Friday, December 19, 2008

Мэргэжлийн сүмогийн 2008 оны онцлох үйл явдал

Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд өмнө нь гарч байгаагүй олон сонирхолтой үйл явлал энэ жил болж өнгөрсөн. Монголчуудын шимтэн үзлэг сүмочид маань багагүй хэрэг төвөг тарьж, хэрүүл шуугиан дэгдэн, шүүх зарга дээрээ тулав. Гэхдээ бүх зүйл тийм ч хар бараан байсангүй. Ингээд хамгийн дуулиантай үйл явдлаас тоймлон хүргэе.

Асашёорюү, Хакүхо нарын ёс бус авир
Нацү башёгийн сүүлчийн өдөр хаалтын барилдаанд боссон Асашёорюү, Хакүхо нар дэвжээн дээр ёс бус авир гаргаж, олныг цочирдуулсан билээ. Ёкозүнагийн хяналтын зөвлөлийн гишүүд энэ үйлдлийг нь "Эртний түүхт сүмо бөхийн нэр хүндийг унагаасан тэднийг хатуу шийтгэх хэрэгтэй" гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ Сүмогийн холбооны тэргүүн Китаноүми Асашёорюүг өмөөрч, Хакүхог буруутгасан юм. Тэрээр "Нэгэнт хүч, чадлаа шавхан барилдаад дийлээгүй л бол ялагчийн өмнө хүлцэнгүй байх нь сүмогийн нэг зарчим. Энэхүү үүссэн нөхцөл байдлын бүх хариуцлагыг Хакүхо ганцаараа үүрэх ёстой" хэмээсэн юм. Энэ үйлдлээрээ хоёр аварга анх удаа хар амжилтын дансанд бүртгэгдсэн.

Асашёорюү домогт аваргуудын нэг Таканоханатай зэрэгцэв
Зүүн, баруун жигүүрийг магнайлан боссон монгол аваргууд хоёр дахь башё буюу харуд мөн л дараалан хэн давсан нь түрүүлэх нөхцөлтэйгөөр барилдсан. Сүмогийн түүхэнд ховор тохиодог ёкозүна цолтнууд сүүлийн өдөр ижил даваатай боссон үзэгдэл ийнхүү 2008 оны эхний хоёр тэмцээнд дараалан гарсан юм. Гэхдээ энэ башёд ёкозүна Асашёорюү 22 дахь түрүүгээ авсан. Энэ түрүүг авснаар тэрээр Японы домогт аваргуудын нэг Таканоханатай зэрэгцэж, бүх үеийн түүхийн IҮ байрыг хуваах болсон юм.

Тоёозакүра, Магаки нарт өгсөн анхааруулга
Өнгөрсөн оны зургадугаар сард "Токицүказэ" дэвжээний залуу бөх бэлтгэлийн үеэр дарамт, зодуурыг даалгүй амиа алдсан нь сүмогийн ертөнцийг цочроосон гэхэд болно. Үүний дараахан Магаки ояката жониданд хүч үзэж буй шавиа эхний барилдаандаа ялагдчихаад ирэхэд нь бейсболын цохиураар нүд рүү нь цохиж, маргааш өглөө нь хэт их ачаалалтай бэлтгэл хийлгэж дарамталсан нь тодорхой болсон. Мөн Тоёозакүра дэвжээнийхээ жонокүчигийн бөхийг саваагаар толгой руу нь цохиж, үүний улмаас нөгөө сүмоч нь найман оёдол тавиулсан нь илэрсэн юм. Тиймээс тэдэнд сүмогийн холбооноос хатуу анхааруулга өгсөн юм.

Хакүход олон шинэ амжилт бэлэглэсэн нагоя башё
Нагояд түрүүлж үзээгүй байсан ёкозүна Хакүхо башёгийн 13 дахь өдөр түрүүлэх болзлоо хангасан юм. Мөн Хакүхо мэргэжлийн сүмогийн жилийн бүх тэмцээнд түрүүлсэн арав дахь бөх болов. Өнгөрсөн жил дөнгөж мэндэлсэн охиндоо зориулж тавдугаар сарын барилдаанд уналгүй түрүүлж байсан Хакүхо энэ удаа ч хоёр дахь хүүхдээ төрөхийн өмнөхөн дахин төгс амжилт үзүүлсэн нь энэ юм. Ийнхүү нагоя башё, Хакүход олон шинэ амжилт бэлэглэсэн.

Ваканохогийн худал гүтгэлэг
Сүмогийн бараг бүх барилдааны үр дүнг урьдчилан, тохиролцдог, өөрөө ч найраанд оролцож байснаа өгүүлж байсан Ваканохо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд энэ бүхэн худлаа яриа байсан хэмээн мэдэгдсэн билээ. Хар тамхи хадгалсан, хэрэглэсэн гэх хэргээр их сүмогоос хөөгдсөн тэрээр хөндлөнгийн нэгний ятгалгад орж энэ бүгдийг ярьснаа хүлээсэн юм. Мөн өөрийг нь хатгасан тэр хүнээс 2,5 сая иен авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Тэрээр ингэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа, "Сүмогоос хөөгдсөн хүнд үед минь тэр хүн ирж үг зааж өгөөд хэрэв ингэж яривал чи удахгүй сүмодоо эргэж орно гэсэн. Энэ бүгдийг би дахин сүмод барилдахын төлөө л хийсэн. Худал гүтгэлэг хийж, нэр хүндэд нь халдсаныхаа төлөө бүх сүмочдоос уучлал гуйж байна" гэж байсан юм.

Китаноүми ерөнхийлөгчөөсөө мултарсан
Нэг жилийн дотор нэг ояката, гурван сүмоч тэр тусмаа цолтой бөхчүүдээ ажлаас нь халж байсан түүх сүмод үгүй. Рохо, Хакүрозан нарыг Сүмо бөхийн холбооноос хөөж, холбооны тэргүүн Китаноүмиг огцруулсанаар энэ түүх бий болов. Китаноүмиг ерөнхийлөгчөөс нь болиулсан ч удирдах зөвлөлд үлдээж чадсан юм. Гэвч сарын нэг сая 800 мянган иенийн цалин нь хэвээр, харин тусгай хангамж болох 50 мянган иен л үгүй болжээ. Харин элдэв асуудал шийдэхэд оролцох эрх, нөлөө нь багассан.

Их аварга Асашёорюүгийн байцаалт
Долоо хоног тутмын "Шюүкан гэндай" сэтгүүл мэргэжлийн сүмод даваа наймаалцах явдал газар авсан хэмээн нэг бус удаа нийтлэл гаргасан. Тус сэтгүүлийн нийтлэлтэй холбогдуулан Японы сүмогийн холбоо нэр нь дурдагдсан 32 хүнээс байцаалт аваад, найраа байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн учир сэтгүүлийн газрыг хуулийн байгууллагад шилжүүлсэн юм. Токио хотын мөрдөн байцаах газраас сүмочид болон холбооны холбогдох хүмүүсээс байцаалт авахдаа нийтлэлийн гол баатар болсон ёкозүна Асашёорюүгаас ч байцаалт авсан юм. Энэхүү байцаалтыг Японы өдөр тутмын хэвлэлүүд үг, үсгийн зөрүүгүй буулган хэвлэсэн байв. 50-иад минут үргэлжилсэн байцаалтын туршид ёкозүна Асашёорюү сүмо дахь найрааг үгүйсгэж, өөрөө ийм хэрэгт орооцолдож байгаагүйгээ баталсан.

Хамгийн өндөр зэрэгтэй шүүгч тэтгэвэрт гарав
Мэргэжлийн сүмогийн хамгийн өндөр зэрэгтэй шүүгч Кимүра Жёоносүкэгийн 65 насны ой энэ жил тохиов. Их сүмод 65 нас хүрвэл тэтгэвэрт гардаг аж. Кимүра шүүгчийн хүндэтгэлийн ёслолд Японы сүмогийн холбооны тэргүүн Китаноүми, ёкозүна Хакүхо нарын 300 гаруй хүн оролцсон. Тэрээр "52 жил сүмогийн ертөнцөд ажиллаж хөдөлмөрлөлөө. Харин тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн хоёр монгол аварга сүүлчийн өдөр тэнцүү даваатай түрүү булаацалдахыг хоёр башё дараалан харсан нь тун завшаант хэрэг боллоо. Хамгийн сэтгэл догдлуулсан мөчүүд сүмо дахь амьдралын минь төгсгөлд ирсэнд таатай байна" хэмээн ярьсан байдаг.

Сүмогийн холбооны хүнд цохилт
Залуу гарьд хэмээн нэрлэгдэж, ирээдүйн арслан хэмээн цоллуулж байсан маэгаширагийн манлай бөх Оросын Ваканохо хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр цагдаагийн газарт баривчлагдсанаар Сүмогийн холбоо хүнд цохилтод орсон гэхэд болох юм. Залуу бөхийн үхэл, шинэ бөхчүүдийг дэглэх гээд сүүлийн нэг жилийн турш шүүмжлэлээс салаагүй байсан Сүмогийн холбоо Боловсролын Яамны шахалтаар холбоондоо Хэрэг зөрчил гарахаас сэргийлэх хороо гэгчийг байгуулсан юм. Энэхүү хороонд нь сүмотой ямар ч холбоогүй өөр мэргэжлийн хүмүүс орсон. Учир нь, гадны хяналт байхгүй бол сүмо холбоон дотроо ялзраад дуусах нь гэж Боловсролын яам үзсэн болохоор ийм алхамд хүрсэн юм.

Ама Озэки болов
Кюүшюү башёд 13 даваа авч Озэки цолны болзлоо давуулан биелүүлсэн Ама Д.Бямбадорж уран барилдааны шагналыг ч мөн хүртсэн. Амаг болзолт даваандаа хүрээгүй байхад л "Исэгахама"-гийн дэмжигчдийн нийгэмлэг аль хэдийнэ Озэки цолны баяр тэмдэглэх газраа товлосон байсан юм. Озэки цол олгох ёслол Амагийн харьяалагддаг "Исэгахама" дэвжээнд болсон. Уг ёслолд Мэргэжлийн сүмо бөхийн холбооны удирдлагуудаас гадна дэвжээний ояката, Ама буюу Асахифүжи болон түүний гэргий, бусад бөхчүүд оролцсон юм. Харьяалагддаг дэвжээгээ нэгэн гэр бүл гэж үздэг сүмо бөхийн ёсоор тухайн дэвжээний бөх цол нэмэхэд дэвжээний эзэн болон түүний эхнэр хоёр заавал байх ёстой юм билээ.

No comments: