Японы мэргэжлийн сумо бөхийн холбоонд нэгэн шинэ дуулиан дэгдлээ. Тодруулбал, жюүрё зиндааны бөх Вакакирин марихуан хадгалж байгаад баривчлагдсан байна. Ояката Огурумагийн 25 настай шавь Вакакириныг өөрийн найз, хөгжимчин Цутому Хирона гэгчийн хамт CD худалддаг дэлгүүрийн зочдын өрөөнд байхад нь саатуулсан байна. Цагдаагийн ажилтнууд хүрч ирэхэд “Залуу анааш” Вакакирин ширээн доогуураа тамхины навчтай хольсон 16 гр боодолтой марихуанаа нуухыг оролдсон байна. Огурума дэвжээнд байрлах Вакакириний өрөөнд цагдаа нар тэр оройдоо нэгжлэг хийж, түүний тэмдэглэл бичдэг зузаан дэвтрийг хураажээ.
Өнгөрсөн баасан гаригт баривчлагдсан Вакакирин өчигдөр дэвжээнийхээ ояката Огурумагаар дамжуулан сумо бөхийн холбоонд огцрох өргөдлөө хүргүүлсэн байна. Мэргэжлийн сумо бөхийн захирлуудын зөвлөл маргааш хуралдах бөгөөд энэ хурлын үеэр Вакакириний огцрох хүсэлтийг хүлээж авах эсэхээ шийдвэрлэх ажээ.
Шиничи Сүкүзава буюу Вакакирин мансууруулах бодисны хэрэгт орооцолдсон анхны япон бөх болж байна. Тэрбээр өчигдөр өөрийн өмгөөлөгчтэйгээ уулзаж, огцрох хүсэлт тавих саналтай байгаагаа хэлжээ. Харин түүний өргөдлийг авсан ояката Огурума удалгүй Токио хотын Кокугикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Вакакирин өөрөө сумогийн холбооноос огцрох хүсэлт гаргасан. Харин түүний багшийн хувьд энэ нь зөв шийдвэр гэж бодож байна. Түүнийг цаашид сумо бөхийн холбоонд хэвээр үлдээж, сумо барилдуулах нь дэвжээний нэр хүндийг унагаах аюултай” гэсэн байна.
Канагава тойргийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ Вакакирин хоёр л удаа хар тамхи хэрэглэсэн хэмээн мэдүүлсэн ч Оросын Рохо, Хакурозан нарын хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн есдүгээр сард бөхчүүдээс авсан шээсний шинжилгээний үеэр Вакакириний шинжилгээнээс сэжигтэй зүйл илэрсэн ажээ. “Би баривчлагдахаасаа өмнө нэгдүгээр сарын 29, 30-нд хар тамхи хэрэглэсэн. Харин үүнээс өмнө хэрэглэж байгаагүй” хэмээн Вакакирин мэдүүлсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Вакакирин гурван удаа шинжилгээ өгсөн бөгөөд сүүлчийн шинжилгээ сөрөг гарсан учир сумогийн холбоо түүнийг цагаатгасан юм.
Өнгөрсөн жилийн долдугаар сард 0.358 гр марихуан хадгалж байгаад баригдсан Оросын бөх 19 настай Ваканахо баригдсан ба удалгүй тэрбээр сумогийн холбоогоос хөөгдөж, нутаг буцсан билээ. Харин есдүгээр сард Оросын ах, дүү сумоч Рохо, Хакурозан нар буюу Сослан болон Батраз Борадзов сумогийн холбооноос хөөгдсөн бөгөөд тэр үед дүүгийнх нь багш байсан ояката Китаноуми сумо бөхийн холбооны ерөнхийлөгчийн суудлаас огцорсон юм. Рохо, Хакурозан нарын хөөгдсөн шалтгаан нь шээсний шинжилгээнээс мансууруулах бодис илэрсэн явдал юм. Ах, дүү хоёр сумоч Токио хотын тойргийн шүүхэд шинжилгээ авах журам зөрчилтэй явагдсан хэмээн гомдол гаргаад байгаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ах, дүү хоёрын өмгөөлөгчийн шахалтаар сумогийн холбооны шинэ удирдлага бөхчүүдийн шинжилгээ бага зэргийн зөрчилтэй байсныг хүлээн зөвшөөрчээ. Сэтгүүлч нар Хакурозан нарыг шинжилгээгээ өгч байхад хажуу талынх нь өрөөнд Вакакирин байсныг тогтоосон байна. Энэ явдал нь Сумогийн холбооны сахилга бат хариуцсан хороо болон спортын эмнэлгийн төвийн профессор Ониши нарын нэр хүндэд халтай хэрэг болж байна. Ямартай ч Вакакирины цагдаад өгсөн мэдүүлэг Оросын хоёр бөхийн хэрэгт эергээр нөлөөлж магадгүй бололтой.
Мэдээллийн эх сурвалж: Сумогийн ертөнцөд шинэ дуулиан дэгдэв
No comments:
Post a Comment