Saturday, October 11, 2008

Д.Дагвадорж: Шүүх миний буруутайг тогтоовол дахин сумо барилдахгүй

Их аварга Д.Дагвадорж уржигдар эх орондоо иржээ. Ойрын үед элдэв цуурхалд онилогдох болсон тэрбээр Монголд бэртлээ эмчлүүлэх аж.
Гэхдээ Японы хэвлэлүүд түүний нутгаа зорих болсон шалтгааныг өөрөөр таамаглаж байна. Тодруулбал, мэргэжлийн сумогийн даваа наймаалцдаг далд бизнесийн тухай Японы долоо хоног тутмын “Шюүкан гэндай” сэтгүүл дэлгэж тавьсантай холбон тайлбарлажээ. Энэ нь их аваргын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн хэмээн таамагласан байв. Уг сэтгүүлийн цуврал нийтлэлүүд сумогийн ертөнцөд дуулиан тарьж байгаагаар барахгүй алдартай олон сумочийн нэр төрийг сэвтээж буй. Японы Сумогийн холбоо нийтлэлд нэр нь дурдагдсан 32 бөхөөс байцаалт авчээ. Yр дүнд нь тэд даваа наймаалцах асуудал байхгүй гэж үзэн “Шюүкан гэндай” сэтгүүлийг шүүхэд өгсөн байна.
Сумогийн холбоо тус сэтгүүлийн 2007 оны нэгдүгээр сарын 22-ны “Ёкозүна Асашёорюү 2006 оны Кюүшюү, 2007 оны Хацү башёд барилдааныхаа ихэнхэд найраа хийж түрүүлсэн”, 2007 оны гуравдугаар сарын 10-ны “Сүмогийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан ёкозүна Китаноүми 1975 оны тавдугаар сарын тэмцээнд түрүүлэхдээ сүүлчийн өдөр озэки Таканоханаг мөнгөөр буулгасан”, 2007 оны зургадугаар сарын 9-ний “Асашёорюү, Хакүхо нар үгсэн тохиролцож, хэн түрүүлэхээ шийддэг” зэрэг нийтлэлүүд нь үндэслэлгүй гэж үзжээ. Гэвч энэ сарын 3-нд Токиогийн Мөрдөн байцаах товчоо Асашёорюү Д.Дагвадоржоос байцаалт авсан байна. Цаг орчим үргэлжилсэн эл байцаалтыг Японы өдөр тутмын хэвлэлүүд үг, үсгийн зөрүүгүй буулган хэвлэжээ. Байцаалтын явцад Асашёорюү ийм хэрэгт орооцолдож байгаагүйгээ баталсан аж. Спортын өдөр тутмын “Nikkan sports” сонинд нийтлэгдсэн их аваргын байцаалтаас товчлон хүргэе.
-Таныг ойрд бараг бэлтгэл хийхгүй байгаа гэсэн?
-Тийм ээ, гэмтэлтэй байгаа болохоор хийхгүй байгаа.
-Найраагаар даваа авдаг болохоор ингэдэг юм биш үү?
- Та буруу бодож байна. Тийм зүйл байхгүй.
-Таныг найрааны төлбөрөө кэншёгоор хийдэг гэсэн. Кэншёгоо яадаг вэ?
-Єдөр банкинд очиж Монгол руу, гэрийнхэндээ шилжүүлдэг.
-Нийтлэлд Таны 2005 оны орлогыг 192 сая иен гэж бичсэн байсан, үнэн үү?
-Мэдэхгүй.
-Ер нь Та сумод найраа байдаг гэж боддог уу?
-Yгүй, байхгүй.
-Одоо Та ямар гэмтэлтэй байна вэ?
-Зүүн тохой гэмтэлтэй. Зөөлөн эдийн гэмтэл учир эдгэх нь удаан. Хоёр жилийн өмнө Нацү башёд Ваканосатотой барилдаж байгаад бэртсэн юм.
-Сүмогийн дээд цолыг авсан ёкозүна хүн “найраа байхгүй” гэж хэлж байгаа ч хэрэв энэ нь батлагдвал зодог тайлах уу?
-Yнэхээр шүүхээс намайг буруутай гэж тогтоовол би барилдахаа болино.

Асашёорюүгийн байцаалтаас улбаалан түүнийг зодог тайлах нь гэсэн яриа Японд газар авсан талаар тэнд амьдардаг оюутнууд ярьсан. Цуурхалыг сэдрээх мэт их аварга хэзээ Япон буцахаас эхлээд хаана эмчлүүлэх хүртэлх олон асуулт хариултгүй үлдэж байна. Юутай ч аварга маань “Шюүкан гэндай” сэтгүүлийн асуудлыг шүүхээр хэлэлцтэл Монголд байх сургийг зарим эх сурвалж өгөв.

No comments: