Thursday, October 9, 2008
Асашёорюү шуугиан дагуулсаар эх орондоо ирлээ
Ойрын үед Японы хэвлэл мэдээллийнхнийг төдийгүй монголынхоо хэвлэлийн хуудаснаас даваа худалдан авсан хэргээр цоллогдоод байгаа их аварга маань өнгөрсөн даваа гаригт эх орондоо иржээ. Тэрээр ирсэн талаараа хэвлэл мэдээллийнхнээс ихэд нууцалж байгаа гэнэ. “Нанчилдаагүй найрыг найранд эс тооц” хэмээх үг монголчуудын дунд байдаг. Энэ нь нэг талаараа “найран дээр зодоон нүдээн хийгээд бай гэсэн үг” юм уу бүү мэд. Харин энэ цагт найраагүй наадмыг наадамд эс тооцох болсон ч юм шиг. Монгол үндэсний бөхд найраа гээч нь сонгодог хэлбэрээ олсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Энэхүү бүгд гэдэгт нь ард түмэн хүртэл орно. Тэгэхээр ард түмэн нь найраа хийгээд байгааг мэдсээр байж өнөөх наадамдаа учиргүй дуртай. Бүр цаашлаад өнөөх бөхчүүдээ нүгэлтэй хүндлэхийг нь яана.Арайл, найрааяаж хийдгийг нь үзэх гэж наадмын ногоон дэвжээг зорьдоггүй байлтай. Хуучин цагт Мөөеө аваргыг намын төв хорооны хурган дарга “хурдан барилд” гээд загнасан бололтой. Хариуд нь аварга “Намайг үзэх гэж 20 мянган хүн ирсэн байна. Харин чамайг үзэх гэж чавганц ч ирээгүй. Ахиад ам ангайвал амаар чинь цус гартал дэвсэнэ шүү” хэмээсэн гэдэг. Харин одоо бол найрааг үзэх гэж наадамчид цуглардаг болсон гэвэл хилсдэхгүй болов уу. Энэ бүхнийг өгүүлэхийн үндэснь өнгөрсөн даваа гаригийн орой Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж эх орондоо иржээ. Бид монгол бөхөө сүмо бөхтэй жишиж үздэг зан аль эрт суусан. Гэвч хэрэгтэй зүйлээ хэзээ ч дуурайсангүй. Тэр ч утгаараа их аваргыг тойрсон элдэв хэл ам ердөө тасарсангүй. Нөгөө талдаа монгол бөхчүүд сумогийн дэвжээг эзэгнэх үе улирсаар ч байгаа юм шиг. Урьд жилийн яг энэ үед их аварга хоёр башё барилдах эрхээ хасуулчихаад эх орондоо ирж байсныг ард иргэд санаж байгаа байх. Тэгэхдээ японы сэтгүүлчидтэй муур хулгана болж баахан тоглосон. Харин энэ удаа тэрбээр мөн л “ганзага” хоосон ирсэнгүй. Даваагаа худалдан авдаг хэмээх хэргийг арлын орныхон түүнд тохоод авчээ. Дээр дурьдсанчлан энэ бол манайд байдаг л зүйл. Гэвч тэнд тэгдэггүй бололтой. Жинхэнэ сүрийг үзүүлж энэ хэргээр түүнийг шүүхэд дуудаад авсан. Мань хүн Японы мэргэжлийн сүмод олон дээд амжилт тогтоож байсан бол энэ удаа тэрбээр түүхэнд байгаагүй амжилтыг арай өөрөөр тогтоосон байна. Учир нь Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос хүсэлт гарган их аварга цолтой хүний нэр төрийн төлөө шүүхдэлцэж байсан түүх огт үгүй бололтой. Ямартай ч их аваргыг элдэв янзаар “өөнтөглөж” байна гэж үзэхээс өмнө жишиж үзэх дуртай өнөөх сүмод чин даваа унааны найрааны хэрэг гарч ирвэл бөөн юм болж сүржигнэдэг юм байна гэдгийг монголчуудад ойлгуулах шиг. Гэхдээ тэнд найраа огт байдгүй гэдэг нь юу л бол. Ямар сайндаа одоогийн УИХ-ын гишүүн болсон Д.Батбаярт “цахилгаан шат” хэмээх нэр өгөх вэ дээ. Энэ нь угтаа “нэг башёд баахан унаж чансаа буураад дараа башёд учиргүй сайн барилдаад шархаа нөхдөг” гэсэн үг л дээ. Яагаад олон унасан гэдэг нь “даваагаа зарсан үг болж таарч буй” хэмээн хардацгаадаг. Саяхан дээр дурьдсан шүүх хурал дээр зодог тайлсан Итайг хүртэл үүнийг баталсан мэдүүлэг өгсөн нь ихэнх хэвлэлээр нийтлэгдсэн. Энэ нь нэг талдаа барилдааны амжилт гэхээсээ бизнес маягийн зүйл болчихсон гэж үзмээр санагдана. Үнэндээ өндөр цолтой сүмочид даваа худалдаж авдаг нь үнэн “гэдгийг зодог тайлсан Итайг хэлээд авсан. Тэгэхээр их аварга Д.Дагвадорж руу дайрах нь зохисгүй мэт. Ямартай ч их аваргад нутаг буцах зөвшөөрлийг “Японы мэргэжлийн сүмогийн холбоо” өгсөн учраас мань хүн эх орондоо хөл тавилаа. Тэгэхээр зарим нэг эх сурвалжууд аваргын асуудлыг нэг их хурцатгаад байгаа хэрэг биш хэмээн үзэж буй бололтой. Харин зодог тайлах тухай яриа үнэний хувьгүй бололтой. Эцэг эхийн чих халууцуулдаг зүггүй хүүхэд аятай их аварга маань бөөн шуугиан дагуулсаар төрсөн гэртээ ирлээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment