Saturday, May 31, 2008

Мэргэжлийн сумо бөхийн холбоо бөхчүүдийг шийтгэлээ

 Мэргэжлийн сумо бөхийн холбооноос "Мигаки" дэвжээний багш, сумо бөхийн түүхэн дэх 56 дахь ёкозуна II Ваканоханад гурван сарын турш цалингийнхаа 30 хувийг хасуулах шийтгэл оноожээ. Мөн түүнтэй ижил шийтгэлийг залуу бөхчүүдтэй харгис хандсан хэмээн Тоёозакурад оногдуулсан аж. Шүүгч нарын зөвлөлийн дарга ояаката Ханарэгома нацу башёгийн үеэр жонидан зиндааны нэгэн бөхийн бие улаан эрээн болж, хөхөрсөн байхыг хараад ояаката Ваканоханагаас асуусан байна. Гэтэл Ваканохана “Би өөрөө түүнийг саваадсан” хэмээн хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн тэрбээр "Иймэрхүү зүйл сумо бөхийн бүхий л дэвжээнд гардаг” гэж хэлээд багагүй зэмлэлд өртсөн ажээ. Хэдийгээр тэр шийтгэл хүлээсэн хэдий ч Захирлуудын зөвлөлд хэвээр үлдсэн байна. Харин Тоёозакура өөрийн дэвжээний залуу бөхийн толгойг шалны модоор цохисны улмаас толгой нь гэмтэж, найман оёдол тавиулсан гэнэ. Тиймээс түүнд Мэргэжлийн сумо бөхийн холбооноос дээрх шийтгэлийг оноожээ. Тоёозакура өөрөө ийм үйлдэл гаргасандаа харамсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэрбээр дэвжээнийхээ бөх болон түүний эцэг, эх, сумогийн холбооноос уучлалт гуйж, “Ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн” байгаа тухайгаа хэлсэн аж. Харин өдгөө 34 настай Тоёозакурагийн дэвжээний багш түүнийг давхар шийтгэж, гэрийн хорионд байлгахаар шийджээ.

Түүнчлэн энэ хэргээс хоёр хоногийн өмнө Монголын их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон Хакухо М.Даваажаргал нарыг башёгийн сүүлийн өдөр дэвжээн дээр зүй бус авир гаргасан хэмээн Мэргэжлийн сумогийн холбооноос хүндхэн зэмлэл хүртээсэн байна. Тэднийг дахин ийм авир гаргахгүй байхыг олны өмнө хатуу анхааруулсан ажээ.

Мөн башёгийн үеэр Ама Д.Бямбадоржид өвдөг шороодсон Ваканахо шаралхаж, шүршүүрийн өрөөний хаалгыг тохойгоороо цөм цохих шахсаныхаа төлөө Мэргэжлийн сумо бөхийн холбооны тэргүүн ояаката Китаноумигаас уучлалт гуйсан байна. Ямартай ч хоёр аварга өвдөг шороодож, Европын бөх анх удаагаа мэргэжлийн сумо бөхийн башёд түрүүлсэн гээд сүр дуулиан ихтэй болсон нацу башё зарим бөхчүүдийн хувьд ширүүхэн болж өндөрлөсөн бололтой.

No comments: