Оросын сүмоч Ваканохо хар тамхи хэрэглэсэн хэргээр баривчлагдан сүмо бөхийн эгнээнээс хөөгдөөд сар ч өнгөрөөгүй байна. Сүмогийн холбооноос өчигдөр болсон хурлын дараа нийт 69 бөхөд хар тамхины шинжилгээ хийсэн бөгөөд Оросын ах дүү хоёр Рохо, Хакүрозан нар хар тамхи хэрэглэж байсан нь илэрч, сүмогийн холбоог дахин шоконд оруулав. Энэ хоёр бөх Ваканохог Японд авчирч сүмоч болгосон төдийгүй үргэлж хамтдаа байдаг нь цагдаагийн газрын анхааралд өртөөд байсан юм.
Ваканохо хэдийгээр ганцаараа хар тамхи татдаг байсан хэмээн байцаалтад өчсөн ч шинжилгээгээр хоёр хуурай ах нь баригдаж орхилоо. Рохо, Хакүрозан нар хар тамхи их хэрэглэж байгаагүй, дахин шалгаж өг хэмээн хүссэний дагуу Рохог 3, Хакүрозаныг 2 удаа шалгаад хариу адилхан гарсан тул цагдаагийн газарт байцаалт хийхээр авч одлоо.
Сүмогийн холбооноос хөөх шийтгэл оноох нь бараг 100 % биз ээ. Бас нэг гол асуудал бол Хакүрозаны ояката нь Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми билээ. Китаноүми Ваканохогийн оякатад шавиа хүмүүжүүлж чадаагүй зэрэг олон хатуу үг хэлж байсныг санахад энэ удаа өөрөө огцрохоос өөр аргагүй болж байх шиг.
No comments:
Post a Comment