа эхлүүлсэн гэнэ. Ямар ч гэсэн арлын оронд хөлсөө дуслуулж олсон мөнгөө эх орондоо зориулж яваа аваргыг Сүхбаатарчууд ихэд талархалтай хандаж байгаа гэсэн.

Monday, September 8, 2008

Орос сумочид алга болох шинжтэй

Оросын сүмоч Ваканохо хар тамхи хэрэглэсэн хэргээр баривчлагдан сүмо бөхийн эгнээнээс хөөгдөөд сар ч өнгөрөөгүй байна. Сүмогийн холбооноос өчигдөр болсон хурлын дараа нийт 69 бөхөд хар тамхины шинжилгээ хийсэн бөгөөд Оросын ах дүү хоёр Рохо, Хакүрозан нар хар тамхи хэрэглэж байсан нь илэрч, сүмогийн холбоог дахин шоконд оруулав. Энэ хоёр бөх Ваканохог Японд авчирч сүмоч болгосон төдийгүй үргэлж хамтдаа байдаг нь цагдаагийн газрын анхааралд өртөөд байсан юм.

Ваканохо хэдийгээр ганцаараа хар тамхи татдаг байсан хэмээн байцаалтад өчсөн ч шинжилгээгээр хоёр хуурай ах нь баригдаж орхилоо. Рохо, Хакүрозан нар хар тамхи их хэрэглэж байгаагүй, дахин шалгаж өг хэмээн хүссэний дагуу Рохог 3, Хакүрозаныг 2 удаа шалгаад хариу адилхан гарсан тул цагдаагийн газарт байцаалт хийхээр авч одлоо.

Сүмогийн холбооноос хөөх шийтгэл оноох нь бараг 100 % биз ээ. Бас нэг гол асуудал бол Хакүрозаны ояката нь Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми билээ. Китаноүми Ваканохогийн оякатад шавиа хүмүүжүүлж чадаагүй зэрэг олон хатуу үг хэлж байсныг санахад энэ удаа өөрөө огцрохоос өөр аргагүй болж байх шиг.

Friday, August 29, 2008

Монгол башёд иргэд сэтгэл дүүрэн байна.

Монголын түүхнээ алтан үсгээр бичгдэх хоног өдөрүүд үргэлжилсээр байна. Олимпын дэмжээнд алтан соёмбот тугаа мандуулаж төрийн дууллаа эгшиглүүлэсэн монгол тамирчидаараа түмэн олон бахархаж байгаа. Харин яг л энэ үйл явдалтай хамт мэргэжилийн сумогийн алдар цолтнууд монгол оронд зочилож сумо сонирхогч олон түмний сэтгэлийг тэнийлгэж байна. Үнэхээр монгол түмэн алдар цолтой хүчит бөхчүүдийн уран гоё барилдааныг үзхээр аралын япон орныг зориод байх нь тун ховор. Энэ ч үүднээсээ их аварга Асашоёриюү Дагвадоржоор ахлууласан сумогын алдартнууд эх нутагт маань зочилож Аса цергийн дэвжээнээ хүч үзэн барилдаж байгаад үзэгч олон сэтгэл дүүрэн байна. Барилдаан үзэх завсартаа аралын япон орны түүх соёлтой бага ч болов танилцаж, япон үнэдэсний мэргэжилийн тогоочын хоолыг амтархан зооглож байна. Гэр бүл ах дүүсээрээ өөрийхөө хайрлаж хүндэлдэг бөхчүүдтэйгээ нүүр тулан уулзаж зурагтаар алга ташин дэмжидэг хүнээ дэргэдээс нь өөрийхөө дуу хоолойгоор дэмжиж байна. Хоёр өдөр үргэлжилэх Монгол башё Монгол түмний сэтгэлд нар гийсэн өдөрүүдийг үргэлжилүүлсээр байна. Аралын япон орны үнэдсний хэв маягыг хадгалсан үзүүлбэрүүд мэргэжилийн сумо бөхийн нарийн дэг жаяг ёслол үйлдэх зан заншил гээд бүгдийг багтаасан энэ арга хэмжээ Аса цирк Асашёриюу сангийн дэмжилэгтэйгээр явагдаж байгаа юм. Хэдийгээр тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан улс орнуудад сумогийн үзүүлэх барилдаан явагддаг ч энэ цаг үеийг эзэгнэсэн их аваргууд япон түмнийг баясгасан уран гоё барилдааныг үзүүлэж байгаа учираас Монголчууд та бидэнд энэ сайхан боломж олдсон гэдэг нь лавтай юм.

“Монгол башё” өчигдөр АСА цирк эхэлээ

Арлын японы сумо бөхийг Монголчууд зурагтаар голцуу үздэг байсан бол харин энэ удаад эх орондоо Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Башё нэртэйгээр үзэж байна. Аса циркэд өнөөдөр эхэлсэн Монгол башё тойргийн барилдааны нээлтэд Монгол улсын ерөнхийлөгч оролцлоо. Сумо бөхийн 28,29 р их аварга Асшёро Дагвадорж, Хакухо Даваажаргал нар болон Озакэ Кайёо, Озакэ Коотошү нар болон уран барилдаантай Аминишики нарын алдартай бөхчүүд энэ удаагийн Монгол башёд оролцож байна. Сүр хүчит бөхчүүдийн уран барилдааныг сумо бөхийн гайхамшигтай хослуулан үзэхээр Аса циркэд Монгол башё эхэлсэн энэ өдөр үзэгч олон пиг дүүрсэн байлаа. Монгол улсын ерөнхийлөгч мөн Монгол БАшегийн нээлтэнд оролцож барилдааныг үзэж сонирхлоо. Тойргийн барилдаанд оролцохыг зөвшөөрдөггүй жюрогоос доош цолтой бөхөөс 32-ыг зөвшөөрүүлж, дагуулж ирсэнээ хэлж байсан.
Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа Монгол башё өнөөдөр маргааш 2 Аса циркэд болно. ТВ9 телевиз Монгол башёг үзэгч та бүхэнд энэ 2 өдрийн турш бүрэн эхээр нь шууд дамжуулан хүргэж байна.

СУМОЧ АЛТАНГАДАСЫН ХҮЧИТБААТАР “АЛТАН ГАДАС” ХҮРТЭВ

Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр Сумо бөхийн ертөнцөд амжилттай барлидаж байгаа Хүчитбаатарт Алтангадас одон гардуулж гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, мэргэжлийн сумо бөхийн ур чадварыг чадамгай эзэмшиж, дээд зиндаанд амжилттай барилдан спортын өндөр амжилт үзүүлж байгааг нь үнэлж мэргэжлийн сумо бөхийн тамирчин Алтангадасын Хүчитбаатарыг “Алтан гадас” одонгоор шагнаснаа Монгол башё” тойргийн барилдааны өмнө Төрийн ордны Соёмбо танхимд гардуулан өглөө.

Wednesday, August 27, 2008

“Монгол башё”-д оролцох мэргэжлийн 46 сүмоч эх оронд минь ирлээ

Манай улсад хоёр хоногийн дараа түүхэнд тэмдэглэгдэх өдөр болох гэж байгаа билээ. Энэ юу вэ гэвэл Япон улсад л зөвхөн болдог мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн анх удаа нийслэл хотноо зохион байгуулагдах гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд Монголын их аваргууд эх нутагтаа анх удаа арлын орны хүчитнүүдтэй хамт өчигдөр хөл тавьлаа. Энэ сарын 27-28-ны өдрүүдэд “Аса” циркт болох “Монгол башё”-д оролцох Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны 46 бөх, удирдлагын долоон төлөөлөгч, 19 шүүгч, засуул, 54 хэвлэл, мэдээллийн ажилтан, 19 зохион байгуулагч гээд нийт 144 хүн хүрэлцэн ирлээ. Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноуми, Тойргийн барилдааны хэлтсийн дарга Ошима, их аварга Асашёорюү Д.Дагвадорж нарын тэргүүтэй зочдыг Монголчууд олимпийн наадмаас хос алт, мөнгөн медаль хүртээд буйтай зэрэгцэн Улаанбаатар хотын захирагч,
“Монгол башё”-г зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Т.Билэгт, Ажлын хэсгийн гашүүн, аварга Д.Сумъяабазар, Төрийн ёслолъш албаны дарга О.Нямдаваа, Элчин сайд Я.Ичихаши болон албаны бусад хүмүүс хүлээн авлаа. Мэргэжлийн сүмочид дунд бвдний сайн танил болсон Озэки Кайо, Котоошю тэргүүтэй дээд зиндааны бөхчүүдээс гадны Мэргэжлийн сүмо бөхийн дээд болон бусад зиндаанд барилдаж буй Монголын бөхчүүд энэ удаагийн багт багтсан байлаа. Харин үлдсэн 33 бөх болон албаны зарим хүмүүс оройн нислэгээр ирсэн бөгөөд тэднийг ёкозуна Хакухо ахлан ирсэн юм. Энэхүү тэмцээнд оролцохоор ирсэн сүмочид “Буянт-Ухаа”-гаас “Сонжин гранд” зочид буудлыг зорьсон. Тэд “Монгол башё”-гийн хугацаанд тус зочид буудалд байрлах юм байна.

Tuesday, July 1, 2008

Saturday, June 14, 2008

"МОНГОЛ БАШЁ" 60 ГАРУЙ ОРОНД ШУУД ЦАЦАГДАХ НЬ

Ирэх наймдугаар сард манай улсад японы мэргэжлийн сүмо бөхийн үзүүлэх тоглолт болох гэж байгаа билээ. Аль хагас жил орчмын өмнөөс л бэлтгэж эхэлсэн “Монгол башё”-д зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгч “Асашёорюү” сан чамгүй хөрөнгө хаяж байгаа сурагтай. Эх орноо сурталчлах хамгийн том арга хэмжээ байх ёстой гэдэг үүднээс өндөр түвшинд зохион байгуулахын тулд сангийн удирдлагууд толгой өндийх завгүй ажиллаж байгаа гэсэн. Харин өнөөдөр эх орондоо ирэхээр төлөвлөсөн 68 дахь их аварга уг ажилтай нэг бүрчлэн танилцах аж. Хамгийн их олзуурхмаар мэдээлэл нь энэ удаагийн “Монгол башё” дэлхийн 60 орчим оронд цацагдах гэнэ. Өөрөөр хэлбэл, үүгээр дамжуулж эх орноо олон улсын хэмжээнд таниулах юм. Харамсалтай нь, зохион байгуулах газрын асуудал хүндхэн байгаа аж. Улсын цирк, Монгол бөхийн өргөө хоёрын аль аль нь жижигдэж байгаа ч хүссэн хүсээгүй “Аса” циркээ сонгож байгаа. Сүмо үзэх сонирхолтой монгол иргэдийн хэд нь тийшээ орж чадах бол.

Saturday, May 31, 2008

Мэргэжлийн сумо бөхийн холбоо бөхчүүдийг шийтгэлээ

 Мэргэжлийн сумо бөхийн холбооноос "Мигаки" дэвжээний багш, сумо бөхийн түүхэн дэх 56 дахь ёкозуна II Ваканоханад гурван сарын турш цалингийнхаа 30 хувийг хасуулах шийтгэл оноожээ. Мөн түүнтэй ижил шийтгэлийг залуу бөхчүүдтэй харгис хандсан хэмээн Тоёозакурад оногдуулсан аж. Шүүгч нарын зөвлөлийн дарга ояаката Ханарэгома нацу башёгийн үеэр жонидан зиндааны нэгэн бөхийн бие улаан эрээн болж, хөхөрсөн байхыг хараад ояаката Ваканоханагаас асуусан байна. Гэтэл Ваканохана “Би өөрөө түүнийг саваадсан” хэмээн хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн тэрбээр "Иймэрхүү зүйл сумо бөхийн бүхий л дэвжээнд гардаг” гэж хэлээд багагүй зэмлэлд өртсөн ажээ. Хэдийгээр тэр шийтгэл хүлээсэн хэдий ч Захирлуудын зөвлөлд хэвээр үлдсэн байна. Харин Тоёозакура өөрийн дэвжээний залуу бөхийн толгойг шалны модоор цохисны улмаас толгой нь гэмтэж, найман оёдол тавиулсан гэнэ. Тиймээс түүнд Мэргэжлийн сумо бөхийн холбооноос дээрх шийтгэлийг оноожээ. Тоёозакура өөрөө ийм үйлдэл гаргасандаа харамсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэрбээр дэвжээнийхээ бөх болон түүний эцэг, эх, сумогийн холбооноос уучлалт гуйж, “Ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн” байгаа тухайгаа хэлсэн аж. Харин өдгөө 34 настай Тоёозакурагийн дэвжээний багш түүнийг давхар шийтгэж, гэрийн хорионд байлгахаар шийджээ.

Түүнчлэн энэ хэргээс хоёр хоногийн өмнө Монголын их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон Хакухо М.Даваажаргал нарыг башёгийн сүүлийн өдөр дэвжээн дээр зүй бус авир гаргасан хэмээн Мэргэжлийн сумогийн холбооноос хүндхэн зэмлэл хүртээсэн байна. Тэднийг дахин ийм авир гаргахгүй байхыг олны өмнө хатуу анхааруулсан ажээ.

Мөн башёгийн үеэр Ама Д.Бямбадоржид өвдөг шороодсон Ваканахо шаралхаж, шүршүүрийн өрөөний хаалгыг тохойгоороо цөм цохих шахсаныхаа төлөө Мэргэжлийн сумо бөхийн холбооны тэргүүн ояаката Китаноумигаас уучлалт гуйсан байна. Ямартай ч хоёр аварга өвдөг шороодож, Европын бөх анх удаагаа мэргэжлийн сумо бөхийн башёд түрүүлсэн гээд сүр дуулиан ихтэй болсон нацу башё зарим бөхчүүдийн хувьд ширүүхэн болж өндөрлөсөн бололтой.

Monday, May 26, 2008

Сумо бөхийн эзэн хааны цомыг анх удаагаа европын бөх авлаа

 Котоошюү (Европын бэрсүүт жүржийн мод) нэрээр барилддаг Болгарын сумоч Калоян Махлянов Токиогийн нацу башёд дуулиан тарив. Тэр тэмцээн дуусахаас нэг хоногийн өмнө сумо бөхийн гол шагнал эзэн хааны цомыг авахаар болов. Сумо бөхийн түүхэн эх оронд нь анх удаагаа энэ хүндэт шагналыг авч байгаа Европын анхдагч нь тэр боллоо.

Болгарын 25 настай бөх Калоян Махлянов 2002 онд сумод хөл тавиад 2005 оны нэгдүгээр сард сумогийн хоёр дахь том цол озэкиг авчээ.  Энэ удаагийн тэмцээн түүний хувьд хамгийн чухал байлаа. Хэрэв амжилт муутай барилдан 50 хувиа хийгээгүй бол озэки цолоо алдах байв. Ялалт хүрэх замдаа тэрбээр өнөөгийн сумо бөхийн манлай болж байгаа хоёр монгол их аваргыг дараалан ялсан юм. Асашёорюү, Хакухо хоёр ёкозүно цолтой бөгөөд олон удаа эзэн хааны цомыг авч байлаа.

Сумо бөхийн тухай анхны баримттай мэдээлэл 642 онд хамрагддаг. Тэр цагт эзэн хааны ордонд Солонгосын элчинд зориулсан тэмцээнийг анх удаагаа зохиожээ. Дараа нь тэмцээн жил тутмын болон ургацын баярын дараа явагдаж ирсэн байна. Энэ барилдаан Японд олон домог, үлгэрийн эхлэл болсон юм. "Сумо-э" гэсэн нэртэй өнгөт бар зургийн шинэ төрөл бас энэ барилдаанаас үүсэлтэй.

Sunday, May 25, 2008

Асашёорюү Давгадорж VS Хакухо Даваажаргал

Асашёорюү Давгадорж, Хакухо Даваажаргал нар сумогийн дэвжэээн дээр


Tuesday, May 13, 2008

“Олимп” сургууль сумо бөхчүүдийг бэлтгэнэ

 Ардчилсан намд элсч, ирэх сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших нь тодорхой болсон Кёкүшюзан Д.Батбаяр далай аварга А.Сүхбаттай хамтран ажиллахаар болжээ. Мэргэжлийн сумо бөхөд монгол бөхчүүдийн замыг нээж өгсөн гэгддэг сумогийн алтан хараацай өдгөө сумо бөхийн өсвөр, залуу үеийг бэлтгэхэд санаагаа чилээж явдаг болсон гэнэ. Тиймээс Кёкүшюзан удахгүй болох өөрийн нэрэмжит тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн сумочдоос сонгон шалгаруулж, далай аварга А.Сүхбатын “Олимп” дэвжээнд сумо бөхийн анги нээн, сургахаар төлөвлөж байгаа ажээ. Тэгэхээр чөлөөт бөхийг гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, П.Сүхбат, жүдо бөхийг гавьяат тамирчин Д.Нармандах нарт даалгаад буй далай аварга А.Сүхбат спортын сургуульдаа сумо бөхийн анги нээж, түүнийг нь удахгүй Кёкүшюзан анхааралдаа авах бололтой. Дашрамд сонирхуулахад, Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит сумо бөхийн тэмцээнийг гар, хөл, амны халдварт өвчин гарсантай холбогдуулан түр хойшлуулаад байгаа аж.

Thursday, May 8, 2008

Д.БАТБАЯР: Японд 10 хүүхэд аялуулж, сумо бөхийн тэмцээнд оролцуулна

 -Сумо бөхийн холбоо удахгүй хүүхдийн сумо бөхийн тэмцээн зохион байгуулах гэж байгаа. Гэхдээ энэ тэмцээнийг эхлээд Хакухо М.Даваажаргалын нэрэмжит гэж ярьж байсан. Харин одоо бол таны нэрэмжит гэж зарлагдаад байх шиг байна?
-Уг нь бид тэгж төлөвлөж байсан юм. Гэхдээ цаг, хугацааны хувьд жаахан тиймэрхүү үе таарчихсан учраас Хакухогийн нэрэмжит болгож болохгүй байна. Хакухо бол сумогийн том аварга хүн. Сумогийн нэг дүрэм байдаг л даа. Ёкозуна болон дээд зиндааны бөхчүүд ямар нэгэн сонгуулийн үйл ажиллагааг дэмжих, юм уу тэр талын асуудалд оролцож болохгүй гэсэн. Тэр утгаараа намайг сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа нэгэнт нийгэмд тарчихсан учир магадгүй Хакухогийн нэрэмжит тэмцээн хийлээ гэхэд түүнийг сонгуулийн сурталчилгаанд оролцлоо гэж ойлгож болох талтай. Буруу мэдээлэл яваад Сумогийн холбоонд янз бүрийн байдлаар ойлгогдох юм бол Хакуход хэцүү байдал үүсэх байх. Тийм болохоор зодгоо тайлчихсан, Сумогийн холбоонд ямар нэгэн хамааралгүй гэдэг утгаараа Кёкүшюзаны нэрэмжит болгохоор шийдсэн. Уг нь бол бид өмнө нь Кёкүшюзаны нэрэмжит тэмцээн гэж хийсэн учир энэ удаа Хакухо, дараагийн удаа Асашёорюү гээд дээд зиндаанд барилдаж байгаа бөхчүүдийнхээ нэрэмжит тэмцээнийг цуврал болгон хийх бодолтой байсан юм л даа. Гэхдээ энэ удаагийн тэмцээний медаль Хакухогийн зурагтай гарч байгаа.

-Их олон хүүхэд бүртгүүлж байгаа сураг байсан?
-Гол зорилго нь олон хүүхдийг хамруулах явдал байгаа юм. Өнгөрсөн жил 300 гаруй хүүхэд оролцож байсан. Энэ жил 1000-аад хүүхэд оролцох боломжтой боллоо. NTV телевизтэй бид хамтран ажиллаж байгаа, тэднийхээр энэ сарын 11-нээс хүүхдийн сумо бөхийн барилдааны тусгай нэвтрүүлэг гарч эхэлнэ. Мөн "АПУ" компани ирээдүйн аваргуудыг дэмжиж, ундаа, жүүсээрээ ивээн тэтгэж байна. ХАС банк амжилттай оролцсон хүүхдүүдэд "Ирээдүйн саятан" хадгаламж нээж өгнө гээд хамтран ажиллаж байгаа байгууллагуудад талархаснаа илэрхийлэхийг хүсч байна.

Тэмцээн маань 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16 гэсэн таван насны ангиллаар явагдана. Мэдээж уламжлал ёсоор түрүүлсэн арван хүүхэд Япон руу явна. Тэнд очоод сумочидтойгоо уулзана, Япон орныг үзнэ. Мөн Осака хотод өсвөрийн сумочидтой хамтарсан бэлтгэл хийгээд тэнд болох хүүхдийн сумо бөхийн тэмцээнд оролцоно. Японы хүүхдүүдтэй барилдана гэсэн үг л дээ. Дараа нь Японы JCI байгууллагын журмаар Японы сумоч багачуудыг Монголд урих төлөвлөгөөтэй байгаа. Гол нь хүүхдүүдэд урам зориг өгөх гэсэн санаа юм л даа. Японд өнөөдөр Монгол бөхчүүдийн эзэлж байгаа байр суурь ямар байгаа билээ, бүгд мэдэж байгаа. Тиймээс ирээдүйн Асашёорюү, Хакухо, Ама нарыг одооноос бэлтгэх хэрэгтэй гэж би бодож явдаг юм. Арав, магадгүй 15 жилийн дараа энэ хүүхдүүдээс л бөх төрнө шүү дээ. Өнгөрсөн жил тэмцээн маань маш амжилттай болж байсан. Таван хүүхэд Япон яваад ирсэн. Манай хүүхдүүд сумог маш сайн мэддэг болсон байна. Мэх, сумочдын барилдааныг хүртэл томчуудаас дутахгүй хэлдэг болчихсон байх жишээний. Тэгэхээр ийм орчин, мэдээлэл дундаас ирээдүйн сайн бөхчүүд төрнө гэдэгт итгэлтэй байгаа. Түрүүчийн наадамд амжилттай оролцсон хүүхдүүдээс хоёр хүүхэд дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авсан. Энэ амжилт манай хүүхдийн сумогийн наадмын тодорхой хэмжээний үр дүн гэж би бодож байгаа шүү. Ер нь цаашдаа ирээдүйтэй хүүхдүүдийг тууштай бэлтгэх бодол байгаа. А.Сүхбат аварга "Олимп" гэж сайхан сургууль нээсэн. Тэнд аварга бид хоёр сумогийн анги нээе гэж ярилцаж байгаа. Би өөрөө долоо хоногт очоод хэдэн удаа хичээл заачихдаг ч юм уу, тийм ээ. Үнэнийг хэлэхэд Хакухо, Ама нарын дараагийн үе энэ хүүхдүүд дунд байгаа шүү. Одоо сумо бөхийг олимпийн төрөлд оруулах асуудал тун нааштайгаар яригдаж байна. Тэгчих юм бол олимпийн аварга сумогоос төрөх боломж нээлттэй байна. Өнөөдөр монголын бөхчүүд сумод, нэг, хоёр, гурав, дөрөв гээд эхний эгнээнд явааг харахад сайхан л байдаг. Гол нь энэ эрчийг алдаж болохгүй биз дээ. Тийм болохоор би залгамж халаа гэдэг асуудалд санаа зовдог болоод байгаа.

-2012 онд орж амжих болов уу?
-Арай амжихгүй болов уу. Ер нь 2016 онд бол орчих шүү. Орчихвол их зүгээр л байна даа, тийм ээ. Миний хувьд Монголын сумо бөхийн холбоог тэргүүлэхээс гадна Азийн сумо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Азийн сумо бөхийн холбооны хувьд сумо бөхийн олимпийн төрөлд оруулахын тулд нэлээд эрчимтэй ажилладаг. Эмэгтэй сумочидтой болчих юм бол ер нь байдал нэлээд нааштай байгаа шүү. Эмэгтэй сумо бөх маань энэ шаардлагын дагуу хөгжиж байна. Ялангуяа манай Монголын эмэгтэй бөхчүүд сумогоор нэлээд сайн хичээллэж байна. Цаашид улам сайн хөгжүүлэх, олон тамирчинтай болох талаар бид тодорхой ажлууд хийж л байна.

-Та Бээжингийн олимп үзэх үү?
-Олимпийн урилга бол ирчихсэн байгаа. Гэхдээ яг үзэж чадах нь уу, үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Олимптой зэрэгцээд шахуу Японы сумочид Монголд ирнэ. Найз нөхөд бүгд ирнэ шүү дээ. Тэднийгээ нутагт ирж байхад би байж байхгүй бол болохгүй.

-Үзүүлэх тоглолтын зохион байгуулалтын асуудалд Монголын сумо бөхийн холбоо оролцохгүй юм байна гэж би ойлгосон?
-Сонирхогчдын холбоо гэдэг утгаараа манайх үндсэндээ хамаарахгүй л дээ. Ерөнхийд нь Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо бүхнийг зохицуулна. Дээр нь Асашёорюү, Хакухо хоёр аварга маань анхаарлаа хандуулах байх. Гэхдээ бид тусалж, хамтарч ажиллахад болохгүй гэх зүйлгүй. Зодог тайлахаасаа өмнө би энэ асуудлыг анх холбоонд тавьж байлаа. М.Энхболд дарга Ерөнхий сайд байх үедээ Сумо бөхийн холбооны ерөнхийлөгчид Монголд ирэх урилга гардуулж өгч байлаа. Ерөнхийдөө Монголд сумогийн үзүүлэх тоглолт зохион байгуулах ажлыг анхнаас нь хөөцөлдөж, сумочдыг эх орондоо авчрахад би тухайн үед тодорхой хувь нэмрээ оруулсан л гэж боддог юм.

-Хоёрхон хоногийн өмнө хэвлэлээр таныг ирэх сонгуульд бие даан нэр дэвших гэж байгаа тухай мэдээлэл гарч эхэллээ. Таныг бараг зодог тайлахаас өмнө Кёкүшүюүзан улс төрд орох нь гэсэн яриа байсан ч өнөөдрийг хүртэл та "тийм" эсвэл "үгүй" гэдгийн аль алийг нь хэлсэнгүй. Харин энэ удаа үнэнээ хэлэх байх гэж найдаж байна?

-Яахав, Д.Батбаяр гэдэг хүн өнөөдөр ямар нэгэн намд элсээгүй, аль нэгэн намын гишүүн болоогүй нь үнэн. Хэрэв би сонголт хийгээд аль нэгэн намд элсэх юм уу, ер нь сонгуульд нэр дэвших болбол албан ёсоор зарлах байх. Нам бус байгаад байхаар энэ нөхөр бие дааж нэр дэвших нь гэсэн яриа гарч байна. Гэхдээ би бие дааж сонгуульд өрсөлдөнө гэж огт яриагүй. Өөрөөр хэлбэл, миний амнаас тийм үг огт гараагүй байгаа. Ер нь бол намуудаас ирж байгаа санал бол байгаа. Би энэ талаар өмнө ч нь ярьж байсан шүү дээ.

-Би таны хэвлэлд өгсөн ярилцлагуудыг санаж байна л даа. Тэдэн дунд "Та улс төрд орох уу" гэсэн яг энэ асуултад өөрөө хоёр янзаар хариулсан байсан. Нэг нь "Би улс төрд балчирдах байх", нөгөө нь "Би улс төрд орохоос айхгүй байна" гэсэн хариулт. Яг өнөөдөр таны хувьд энэ хоёр байр сууриныхаа алин дээр нь зогсч чадах вэ?
-Уг нь нас залуу байна. Юм хийвэл хийх үе нь болсон байх гэж бодогддог. Олон жилийн дараа эх орондоо буцаж ирээд амьдарч байна. Үнэнийг хэлэхэд их олон хүн намайг юм хийгээч ээ, хамтраад ажиллая, залуу хүн зоригтой бай гэхчлэн хэлж байна. Гэхдээ тэгж байна гээд би заавал улс төрд орох ёстой гээд ч юм уу зүтгээд байгаа юм алга байна. Заавал улс төрд орж байж санасан бодсоноо хийх албатай ч юм уу, үгүй ч юм уу, тийм ээ. Японы парламентад миний найз нөхөд, дэмжиж байсан залуучуудаас олон хүн орчихсон байна. Тэднээс хамтарч ажиллах, намайг дэмжих, надаар дамжуулж монгол хүмүүст туслах, газар тариалан хөгжүүлэх, Японд ажиллаж, сурч байгаа хүмүүсийн тоог нэмэгдүүлье, танайд эмнэлэг, сургууль барьж өгье гэдэг ч юм уу олон санал ирж байгаа. "Кёкүшюзан хөгжил сан" дангаараа энэ бүх хамтарч ажиллах саналыг хүлээж аваад гүйцэтгэх боломж нэг талаараа бага байна. Бодож, төлөвлөсөн ажил их л байна даа. Ер нь тэгээд намууд чинь бүгд нэр дэвшүүлэх хүнээ сонгочихсон юм биш үү…

-Харин таны хариуг хүлээж байгаа намууд зөндөө байгаа юм биш үү. Та ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол нэр дэвшүүлэх хугацаа дөхчихлөө. Тэгээд ч сонгуульд нэр дэвших хүмүүс аль хэдийн бэлтгэл ажилдаа орчихсон байгаа шүү дээ. Эсвэл танд ямар ч сурталчилгаа хэрэггүй байгаа юм уу?
-Яг шийдчихсэн бол өдийд ажилдаа ороод явж байх ёстой байх л даа. Тэгэхээр би өөрөө яг өнөөдрийн байдлаар энэ талаар тэгнэ гээд хэлчих боломж байхгүй байгаа учраас сурталчилгаа гэх ч юм уу сонгуульд бэлтгээд гүйгээд байгаа юм алга. Өмнөх ажлаа л хийж байна.

-Таныг Япон руу ажилчин гаргах гэж байгаа тухай мэдээлэл нийтэд цацагдсан байгаа. Хүмүүс их сонирхож байна л даа. Магадгүй тантай таарсан хүн бүхэн асууж байгаа байх?
-Өнөөдөр яриад маргааш хийчих ажил биш л дээ. Солонгос руу бид хэдэн хүн гаргаж байгаа билээ. Тэнд хорин хэдэн мянган хүнээ ажиллуулах гэж арван хэдэн жил зарцуулсан байна. Японд ажилчин гаргах тухай ярьж байгаа. Гэрээ хийх талаар тохиролцож чадсан гэж ойлгож болно. Арван мянга байх уу, хорин мянга байх уу гэдэг тоог одоогоор хэлж мэдэхгүй байна. Мэдээж олон тусмаа сайн. Гадагшаа гарч ажилласан хүмүүсийн зарим нь бие муутай болоод ирж байгаад би санаа зовдог л юм. Японд бол ажлын цагийн хуваарь баримталдаг, хүнийхээ эрүүл мэндэд хамгийн түрүүнд анхаардаг, хөдөлмөрийн хөлс өндөр гээд зарим оронтой харьцуулахад ажилчин аваачихад олон давуу тал байна. Ерөнхийдөө "Кёкүшюзан хөгжил сан" энэ ажлыг зохион байгуулна. Гэрээ, хэлэлцээрээ байгуулсны дараа бид албан ёсоор холбогдох мэдээллүүдийг өгнө. Энд нэг тайлбар хэлчих ёстой байх гэж бодож байна. Кёкүшюзан гадагшаа ажилчин гаргана гээд ярихаар хүмүүст нөгөөх маань сонгуулийн ажлаа л хийгээд байна гэсэн бодол төрж болох юм. Үгүй юм. Би энэ асуудлыг олон жилийн өмнөөс хөөцөлдөж байгаа. Тийм ч болохоор сонгуулийн дараагаас албан ёсны зүйл ярьсан нь дээр байх гэж бодож байгаа. Нэг юм хийх гэхээр бүхнийг сонгуультай холбож ойлгох гээд ойрын үед жаахан тиймэрхүү байна шүү. Удахгүй Япон явна. Тэгэхдээ гэрээнийхээ талаар ярилцана. Сумогийн холбоонд харьяалагдаж байгаа бөхчүүдийг бизнес хийхийг зөвшөөрдөггүй л дээ. Тэр утгаараа Японы бизнесменүүд хамтран ажиллах сонирхол байсан ч бөхчүүдтэй харьцах боломжгүй байдаг. Харин миний хувьд зодог тайлчихсан байгаа болохоор өмнө нь надтай хамтарч ажиллахыг бодож байсан юм уу, Кёкүшюг дэмжье гэж бодож байсан хүмүүс одоо л санаа, оноогоо хэлж байна.

-Та одоо ямар бизнес эрхэлж байна вэ?

-Миний бизнес гэж юу байхав дээ. Сан маань байна. "Нэг Ази" нийгэмлэг гэж байна. Японд сурч байгааг мэдсэн байх. Оюутан хүнд цаг зав бага байх юм аа. Төгсч ирээд бизнесээ өргөжүүлэх бодол бол байгаа, байгаа.

-Энэ барилга жишээ нь их том байгууламж босох бололтой /10 хороололд барьж буй "Kyokushyu tower" барилга/. Ямар зориулалтаар барьж байгаа вэ?
-16 давхар барилга барьж байна. Барилгын ажил арай дуусаагүй байгаа. Үйлчилгээ, оффосын зориулалттай. Намайг бага байхад манайх Ховдоос Улаанбаатарт шилжиж ирээд Толгойтын айл болж байсан үеийг би сайн санадаг юм. Дараа нь X хороололд нүүж ирээд олон жил амьдарсан. Тэгээд ч тэр юм уу, би энэ хавьдаа байх дуртай байдаг юм. Одоо гэр Зайсанд байгаа ч өдрийн ихэнх цагийг эндээ л өнгөрүүлж байна даа.

-Хүүхдүүдээ Сингапурт сургаж байгаа юу?
-Японд байгаа. Ээж дээрээ очсон.

-Танай гэр бүлийн талаар сонин, хэвлэлээр янз бүрээр л бичих юм. Салсан, салаагүй гэдэг талаар хүмүүс бараг мэтгэлцэж ирээд л ярьж байна?
-Яахав дээ, бид тусдаа амьдарч байгаа. Өөр би юу гэж хэлэхэв. Манайд чөлөөт гэж хэлээд байгаа хэвлэлүүд хүнийг яаж л бол яаж ч хамаагүй бичиж болдог юм байна гэдгийг сайн ойлгож байгаа. Гэлээ гээд тэднийг уншдаггүй. Огт уншихаа больсон.

-Асашёорюүг бас эхнэрээсээ салж байгаа гэх юм?
-Үгүй байлгүй дээ, би л лав тийм юм дуулаагүй.

-Өдрийг та юу хийж өнгөрүүлж байна?
-Өө тэгээд янз бүр л байна даа. Сонин уншиж байна, өдөр тутмын сонин /инээв/…

-Үндэсний бөхөөр барилдах уу гэдэг асуултыг таниас хүмүүс залхтал чинь асуусан байх л даа. Гэхдээ наадам дөхөж байгаа учир би ч бас асуумаар л санагдаж байна?
-Кёкүшюзан нь зодог тайлсан шүү дээ.