Friday, July 27, 2007

Зодог тайлсныхаа дараа сумо үзэхэд сэтгэл их хөдөлж, харамсмаар ч юм шиг санагдсан

Том сүрлэг бие, алхаа гишгээгээр олноос толорч хараглах Кёкүшюүзан ойрын өдрүүдэд их л баяр, хөөртэй байгаа аж.
Учир нь мэргэжлийн сумод хөтлөн оруулсан түүний шавь нарын нэг болох Хакухо М.Даваажаргал Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн байгаа гэнэ. Өөрийнхөө араас олон сумогийн цолтон, гавъяатуудыг төрүүлсэн тэрээр булган сүүлтэй гэж хэлэглэх нь энүүхэнд аж. Эл өдөр бол Кёкүшюүзан Л.Батбаярын төмөр хүлгээр түүний баяр хөөр, бас бус ажлыг хамтдаа зохицуулж явахын чацуу сонирхолтой ярилцлага хийхийг хичээсэн билээ...

-Их сумогийн долдугаар сарын Нагоя башё саяхан өндөрлөлөө. Зодог тайлсныхаа дараа сумо үзэхэд ямар санагдаж байв?
-Анх үзэхэд сэтгэл их хөдөлж, харамсмаар ч юм шиг санагддаг байсан. Морийг уралдуулж, уралдуулж байгаад болихоор сэтгэл сонин болдог шүү дээ. Тэрэнтэй адилхан сэтгэл хөдөлж байлаа. Одоо бол дасчихжээ. Харин ч бур эсрэгээрээ яаж ийм газар барилдаж байсан юм бол гэж бодогдон, заримдаа айдас төрөх шиг болдог. Бэртэл гэмтэл авчихалгүй зодог тайлчихсан нь их юм гэж боддог болсон шүү.

-Энэ сарын башёг хаана үзэв ээ. Сумо эхэлсэн 15 хоногийг тэвчээртэй үзэж өнгөрүүлдэг байх?
-Аль болох боломжоороо үзчих сэтгэл байдаг. Долдугаар сарын башёны үеэр хөдөө морь уяж, наадмын талбай дээр уралдуулах зэрэг олон ажил байсан болохоор үзэж чадаагүй. Тиймээс шууд Котомицүки, Роха гэх мэтийн гадаад бөхчүүд рүү шууд утасдаад "Өнөөдөр яасан, юу болсон" гээд асуучихдаг. Тэр нь амар байдаг юм. Бас Хакухо, Энхбат, Цэвэгням, Ама гээд найзууд болон дүү нар маань байгаа болохоор үзэж чадаагүй тохиолдолд утсаар яриад асуудаг. Өөрөө барилдахгүй ч гэсэн тэднийгээ дэмжээд суух нь сайхан юм даа.

-Энэ жилийн наадмаар өөрийн тань уясан морьд хурдтай байлаа.
Ер нь та эрийн гурван наадмын аль ч хэсэгт очсон хийморьтой эр хун гэдгээ харууллаа шуу дээ?

-Зодог тайлаад ирэхэд намайг монголчууд маань их сайн хүлээж авсан. Тэр дундаа алдарт уяачид болох Даваахүү гуай, Онон гуай, Сундуйжав гуай, Билэгдэмбэрэл гээд бүгд надад хурдан морьдоо хайрлахгүй бэлэглэсэн. "Манай нутгийн нэрийг гаргаж байсан хурдан морио Кёкүшюүзандаа бэлэглэе" гээд л өгөхөд их баярласан. Намайг хөдөө гарна гэсэн чинь цагдаагийн генерал СандагОчир гуай хүртэл бараг 30,40 сая төгрөгний үнэтэй найман ханатай, сийлбэртэй гэр бэлэглэсэн. Энэ мэтчилэн Монголын ард түмэн на¬майг сайхан хүлээж авсан.

Энэ жилийн хувьд би морь сайн мэддэг юм шиг олон морь уяад яахав гэж бодсон. Нутагтаа анх удаа наадаж байгаа миний хувьд морь уяхаас гадна барилдчихъя гэсэн бодол ч байсан. Гэхдээ би олон жил барилдлаа шүү дээ. Өдөрт гурван удаа бэлтгэл хийж, байнга л хөлсөө гарган барилддаг байлаа. Цэрэгт гурван жил яваад ирэхэд ямар урт хугацаа байдаг билээ. Тэгэхэд би бүтэн 16 жил нутагтаа биш далайн чанадад цэргийн алба хааснаас ялгаагүй амьдарч байсан гэж боддог. Энэ 16 жилийн хугацаанд барилдаж байхдаа "Эзгүй хээр морь унаад, айраг ууж, сайхан тарваганы боодог чанаж идсэн шиг тааваараа амьдрах юмсанД гэж боддог байсан.

Ёстой л жинхэнэ Монгол гутлаа тайлж, эмээлээ дэрлэн хонож, өнжин явах юмсан гэж их бодогддог байж билээ. Тэгээд энэ наадмаар барилдах биш, өөртөө цаг заваа зориулж, хүслээ биелүүлье гэдэг утгаараа алдарт уяач Билэгдэмбэрэлийн өгсөн соёолон морийг уясан. Энэ морь маань өмнө нь шүдлэндээ бас уралдаад улсад 20 шахуу ирсэн юм л даа. Ингээд хиймроо бодоод ганцхан соёолон насанд уясан нь дээр гэж бодсон чинь унасан хүүхэд, уясан уяач, уралдсан морь, түүний эзэн зэргийнх нь хийморь сайхан таарсан юм болов уу айрагдлаа. Алдарт уяач Билэгдэмбэрэл "Ер нь бол соёолон насны айргийн таван морьд хийморийн морь байдаг.

Соёолон морийг түрүүлүүлэх гэж хүн зовдог, хөдөлмөр гаргадаг. Жилд ганцхан соёолон улсын наадмаар айрагддаг шүү дээ. Харин соёолон морь түрүүлсэн хойноо эзэндээ маш их билэгшээл, олз омог, хийморь, ёндоо авчирдаг" гэж наадмын өмнөхөн ярьж байсан. Тэгж яриад л удалгүй наадмаар морь маань айрагдсан. Би морио айрагдана гэж бодоогүй. Хорин хэд, гучин хэд дээр орж ирнэ гэж бодоод морио дагаа ч үгүй тавчик, подволк өмсчихөөд наана нь дурандаад сууж байтал гараад ирэхээр нь гайхсан. Үнэхээр сайхан наадам болсон. Морь гэдэг гоё юм байна, би амтанд нь орчихсон шүү.

-Та ер нь морь уях эрдмийн талаар хэр мэдлэгтэй байв аа. Гэнэтхэн л морь уях тухай,.
боддог болчихоогүй байх?

-Би жинхэнэ хөдөө өссөн хүүхэд. Малтай, хурдан морь уяж байгаагүй ч унаж өссөн. Хурдан морь унаж байгаад бага настай ч гэсэн том биетэй болохоор хасагдаж байлаа. Нэг жил лав Ховдод морь унаад дөчин хэд дээр давхиж байсан. Ер нь бол багадаа морь унаж байсан болохоор эргээд моринд орохдоо хүчтэй ордог юм байна. Хамгийн гол нь Монгол эр хүний хийморь гэдэг утгаараа морь уях болсон. Магадгүй би Япон хүн байсан бол морь уяхгүй ч байсан юм бил үү, яаж мэдэх вэ дээ.

-Дараа жилийн наадам хол байна даа, хол байна гэж манайхан яридаг. Та ирэх жилийн наадмаар морь уях нь ойлгомжтой юм байна. Тэгвэл зулэг ногоон дэвжээнээ зодоглох уу?
-Дараа жилийн наадмаар морь уях нь гарцаагүй. Зодоглох, зодоглохгүйгээ шийдсэн зүйл алга. Би дараа жилийн долоон сард маш завгүй явах болов уу. Учир нь сургууль соёлоо төгсөнө. Энэ жилийн хувьд зодог тайлна энэ тэр гээд хичээлээ сайтар базаагаагүй. Тиймээс дараа жил хичээлдээ шамдуу зүтгэж байгаад сургуулиа төгсчих санаа байна. Би чинь Токиогийн "Басиуда" дээд сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан шуу дээ. Манай сургууль дээд сургуулиуд дундаа эхний нэг, хоёрт ордог том сургууль. Хам¬гийн олон Ерөнхий сайд манай сургуулийг төгссөн юм.

-Таныг Монгол Японы гүүр, билэг тэмдэг гэж ярих нь энгийн асуудал болж. Энэ нь Мон¬голын олон залуусыг мэргэжлийн сумод хөл тавихад чухал үүрэг гүйцэтгэсэнтэй тань холбоотой яриа болов уу. Ер нь Кёкүшюузан маань өөрөө хэрхэн мэргэжлийн сумод орж байсан юм бол оо?
-Намайг сумод анх хөл тавихад мэддэг, тоодог ч хүн байгаагүй. Би өөрөө ч мэдэхгүй болохоор анх сургуульд явж байгаа юм шиг явж байлаа. Анх зургуулаа тус улсад очсон юм. Бидний гурав нь удалгүй буцаж, Цэвэгням, Энхбат бид гурав үлдсэн. Цэвэгням, Энхбат бид гурав нэг байшинд, нэг тогооноос хоолоо идэж, уйлах үедээ уйлан, инээх үедээ инээж явсан. Бид гурвын хоёр нь гавъяат тамирчин болж, нэг нь эх орныхоо нэрийг гаргаад сайхан барилдаж байна. Одоо манай Цэвэгням, Энхбат хоёр хоёулаа Японы иргэн болсон. Цэвэгням маань бүр Япон эхнэр авчихлаа. Анх Цэвэгням бид хоёр амралтаараа нутагтаа ирсэн юм. Гэтэл Цэвэгнямыг налайхын гудамжаар явж байсан чинь "Сонин үстэй, мэдрэл муутай ах явж байна" гээд хүүхдүүд чулуу нүүлгэсэн гэсэн. Тэр үед тиим л байлаа. Одоо бол монголчууд сумог андахгүй болчихжээ.

-Үнэхээр ч та арлын орны сумог монголчуудад таниулж, нэг ёсондоо төрсөн биеэрээ сурталчилж өгсөн юм байна шүү дээ?
-Сумог манай ард түмэн байтугай төр засгийн байгууллагууд ч мэддэггүй байсан. Муухай, сонин спорт гэж яридаг байсан юм билээ. Тэр үеийг эргээд бодоход өнөөдөр сумог жаахан хүүхдүүдээс авахуулаад бүгд мэддэг болсон.

-Морин дэл дээр хийсч явсан унаган бага насаа та түрүүн дурслаа. Эргээд бодоход сумотой нөхөрлөсөн он жилүүд таны амьдралд хэр том өөрчлөлт оруулсан гэж дугнэдэг вэ?
-Сумо гэдэг ганцхан үг миний амьдралд маш том өөрчлөлт оруулсан. Ер нь тэр чигээр нь өөрчилсөн шүү. Зөвхөн миний амьдралд өөрчлөлт оруулаад зогсохгүй монголчууд, дэлхийд хүртэл өөрчлөлт оруулсан. Яагаад Тэвэл бид анх сумод очоогүй байсан бол залуучууд маань сумог ойлгохгүй, очихгүй байсан. Одоо Монголын аваргууд нь Японы сумог эзэлчихлээ, Монголыг мэдэхгүй орон алга байна. NHK телевизээр Монгол гээд гараад ирэхээр дэлхий даяар Монголыг үзэж байгаа. Сумо үздэг улс орон бүхэн Монголыг мэднэ. Тэр тусмаа монголчуудыг бүгдийг нь сумо үздэг болголоо шүү дээ. Энэ бүгдээс харахад ганц миний амьдрал биш Монголын ард түмний амьдралыг хүртэл өөрчилсөн байна. Би Японд очсоноор ганцхан өөрөө цол аваад ирсэнгүй. Миний араас Цэвэгням цол авлаа, дараа нь Дагваа, Хакухогоос эхлээд олон сайхан бөхчүүд цол авч, амжилттай сайхан барилдаж байна. Баруун, зүүн талын жигүүрийн хоёрхон аварга байдаг нь хоёулаа монгол аваргууд болсон.

-Шувууд хуртэл нутаг буцдаг шиг та анх очсоныхоо дараа нутаг усаа санадаг л байсан биз. Тухайн үед чухам юу бодогддог байв аа?
-Мэдээж хүүхэд байхдаа очсон болохоор урьд хожид үзээгүй. аймаар хөгжилтэи орныг хараад гайхах, бишрэх сэтгэгдэл төрж байсан. Хамгийн гол нь тэр их хөгжилтэи оронд ийм сонин спорт хөгжиж ирсэнд гайхаж билээ. Элсэн дээр хөл нүцгэн хөлсөө гартлаа мөргөлдөж, зодолдож байгаа сумочдыг хараад гайхдаг байсан. Сүүлдээ дассан.

-Аливаа спортод амжилт гаргахын тулд тодорхой хэмжээгээр тэвчээр гаргаж, ёс жаяг, дэг журмыг нь дагах хэрэгтэй болдог. Гэхдээ улс Үндэстнүүдийн спортын төрлөөс сумогийн дэг жаяг, ёс журам маш хатуу байдаг гэж сонссон юм байна? -Сумогийн ёс жаяг, дэг журам спортууд дундаа хамгийн хүнд, хатууд нь ордог. Ер нь бараг дэлхийдээ тэргүүлэх хэмжээний дэг жаягтай, өөрөө үндсэн соёлоо аваад үлдчихсэн, 270-аад жилийн өмнө суурь нь тавигдсан хэрнээ өнөөг хүртэл хэвэндээ байж байгаа зэрэг нь . ямар хатуу ёс журамтай спорт вэ гэдгийг нь харуулдаг. Ер нь жинхэнэ эр хүний спорт л доо. Ямар ч эр хүнд юм ойлгуулж, мэдрүүлдэг спорт.

-Уулын оргил руу мацахад шантраад буцах үе тохиолддог. Хүн л болсон хойно танд шантрах, буцмаар санагдсан үе гарч байсан болов уу?
-Өдөр болгон л хэцүү санагддаг байсан. Яг шантраад Монгол руугаа буцсан удаа байхгүй ч түүний наахан очдог байлаа. Мэргэжлийн сумо гэдэг өөр л дөө. Мэргэжлийн гэдэг утгаараа өдрийн гурван удаа бэлтгэл хийгээд ирэхээр шантрах үе тохиолдож байсан. Дэр маань нойтон нулимстай хонож байсан үе ч бий. Ингэж байхаар хурдан Монгол руугаа буцъя ч гэж бодож үзсэн. Эхний жил бол цол авах хэрэгтэй, дээшлэвэл ингэдэг юм байна, найм ялвал тэгдэг, дөрөв ялвал ингэдэг гэдгийг мэдэхгүй, зааж өгөх хүнгүй хэцүү байсан. Өөрсдөө очиж, хэл сураад, амьдралд дотор нь орж, эхний нэг хоёр жил алдаж байж мэдэрдэг, ойлгодог болсон. Одооны хүүхдүүд "Өө Кёкүшюүзан ах шиг, Цэвэгням ах шиг, хоёр аварга шигээ болно" гээд бүгдийг мэддэг болсон байна лээ. Наад зах нь өвдөхөд энэ эмнэлэгт үзүүл, тэр эмнэлэг зүгээр гээд хэлчихдэг хүнтэй болсон. Бид мөргөлдөж барилддаг учраас байнга тархи хөдөлдөг байлаа. Тэр бүрт тархи хөдөлсөн гэдгээ хэлж чадахгүй учраас эмнэлэгт үзүүлэхээр эм л өгөөд байх жишээтэй.

-Манай олон ч сумочид тэнд амьдарч байгаа. Тэдний маань амьдрал ямархуу байдаг талаар яриач?
-Одоо тэндэх монголчуудын амьдрал сайхан болсон. Дээрээ ахтай, захтай, бидний туулаад ирсэн туршлага байна. Дор хаяж өвдөхөд бидний очдог эмнэлэг, сүлжээ, танил тал хүртэл байгаа. Өмнөх шиг шантраад айхтар зодуулаад байдаг үе нь ч өнгөрсөн байна лээ.

-Сүүлийн үед Цэвэгням, Хакухогоос эхлээд манайхан Япон эхнэр авдаг болжээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хэн ямар эхнэр авах нь хувь хүний асуудал учраас би юм боддоггүй. Хайртай л бол хүн өөрийнхөө сонголтыг хийх ёстой. Хүний хорьж болохгүй хамгийн чухал зүйл бол гэр бүлийн сонголт. Эхнэр болгох хүнээ тэр хүн өөрөө л сонгоно. Сүүлийн үед Хакухог Япон эхнэр авлаа гэж манайхан нэлээн шүүмжилдэг болсон байна лээ. Анх Даваажаргалыг Японд очоод хэл мэддэггүй байхад монголчууд тусалдаг ч үгүй, тоодог ч үгүй байсан. Өвдөхөд нь хүртэл ойшоодоггүй байсан. Тэр үед нь ганц хоёр Монгол хэлтэй жаахан Япон бүсгүй яваад л байдаг байсан юмдаг. Өвдөхөд нь дэмжиж, инээхэд нь баясаад л хоол ундыг нь зөөгөөд гүйдэг байсан. Эрэгтэй хүний сэтгэл амархан юманд уярдаг юм болохоор Даваа маань сэтгэл алдарсан юм байгаа биз. Харин цолтой болоод ирсэн чинь бүгд Даваажаргал гээд гүйгээд эхэлсэн.

-Та 16 жил Японд амьдарлаа шуу дээ. Энэ хугацаанд Япончуудад элэгтэй болсон гэж санагддаг уу?
-Элэгтэй гэх нь ч юу юм. Ямар ч байсан энэ Япон хүн юу ярих гээд байна гэдгийг Монгол хүнээс илүү ойлгодог болсон. Монгол хүнтэй арван минут яриад ойлголцох зүйлийг Япон хүнтэй таван минут яриад ойлгодог. 18-34 хүртэлх ид цэцэглэх насаа Японд өнгөрүүлсэн учраас тэднийг сайн мэднэ. Японы бүх хот, бүх дүүрэг, бүх сумаар явж, очоогүй газар, уулзаагүй хүн үлдсэнгүй. Ер нь Монгол хүнтэй ярихаас илүүтэй Япон хүний ярьж, бодож байгааг ойлгодог, мэдэрдэг болсон.

-Сумогоор барилдаж байгаа манай залуучууд Япончуудаас илүү хурдан амжилтанд хүрдэг гэдэг. Нууц нь юундаа байдаг юм бол оо?
-Японы мэргэжлийн сумо 800 гаруй бөхтэй, 60 орчим сургуультай, 50 гаруй гадаадын бөхтэй, 30 гаруй Монгол бөхтэй шүү дээ. Ер нь Япончуудыг бодвол илүү хурдан амжилтанд хүрээд байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө нэг их давуу тал монголчуудад байхгүй. Яг л адилхан насны, адилхан хүүхдүүд барилдаж эхэлдэг. Манайхан бэлтгэл, тэвчээр, хатуужил, эх орныхоо нэрийг гаргачихъя гэсэн сэтгэлээрээ илүүбайдаг. Тэрнээс биш Япончуудаас айхтар том биеэрээ ялгараад гараад ирсэн юм биш. Тэгж их гаргасан хөлс хөдөлмөр, барилдаж зовсон зовлогоороо илүү байгаа учраас амжилтанд хүрдэг.

-Сумочдын тогоонд чанагдаж, бөхийн спортод хүч чадлаа гайхуулж байсны хувьд сумо бөх, үндэсний бөх хоёрын ялгааг хэрхэн дүгнэдэг вэ. Зарим бөхчүуд маань сумог мэх багатай, тэсвэр тэвчээр бага шаардагддаг бөх гэж дүгнэдэг юм билээ?
-Би багадаа Үндэсний бөхөөр барилдаж байсан. "Монгол бөх" клубт Ганбаатар арслангийн анхны шавь болоод очиж байлаа. Тиймээс Үндэснийхээ бөхийг сайн мэднэ. Харин мэргэжлийн сумогийн хувьд хамгийн удаан хугацаанд барилдчихлаа. Тэгэхээр хоёр бөхийн ялгааг ер нь мэднэ шүү. Мэхний хувьд энэ нь ийм тэр нь тиим гэх зүйлгүй. Мэдээж зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдаж байгаа бөхчүүд маань заавал өвдөг, тохойг нь хүргэхийн тулд олон мэхний хувилбар гаргаж ирдэг. Сумогийн хувьд тэр жижигхэн тойрогт олон мэх хийгээд байх үндэс байхгүй, хэцүү шүү дээ. Түлхэж гаргах, өргөж гаргах юм уу цуппаридах зэргээр мэх цөөхөнтэй ч маш богинохон хугацаанд хүчтэй, хурдан гаргах хэрэгтэй байдаг. Ялгаа ихтэй л дээ.

-Бидний амьдарч байгаа нийгэм зудрүүхэн болоод ч тэр уу сүүлийн үеийн залуучууд маань баяжих ямар л амархан зам байна, түунийг эрэлхийлдэг болж. Тэр утгаараа сумогоор барилдвал нэр хүнд, мөнгө төгрөгтэй болдог гэсэн ойлголт тэдэнд маань нэгэнт бий болчихжээ?
-Ганцхан сумогоор барилдвал нэр хүндтэй, мөнгө төгрөгтэй болдог гэсэн ойлголт хүүхдүүдэд байдгийг би мэднэ. Надад маш их захиа ирдэг. Нэн ялангуяа Хакухо, Амагаас эхлээд гуч гаруй хүүхдүүдээс хорь гаруйг нь би хөтөлж аваачаад оруулсан болохоор Кёкүшюүзанд хандвал болчихно гэсэн бодолтой захиа илгээдэг. Олон ч хүүхдүүдтэй уулзахад сумод орчихвол аварга болоод, их цалинтай болно гэж яридаг. Гэхдээ үүний цаана маш их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаарддагддагийг хүүхдүүд маань ойлгох хэрэгтэй. Яахав, тиим хүсэлтэй хүүхдүүдийг би татгалзаад байлгүй, аль болох сумод оруулахыгхүсдэг. Нэг хүн ч гэсэн Монголын нэрийг гаргаасай гэж боддог л доо.

-Өчигдөр таны шавь нарын нэг болох Хакухо Монгол улсын гавъяат тамирчин цолыг хуртлээ. Анх сумогийн ямар ч дэвжээ тоож авахгуй байхад нь та гуйж, гуйж байж оруулсан гэдэг юм билээ. Эргээд бодоход дурсамжтай сайхан санагддаг биз?
-Ганц Хакухо ч биш, олон залуучуудыг аваачиж өгдөг байсан. Гэхдээ миний аваачиж өгсөн бөхчүүдийг шууд л авдаг байсан бол Хакухог миний бүх найз бөхчүүд голсон. Хакухо ганцаараа үлдчихээр нь жаахан хүүхдийг яаж ганцааранг нь явуулах вэ гээд аавтайгаа буцаахаар онгоцны тийз авчихсан байсан. Ингээд маргааш нислээ гэж байхад нь би орой нь Ошима багштай ганц хоёр пиво ууж, Шүши гэдэг загас идэж байхдаа "Манай нэг аваргын хүүхэд байгаа, Монголд аваргын удам дамжсан хүүхдүүдийг сайн бөх болно гэдэг" гэж панаалдсан юм. Багш маань тухайн үед халамцуу бас Хакухог хараагүй байсан болохоор миний уран панааланд орж, дүүг маань Осокагаас Токио руу дуудаад авчихсан /инээв. Сурв/.

Тэгээд Миягина дэвжээний захирал нь манай багшийн найз би бас нэг галынх байсан болохоор утасдаж байгаад "Кёкүшюүзаны нэг гайгүй хүүхэд байна, энийг авчихаач" гэж арайхийн яриад оруулахгүй юу даа, Хакухог хараагүй учраас. Тэр захирал нь ч Хакухог хараагүй, манай багш ч хараагүй тэгээд авчихсан. Дараа нь хэд хоногийн дараа "Энэ хүүхдийг болиулж үсчин болгоё" гэдэг юм байна. Хакухог зүгээр бөхчүүдийн үс засдаг үсчин болгох гэж байсан юм шүү дээ. Тэгэхээр нь би "Яах юм бэ, нэгэнт хүрээд ирчихсэн юм чинь бөхөөр нь хичээллүүлж байгаач" гэж гуйсан. Сүүлд нь багш нь надад "Кёкүшюүзан надад иймэрхүү хүнээ шахчихлаа" ухааны юм ярьж л байсан. Би аль болох багштай нь уулзахгүй, хулхитчихсан юм шиг бултаад явдаг байлаа. Харин дараа нь Хакухог цол аваад гараад ирэхэд багш нь ирж, надтай гар барихад миний урьдын бүх бодож байсан бүх зүйл алга болсон.

-Мөнхбат аварга хүугээ сумочин болгох талаар өөрөө танаас гуйж байсан юм уу эсвэл та Хакухог гуйж авч явсан юм уу?
-Мөөеө аварга надаас гуйж байсан. Хакухо бид хоёр их сонин уулзаж байсан хүмүүс. Бид хоёрыг жаахан байхад Мөөеө аварга тарваганд их дагуулж явдаг байлаа. Тэр үед Хакухо зургаан настай, би 17 настай байсан. Түүгээр ч барахгүй Мөөеө аварга, Ганбаатар арслан хоёрыг дагаад зун болохоор Хакухо бид хоёр цэргүүдтэй хамт наадмын бэлтгэлдгардаг байсан. Тэгэхэд надад хоол олдохгүй шүү дээ. Цолтой бөхчүүд нь гоё гоё хоол идэхээрээ надад хоёр гуравхан гурил, төмс жаахан шөлөнд хийж өгдөг байсан. Жаахан хүүхэд болохоор жаахан хоол өгдөг байсан юм шиг байгаа юм. Тэр үед Хакухо намайг өлсдөг гэдгийг мэддэг байсан юм уу Хадбаатар аваргын өөрөө идэх гээд хөшиглөөд тавьчихсан махыг хулгайлаад авчирч өгдөг байсан /инээв. Сурв/. Тэгээд л Хакухо бид хоёр өдөржин хэрээнүүдийг чулуугаар шидэж тоглодог байлаа.

Харин сүүлд нь би Хакухог тэр хүүхэд гэж мэдэхгүйгээр сумод авчирсан юм. Хакухо ч намайг тэр үед тоглодог байсан ах нь гэж мэдээгүй юм билээ. Японд ирсэн хойноо намайг цаагуураа их хайсан гэсэн. Намайг Кёкүшюүзан болчихсон гэж мэдэхгүй, нарийхан нүдтэй, хурдан гүйдэг, бор царайтай, Батбаяр гэдэг ах энд заавал барилдаж байх ёстой, тэр ах хаана байна гэж нэлээн хайсан юм билээ. Тэгтэл Ганбаатар арслан саяхан Японд очоод хоол идэж байхдаа "Та хоёр бие биенээ мэддэг үү, нэг амралтанд ингээд тоглож явснаа" гэж хэлсэн чинь Хакухогийн нүдэнд нулимс цийлэгнээд гэнэт босч ирснээ "Би таныг их хайдаг байсан, та Кёкүшюүзан болчихсон байсан юм уу" гээд намайг тэвэрч аваад уйлсан /инээв. Сурв/. Хакухогийн сэтгэлд туранхай хар залуутай хэрээнүүдийг чулуугаар онож тоглодог байсан нь тод үлдсэн юм шиг байгаа юм. Тэгсэн чинь өнөөх нь том, бүдүүн залуу болчихсон байдаг.

-Таныг улс төрд орох гэж байгаа гэж нэг хэсэг шуугиж байсан. 2008 оны сонгуульд узээд алдах санаа байна уу?
-Би өөрөө бол улс төрд орно гэж хэнд ч хэзээ ч хэлж байгаагүй. Хэн иймэрхүү яриа гаргасныг мэдэхгүй. Түүгээр харин дамжаад "Мэдлэг, боловсрол сайтайн хувьд, мөн Японд олон жил амьдарсан гэдэг утгаараа тус улсын нийгмийг Монголд танилцуулж өгөөч ээ" гэсэн саналууд ирж байгаа. Одоохондоо надад шийдсэн зүйл алга. Сонин хэвлэлээр намайг МАХН, АН-д орчихсон гээд л бичээд байдаг. Чухамдаа яг өнөөдөр аль нэг намд харъяалагдсан зүйл надад байхгүй ээ.

-Тэгэхээр Кёкушюузаны маань гэр бүлһин талаар үнэн худал нь мэдэгдэхгүй хэл ам гардаг болсон. Таныг гэр булийнхээ хунээс өрх тусгаарласан гэх юм. Энэ үнэн үү?
-Сонин хэвлэлээр янз бүрийн л зүйл бичих юм. Наадмын өмнөхөн хүртэл бөхчүүдийг дуудаж ирээд 300 сая төгрөг тараагаад заан болох гэж байна гээд л бичээд байсан, худлаа л байгаа биз дээ. Бичих нь бичээд, унших нь уншинабиз. Тэртэй тэргүй миний найз нөхөд, эргэн тойрныхон маань намайг ямар хүн бэ гэдгийг мэдэж байгаа болохоор санаа зовохгүй байна. Бидний хувьд одоохондоо хоёр талдаа байгаа. Би зодог тайлаад Монголдоо ирж, эхнэр сургууль соёлдоо үлдсэн. Уулзалдахгүй хоёр талдаа байгаа нь үнэн. Би хоёр хүүхэдтэйгээ энд байгаа. Нэг айхтар аг, ёсоoр салсан юм өнөө алга. Яахав, хүний амьдралд янз бүрийн л тохиолдцог шүү дээ. Ярилцсанд баярлалаа.

Wednesday, July 18, 2007

Кёкүшюзан Д.Батбаяр: Соёолон морь эзэндээ хийморь авчирдаг болохоор билэгшээж байгаа

Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд зодоглосон анхны монгол хүн гэж түүнийг бид хайрладаг. Сумогийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа л монгол эрчүүдийн эр бярыг гайхуулж явсан Батбаярыг “мэхний их дэлгүүр” гэж нэрлэдэг байсан нь түүний барилдааны ур чадварыг илтгэдэг гэхэд болно. Арван зургаан жилийн өмнө арлын орон руу гаргасан түүний зам мөр булган сүүлтэй байж, араасаа хоёр ч аваргыг төрүүлсэн нь өнөөдөр ч Япон болоод бусад орны бөхчүүдийн атаархлыг төрүүлдэг гэхэд болно. Өнгөрөгч башёгоор зодог тайлсан тэрээр олон жилийн дараа төрийнхөө их баяр наадмыг үзэж, уясан морь нь айрагдаж аз хийморьтой наадсан юм. Ямартай ч Кёкүшюзаны Д.Батбаярын галаар зочилж хэдхэн хором ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе .
-Сайхан наадаж байна уу та?
-Сайхан наадаж байна.
-Мэргэжлийн сумод барилдсанаас хойш та үндэснийхээ их баяр наадмыг анх удаа үзэж байна уу?
-Тиймээ анх удаа үзэж байна. Японы мэргэжлийн сумод 16 жил барилдаад зодог тайллаа. Улсынхаа их баяр наадмаараа морь уяад л сайхан л байна.
-Уясан соёолон чинь айрагдсан байсан. Цаашдаа морь уявал юм дуулгах уяач болох нь ээ?
-Би чинь хүүхэд байхдаа л Япон руу явсан хүн шүү дээ. Арван зургаан жил барилдаж байхдаа хөдөө нэг сайхан гэр бариад морь уяад, морь унаад явах юмсан гэж их мөрөөддөг байсан. Тэр хүсэл маань өнөөдөр биелэлээ. Өөрөө хөдөө төрсөн болохоор багаасаа л морь унах дуртай хүүхэд байсан. Нагац ах маань морь уядаг байсан болохоор ганц жил хурдны морь унаж үзсэн л дээ. Сая зодог тайлах ёслолын үеэр манай тод манлай уяач Даваахүү гуай, Онон гуай, Эрдэнэбаяр гээд алдарт уяач нар маань надад маш сайхан хурдан удмын хүлэг морьд бэлэглэсэн. Харин энэ гэрийг маань Д.Сандаг-Очир генерал бэлэглэсэн юм. Манай Ганбаатар арслан, Санжмятав гишүүн гээд хүмүүс дээл, монгол гутал Билэгдэмбэрэл найз маань надад их олон морь бэлэглэсэн. Хамгийн сүүлд найз маань энэ соёолонг бэлэглэсэн нь надад аз авчирлаа. Тэнгэрт ганцхан соёолонгийн тоос л хүрдэг гэдэг сайхан монгол үг байдаг. Тэр ч утгаараа монголчууд маань соёолон морийг хийморьтой амьтан гэж үздэг шүү дээ. Тийм болохоор “би ер нь яагаад морь уяж болдоггүй юм. Соёолонг чинь тавьчихья” гээд тавьсан. Сүртэй том уяач байгаа биш, нэг их олон морь уяагүй, сэтгэлээрээ ганц л соёолон тавья гэж наадмын өмнө шийдсэн. Тэр оройноо гэрээ бариад Максийн Ганбаатар, Бямбадорж дарга, Билэгдэмбэрэл нартайгаа нэг гал болж буусан. Энэ наадмаар манай галын морьд их сайхан хурдалж олон айраг түрүү авлаа. Уясан ганц морь маань айрагдаад хоншоортой байна. Ард түмний маань хийморь буян байна. Сэтгэл өндөр байна.
-Уясан морь чинь тэр дундаа соёолон морь чинь айрагдсан болохоор та энэ жил их хийморьтой байна байх аа?
-Ах нь ганцхан морь л уралдуулсан. Сүүлдэж гараад айргын тавд ирлээ л дээ. Дөчин хэдэд явж байгаад хорин хэдэд ороод, хорин хэдээс наймд ороод, тэгээд айргын тавд орж ирлээ. Улаанбаатар хотын хүндэт иргэн гэж дөрвөн хүн байдгийн нэг нь би. Улаанбаатар хотын хүндэт иргэн болохоор хот дотроо бүх юманд бүрэн эрхтэй байдаг. Тийм болохоор машинтайгаа чөлөөтэй давхиж байгаад морио их сайхан харсан. Соёолон морь чинь их сонин байдаг юм байна. Гучаад жил морь уясан хэрнээ айрагдаж байгаагүй хүн олон байдаг юм билээ. Tэp тусмаа соёолон айрагдталаа хүнээс маш их сэтгэлийн тэнхээ шаарддаг гэнэ. Соёолон морь эзэндээ их хийморь авчирдаг болохоор би их баяртай байгаа. Уяан дээр би зовж үзээгүй ч гэсэн, арван зургаан жил нутгаасаа хол өөр ертөнцөд бэлтгэл хийж хөлсөө гоожуулж, заримдаа нулимстай барилдаж байсныг минь Бурхан тэнгэр харж үзсэн юм байлгүй. Энэ хүүхдийн морийг нь айрагдуулчихья гээд айрагдуулчихсан байж магадгүй. Морины минь хийморийг дагаад бас надад хийморь ирж магадгүй гэж би билэгшээж байгаа. Их ёндоотой байна. Бурхан тэнгэр маань их сайхан харж үзээд сайхан наадаж байна даа.
-Танд монгол дээл их сайхан зохидог юм байна шүү?
-Тийм шүү. Би монгол дээлээ өмсөх их дуртай л даа. Боломж л олдвол монгол дээлээ өмсдөг.
-Та арван зургаан жил ихэнхдээ Японд амьдарч, кимоно өмсөж Япон хүн шиг л амьдарч байсан байх. Харин монгол дээлээ өмсчихөөд морь мал ярьсан шиг эх орондоо сууж байх ямар байна?
-Арван зургаан жил Японд амьдрахдаа, тэмцээний дараа л эх орондоо ирнэ. Заримдаа нэг хоёр жилээр ч ирэхгүй байх үе байдаг байлаа. Японд бол мэдээж кимоно өмсөөд, баахан туслах дагуулаад л баахан ёслол үйлдээд явна. Хаашаа л харна тэр олон байшин, машин гээд юунаас ч хоцорч болдоггүй тэр бачуу ертөнцөд 16 жилээ, хүүхэд насаа өнгөрөөжээ. Харин зодог тайлчихаад эх орондоо ирээд айраг ууж, морь мал ярьсан шиг хэвтэх надад үнэхээр сайхан байна. Морь гэдэг монгол эр хүний хийморь байдаг болохоор би их билэгшээж байна. Өчигдөр хүрэн халзан морио эмээллээд ганцаараа монгол дуу дуулсан шиг хойшоо уул давлаа. Гоё байна лээ. Энд байгаа монголчууд маань өөрсдөө энэ жаргалыг мэддэггүй юм шиг байгаа юм. Ийм сайхан газар нутагт амьдардагаа мэдэрдэггүй байх. Сая наадмаар “NHK”-ээс 40-өөд Япон ирлээ. Тэр соёлтой оронд цэвэрхэн газар байж байгаад, энэ их шороо тоостой, морь малны хөлстэй холилдоод юу нь гоё байдаг байнаа гэж гайхацгааж байсан. Би хариуд нь “Энэ нь монгол хүнд илүү жаргал байдаг юмаа” гээд хэд хэдэн юм зүйрлүүлээд ярьж өгсөн л дөө. Харин тэд “Нээрээ таны зөв юм байна шүү” гэж байсан. Заавал бөх хүн гэхээр бөхөөрөө байх албагүй шүү дээ. Наадамд барилдахгүй яасан юм гээд л хүмүүс асуудаг. Начин, заан аваад сайн барилдчихвал нөгөө Кёкүшюзан чинь наадам будилуулж үймүүллээ, төрийн наадмаар тоглолоо гэнэ. Гай нь таараад нэг хоёрын даваанд уначихвал “Өө нөгөө Кёкүшюзан чинь уначихлаа, аргагүй аргагүй гээд” л янз янзаар ярих байсан байх. Энэ жилдээ сайхан амраад ирэх жил ноцолдож болно. Зодог тайлсан ч гэсэн дөнгөж гуч гарч яваа залуу хүн байна. Надаас ахмад улсууд сайхан барилдаад явж байна. Тийм учраас энэ хэл амыг дарж энэ удаа монгол гэрээ бариад хүсэл мөрөөдлөө биелүүлж морио уяъя гэж бодсон юм.
-Та үндэсний бөхөөр өөрийгаа хэр хэмжээнд барилдах байх гэж бодож байна даа?
-Ах нь үндэсний бөхөөр их дээр үеэс барилдсан даа. Хүүхэд байхдаа Ганбаатар арслангын “Монгол бөх” клуб гэж байгуулагдахад хамгийн анхны шавь нь болж очиж байсан. Анх хотын аварга болж байсан. Сумод явахад биднийг үндэсээр барилдуулж шалгаруулж авч байлаа. Хоёр тэмцээн болоход, би нэгэнд нь түрүүлж, нэгэнд нь үзүүрлэж байсан юм. Тэгээд л энэ хүүхэд очоод барилдаж болох юм байна. Таргалж магадгүй. Цол авч магадгүй гээд л Япон руу авч явж байсан.
-Таныг тэгвэл дараа жилийн наадмаар зодоглоно гэж ойлгож болох нь ээ. Барилдвал хэд давах бол. Аварга арс лангуудыг Япондоо урьж хамтдаа бэлтгэл хийж байсан болохоор таньд нэг багцаа байгаа байх?
-Хамтдаа бэлтгэл хийж байснаас унагаж байсан удаа байхгүй л дээ. Дараа жилийн наадмаар барилдсан ч яах вэ гэж бодож байгаа. Энэ жил завсарлаад сайхан бэлтгэлээ хийгээд уяа нь таарсан морь гэдэг шиг халаагаа тааруулаад эвслээ авчихвал барилдана. Арван зургаан жил дугуй тойрог дотор цупари хийж түлхээд л дайрдаг байсан. Багадаа үндэсний бөхөөрөө барилдаж байсан ч буцаад зодог шуудаг монгол гутал өмсөж дасталаа бас хэцүү байх. Энэ жил зодог тайлаад хөл ихтэй байсан болохоор бэлтгэл хийх зав гарсангүй. Ямар ч байсан хүслээ биелүүлж морь уяья гэсэн зорилгодоо хүрлээ. Барилдахаар морь уяж чадахгүй байх байсан болохоор энэ удаа хойшлуулъя гэж бодсон.
-Зодог тайлчихлаа. Одоо та юу хийх вэ. Нэгэнт барилдахаа больчихсон болохоор эх орондоо байх уу. Аль эсвэл?
-Монголдоо ч, Японд ч байна. Токиогийн “Васида” гэдэг дээд сургуульд интернэт ID-гийн чиглэлээр дөрөвдүгээр курсэд сурдаг. Ямар ч байсан сургуулиа төгсөх санаа байна. Манай сургуулийг Японы хамгийн олон Ерөнхий сайд төгссөн их том сургууль. Монголоос сурдаг цөөхөн оюутнуудын нэг нь би. Сургуулиа төгсчихвөл надад их хэрэгтэй. Улс эх орондоо бага ч гэсэн юм хийчих санаа байна. Одоо “Кёкүшюзан хөгжил сан”-гаараа дамжуулаад олон сайхан буяны ажил хийж байгаа. Би өөрийгөө монгол улсдаа их өртэй хүн гэж боддог. Улсынхаа буянд өдий зэрэгтэй яваа ч гэж боддог. Тийм сайхан том оронд анх монгол гэж нэрийг гаргаж, монголын ард түмэн монголчуудынхаа өмнөөс очиж барилдаж байсан. Монгол гэдэг нэрийг анх Японд таниулсандаа баярладаг. Японы ард түмэн ч бөхдөө их хайртай сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг.
-Монголчуудаас та л анх Японы сумо бөхөд барилдаж, монгол бөх хүний гайхамшгийг харуулж чадсан. Бас таны сумод гаргасан мөр булган сүүлтэй байж, монголоос хоёр ч аварга төрөөд байгаа. Та мэдээж тэднээрээ бахархдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Өөрөө дагуулж аваачсан хүүхдүүд маань эхнээсээ аварга болж байна. Хакухо, Ама, Санчирболд, Базарсад гээд бүгдээрээ цолтой боллоо. Одоо Японд ерөнхий сайд Абэ, Хакухо хоёр л байнга мэдээгээр гарч байна. Хакухо өглөө хэдэн цагт боссон, ямар хоол идсэн, орой хэдэн цагт унтав гээд л Японы ард түмэн Хакухогоор амьсгалж байна. Японы ард түмэн Хакухог маань сайхан хүндэлж байгааг харахад би өөрөө аварга болсон юм шиг л сайхан санагдаж байна.
-Зодог тайлж, даахиа үргээлгэх тэр мөчид таньд юу бодогдож байв?
-Зодог тайлах ёслолын арга хэмжээ маань их сайхан болсон. Тэмцээнээр ч дүүрдэггүй арван хоёр мянган хүний суудалтай сумогийн ордон пиг дүүрсэн. Монголчууд маань маш их ирсэн. Монголд байраа Японы элчин сайдын яам, манай 500 гаруй хүний визийг чөлөөтэй гаргаж өгсөн. УИХ-ын гишүүд бизнесийнхэн, уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон гээд бүгд л очсон болохоор надад их сайхан байсан. Мэдээж барилдаж эхэлсэн хүн болгон л эрт орой хэзээ нэгэн цагт зодог тайлах үе ирдэг юм чинь. Үсэнд анх хайч хүрэхэд их сонин байсан. Дараа нь Цэвэгням, Энхбаяр хоёрыгоо хайч хүргэхэд дээшээ огшоод их эвгүй байсан. Энэ хоёртойгоо анх Японд очиж барилдаж, нэг тогооноос хоол идэж, нэг дээвэр доор олон жилийг үдсэн болохоор тэр байсан биз. Хамгийн сүүлд багш маань үсэнд минь rap хүрэхэд өөрийн эрхгүй нулимс гарсан л даа. Мэдээж 16 жил хөдөлмөрлөсөн болохоор бүх юм бодогдолгүй яах вэ.
-Одоо сумо үзээд сууж байхдаа өөрөө барилдмаар санагддаг уу?
-Хааяа ч бас барилдмаар санагдана л даа. Тэгэхдээ бас халширч байна. Одоо барилдах юм бол яаж тийм юман дээр болж байсан юм гэж бодож магадгүй гэдэг утгаараа сая наадмаар барилдаагүй.
-Халимаг үсэндээ хэр дасаж байна даа?
-Дасаж байна. Хөнгөн шингэн, сайхан байна. Наадмын өмнө мориндоо зориулаад үсээ жижиглүүлсэн зохиж байна уу?
-Зохиж байна аа?
-Ах нь тусгай үсчинтэй. Тэргүүндээ ганц л хүнээр гар хүргүүлж байгаа.

Thursday, July 12, 2007

Асашёорюү Японы хэвлэлд “Монголоос хятадуудыг хөөж гаргана” гэсэн ярилцлага өгчээ

Японы сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж саяхан Нагоя башё эхлэхийн өмнө Осака хотод хэвлэгддэг “Асахи трибун” сонинд ярилцлага өгчээ. Гэвч ярилцлагын гол утга нь сумогийн ээлжит башёд хэрхэн барилдах тухай биш харин төрөлх Монгол орон болон монголчуудын эрх ашиг, тусгаар тогтнолын асуудлыг хөндсөн байснаараа олны анхаарлыг маш их татсан байна. Монголд ерөнхийлөгчөөс илүү нэр хүндтэй хүн гэж тооцогддог сумогийн их аваргаас сурвалжлагч “Та ойр ойрхон Монгол руугаа ирж очоод байх болсон. Японд ер нь идээшиж дасахгүй байна уу?” гэж асуухад “Би Японд аль эрт Ёкозүна болохоосоо өмнө л идээшиж дассан хүн. Гэхдээ унасан газар, угаасан усандаа очоод ирэхээр улам их бяр тэнхээ орох шиг санагддаг учраас сүүлийн үед амралтаараа байнга явдаг болсон доо” гэж хариулсан байна. Үүний дараа удахгүй болох Нагоя башёд хэрхэн барилдах гэж байгаа болон мөн бусад бөхчүүдээс хэн өөрийнх нь гол өрсөлдөгч байх талаар асуухад “Мэдээж би энэ башёд амжилтаа ахиулах зорилго тавьж барилдана. Цол дагаж бяр гэдэг болохоор шинэ ёкозүна Даваажаргал миний хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болов уу” гэж хэлээд Эстонийн бөх Баруто, озэки Котоошюү, сэкивакэ Ама, Мияабияма нарыг нэрлэсэн байна. Дараа нь сурвалжлагч Монгол оронд нийгмийн хөгжил болон хүмүүсийн амьжиргааны түвшин хир зэрэг байдагийг асуухын далимд өөрийнх ль Монголд явуулж буй бизнесийн үйл ажиллагааг сонирхоод авчээ. Хамгийн сонирхолтой нь уг асуултанд хариулж байхдаа их аварга маань Монголд хятадууд маш ихээр суурьшиж буйг дурдаад, тэднийг хөөж гаргах бодлогыг төрөөс барих хэрэгтэй болсон гэж үздэгээ илэрхийлжээ. Энэхүү санаандгүй хариултанд олзуурхсан сурвалжлагч “Хэрвээ танай төр засгаас хятадуудыг хөөж гаргах арга хэмжээ авахгүй бол өөрөө энэ үйл ажиллагаанд гар бие оролцох уу?” хэмээн лавшруулан асуухад “Би сумод барилдахаа боливол Монгол нутагтаа л амьдрах учраас эх орноо аль нэг улсын дагуур муж болгохыг хүсэхгүй. Тэгээд ч манай оронд тусгаар улсаа гэсэн сэтгэлтэй маш олон залуучууд бий. Хэрвээ шаардлага гарвал би тэдэнд туслахад бэлэн байна” гэж түс тас хариулсан байна. Уг ярилцлагыг хийсэн сэтгүүлч төгсгөлд нь Монголтой хил залгаа оршдог БНХАУ-ын иргэд их аварга Дагвадоржийн нутагт үй олноороо нэвтрэн орж суурьшиж байгаа явдал ийнхүү Асашёорюүгийн санааг зовоож байгааг дурдаад ер нь хятадууд Монгол улсаас Японыг гурав нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний их газар нутгийг өмнө нь булааж авсан гэж бичсэн нь Өвөрмонгол болон Шинжааны Бор талын монголчуудыг хэлж байгаа бололтой. Японы зарим судлаачид “Их аваргын энэхүү ярилцлага Монголд Хятадын нөлөө хир зэрэг их болсоныг гэрчилж байгаа явдал. Түүнээс биш сүмогийн ертөнцийн домог болсон хүн уг нь иймэрхүү зүйл ярих ёсгүй. Гэхдээ их аваргын хэлсэн ярьсан зүйл нь Японы сүмогийн холбооны бодлого биш хувь хүний үзэл бодол учраас ингэж илэн далангүй ярих эрхтэй” гэж тайлбарласан байна. гадаад нэр алдраа цуурайтуулж яваа алдар цуутнууд маань ийнхүү их аварга Дагвадоржийн адил үндэсний үзэл санаагаа дэмжээд эхэлбэл харийн цагаачид эх оронд маань дураараадургиж чадахгүй л болов уу.

Saturday, July 7, 2007

Хакухо гавьяат боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхөөр онцгой амжилттай барилдаж дээд зиндаанд дэвшиж, удаа дараа түрүүлэн “Их аварга” цолыг хүртэж, бөх хүний уужуу ухаан, уран мэх, эрэмгий зориг, эрч хүч, бяр чадлын гайхамшгийг үзүүлэн төр, түмэн олноо баясгаж, Монгол Улсын нэр төрийг Япон даяар төдийгүй дэлхий дахинаа алдаршуулж буй бахдам амжилтыг нь үнэлж, Япон Улсын Мияагино дэвжээний бөх Мөнхбатын Даваажаргалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.

Tuesday, July 3, 2007

Чиёнофүжигийн догшин харц зүүдэнд орсон

1982 онд Испанид болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр “Спортын мэдээ”-д бүр “хувьсгал” гарч дугаар болгондоо тэмцээний явцын талаар мэдээлж байлаа. Тэр үед ДАШТ-ий нээлтийн тухай “Хунтайж Хуан Карлос шүгэл үлээж ДАШТ эхэллээ” гэсэн гарчигтай материал нэгдүгээр нүүрэндээ нийтэлсэн нь их олзуурхууштай санагдаж байсныг нуух юун. Энэ бүгдийг Б.Мөнхбат гэдэг нэртэй “нэг нөхөр” байнга бичээд байлаа. Тухайн үед спортын талаарх ховор мэдээллүүд хаанаас авчихдаг хүн бэ гэсэн бодол төрдөг байж.

Хожим “Монголын спорт” сонинд ажиллаж байхдаа энэ эрхэмтэй танилцах завшаан тохиосон юм. Найз нөхөддөө “Ков” гэдэг хочоороо “алдаршсан” Б.Мөнхбат гэдэг энэ хүн хүүхэд ахуй наснаасаа өнөөг хүртэл спорттой “үерхэж” ирсэн, хойшдоо ч хамтдаа явах нэгэн. Тэр 1962 онд Завхан аймгийн Улиастай хотод төрж нийслэлийн зургадугаар арван жилийн сургуулийг 1980 онд дүүргэсэн аж. Улмаар МУИС-ийн физикийн ангид элсэн орж суралцан гуравдугаар курсээсээ арлын Япон оронд очин таван жил номын дуу сонссон байна. Эхлээд Токиод нэг жил суралцаад дараа нь Шиншү их сургуулийн химийн ангид элсэн орж дүүргэжээ.

“Ков” спортын улаан фэн төдийгүй өөрөө бас ч үгүй спортын булчирхайтай. Оюутан байхдаа хөлбөмбөгөөр факультетийнхээ багт орон энгэрээ медалиар мялааж, зуны ажлаар ангийнхантайгаа Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаж байхдаа наадмаар зодоглон сумын начин цол хүртэж байсан нэгэн билээ. Монголчууд сүмо гэдгийг мэдэхгүй байсан 1980-аад оны эхэн үед тэр сүмогийн ордонд анх арлын энэ орны үндэсний бөхийг үзэж сонирхжээ. Тэр мөчөөс хойш түүний хообий сүмо болсон гэхэд хилсдэхгүй. 2005 оноос Монголын үндэсний телевизийн “Чандмань” студээс үзэгчдэдээ хүргэдэг Японы мэргэжлийн сүмогийн NHK-ийн тайлбарыг “сөөнгөдүү” хоолойтой нэгэн хүн сүмо сонирхогч элэг нэгтнүүддээ хүргэж ирсэн. Тэр хүн бол нөгөө л “Ков” Б.Мөнхбат байлаа. Энэ эрхэмтэй “ТЦ” саяхан уулзаж хэдэн хором хөөрөлдсөн юм.

-Өдгөө монгол хүн бүрийн мэддэг болсон сүмог “сураггүй” байхад нь анх та үзсэн гэдэг. Харийн бөхтэй танилцсан түүхээс тань ярилцлагаа эхэлье.
-Япон руу явахаасаа өмнө Зөвлөлтийн зохиолч Евгений Овчинниковын “Сакүра хэзээ дэлгэрдэг вэ?” номноос сүмогийн тухай ерөнхий төсөөлөлтэй болсон. Гэхдээ очоод үзэхэд үнэхээр сүрдмээр юм билээ. Том биетэй бөхчүүд их дуу чимээ гаргаж мөргөлдөөд л. Энэ бол 1983 оны хавар юм. Монголчууд түрүүлсэн бөхийн биед хүрч, хөлснөөс нь адис авдаг уламжлалтай. Үүн шиг санаж домогт аварга Чиёнофүжигийн биед хүртэл “Яаж байнаа?” гэсэн аятай нэлээн ууртай, догшин харж билээ. Тэр ширүүн харц нь бүр шөнө зүүдлэгдсэн. Дараа нь өдгөөгийн Азүмазэки ояката буюу Такамиямад хүрч үзлээ. Бас л дургүйцэж байсан. Энэ нь монгол хүн сүмотой танилцсан анхны тохиолдол гэж боддог. Ингээд сүмог шимтэн сонирхох болсон.

-Оюутан ахуйдаа тэнд сүмог үзээд, сонин сэтгүүлээс уншаад байж. Төгсөж ирээд энэ талын мэдээллийг хэрхэн олж байв? Интернетгүй, кабель телевизгүй үе шүү дээ.
-Сардаа 1-2 удаа ажлын шугамаар Япон руу явдаг юм. Очоод ирэхдээ сонин, сэтгүүл авчирна. Тиймээс мэдээллийн хувьд хангалттай авдаг байсан.

-Монгол хүний бараа сураггүй байхад та сүмог сонирхож эхэлжээ. Тэгвэл харийн бөхөөр хүч үзэх болсон залуучуудтайгаа анх хэзээ нүүр тулан учирч байв?-1995 оны гуравдугаар сард Ш.Отгонбилэг агсантай хамт Осакад очлоо. Би завшааныг яаж алдах вэ, ШО-д сүмо үзье гэлээ. Жюүрёод монгол хүн барилддаг гэсэн гээд цагийг нь тааруулж ордонд очсон. Д.Батбаярыг дэвжээнд гарахад нь “Батбаяраа, Сайн барилдаарай” гэж хашгирсан чинь их цочиж харж байна. Манай хүн ч яллаа. Удалгүй Н.Цэвэгням гүйж ирээд “Өнөө орой хамт хоол идье гэнэ. Ордны гадаа 6.00 цагт байж байгаарай гэж хэлүүллээ” гэсэн. Ингэж монгол сүмочидтойгоо анх танилцсан. Дэвжээнийх нь манлай сүмоч Асахиютака тэгэхэд 7-3 амжилттай явж байсан. Тэгээд надад “Би уул нь эд нарын ах. Гэтэл дүү нар маань надад юм заагаад байх юм. Долоо ялахдаа бүгдэд нь Кёкүшюүзаны зөвлөгөөг дагасан. Сая л гэхэд зүгээр хөл тавиад татчих гэснийг нь хийхэд Такаторики үсрээд өглөө” гэж ярьсан. Тэр үед Монгол хөвгүүдээрээ бахархсан шүү.
Нэг сонирхолтой түүх яръя. Түүнээс хоёр жилийн дараа ШО надаас “Нөгөө хүү хэр барилдаж байна” гэж асуусан. “Комүсүби болсон. Монгол бөхөөр бол улсын заан” гэлээ. Тэгтэл “Тэр хүүг баярлуулах хэрэгтэй юм байна даа” гээд ерөнхийлөгч Н.Багабандид хандан, гавьяат тамирчин болгож байсан.

-Одоо бараг телевиз болгон сүмог шууд дамжуулдаг болж. Энэ дундаас хүргэж буй мэдээлэл, мэдэрч тайлбарладгаараа яах аргагүй таных бусдаас ялгардаг. Башёгийн үед хэрхэн ажилладаг зарчмаа хэлнэ үү?
-NHK-гээр тайлбарлаж буй ояката нар тун сайн ярина. Тэд нарын хэлж байгаагаас хэрэгтэйг нь орчуулдаг. Мөн Японы сонин, хэвлэлүүдэд макүүчигийн хүн тус бүр дээр юу гэж бичсэн талаар мэдээлэл авдаг. Гэхдээ сонссон, мэдсэн болгоноо яриад байдаггүй л дээ. Монголчууд цагаан хэл ам гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлийг нь сонсоогүй юм шиг өнгөрөөдөг. Жишээ нь өнгөрсөн башё өндөрлөх яагаа ч үгүй байхад, Хакүхогийн ёкозүнагийн анхны ёслол хийх өдрийн тов тодорч, бүр 19-нөөс бэлтгэл ажил нь эхэлсэн. Энэ талаар би тухайн үед мэдсэн ч бүх зүйл тодорхой болсон хойно анх дуугарч байлаа. Энэ дашрамд хамтрагчийнхаа тухай үг хэлье. Би тайлбарын явцад гацаж, түгдрэх нь бий. Энэ үед “Чандмань” студийн спортын сэтгүүлч, сүүлийн жилүүдэд надтай маш сайн гар нийлж байгаа Г.Отгонжаргал үргэлжлүүлээд аваад явчихдаг. Бид хоёрын хувьд бие биеэ тун сайн ойлгож ажилладаг.

-Шууд нэвтрүүлгийн цаг давхацдаг болохоор бусад телевизийг үзэж амжихгүй нь тодорхой. Харин орой тойм нэвтрүүлгээр ч юм уу, өөр тайлбарлагчийн хэрхэн ярьдгийг үздэг үү?-Би зөвхөн япон хэлээр л сонсдог. Ер нь сүмог монгол тайлбартай үзээгүй санагдана. Хакүхог түрүүлсний дараа гурван өдөр дараалж NHK-гийн мэдээ түүний тухай мэдээгээр эхэлж, бүх сонин нэгдүгээр нүүртээ Хакүхогийн зургийг тавьж байлаа.

-Одоо макүүчигийн дээд хэсэгт монголчууд олноор барилдаж, бүр хоёр аваргатай боллоо. Үндэсний спортод нь харийнхан ноёлохоор мэдээж япончуудад таатай биш байх. Энэ талаар таны бодлыг сонсъё?-Япончуудын хувьд тийм үзэлтэй хүн ховор. Муусайн монголчууд аварга боллоо гэх биш, сүмод шинэ аварга төрлөө гэсэн хандлагатай. Энэ бол сүмогийн ёс заншил, дэг жаягийн онцлог юм. Телевизүүд гудамжинд яваа хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсоход бүгд л “Хоёр дахь аварга төрсөнд баяртай байна. Улам өрсөлдөөнтэй болох нь” гэж ярьж байсан.

-Сүмод нэгэнт ноёрхсон манай бөхчүүдтэй хэн илүү ширүүн үзэх бол? Нэг үе их эрчтэй гарч ирсэн европчууд зогсчихлоо? -Яагаад заавал монголчуудтай үзэх ёстой гэж. Энэ сүмогийн зарчим биш. Монгол бөхөд тэр аймгийн тэр сум гэж дууддаг. Харин сүмод зүүн, баруун жигүүрийн гэж л цоллоно. Ийм ялгаанаас дээрх яриа гарч байгаа. Жишээ нь Хакүхо япон бүсгүйтэй гэрлэхэд тэнд “Озэки Хакүхо гэрлэлээ” гэж байхад Монголд “Манай бөхийн удам японд шилжлээ” гээд шуугисан. Таны хэлсэнчлэн европчууд зогсонги байдалд орсон нь үнэн. Багш нарын ярианаас сонсоход Котоошюү озэкигоор үлдэнэ. Барүто муу багштай болохоор гавихгүй гэсэн. Манайхны хувьд Ама сайхан озэки болох байх...
мэдээллийн эх сурвалж

Monday, July 2, 2007

Ө.ТАМИР: Хакүхо одонгийн хүү

Наадмын сар урган гарч байна. Долдугаар сар гэдгийн хувьд хуучин танил үг. Урсгал усанд нэг л удаа орж таардаг утгаар ухвал цоо шинэ өдөр, сар ирж явна. Баяр наадмын өмнөх өдрүүдэд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбаттай нэг биш удаа уулзаж, тэр бүхнээ уншигчдадаа толилуулж байсан уламжлалыг энэ удаа арай өөрөөр үргэлжлүүлье.
Японы сүмогийн 69 дэх аварга хүү М.Даваажаргал-Хакүхогийн хамт хориод хоног байж олон содон сайхан үйл явдлыг үзээд ирсэн дархан аваргын гэргий, шинэхэн аваргын ижий Ө.Тамиртай ярилцах боломж олдсонд баяртай байна.

-Аваргын гэргий, аваргын ижий хэмээх эрхэм хүндэтгэлийн эзэн ховор хүнтэй “Өнөөдөр” сонины уншигчид уулзах нь. Танайхан Японоос ирээд удаагүй байна. Явсан газрын сонин сайхныг хуучилдаг монгол уламжлалыг Та юу эс андах билээ.

-За байз. Эхлээд хүүгийнхээ барилдаан, цолны тухай ярих уу?

-Тэгэлгүй яах вэ.
-Бид өнгөрсөн Нацү башёгийн төгсгөлийн буюу 15 дахь өдрийн барилдааныг Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд үзлээ. Өмнөх 14 өдрийнхийг зурагтаар харсан. Барилдаан сайхан болж, хүүгийн минь ялалтаар өндөрлөснийг олон хүн ордон дотор, буман үзэгч зурагтаар харсан нь илэрхий. Тиймээс түмний харсан мэдсэн, нэг талаар өнгөрсөн зүйлийг давтан хэлээд ч яахав. Аав нь их баярласан шүү. Би ч баярлаж л суулаа. Ер нь тухайн өдрийн барилдааны үр дүнгээс төдийлөн хамаарахгүйгээр хүү гурав дахь удаагаа түрүүлэх, улмаар Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга цолтой болох нь хэвлэл мэдээллийн шугамаар бараг тодорхой болчихоод байсан үе. Би хүүгээ гурав дахь удаагаа түрүүлээд их аварга болсныг тохиолдлын ч юм уу, эсвэл нарийн учир шалтгаантай юм уу ховор учрал гээд бэлгэшээж байгаа.
Аавыг нь улсын наадамд гурав түрүүлж байж улсын аварга болсон тухай бөх сонирхогчид мэднэ. Та хоёр тиймэрхүү гарчигтай ярилцлага нийтлүүлж байсан биз дээ?

-Санаж байна.
-Эцэг хүү хоёр сонгосон сонгосон барилдаанаараа гурав гурав түрүүлээд аварга болж байгаа нь ховор, содон сайхан амжилт юм даа.

-Тийм ээ. Та ийм ховор содон сайхан амжилтын үр үндсийг юунд буйг бодож үзсэн үү?
-Бурхан минь. Бодож үзэлгүй яахав. Бараг өдөр бүр боддог байлгүй. Түмний минь буян. Хүүгийн минь төлөө сүүн цацал өргөж ерөөл тавьж суусан ард түмний минь сайхан сэтгэлийн ач гэж боддог оо. Бас тамирчин хүний сэтгэлийн хат тэвчээр, багш нарынх нь эрдэм ухаан, хайр ивээл, хүүгийн минь удам судар, аавынх нь нөмөр нөөлөг гээд олон учиг нөлөөтэйг үгүйсгэх аргагүй дээ.
Түмний ерөөлөөр хүү минь сайн барилдлаа гэдгийг тайлбарлаж хэдэн үг хэлье, би. Хүү 2004 онд жюүрёод дэвшихэд нь бид анх Японд очиж байлаа. Тэр үеэс монгол, япон олон хүн аваргын хүү аварга болоорой гэцгээдэг байлаа. Сая Японд очоод хүүгийн минь амжилтын төлөө баярлаж, догдлох япон, монгол хүмүүсийг хараад сэтгэл хангалуун явлаа. Япон руу нисэх болгондоо Мөнхбат 1964 онд Токиогийн олимпод очихдоо усан онгоцоор хүрч байснаа дурсан хуучилдаг. Ядарч усан зам туулснаа мартдаггүй юм билээ. Бид тэр үед бие биенээ мэдэхгүй явсан үе.

-Ингээд л асууж тодруулмаар юм гараад ирдэг юм. Аваргатай яаж танилцсанаа та нэг удаагийн ярилцлагадаа дэлгэрэнгүй өгүүлсэн байх аа.
-Ганц нэг ярьж байсан удаатай. Бид нийлж суугаад таван хүүхэд, түүнээс олон ач, зээтэй болцгоолоо. Би одоо хүүгээ Японд очсоны дараа санаж байсан тухай хэдэн үг хэлье. Хүү минь 2000 онд Японд очсон юм. Японд очих замыг Батбаярын аав Даваа анх гаргаж өгсөн буянтан шүү дээ. За тэгээд Даваажаргалыг жин бага, нас балчир гээд сүмогийн дэвжээнд авах эзэн олдохгүй буцахын толгой дээр Батбаяр Миягино дэвжээний эзэнд удам судар сайтай, бөх болох ирээдүйтэй гэж учирлан танилцуулсаар сүмоч болох нөхцөлийг бүрдүүлснийг хүмүүс одоо ерөнхийдөө мэддэг болсон доо. Би хүүгээ их санана аа. Аав нь ч санадаг л байсан байх.
Хүүгээ санахаар дуунд гардагчлан “нисээд очмоор санагдана аа”. Хааяа утсаар ярихаар нь сэтгэл уужирна. Монгол Улсынхаа иргэний үнэмлэх бичгийг авах насанд хүрээгүйдээ тэр хол газар луу явчихсан амьтныг чинь санахаас яахав. Одоо ч нисээд очдог болчихлоо.

-Та нар нисэж очоод озэки Хакүхог өвдөг шороодолгүй 15 дахиа давахыг, Ёкозүна цолтон болохыг хараад ирлээ. Тэр ёслол хүндэтгэлийн талаар ярихгүй юү?
-Зурагтаар та, ер нь нэлээд хүн үзсэн байлгүй. Сүртэй, ёс төртэй сайхан юм боллоо. Гудамжаар задгай машинаар давхиулах юмаа. Японы NHK телевиз дээр очлоо. Харуул, хамгаалалт нь лут бололтой ажиглагдсан шүү. Хүү тэнд очоод олон хүнтэй барилдааны биш сэдвээр бас ярилцаж л байх юм. NHK телевизийнхэн сүмочидтой хэд хэдэн шугамаар холбоотой бололтой. Тэд ажил төрлийн дагуу уулзаж учрах нь мэдээж. Бас сагс энэ тэр тоглодог юм байна, хааяа.
Түрүүлснээс хойш гурав хоногийн дараа Ёкозүна цол олгох албан ёсны шийд гарч Мэйжинжингү сүмд ёсолгоо хийв. Дараа нь манай Элчин сайдын яамныхан хүлээн ач уулзаж бас баяр хүргэх хөтөлбөртэй байв. Бид очлоо. Миний ээжийн дүү Д.Цэрэндондов ах Японд Элчин сайдаар ажиллаж байсныг тэр баярт мөчид дурсахад нэн таатай байсан шүү, надад.

-Таны ээжийн болон нагац нарын тухай үргэлжлүүлээд ярилцвал олон сайхан гэгээн дурсамж хөврөх учиг ургаж л байна. Уншигч нар хол нутгийн бэртэйгээ бяцхан ачтайгаа уулзан учирсныг тань сонсох гэж яарч байж магадгүй дээ.
-Нөгөөдүүлийнхээ барааг сүмогийн тэр том ордон дотор анх харж уулзаж танилцлаа, бид. Бяцхан ачийг минь өлгийдөөгүй хувцаслачихаад аваад иржээ. Хөөрхөн амьтан. Отгон хүүгийн минь ууган гэж бодоод тэр үү, сэтгэл нялхруулаад.

-За одоо бэрийнхээ тухай ярьж болох уу?
-Нэгэнт одоо түмэнд тодорхой илэрхий зүйлийн тухай ярихад дургүйцэх юу байхав. Мөнхбатынхан япон бэртэйгээ мэдээд уурлаж бухимдсан гэнэ. Бие нь муудсан гэнэ гэхчилэнгээр сонин хэвлэлд гарсан зүйл таавар таамаг төдий худал байсныг хүмүүст дуулгах нь зүйтэй байлгүй.
Ер нь хүүхдүүдийн үерхэл хоёр гурван жилийн өмнөөс эхэлсэн юм билээ. Хүн хүний хувь тавилан гэж байдаг даа. Сайхан сэтгэлтэй, элгэмсэг бэртэй болж таарлаа. Манай охин Батгэрэл, бас нэг дүү минь англи хэлтэйн ачаар япон бэртэйгээ төвөггүй ойлголцож байв. Тэр охин англиар ярьдаг учраас. За, тэгээд нүд сэтгэлийн толь гэж лут үг бий. Бэрийнхээ нүднээс бид түүний сэтгэлийн сайхныг мэдэрч, өөриймсөг дотно байхыг чармайж буйг мэдэрч явлаа. Цөөн хэдэн монгол үг сураад амжжээ, хөөрхий минь. Бас монгол хоол хийж сурч байна аа.

-Ач охин, япон бэрийн тухай яриаг залгаад шинэ худынхаа тухай хуучлаач, та.
-Бэр охины минь нэр Соёоко Вада шүү дээ. Аав, ээж нь тавь орчим насны хүмүүс байна. Хүү, охин хоёртой айл юм. Ууган нь хүү. Отгон нь охин. Хүү нэг дээд сургуулийн багш. Охин нэг жил сураад дээд сургуулиа дүүргэх учиртай хэмээн тэд ярьж байв. Бэрийн эцэг Вада зах зээлийн жамаар бизнес эрхэлж яваа аж. Нэг биш чиглэлээр ажилладаг бололтой юм. Монголд элэгтэй, боломж бүрдвэл манай оронд хөрөнгө оруулалт хийх санаатай явдгаа илэрхийлж, эхний алхмаа мод тарьж эхлүүлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Янагада Савада гэдэг хүн Японоос Монголд ирж мод тарьсан нь тэдний ажлын нэг хэсэг болж таарах нь. Мод үржүүлж тарихаас гадна, асрамж сувилал зэрэг салбарт компанитай айл байна.

-Мөнхбатын Даваажаргалынх ямар байранд аж төрж байна, Токиод.
-Гурван өрөө сайхан байртай, тэндхийн айлуудад байвал зохих тавилгатай, унаатай, жолоочтой, хэд хэдэн туслахтай айл байна аа.

-Танай шинэ хүмүүс Монгол нутагт хэзээ хөл тавих бол?
-Мэдээжээр нэг сайхан өдөр ирж таарна. Одоогоор шийдэж товлоогүй байна. Бяцхан ач онгоцоор аялах арай болоогүй нь хэн бүхэнд илэрхий. Сонирхолтой нь манай бэр хэдэн жилийн өмнө аавтайгаа Монголд ирээд үзчихсэн юм байна лээ.

-Та бүхэн Хавайд зохион байгуулсан жюнгё үзээд ирсэн байх. Тэнд монголчууд олон очих юм уу?
-Хавайд монголчууд очжээ. Тэгэхдээ харьцангуй цөөхүүлээ очиж таарлаа. АНУ-аас виз авдаг учраас бас бэрхшээл гарах юм. Тухайлбал, манай хүргэн, бэрийн Хавайд очих виз энэ удаа бүтсэнгүй. Мөнхбат бид хоёр АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотод 2005 онд сүмочдын үзүүлэх тоглолтыг сонирхож явсны хувьд Хавайн тоглолтыг хүү, охин, хүргэн бэр нартаа үзүүлэхийг зорьсон боловч энэ жил амжсангүй. За яахав. Дүрэм журам, хууль номтой зүйлийн тухай олон юм хэлэх бодол алга. Харин Лас-Вегаст сүмо сонирхож явсан дөрвөн залуу Хавайд ирсэн нь сонин санагдсан. Тэд монгол гэсэн сайхан сэтгэлтэйн дээр сүмочдын жинхэнэ фэн болоод тэгж яваа байлгүй дээ. -Ёкозүна Акэбоно, Мусашимару нарын нутаг Хавайд танайхан очоод хүүгээ хоёронтоо түрүүлэхийг хараад иржээ. Тэнд болсон жюнгё сонирхолтой болов уу?

-Сонирхолтой байлгүй яах вэ. Эхний өдрийн тэмцээн нь Хонолулу хотын захирагчийн цомын төлөөх барилдаан байв. Асашёорюү түрүүлээд хүү удаалав. Хоёр дахь өдрөө сүмочид Хавай мужийн амбан захирагчийн цомын төлөө барилдахад хүү Аматай үлдээд түрүүлсэн.
Хоёр барилдааны ялагч үнэмлэхүй аваргын төлөө дахин барилдахад сүмогийн 68 дахь аваргыгаа 69 дэх нь даваад “Гранд гран при” гардахыг харахад сайхан байлгүй яахав дээ.

-Хавайд зохион байгуулсан сүмогийн барилдааныг олон хүн үзэх юм уу? Би ч зурагтаар үндсэн башёг хардаг нэгэн.
-Хонолулу хотын “NBC-Arena” ордны үзэгчдийн суудлыг 8000 гэж танилцуулж байна лээ. Нэг удаагийн барилдааныг нь 4000 гаруй хүн л үздэг бололтой юм. Суудлын талаас арай илүү нь үзэгчтэй харагдсан шүү. Сүмогийн үзүүлэх тоглолтын үеэр бас олон сонирхолтой үзүүлбэр бэлтгэдэг уламжлал тогтсон юм байна. Бид тэнд дөрөв, тав хонолоо. Японоос долоон цаг нисэж хүрсэн байх шүү. Хүү минь, ер нь сүмочид сүмогийнхоо холбооны мэдлийн хүн болчихдогийг сайн мэдээд ирлээ. Усан дээр моторт завиар аялуулах, дельфинтэй бүжиглүүлэх хөтөлбөр сонирхолтой ч, зарим талаараа эрсдэлтэй санагдсаныг нуугаад яах вэ? Тэр бүжигчин дельфинүүд сургуультай амьтад учраас эрсдэл багатай байж магадгүй. За тэгээд усчин усандаа гэдэг үг бий. Монголчууд усан дээр наадаж байсан уламжлал байх биш. Мөнхбат хүүгээ усан дээр нэлээн тоглохыг харж байгаад “Одоо гар, наад ус чинь хамаг тэнхээ аваад явчихдаг юм” гэж байна лээ.

-Аварга Японд лекц уншсан мэдээлэл байсан үнэн үү?
-Биднийг Хавайгаас ирсний дараа Японд тийм ажил зохион байгуулсан шүү. Аваргын хүү аварга боллоо гээд... япончууд ер нь баярлаж байгаа нь илэрхий.

-Манайхан бас баярлаж байгаа шүү дээ.
-Тийм ээ, тийм тэр бүхнийг мэдэрч байна. Олны буян, амны бэлгэ гэж лут юм байх юмаа. Таны асуултад хариу болгож хэлэхэд тэр лекц нь эцэг хүүгийн барилдлага сэдэвтэй юм билээ.

-Дархан аваргын гэргий бөх хүүтэй болохыг мөрөөдөж явсан байлгүй. Сайхан байгаа биз, одоо.
-Сайхан байлгүй яах вэ. Намайг буруу өтлөх нь гэж битгий бодоорой, та. Миний ээжийн эцэг Дэнзэнг сайн барилдаж байсныг мэдэх хүн цөөрлөө. Улсын арслан Г.Цоодол барилдаж явсныг асуувал дурсах байх аа.

-За тэгвэл хүү тань хоёр талаас бөхийн удамтай болж тодорлоо. Таны ээж Дэнзэнгийн Дулмаа Түвдэнгийн Бортой хамт тэмцэж явсан бүсгүйчүүдийн нэг сайхан урт насалсан байх.
-Тийм ээ. 90 гараад өөд болсон доо. Залуудаа хавар тариа тариулж, намар хураалцаж, театрын жүжигчин болж, хэзээ завандаа юм феодлын хөрөнгө хураалцаж явсан баян намтартай. Өвөрхангайн зарим хөгшид, түүхчид Даваажаргалыг саяхнаас нутгийн хүү гэлцэх болж байна. Тэгвэл миний аав Сэрээтэрийн Өлзий-Утас Архангайн хүн. Тэгээд надад Тамир нэр өгсөн байх магадлалтай. Аавыгаа Монголын анхны шүхэрчдийн нэг энэ тэр гээд яривал би таныг чилээх байх даа.

-Тамир аа, энэ удаа тэгж чилэхийг азная. Анагаах ухааны дээд сургуулийн оюутан үедээ Иосиф Броз Титод цэцэг барьж буй зураг тань хэвлэлийн хуудсанд үлдсэн байгаа. тэр үед онц сурлагатай оюутан, сурагчдад тийм сонин хувь, бас үүрэг ногддог байсныг гадарлах юм. Эмчийн мэргэжлээрээ олон жил ажилласан уу, хөдөлмөрийн гараа чинь хаанаас эхэлсэн бэ, Та.
-Тийм ээ, гадаадын том зочинд цэцэг өргөх үүрэг хүлээж явсан минь үнэн. Тухайн цагийн шалгуурт тэнцээд тэр биз. Нийслэлийн гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасгаас хөдөлмөрийн гараагаа эхэлж билээ. Тэнд одоо баатар болсон төрийн шагналт Р.Пүрэв гуай, төрийн шагналт Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, С.Загдаа, Ё.Бодьхүү, Ж.Моондой нар ажиллаж байж билээ. Арай хожим нь саяхан хөдөлмөрийн баатар болсон Ж.Хайрулла багштай хамт хагалгаанд орж явсан удаатай. Дээрх баримтыг хэлэхдээ би тэдний дайтай эмч явсан гэдгээр биш мэргэжлээрээ ажиллаж явснаа илэрхийлэх гэж хэллээ. Эрүүл мэндийн салбарт хорь гаруй жил хөдөлмөрлөснийх салбарынхаа тэргүүний ажилтны эгнээнд багтсан үнэмлэх тэмдэгтэй.

-Уучлаарай. Тэмдэг гэснээс одон медаль олонтой юу, эмч та.
-/инээснээ/. Манайд одон медаль олон бий шүү. Цаашдаа нэмэгдэх л биз. Даваажаргал манай отгон хүүхэд. Би одонгийн хүү гэж наргиан болгодог юм. Алдарт эхийн одонгоо эхчүүд зүүх нь цөөрөө юү дээ. Манай таван хүүхэд миний шагнал, одон.

-Та сэтгэл хангалуун сайхан аж төрж яваа эзэгтэй нарын нэг ээ. Амьдралдаа дутагдаж гачигдахын бэрхийг ер нь мэдэрсэн үү?
-Та усан амлаж байна гэж битгий бодоорой. Зах зээлийн үе биднийг тойроогүй шүү. Хүүгийн хүч, түмний хайраар одоо боломжийн аж төрж явна аа, бид. Бололцоо нөхцөлийнхөө хэрээр сайхан сэтгэл гаргаж бидэнд тус дэм болж явсан одоо ч сайхан харилцаатай байдаг олон хүн бий. Би таны мэдэх, гадарлах хэдэн хүний нэрийг зориуд хэллээ. Тэр бүхнийг сонинд тоочин бичих хэрэгтэй, үгүйгээ та сонгоно биз. Ер нь хүмүүс дэм дэмэндээ аж төрдөг, бид олонтойгоо, тэднийхээ буян, амны бэлгээр сайхан амьдарч байна.

-Тамир аа, наадам дөхлөө. Энэ жил хэн түрүүлэх бол, хэн хэн начин болох бол бодлоо хуваалцаач.
-За.Чулуун гуай наад асуултад чинь хэвлэлд зориулаад хариу өгөх надад ахадна. Ёс жудагт таарахгүй. Бид хоёр удаан ярилцлаа. “Өнөөдөр” сонины уншигч түмнийг, танай бүтээлч хамт олныг сайхан наадахыг ерөөе, болох уу?

-Баярлалаа.

Tuesday, June 19, 2007

МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр: 16 жилийн дараа өөрөө үсээ угаахад хамгийн сайхан байсан

Инээж байгаад үсээ авахуулна гэж бодож байсан ч тэсэлгүй уйлчихсан

“Одоо миний сумогийн амьдрал дуусч байна. Гэхдээ үүнээс ч урт амьдрал намайг хүлээж байгаа. Тэр амьдралд маань та бүхэн намайг дэмжээрэй”. Зодог тайлахдаа хэлсэн кёкүшюзан Д.Батбаярын энэ үг олон хүнд нэгийг бодогдуулсан. Өдгөө мэргэжлийн сумогийн баруун зүүн жигүүрийг тэргүүлэх болсон Монгол сумочдын замыг нээж өгсөн түүнд Монголчууд төдийгүй Япончууд ч гэсэн туйлын хүндэтгэлтэй ханддаг. Түүний илрэл нь түүхэндээ хоёрхон удаа зүү орох зайгүй дүүрсэн /зодог тайлах ёслолын үеэр/ 12.000 хүний суудалтай сумогийн ордны үзэгчид байсан биз. МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр зодог тайлснаасаа хойш эх орондоо анх удаа ирэхдээ “Зиндаа” сонины редакцид зочилж илэн далангүй ярилцсан юм.

-Монголчуудыг тэр чигт нь нүүлгэх шахсан зодог тайлах ёслолын тань талаар яриагаа эхэлбэл ямар байна?
-Мэдээж 16 жилийн амьдралаа нэг л өдөр өөрчилнө гэдэг амаргүй байсан. Сумод орсон хүн болгон энэ замыг туулах ёстой. Энэ бол жам юм.Өөрчлөх аргагүй. Гэхдээмонголчууд маань намайг их дэмжсэн. Энд тэндээс 500 гаруй монголчууд хүрэлцэн ирсэн нь надад юу юунаас илүү хүндэтгэл байсныг хэлэх нь зүйтэй. Та бүхэн зурагтаар харсан байх, сумогийн ордон дүүрсэн. Өмнө нь зодог тайлах ёслолын үеэр ингэж дүүрч байсан тохиолдол хоёрхон бий. Чиянофүжи аварга, Хавайн Каношин арслан хоёрыг зодог тайлахад сумогийн ордон дүүрсэн байдаг юм. Тийм болохоор би өөрийнхөө ёслолын үеэр дүүрнэ гэж бодоогүй. 2000 хүн хүрэх болов уу үгүй болов уу л гэж бодож байлаа. Тэгсэн монголоос гэхэд л 500 гаруй хүн очсон, тэнд байдаг монголчуудтай нийлээд 2000 гаруй хүн болсон. Тэднийхээ сэтгэлийн дэмээр зодог тайлах ёслол маань үнэхээр сайхан болсон. 12.000 хүний суудалтай сумогийн ордон үзэгчид, хүндэт зочдоор дүүрэн байхыг харах сайхан л юм билээ. Японы Ерөнхий сайд асан улс төрчдөөс эхлээд манай улсын аваргууд, улс төрч, бизнесменүүд, уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон, хэвлэлийнхэн хүрэлцэн ирсэн. Ёслолын үеэр сумогийн ордны доод танхимд миний амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарч, орой нь бүх монгол зочдоо хамарсан хүлээн авалт болсон. “Камертон” хамтлагийнхан, дуучин Жавхлан нар ая дуугаа өргөсөн. Мөн Халимагийн алдарт дуучин Цагаанзам алдарт “Жангар” туулиа хайлж, Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр ирж сумо үзээд буцсан. Жюрёо зиндааны барилдаан болсон. Ер нь зодог тайлах үеэр жюрёогийн барилдаан болох нь тийм олон тохиолддоггүй. Энэ мэтчилэн олон сайхан дурсамжтай сайхан ёслол болсон. Ямар сайндаа л Чёотикай, Котошү нарын арслангууд манай зөвлөхтэй уулзаад “Яаж ингэж зохион байгуулсан юм. Биднийхийг бас ингэж зохион байгуулж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан байна лээ.
-Хамгийн сүүлийн удаа хүүтэйгээ барилдсан. Хүүгээ сумоч болгох эхний алхам уу?
-Сумогийн холбооноос хамгийн сүүлийн барилдаанаа хэнтэй барилдах вэ гэж санал асуусан л даа. Хакухотойгоо барилдах юмуу, Цэвэгнямтай барилдах юмуу гэж. Би өмнө нь бүгдтэй нь барилдаж байсан учраас хүүтэйгээ барилдъя гэж шийдсэн. Миний хүүг Батбуян гэдэг. Хүүтэйгээ нэг дэвжээнд барилдах завшаан ахиж олдохгүй шүү дээ.
-Ошима багшаараа үсээ хөндүүлэхдээ нулимс унагасан. Тэр үед юу бодогдож байсан бэ?
-Зодог тайлсан бөхчүүд бүгд л уйлсан гэж сонсоод болж өгвөл уйлахгүй байх юмсан гэж хичээж байсан ч тэсээгүй. Миний үсэнд 200-гаад хүн гар хүрсэн ш дээ. Эхний өдөр гайгүй л байсан юм. Дараагийн өдөр байдал эвгүйрсэн. /инээв/ Инээж байгаад л үсээ авахуулчихна даа гэж бодож байтал анх сумод хамт хөл тавьж нэг тогооноос хоол идэж, уйлах үедээ уйлж, инээх үедээ инээж явсан сайхан найзууд Цэвэгням, Энхбат нар маань хайч бариад үсэнд хүрэхэд нэг л эвгүй болоод явчихсан. Гэтэл Цэвэгням мөрөн дээр минь алгадаад “За найздаа амжилт хүсье” гэж хэлэхэд бүр эвгүй болчихоод нулимсаа арайхийн барьж байтал захирал маань сүүлийн үсэнд гар хүрсэн. Тэр үед өөрийн мэдэлгүй нулимс унагачихсан л даа. Сумодоо бол би зодог тайлах хүртлээ ахмад бөхийн тоонд ордог, залуу бөхчүүд, дүү нар маань ч гэсэн үргэлж хүндэтгэдэг байсан бол одоо байдал өөр болсон. Жирийн амьдралдаа би залуу хүн шүү дээ. Улсын заан Мягмарсүрэн, Батзориг, Өсөхөө аварга, Сумъяа аварга гээд он жавууд маань өнөөдөр ид барилдаж байна. Тэгэхээр халимаг үстэй залуу Батбаярын хувьд амьдралаа шинээр эхлэх болж байна. Ирээдүй маань гэрэлтэж байгаа учраас хөдөлмөрлөх, суралцах, одоогийн сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй байна.
-Одоо хэддүгээр курс вэ?
-Дөрөвдүгээр курс. Дараа жилийн зургаан сард төгсөх ёстой ч зодог тайлна гээд ажил ихтэй байсаар хичээлээсээ нэлээд хоцорчихлоо. Энэ янзаараа аягүй бол нэг жил өнжиж магадгүй болоод байна. Амжвал төгсөхийг бодно, амжихгүй бол нэг жил чөлөө авах байх.

Өөрөө үсээ угаах эрхтэй болсон нь хамгаас сайхан санагдсан

-Шинэ дүр төрх чинь өөрт чинь болон бусдад ямар санагдаж байгаа вэ?
-Хүмүүс зохиж байна гэсэн, өөрт ч гэсэн таалагдсан. Ганцхан хүнд таалагдаагүй. Тэр нь манай охин. Арга ч үгүй юм даа. Төрөхөд нь л тийм үстэй байсан. Аавыгаа дэвжээн дээр гарахаар барилдах гэж байна л гэж бодсон байх. Тэгсэн хүмүүс хайч бариад үсийг нь хайчлаад эхлэхээр айгаад уйлчихгүй юу. Дараа нь ч гэсэн та өөр болсон байна. Урьдын үс чинь л гоё гээд байсан. Тэр үед яагаад ч юм охиноо их өрөвдсөн. Одоо бол дасчихаад гайгүй болсоон.
-Эхнэрт чинь таалагдсан уу?
-Эхнэр болон найзууд бол инээлдээд л өнгөрсөн. Халимаг үстэй болчихсон чинь дүүтэйгээ их адилхан болсон байна гэж байна лээ. Гэхдээ их инээдтэй. Үсээ авахуулчихаад тэр оройдоо ч яахав. Хүлээн авалт энэ тэр гэсээр нэг их ядарсан амьтан унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод толинд харсан өөрийгөө таньдаггүй. Цочсон ш дээ. Өөрийгөө хараад байгаа хэрнээ мэддэггүй кино шиг л юм болсон. Тэрүүхэн үедээ мартчихгүй юу. Нойрмог хавдсан нүүртэй юм босоод толинд хартал үс байхгүй, аягүй сонин харагддаг юм билээ. Жирийн хүмүүс бол мэдэхгүй л дээ. Бидний үс чинь байнга татаастай, тослоостой, ямар ч хөдөлгөөнгүй байдаг. Хүн хүргэдэггүй, шүргэчихвий гэж үргэлж зайлсхийж явах хэрэгтэй болно. Гэтэл унтаад сэртэл тэр бүгд байхгүй болчихоор аргагүй ч юм уу даа.
-Толгой чинь хөнгөрөөд сайхан болж байх юм уу. Эсвэл?
-Эхлээд салхи сийгээд их сонин байдаг юм билээ. 16 жил тостой, хамгаалалттай, боолттой байсан болохоор арга ч үгүй биз дээ. Хамгийн гоё нь өөрөө толгойгоо угаах эрхтэй болсон. 16 жил өөрийнхөө үсийг угаах эрхгүй байлаа шүү дээ. Заавал тусгай үсчинд орж угаалгадаг. Өглөө босоод усанд орохдоо биеэ угаачихаад үсээ угаадаггүй байлаа. Одоо бол гольф тоглочихоод, өөрөө толгойгоо угааж болно. Энэ мөч л хамгийн сайхан санагдаж байна даа.
-Монгол залуу таны үсийг зассан. Та өөрөө сонгосон уу?
-Үгүй, би мэдээ ч үгүй байсан. Японд үсчин бэлдчихээд байж байтал Монголын сумо бөхийн холбоо зохион байгуулаад хамгийн шилдэг үсчнээр шалгарсан Хүрэлбаатар гэдэг залууг аваад ирсэн байсан. Өмнө нь шилдэг үсчин шалгаруулах тэмцээн болж байгааг сонсож байсан ч яг хэн шалгарсан гэдгийг мэдээгүй.Тэгээд самнуулж үзсэн, үнэхээр сайхан сэтгэлд хүртэл засаж өгсөн. Олон жил тослоод самначихсан болохоор хэвэнд орохгүй нэлээд юм болдог л доо. Японы үсчид сайн л даа. Гэхдээ монгол үсчнээр засуулсан нь илүү сайхан санагдсан. Тэр үсчин ч гэсэн анхны монгол сумочийнхоо үсэнд гар хүрсэндээ баяртай байна гэсэн.
-Монгол хөвгүүд гурав эсвэл таван настайдаа даахиа үргээлгэдэг. Таны хувьд хоёр удаа даахиа үргээлгэчихлээ?
-Тэглээ ш дээ. Намайг гурван настай байхад аав ээж маань даахь үргээж, найранд хүмүүс олон мал бэлэглэж байсан юм гэнэ лээ. Батбаярын буянд олон малтай боллоо гэж байсан нь санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш 30 жилийн дараа дахиад даахиа үргээлгэлээ. Өөрийн чинь хэлснээр их ховорхон тохиолдол. Бас сонин шүү, тийм ээ. Хоёр ч удаа даахиа авлаа. Гэхдээ одоо болсон байх аа.
-Үсээ яасан бэ, өөрөө авч хадгалсан уу?
-Аваад хадгалчихсан. Ер нь хүмүүс шилэн хоргонд хийгээд гэртээ хадгалдаг юм билээ. Би ч гэсэн тэгж байгаа.

Намайг залгамжлах бөхийг Кёкүшюхо гэдэг

-Зодог тайлчихлаа. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ? Гэр бүлийнхэн чинь ирсэн үү?
-Ирээгүй тэндээ сургуульдаа сурч байгаа. Миний хувьд ч гэсэн ирэн очин байна байх. Маргааш буцна. Японд удсан учраас тэнд бизнесийн болоод нийгмийн чиглэлийн маш олон ажил хүлээж байгаа. Монголд ч гэсэн хийх зөндөө олон ажил байна даа. Барилгаа барьж дуусгамаар байна, сумо бөхийн холбооныхоо ажлыг илүү идэвхжүүлэх хэрэгтэй байна. Сайн залуучууд, авьяастай хүүхдүүдийг цуглуулж, Япон руу сумод явуулах хэрэгтэй. Ер нь бодсон юмнууд маш их байна л даа.
-Сумод Монгол бөхчүүдийг авахаа больчихсон юм биш үү?
-Авахаа больчихсон гэж яригдаж байгаа ч боломжийг хайх хэрэгтэй. Одоо 36 Монгол сумоч Японд барилдаж байна. Эдний ихэнхийг буюу хорь гаруйг нь би оруулсан байдаг юм.
-Таныг залгамжлах бөхийг тодруулсан гэж сонссон юм байна. Тэр азтай залуу хэн бэ?
-Кёкүшюхо гэсэн. Кёкүшюзаны Кёкүшю, Хакухогийн Хо-г оруулж нэрлэсэн юм билээ. Цэвэгням, Энхбат хоёр чинь Японы иргэн болчихсон. Би зодог тайлчихаар миний оронд нэг хүний орон тоо манай дэвжээн дээр гараад энэ хүүхдийг авсан. Их гоё залуу байгаа. Барилдааны хувьд сумод ороод дөнгөж cap болж байгаа учраас тийм ийм гэж хэлж чадахгүй байна. Одоо л бүхнийг заалгаж байгаа даа.
-Залгамжлагчтайгаа уулзаж, захиасаа хэлж чадсан уу?
-Уулзалгүй яахав. Миний дүү бэлтгэлээ сайн хийгээд, сайн бөх болоорой гэсэн, “тэгнээ л” гэж байна лээ.
-Зодог тайлснаас хойш сумогийн холбоо ямар нэг байдлаар харж үзэх зүйл байдаг уу?
-Байлгүй яахав. Монголын хамгийн анхны сумоч, олон жил дээд зиндаанд барилдсан, мэхний рекорд гэдгээр нь шууд хаячихгүй л дээ. Жишээлбэл, ямар нэг хэмжээгээр өвдлөө гэхэд эмнэлгийн хөнгөлөлттэй тусламж үзүүлэх байдаг ч юмуу. Шаардлагатай үед сумо бөхийн холбооны ажлыг хийхэд туслалцах ч юмуу, хамтрах зүйл зөндөө

Хакухог хэн ч тоодоггүй тэр үед эхнэр нь л хамт байсан, тэд эртний танилууд

-Таныг зодог тайлж байхад Хакүхо аварга цолоо авсан.Түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд таны нөлөө их байсан. Тэр танд юу гэж хэлсэн бэ?
-Их сонин шүү. Хакүхо надад хоёр жилийн өмнө “Ахыгаа зодог тайлахаас өмнө, би аварга болно” гэж амлаж байсан юм. Хоёр жилийн өмнөх амлалтыг нь би хоёрхон башёгийн өмнө Хакүхог арслан байхад нь сануулж “Чи хэлсэндээ хүрч чадсангүй дээ” гэсэн. Тэр үед Хакүхо тааруу барилдсан л даа. Тэгсэн “Харин тийм ээ, дараагийн башёд түрүүлээд л, дараа нь сайн барилдчихвал аварга болох байх. Тэгээд хамгийн анхны ёсолгоогоо ах дээрээ хийчихье гэж хэлээд бид биенийгээ алгадахад Японы сурвалжлагчид байж байгаад дараа нь сонингуудаар гарсан. Тэгсэн чинь үнэхээр гурван сард түрүүлээд, таван сард сая түрүүлээд хамгийн анхныхаа ёслолоо миний зодог тайлахад хийсэн. Баруун, зүүн жигүүрийг Монгол аваргууд тэргүүлж байгаа нь тэнд очсон Монголчуудад юутай ч зүйрлэшгүй сайхан бэлэг байсан байх гэж бодож байна. Миний зүгээс ч гэсэн үүнийг мэдрүүлэх гэж Монголчууддаа хамгийн урд талын суудал бэлтгэсэн. Зарим суудал нь 1000 долларын үнэтэй байдаг шүү дээ. Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байгаа юм. Юу вэ гэхээр Монголоос очсон бүх хүмүүс эргэж ирсэн. Нэг ч хүн үлдээгүй. Нэг хүн олгой тусаад эмнэлэгт хүргэгдсэн, нэг хэл муутай хүн төөрч яваад хамгийн сүүлийн онгоцонд суусан байна лээ.
-Хакүхотой хамгийн ойр байдаг хүний хувьд танаас гэргийнх нь талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа?
-Их сайн охин. Монголоор их сайн ярина, монгол хоол сайхан хийнэ. Гэрт нь очоод гарынх нь лавшааг олон л удаа идэж байлаа. Гурилтай шөлийг янзын хийнэ. Ер нь их энгийн, монголд маш элэгтэй охин бий. Мань хүн үүнд нь ч татагдсан болов уу гэж би боддог. Анх Японд очиж байх үед нь монголчууд маань тоодоггүй л байсан шүү дээ. Хэцүү үе Хакуход байсан. Тэр үед нь монголоор ярьдаг нэгэн бүсгүй сэтгэлийг нь хөдөлгөөд, монгол хоол хийж өгөөд их сайхан ханддаг байсан нь мань хүний сэтгэлийг татсан болов уу гэж би боддог юм. Хүний хэцүү үед нь хань болсон хүн хамгийн сайн нөхөр нь байдаг. Хакүхог цол зэрэг ч үгүй бэлтгэл хийгээд хөлсөндөө хутгалдчихсан, нулимсаа унагаад явж байхад монгол охид сонирхдоггүй ч юмуу, монголчууд маань тусалж байгаагүй. Ний нуугүй хэлэхэд тийм хүмүүс бараг байдаггүй. Харин тэр охин тусалсан, байнга хамт байсан. Япон Монгол нь хамаагүй. Гол нь хувь хүн нь чухал шүү дээ. Үүнийг Монголчууд маань зөв сайхан ойлгоосой гэж хүсч байна.
-Тэгэхээр тэд эртний танилууд байх нь ээ дээ?
-Тэгэлгүй яахав. Вада сан гээд аавтай нь би анх танилцаж, Монголд авчирч байсан юм. Аав нь надтай хоёр ч удаа Монголд ирж байсан. Манай санд хандив өргөөд, биднийг их дэмжинэ л дээ. Аав нь ч гэлтгүй ээж нь адилхан бөхөд элэгтэй хүмүүс байдаг. Тийм ч болохоороо аав нь Кёкүшюзаны дүү гээд Дагваа аваргыг дэмжиж, дэмжих клубынх нь даргаар ажиллаж байсан. Охиных нь хувьд ч ялгаагүй, бүр багын л Монголд их элэгтэй хүүхэд байсан. Монголыг ядуу буурай хэцүү орон гэж ойлгочихоод “Кёкүшюзан хөгжил сан” -гаар дамжуулан хүүхдүүдэд бал, харандаа, дэвтэр өгч байсан. Тэгэхэд 14 билүү 15 настай жаахан охин байсан. Яагаад ч юм бүү мэд, Монголд их элэгтэй хүн. Японд байгаа өөр алдартай хүмүүсийн эхнэрүүд тэр бүр ил гараад яваад байдаггүй. Гэтэл мань хүн уржигдар намайг наашаа онгоцонд суух гэж байхад хадам ээж, эгч хоёрыгоо гаргаж өгч байгаа гэчихсэн ачааг нь үүрээд хөлс нь гарчихсан гүйж явсан. “Сайн уу, аав байгаа, нөхөр Хавай явсан” гээд их гоё ярьж байгаа байхгүй юу. Гоё ш дээ, миний хувьд үнэхээр сэтгэлд хүрсэн сайн бэр. Баян айлын охин, аваргын эхнэр гэсэн хэрнээ ямар нэг элдэв зан байхгүй, энгийн. Магадгүй энэ бүхэн нь Хакүход таалагдсан байх. Хакүхогийн эхнэр гэж хэлэхгүй л бол хэн ч мэдэхгүй. Тэрийг хараад би улам хайртай болсон. Монголчуудыгаа ч гэсэн зөвөөр ойлгож, энэ залуусыг дэмжээрэй гэж хэлмээр байна.
-Хакүхо Япон эхнэртэй болох гэж байгаа тухайгаа танд хэлж байсан уу?
-Надаас хамгийн анх асуусан. Магадгүй Мөөеө аваргаас асуухаасаа өмнө надаас асуусан байх. Бид үерхэж байгаа. Энд ирчихээд гэр лүүгээ ч утсаар ярьж чаддаггүй байхад бүхнийг зааж зөвлөн тусалж байсан. Бид гэрлэх нь зөв үү гэж. Бид хэн ч байлаа гэсэн гэр бүлийн асуудалд оролцож болохгүй. Тэдний өөрсдийн хэрэг. Ахын дүү өөрөө л шийд гэсэн. Тэр бүсгүйн ийм сайхан чанарыг нь манай хүн марталгүй татагдаж явсаар гэрлэсэн байх аа.
-Монголын иргэн болох гэж байгаа дуулдсан. Та энэ талаар сонссон уу?
-Өөрөө Монголын иргэн болмоор байна гэж хэлж байсан шүү. Ер нь манай эзэн хаадууд чинь гаднаас л эхнэр авдаг байсан юм билээ ш дээ.
-Үндэс угсаа өөр гэдгээсээ илүүтэй Хакүхог харийн иргэн болчих вий гэсэн эмзэглэл төрөөд байгаа юм?
-Хакухо тийм юм хийхгүй.

Энэ наадмаар морь уяж, өөрөө наадмын бэлтгэлд гарна

-Наадам дөхөж байна. Сүүлийн үед та хурдан морь сонирхдог болоод байгаа. Энэ жил морь уралдуулах уу?
-Ирээдүйн түмэн эхийг тодруулах хурдан дааганы уралдааныг ивээн тэтгэсэн. Миний хонгор зүсмийн даага уралдаж, 12-т хурдалсан байна лээ. Манлай уяач Ганхуяг уясан юм. Сүүлийн үед морь их сонирхож байгаа. Энэ жил нутгийнхаа наадамд морь уралдуулна, бас улсын наадамд морь уралдуулна. Ер нь Монгол хүн болгон морь сонирхдог учраас морийг би цаашдаа хүндэлж, аль болох ойр байя гэж бодож байгаа.
-Бэлгэнд ирсэн нэлээд олон адуу бий гэж ярьж байсан. Хичнээн адуутай болсон бэ?
-Сайн барилдлаа гээд ах дүү төрөл садан найз нөхөд адуу их бэлэглэнэ ээ. Одоо 200 гаруй, 300 дөхөж байгаа байх. Бэлэгний болон өөрийн сонирхож худалдаж авсан нь нийлээд шүү дээ. Монгол хүний хийморь нь мориндоо байдаг гэж ярьдаг. Үүнийг бэлгэдэж адууг сонирхож цуглуулж байгаа. Уралдаад түрүүлээд сүйд болохгүй ч гэсэн эр хүний хийморь сэргээдэг гэдэг утгаар нь хүлээж авч байгаа. Айраг уугаад морь харж суух эр хүний бас нэг жаргал шүү дээ. Тэрнээс биш би нэг их сүрхий моринд орчихсон, мориор бизнес энэ тэр хийнэ гэдэг утгаараа биш. Жирийн монгол залуу морио яаж дээдэлдэг юм түүн шиг л хүндэлж явъя гэсэн хэрэг.
-Түрүүн үндэсний бөхөөр барилдаж байгаа нэг үеийнхэн маань зодог тайлаагүй байгаа гэж байсан. Тэдэнтэй барилдах бодол төрөх юм уу?
-Хамт наадмын бэлтгэлд гарна гэж бодож байгаа. Мягмарсүрэн зааны Ховдын гал Хайртханд гардаг юм билээ. Бэлтгэл дээр нь яваад очно доо.
-Амжилт хүсье. Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Wednesday, June 13, 2007

Сумо тайлбарлагч Б.Мөнхбат: Хакухог “Манай бүсгүйтэй гэрэлчихлээ” гэж Япончууд ач холбогдол өгөөгүй

Нацу башё өндөрлөхдөө шинэ Монгол ёкозүнагаар “гоёж” Кёкүшюзан гавъяат их хүндлэлээр хүрээлүүлэн албан ёсоор зодог тайлсан гэзд л Японы сумогийн ертөнц сонин хачин ихтэй байна. Үнэхээр ч хаа хаанаа дөрвөн жил гаруй хугацаанд завсаргүй ноёрхсон Асашёорюү аваргатай ач тач үзэлцэх шинэ аваргыг хүлээж байсан нь үнэн билээ. Манайхны хувьд Монгол цустай хоёр ёкозүнагаа цаашид хэрхэн барилдахыг хүлээж сууна. Харин Япончуудын хувьд “Хөх луу” цагаан тас хоёрын халз тулааныг харахын тулд ирэх башёг догдлон хүлээж байгаа гэх. Тийм ч болохоор МҮОНТ-зэр сумо тайлбарладаг, “G mobile” компаний зөвлөх Б.Мөнхбаттай уулзаж сумогийн сонин хачныг сонирхлоо.

-Хакухогийн шинэ цолны ёслол, түүнийг сумод хөтөлж аваачсан Кёкүшюзаны зодог тайлах ёслолтой давхцсаныг эориудаар тохируулсаи гэж харж болох уу?
-Кёкүшюзаны зодог тайлах ёслол 6-р сарын 2-нд болно гэдэг тов бүр урьдчилаад гарсан байсан. Тэр товоороо болдгоороо болсон. Хакухогийн хувьд ёкозүна цол авах боломж, нөхцөлтэйгээр барилдаж байгаа гурав дахь башё шүү дээ. Гэсэн ч яг юу болохыг хэн ч урьдчилан төсөөлж чадахгүй. Ер нь бол озэкигийн бэлтгэл сайн хангагдсан, бас гэрлэлтээ бүртгүүлсэн, охинтой болсон гээд олон баяр давхацсан учраас ёкозүна цол авъя гэдэг бодол өөрт нь үнэхээр илүү давамгай байсан байх. Тэр ч утгаараа их сайхан барилдаж, авах авахдаа аваргыг давж аварга цолыг авлаа. Өөрийн чинь асууж байгаа шиг уг хоёр ёслолыг зориудаар давхцуулсан юм биш. Кёкүшюзаны зодог тайлах ёслолыг хэзээ хийхийг, Сумогийн холбоо хуралдаж шийдэж байх тэр үед Хакухогийн ёкозүна болж, ёкозүнагийн дохё-ири ёслол хийх асуудал хаа ч байгаагүй. Нацу башёгийн 11 дэх өдрийн барилдаан эхлэхийн өмнөхөн “Хэрвээ ёкозүна болсон тохиолдолд, журмын дагуу 6-р сарын 1-нд дохё-ири хийх ёстой” гэдэг тов нь гарч байсан.

-Шинэ аваргын анхны ёслолыг үзэхээр цугласан хүмүүсийн тоо гадаадын аваргуудын хувьд дээд амжилт гэж байна?
-Хакуход ёкозүна цол ойрхон байна гэдгийг Японы сумогийн мэргэжилтнүүд эртнээс хэлж байсан. Тэр ч утгаараа гуйж аваагүй, үнэхээр хүчээрээ уран сайхан барилдаж авсан. Еслол дээр 4300 хүн очсон байна лээ. Хакухо маш сайхан тайван, ямар нэг тэвдсэн сандарсан зүйлгүй, алдаа гаргаагүй хийсэн. Дагвадоржийн хувьд ёкозүна цол аваад бас дохё-ири хийхдээ заримдаа алдаж байсан гэж байгаа. Ёслолд бэлтгэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг. Хакуход аваргын ёслолд бэлтгэл хийх хоёр өдрийн маш богино хугацаа байсан. Ер нь ёкозүна цолыг авах гэдэг үнэхээр хэцүү даваа шүү дээ. Кайо гэхэд озэки цолтой ёкозүнагийн эрэмбэтэй барилддаг хүн. Таван удаа түрүүлээд ёкозүна цол авч чадаагүй л байна. Өнгөрсөн 4 жил хагасын хугацаанд Д.Дагвадорж ёкозүнагийн хувьд маш том хариуцлагыг үүрч авч явж байсныг энд тэмдэглэх ёстой. Одоо харин Японы үндэсний бөх сумогийн зүүн, баруун жигүүрт хоёр Монгол бөх ёкозүна цолтойгоор гарч ирнэ. Энэ талаар ёкозүнагийн зөвлөл дээгүүр сонин яриа болсон л доо. Хакухогоос “Хөх луутай, цагаан шувуу халз үзэх нь байна. Та юу гэж бодож байна” гэж асуухад манай хүн эхлээд жаахан сандарсан ч төдөлгүй “Бид хоёрын хувьд зүүний манлай, барууны манлай гэдэг утгаараа өрсөлдөж, олныг шуугиулсан сайхан барилдаан үзүүлнэ ээ” гэж сайхан хариулсан. Түүнээс луутай, тас шувуу тэрсэлдсэн утгын хариулт өгөөгүй.

-Хэн сайн барилдсан нь зүүний манлайгаас гарах ёстой. Тэгэхээр долоон сарын башёд манай хоёр ёкозүнагийн яг хэн нь зүүн жигүүрээс гарах бол? Асашёорюүгийн хувьд хараахан дай ёкозүна болоогүй. Хакухо цолоо бататгахын тулд зайлшгүй сайн барилдахаас аргагүй. Нэг ёсондоо жинхэнэ тэмцэл эхэлж байна?
-Хэн нь зүүн жигүүрээс гарах вэ гэдэг нь 6-р сарын 25-нд банзуке гарахад тодорхой болно. Манай үндэсний бөхөд бол түрүүлж аварга цол авсан хүн дандаа зүүндээ гардаг. Японд бол тухайн башёдоо хэн сайн барилдсан нь дараагийн башёд зүүний манлайд гардаг. Тэгэхээр чухам яахыг сайн мэдэхгүй байна. Хакухогийн хувьд ёкозүна цолтой л барилдахдаа биш, аавынхаа захисны дагуу Их ёкозүна болохын төлөө л барилдана гэсэн үг. Өөрөө ч бодож байгаа байх.Тэгэхээр одоо гуравдахиа түрүүллээ. Өшөө цаашаа хорь, тэрнээс илүү түрүүлэхийг бодно гэсэн үг. Дай ёкозүна болно гэсэн дүрэм бол байхгүй. Шингитай буюу сэтгэл зүрх, уран мэх, бяр чадал бүх юм цогцлоод төгс болохоороо л их аварга болж байгаа юм. Энэ чинь цол биш дуудуулах хүндлэл. Хэн ч үзээд, уншаад хараад л маргахын аргагүй “Өө их аварга” гээд хүлээн зөвшөөрөх ёстой байхгүй юу.

-Тэр их олон сая хүнтэй Японы сумод гурав хүрэхгүй сая хүнтэй Монголоос очсон бөхчүүд хаанчлалаа тогтоогоод байгааг манайхны хувьд “сэргэж байгаа үндэстний шинж” гэж ярьж байна. Харин Япончуудын тухайд энэ “хаанчлалыг” зогсоох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа биз?
-Би Хакуба Өнөржаргалыг дөнгөж сумод орох нь шийдэгдсэний дараа дэвжээнд нь зочилж, дэвжээнийх нь багшаас “Сумогийн багш нар яагаад Монгол бөхчүүдийг илүү сонирхдог юм бэ. Тэрбум хол давсан хүнтэй Хятад гэж улс байна” гэж асуухад. Тэгэхэд “Монгол хүн үнэхээр цаанаасаа өөр. Байгаль, идэж ууж буй хоол хүнс, ёс заншил, эртний уламжлалт бөх зэрэг бүх юмнаас үзэхэд Монгол хүн бол үнэхээр суурь, хөл сайтай” гэж байсан. Тэгээд удам гэж сайхан юм байна шүү дээ. Тэгэхээр Монголын эрин үе гэж хэлэх нь ч арай дэгсдүүлнэ. Япончууд “Монголчууд чинь түрүүлчихлээ, барьлаа” гээд янз бүрийн хэл ам болоод байдаггүй. Тухайн Япон хүн сумогоо үзэж л сайхан баясаж байгаа. Екозүна гэдгийг тэд нар Монгол хүн байна гэдэг утгаараа биш, манай үндэсний сумогийн сайхан ёкозүна гэдгээр нь хүлээж авдаг. Хоёр ёкозүнагийн тухайд ёкозүнагийн зөвлөлийн бас нэг хүн “Долоон сарын башёгоос эхлээд нэг нь хөдөлгөөнтэй, нөгөө нь их тайван хоёр ёкозүнагийн эрин үе эхэлж байна” гэж байсан. Тэр хөдөлгөөнтэй, тайван гэсэн ханзан дотор маш олон эерэг, сөрөг талын утга бий. Ер нь Японы сумогийн мэргэжилтнүүдээс ч юм уу эсвэл сумо барилдаж байсан хүмүүсээс албан ёсоор Монголын бөхчүүдийн хаанчлалыг зогсооно гэж айхтар яриад байсан хүн байхгүй. Китанофүжи ояката “Манай сүүлийн үеийн залуучууд бэлтгэл сургуулилт бүх юмаа хийгээд л байх шиг байх юм. Хэнд ч мэдэгдэхгүй нэг л юм цаанаасаа дутаад байна” гэж байсан. Ер нь нэг хэсэг сумо үздэг үзэгчдийн тоо цөөрөх хандлагатай байсан. Харин сумогийн холбооны ерөнхийлөгч Китанофүжи ояката “Дөрвөн жил гаруй хугацааны дараа хоёр ёкозүнатай боллоо. Энэ утгаараа үзэгчдийн сумод хандах хандлага арай өөр болох байх” гэж онцолсон. Дэвжээний эзэд, багш нарын зүгээс Япон бөхчүүдээ гаргаж ирэх тал дээр анхаарч байгаа нь мэдээж. Тийм ч учраас сүүлийн үед гарч ирээгүйгээрээ шинэ үеийн залуучууд гарч ирж сумод өөрчлөлт оруулж байгаа.

-Манайхны сумочид дунд Япон бүсгүйтэй гэрлэж иргэн нь болсон, бас иргэн нь болох сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг шиг байгаа юм. Харин Япон бүсгүйтэй гэрлэж, хүүхэдтэй болсон Хакуход тэндэхийн иргэн болох зайлшгүй шаардлага тулгарах болов уу?
-Тэр чинь хувь хүний л шийдэх асуудал. Цэвэгнямыг хэзээ ч, хэн ч Япон хүнтэй суу гэж хэлээгүй. Хүний бие биенийгээ хайрлах, дурлахыг хэн ч тушааж, хязгаарлаж болохгүй шүү дээ. Японд энэ асуудлыг хэзээ ч улс төржүүлж, “шум” болгож авч үзээгүй. Хэн хэнтэйгээ суух нь тэр хүний асуудал учраас Японд үүнийг хүлээж авдаггүй, ач холбогдол өгдөггүй. Хакухо “Хурим хийгээ юу, баяр хүргэе ээ” гэсэн болохоос “Хүүе манай Япон хүнтэй суучихаж” гэж хэн ч яриагүй. Манайд л ингэж шуугиад байгаа болохоос биш, Японд энэ талаар шуугисан юм байхгүй. Ер нь Японы иргэн болсон Цэвэгнямыг ч, бусад Монгол бөхчүүдийг ч тэр Япон улсын иргэн болооч гэсэн санал шахалтыг хэзээ ч, хэн ч, хаанаас ч одоог хүртэл тавиагүй. Энийг тухайн хүн өөрөө л шийдсэн асуудал. Хүнд дэвжээгээ аваад явах ч юм уу, ояката болъё гэсэн бодол байж болно шүү дээ. Хакухогийн хувьд одоогоор тийм зүйл огт яригдаа ч угүй байгаа. Өөрөөр хэлбэл хадам аав ээжийн талаас нь “Нэгэнт манай охинтой суусан юм чинь. Японы иргэн бол” гэсэн юм байхгүй.

-Манай зарим сумочдын талаар насанд хүрээгүй охидыг Японд аваачиж бизнес хийдэг гэж сонсогдох болсон. Энэ талаар та юу мэдэх вэ?
-Энэ бол манай сонин хэвлэл дээр л гарсан яриа. Японы сонин хэвлэлээр нэг ч удаа тийм юм гараагүй. Ер нь сумо барилдаж байгаа бөх бол ажлаа хийж байгаа хүмүүс гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр хүн барилдаж хоолоо залгуулж байгаа. Давхар бизнес эрхэлдэггүй.
-Ингэхэд та өөрөө сумотой яаж холбогдсон хүн бэ?

-Би 1983 онд Японы боловсролын яамны тэтгэлгээр сурах гэж очсон анхны оюутнуудын нэг. Сумог анх очсон жилийнхээ 5 сарын Нацу башёгоос эхэлж үзсэн. Тэрнээс хойш өдийг хүртэл 24 жил сумог үзэж байна. Хамгийн анх. бодитоор 1984 оны 10-р сард Зэнкоожи башёг үзэж байсан. Тэгээд үнэхээр биширсэн л дээ. Манай Монгол үндэсний бөхтэй төстэй талууд олон байсан. Тэгэхэд нэг дор Чионофүжи, Китаноүми, Китао, Оонокүни, Кокитоорики, Асахафүжи гээд олон ёкозүна, мөн долоо, найман озэки нэг дор барилдаж үнэхээр өрсөлдөөнтэй үе байсан...

Tuesday, June 5, 2007

КЕКҮШЮЗАН: Намайг дэмжсэнд баярлалаа

Сүмогийн ертөнцөд уран барилдаанаараа олон мянган хөгжөөн дэмжигчтэй болж чадсан бөх бол Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр билээ.

Түүний зодог тайлах ёслол уржигдар Токиогийн Кокукиган ордонд боллоо.

КЕКҮШЮЗАНЫ ТУХАЙ

Одоогоос 16 жилийн өмнө Ошима багш Монголд ирээд ирээдүйн аваргуудыг хайж явахад Д.Батбаяр түүний хараанд өртжээ. Ингээд тэрээр 1992 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмод орсон түүхтэй. Хэдийгээр шантрах үе байсан ч бэлтгэлээ уйгагүй хийсээр 1995 оны гуравдугаар сард жүрёо зиндаанд дэвшиж цолтой бөх боллоо.
Ингэж тэр Монголын сүмочдоос анхлан цолтой бөх болж монгол хүн энэ спортоор хичээллэх боломжтой гэдгийг нотолсон юм. Бүгд л дээд зиндаанд барилдахыг хүсдэг болохоор жүрёод жинхэнэ тэмцэл өрнөдөг аж. Энэ хэцүү үед тэрээр уг зиндаанд хоёр удаа түрүүлээд амжив. Ингээд 1996 оны есдүгээр сард сүмоч болгоны зодоглохыг хүсдэг дээд зиндаанд дэвшиж чадлаа. Дээд зиндааны эхний тэмцээнээс эхлээд л Кёкүшюзан олон угсраа гайхамшигтай мэх хийж хүчтэй өрсөлдөгч нараа өвдөг шороодуулж байв. Тиймдээ ч мэхний их дэлгүүр гэсэн нэртэй болж алдарт Майноумигаас энэ алдрыг нь "булааж" авсан билээ. 1997 оны гуравдугаар сард комүсүби боллоо. Бас л Монголын сүмочдоос анхлан энэ цолыг хүртэж булган сүүлтэй бэх болох гараагаа тавьсан юм. Кёкүшюзан тусгай шагналыг таван удаа хүртжээ. Үүнээс уран мэхтэй бөхийн шагналыг хоёр, дайчин бөхийн шагналыг хоёр удаа хүртсэнээс гарамгай барилдааны шагнал нь илүү жин дарна. Түүнчилэн их аварга цолтныг унагахад олгодог кинбоши шагналыг таван удаа хүртэж ямар мундаг бөх вэ гэдгээ нотолсон. Олон жил амжилттай барилдсан тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зодог тайлахаар шийдсэн юм.

ЗОДОГ ТАЙЛАХ ЁСЛОЛ ГЭДЭГ НЬ...

Кёкүшюзаны зодог тайлах ёслол 12 мянган хүний суудалтай Кокугикан ордонд болсон. Гаднаас нь харахад том биш мөртлөө дотор нь ороход маш том ордон. Хүмүүс хоолоо аваад ордонд орох юм билээ. Учрыг лавлавал тэнд хоолны газар байдаггүй ажээ. Зурагтаар харахад хүмүүс хоол идэнгээ сүмо үздэг нь ийм учиртай юмсанж. Тэнд шар айраг ч чөлөөтэй ууж болно. Ер нь их чөлөөтэй газар гэж тодорхойлж болох юм. Нэгэнт л мөнгөө төлөөд орсон болохоор ийм зэргийн зүйлийг нэхэх нь арга ч үгүй биз. . Ёслол Японы терийн дууллаар эхэлсэн. Тэгэхдээ бичлэг тавьж биш, дөрвөн хүн амьдаар дуулж төрдөө хүндэтгэл үзүүлсэн юм. Удалгүй гэрэл унтарлаа. Гэнэт гэрэл асч ивээн тэтгэгч нарыг танилцуулах ажиллагаа эхэлсэн. Кёкүшюзан Японд ямар их нэр хүндтэйг тэр үед л жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Тус улсын томоохон компаниуд түүний зодог тайлах ёслолыг ивээн тэтгэж хөгжөөн дэмждэг бөхдөө урам хайрлажээ. Монголын компаниуд ч зүгээр суусангүй. МИАТ, Монгол газар, Спирт бал бурам зэрэг компаниуд энэ ёслолыг амжилттай зохион байгуулахад багагүй хувь нэмэр оруулсан. Тэр олон мянган хүнд үнэхээр том сурталчилгаа болж байна лээ. Үүний дараа тайлбарлагч Кёкүшюзаны тухай дэлгэрэнгүй ярьж хамаг нууцыг нь дэлгэчихэв. Анх хэрхэн сүмод хөл тавьсан, хэдэн хүүхэдтэй, ямар хоолонд дуртай гээд л. Хүнд бэлтгэлээс шантарч дэвжээнээсээ зугтаж байсан, бас чамгүй сайн бизнесмэн гэдгийг нь ч нуусангүй. Энэ бүхний эцэст Японы тайлбарлагч нэг зүйлийг ихэд онцолсон юм. Тэрээр Кёкүшюзаныг Монголын сүмочдын хувьд олон зүйл дээр анхдагч байсныг нь давтан ярьж байлаа. Үнэхээр ч тэр монголчуудын хувьд сүмогийн алтан хараацай гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Удалгүй ёслолын гол баатар Кёкүшюзан таван настай хүүгийнхээ хамт дэвжээн дээр гарч ирлээ. Тэд яг л өрсөлдөгч нар шиг бие бие рүүгээ харж байгаад дэвжээний ёслолыг үйлдэв. Хүү нь их звлэгхэн хийх юм билээ. Тэгээд ёсыг бодож аав хүү хоёр барилдав. "Ширүүн өрсөлдөөн"-ий эцэст хүү нь ялахад ордонд цугласан олон мянган үзэгч халуун алга ташилтаар урамшуулав. ёслолыг хэт уйтгартай болгохгүйн үүднээс том жижиг хоёр сүмоч дэвжээнд гарч хошин үзүүлбэр сонирхуулав. Тэгэхдээ үзэгчдийг зүгээр нэг инээлгэх бус сүмо гэдэг спорт Японы түүх соёлд хичнээн их нөлөөтэйг ч давхар харуулж байлаа. Зодог тайлах ёслолын гол арга хэмжээний нэг нь жүрёо, дээд зиндааны бөхчүүдийн үзүүлэх барилдаан байдаг аж. Эхлээд жүрёогийнхон дэвжээнд гарсан. Бөхчүүдийг танилцуулсны дараа барилдаан эхлэв. Хэдийгээр үзүүлэх гэсэн тодотголтой ч зарим үед гал гарсан барилдаан гарч байлаа. Барилдааны дараа Кёкүтэнхо дэвжээнд гарч ирээд суув. Түүний үсийг үсчин их л нямбай засч байлаа. Уг нь Кёкүшюзаны үсийг л ингэж засах байх гэж бодсон учир хэрдээ л гайхашрав. Гэтэл энэ нь бас л үзүүлбэр байжээ. Сүмочдын үсийг засна гэдэг томоохон урлаг байдаг аж. Бараг 20 минут үсийг нь самнаад л байх юм. Ашгүй нэг юм дуусч Кёкүшюзаны үсийг хөндөх ёслол эхлэв. Эхлээд Японы дэмжигч нар үсэнд нь хүрэв. Яг л хүүхдийн даахь үргээж байгаа юм шиг. Хүндэлдэг бөхиинхөө үсэнд хүрэхэд тодорхой төлбөртэй байдаг. Японуудын хувьд нэг хүн хамгийн бага нь 5000 доллар өгсөн бол монголчууд хөнгөлөлт эдэлж нэг хүний доод босго 1000 доллар байхаар тогтоожээ. УИХ-ын гишүүдээс С.Баярцогт, Я.Санжмятав, Т.Бадамжунай нар Кёкүшюзаны үсэнд гар хүрсэн. Манлай уяач Д.Датваахүү, Д.Онон,, улсын заан Ч.Батзориг, Л.Мягмарсүрэн гээд олон хүн түүний үсэнд хүрч хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үед Кёкүшюзан, намайг дэмжсэнд баярлалаа гэж хэлж байлаа. Бас Монголын сүмочид ч Кёкүшюзаны үсэнд гар хүрсэн. Ялангуяа шинэ их аварга Хакүхог дэвжээнд гарч ирэхэд үзэгчид нижигнэсэн алга ташилтаар угтсан юм.

Monday, April 2, 2007

Ама Д.Бямбадорж Хакухогийн сүйт бүсгүйн найзтай жиг ургуулжээ

Жил гаруйн өмнө Японд байдаг найз маань Хакухог япон бүсгүйтэй жиг ургуулсаныг хэлснээр сониндоо бичиж байсан боловч Мөөеө аварга тас үгүйсгэж “Хэл ам мэдэхгүй амьтны дэргэд Эрдэнэ аваргын охин дээр” гэж хээв нэг хэлж байсан.


Гэвч олны үг ортой гэдгээр хүү нь өнөөдөр чинээлэг японы хүргэн болж олон зуун сая долларын хөрөнгөний өв залгамжлагч боллоо. Цагаан сарын өмнөхөн Кёкүтэнхо Н.Цэвэгням япон бүсгүйтэй ханилсан билээ. Дээрх хоёр монгол залуугийн явдал нэгэнт олонд ил болсон. Харин нэг бяцхан хов дуулгахад сүмогийн дохёг уран мэх, хурц дайчин барилдаанаараа чичрүүлж байгаа Ама Д.Бямбадорж маань ч гэсэн бас л япон бүсгүйтэй жиг ургуулсан гэнэ шүү. Хэдийгээр түүний хувьд уй гашуу нь багасах яагаа ч үгүй байгаа боловч үүнийг мэдээлэх нь нэг их уршигтай зүйл биш байх гэж бодно.

Ямартаа ч түүний найз бүсгүй нь Хакүхо М.Даваажаргалын сүйт бүсгүй Вадо Саякогийн сурдаг дээдсийн сургуульд оюутан 20 настай бүсгүй гэнэ. Одоохондоо уг бүсгүйн нэрийг мэдэж амжаагүй байгаа бөгөөд тун удахгүй мэдээлж таны сонирхол шохоорхлыг дарах болно.


Мэдээллийн эх сурвалж: Маш нууц /2007.04.02/

Saturday, March 10, 2007

Япон судлаач Д.Төмөрбаатар: Дэвжээний эзэд тохирсноор нэгэндээ худал унаж өгөх явдал байдаг

Их аварга Д.Дагвадорж даваа худалдаж авдаг уу?
Япон үндэстний ёс зүй, оюун санааны суурь ухааныг үзүүлсэн “Бүшидо” нэртэй ном монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Уг номыг олон нийтэд танилцуулах нээлтийн ёслол саяхан Монгол Японы Төвд болов.


Бид уг номыг орчуулсан Монгол Японы Соёл Утга Зохиолын Төв ТББ-ын тэргүүн Д.Төмөрбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.

-Япончуудын өвөрмөц арга ухаан, бусад үндэстнүүдээс ялгарах гайхамшигт чанаруудыг тайлбарлан үзүүлсэн чухал номыг орчуулан монгол уншигчдад хүргэж байгаа танд баяр хүргэе. Юуны өмнө, манай уншигчдад Бүшидо гэдэг угийн утгыг тайлбарлаж өгнө үү?
-Бүши гэдэг бол самурай гэдэгтэй утга дүйх үг. До гэдэг нь “арга ухаан, зам мөр” гэсэн үг. Бүшидо гэсэн нийлмэл үг бол “бүши буюу самурай хүний баримтлах ёс зүй, аж төрөх арга ухаан” гэсэн утгыг илэрхийлнэ л дээ. Самурай анги давхарга Японд ойролцоогоор 700 орчим жил оршин тогтносон юм. Энэ анги давхарга үүсэн бий болж, оршин тогтнох хугацаанд бүрэлдэн бий болсон ёс зүй, оюун ухааны цогцыг Бүшидо гэж нэрлээд байгаа юм. Энэхүү цогц ухааныг Нитобэ Иназо гэдэг хүн цэгцлэн, барууныханд ойлгуулахын тулд Бүшидо гэдэг номын англи хэлээр бичин, 1899 онд хэвлүүлсэн юм. Япон хэлээр орчуулан гаргасан зургаа, долоон хувилбар бий. Хэдийгээр 100 гаруй жилийн өмнө зохиогдсон ч энэ ном өнөөдөр ч эрэлт хэрэгцээтэй, шилээвэр ном болсоор л байна.

-Япончуудын энэ ёс зүйн цогц ухаанаас жишээ татан, товчхон тайлбарлаж болох уу?
-Бүшидогоор бол, самурай хүн шударга ариун, зүй зохист ёсыг ягштал баримтлагч, бодит үнэн, чин үнэнийг л ярьж хэлдэг, нэр төрөө аминаасаа илүү өндөрт өргөж байх ёстой, эр зориг хатуужил тэвчээртэй байх ёстой гэж үздэг. Самурай хүн бол нинжин сэтгэлтэй, өрөвч сэтгэлтэй, эелдэг зан чанартай, урвашгүй үнэнч сэтгэлтэй байдаг. Хэрвээ эдгээр эрхэм дээд чанараа умартан, зарчмаасаа ухарсан бол харакири хийн амиа егүүттэж, хариуцлагаа хүлээдэг ёстой билээ Япончууд нэг баг болж ажиллахдаа гаргуун, зорилгодоо хүрэхийн тулд хамтран ажиллагчийнхаа үгийг маш сайн сонсдог, нийтийн эрх ашгийн тулд өөрийн хүсэл мөрөөдлийг ч золиосолж чаддаг. Энэ бүхэн Бүшидо дахь урвашгүй сэтгэл (Үнэнч сэтгэл) хэмээх эрхэм чанарын үр дүн юм л даа. Самурайн гэр бүл гэдэг бол нэгэн бүхэл эд. Үр хүүхэд, эхнэр нь гэрийн эзэн самурайн төлөө бүхнийгээ зориулах ёстой. Гэрийн эзэн самурай гэр бүлийнхээ хамтаар өөрийн овгийн эзэн ноёныхоо төлөө амь биеэ зориулна. Энэхүү самурайн харьяалагдаж байгаа овог бол бас л нэгэн бүхэл том “гэр бүл”. Энэ овгийнхоо төлөө самурай, мөн түүнчлэн овгийн эзэн самурай нь ч алив бүхнээ золиосолно. Харин овгийн эзэн самурай болон овгийн самурай нар овгуудыг нэгтгэн захирагч самурай-шёогүн ноёны төлөө, шёогүнээр дамжуулан эх орныхоо төлөө, самурай ёст аж төрөх ёсныхоо төлөө бүхнээ зориулна. Энэ бол эцгийн эрхт ёсноос огт өөр зүйл шүү. Эзэн ноёныхоо төлөө алив бүхнээ зориулж байна аа гэдэг бол, “эзэн ноёндоо боолын хувиар дарлагдан, бүхнээ золиосолж байгаа юм биш”, самурай анги давхаргын баримталж буй ёс зүйн өндөр дээд зорилгод бүхнээ зориулж байсан гэсэн үг.

-Өнөөдөр манайд хүний нэр төр ер нь үнэгүй шахам болж байна. Самурай хүн нэр төрөө аминаасаа илүү өндөрт өргөж байх ёстой гэж та хэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Самурай гэхээр орчин үеийн бид нарт бол сэлэм эргэлдүүлсэн, алж талсан, байлдаж тулалдсан хүмүүс мэтээр л төсөөлөгддөг. Гэтэл ийм дүр төрхийн цаана самурай хүн бол шударга үйлсийн төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй, нэр төрөө юунд ч сэвтээдэггүй гэх мэт хүний эрхэм дээд, олон чанарыг биедээ шингэсэн, биеийн болоод сэтгэлийн аугаа их тэнхээтэй хүмүүс байсан байна. Үүнийг батлах олон жишээ дурдаж болох боловч энд ганцхан жишээ хэлье л дээ. 1868 онд Японд Мэйжи Ишин хэмээх ардчилсан их өөрчлөлт өрнөсөн. Энэ ардчилсан үйл явцын үр дүнд олон шинэ зүйл бий болж, хуучин харилцаа халагдсаны нэг бол самурай анги давхарга онц эрхт анги давхарга байхаа больж өмнө нь зөвхөн самурай гэдэг нэрээрээ л хүртэж байсан тэтгэлэг цалин пүнлүүгээсээ салсан явдал юм. Тэдэнд өөрсдийн хүч, хөдөлмөрөөр амьдрахаас өөр аргагүй цаг мөч тулж иржээ. Нэгэн самурай эр худалдаачны пүүсэнд ирж мөнгө зээлж шинэ ажил эхлэхээр болсон байна. Пүүсийнхэн самурай эрд хандан, “мөнгөний барьцаанд юу тавих вэ, та мөнгөө эргүүлэн буцааж төлж чадахгүй бол бид яах вэ”, гэж асуухад нөгөө самүрай “о варай күдасай”, буюу “мөнгөө эргүүлэн төлж чадахгүй бол намайг олны элэг доог болгоорой” гэж хариулсан гэдэг. Самурай хүн алдаа мадаг гаргах юм уу, самурайн ёс тангаргаас няцвал харакири хийж өөрийгөө егүүтгэдэг. Энэ бол самурай ёс журмаар өөрийн алдаа мадгийг цайруулж байгаа явдал юм. Харин өөрийн нэр төрийг гутаан, амьтан хүний элэг доог болно оо гэдэг харакири хийж үхсэнээс хэд дахин аз заяагүй, гутамшигтай явдал гэж үздэг байсан байна. Тэгэхээр дээрх самурай өөрийн “асар их үнэтэй” нэр төрийг барьцаанд тавьж байсан гэсэн үг. Өнөө үеийн бид нарын хувьд мөнгө зээлэх барьцаа гэдэг бол зөвхөн эд хөрөнгө, мөнгө л байдаг шүү дээ.

-Тэгэхээр энэ ухаан маань зөвхөн самурай анги давхаргынхны л мөрддөг зарчим байсан уу?
-Самурай анги давхарга бол нийгмийн хамгийн дээд, онцгой эрх дархтай анги байсан. Үүний хажуугаар бусад анги давхарга, энгийн хүмүүст өөрсдийн эрхэм дээд хүн чанар, ажил үйлсээрээ үлгэр дууриал болж байжээ. Өөрөөр хэлбэл, самурай нарын баримталж байсан зарчим, ёс нийгмээрээ баримтлах ёс зүй болж байсан байна. Бүр “хүний дээд нь самурай, цэцэгсийн дээд нь сакура” гэж хүртэл ярьдаг байсан.

-Энэ номыг зөвхөн япон хэл үзэж сонирхогчид ч биш, улс төрчид, нийгмийн ажилтнууд ер нь бүх л хүмүүс унших ёстой юм шиг санагдаж байна л даа?
-Тийм шүү. Энэ ном монголоор хэвлэгдэн гарч байгаад хэд хэдэн ач холбогдол байгаа юм. Юуны өмнө, монголчууд япончуудыг илүү таньж ойлгоход тус дэм болно. Түүнчлэн, япончуудтай харилцах, хамтран ажиллахад тун хэрэг болно. Үүнээс гадна, монголчууд маань япончуудын аж төрөх арга ухаанаар дамжуулан өөрсдийгөө нэг хараасай гэж бодож байна. Дээр би самурай хүний нэр төр ямар үнэтэй вэ? гээд л жишээ татлаа. Гэтэл “хүн нэрээ тогос өдөө”, “нэр хугарахаар яс хугар” гэх зэрэг зүйр үгсийн үнэ цэн одоо хэвээрээ юү гэж бид өөрсдөөсөө асуумаар байна. Япончууд ч гэсэн өнөөгийн даяаршин өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд “яаж өөрөөрөө байх вэ, эдийн засгийн хувьд хүчирхэгжин хөгжиж байгаа улс орнуудтай яаж харилцах вэ” гэдэг дээр толгойгоо гашилгаж байна. Тэгэхээр энэхүү Бүшидо номоо бүгд дахин нэг уншиж, өөрсдийг нь хүчтэй болгож байсан энэхүү арга ухаанаараа хүчээ сэлбэх хүсэлтэй байгаа билээ.

-Өнөөдөр манай залуусын дунд самурайн талаар ойлголт тийм ч сайн биш. Самурай гэдэг нь өнөөдрийн цаг үед якуза гэгч болж таарч байна уу? гэсэн асуулт гарч ирж байна. Энэ нэг юмны үргэлжлэл үү, эсвэл тусдаа бүлэглэл уу?
-Самурай, якуза хоёр бол ямар ч холбоо байхгүй. Якуза гэдэг бол ерөөсөө хөрөнгөтөн нийгэм нэлээд дээд шатандаа гараад ирэх үед үүссэн нэлээд буруу талын улсууд. Гэхдээ самурай, якуза нарт нэг нийтлэг юм ажиглагдаад байдаг. Нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд нийгэмтэйгээ зөрчилдсөн ямар нэгэн зохицож болохгүй байгаа зүйлийг зохицуулах гэсэн санаатай байсан нэг нийтлэг шинж байгаа.
Ялангуяа якузагийн хувьд дайны үеэр, дайны дараа Японы нийгэм эмх замбараагүй болсон тэр үед цагдаа нарт, төрийн байгууллагад туслаад гэмт этгээдүүдийг олж өгөх, эсвэл төр засгийнхаа заавар журмыг дагахгүй байгаа тохиолдолд зохицуулж өгөх тийм тохиолдол байсан. Гэсэн ч ерөнхийдөө хүчирхийллийн чиглэлээр ханддаг. Ялангуяа сүүлийн үед Японы нийгэм зөв урсгал, хөгжлийнхөө шатанд орчихсон энэ үед татвараас зайлсхийх, эсвэл захиалгаар ямар нэгэн хүнийг дарамтлах ч юм уу тийм зам руу орчихсон байхгүй юу.

-Тэгвэл якуза нь гэмт хэргийн бүлэглэл мөн үү?
-Одоо якуза бол ерөнхийдөө тийм л талдаа шүү дээ. Буруу муу юм руу яваад өгч байна. Гэтэл самурай болохоор их зөв зохицуулагч болж хөгжиж ирсэн байна ш дээ. Би түрүүн хэлсэн… бослого гаргасан тариачдыг дарах гэх зэрэг үйл ажиллагаанд оролцож байгаад цаашдаа зөв зохицуулалт, ёс зүйтэй бүлэглэл болоод их зөв тал руугаа явсан. Гэтэл якуза зохицуулах ажиллагаанд орсон мөртлөө цаашдаа буруу тал руу явж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээд ирсэн.

-Якуза нарын бүлэглэлийн эхлэлийг хэдий үетэй холбож тайлбарладаг юм бэ. Самурай нь хэдэн мянган жилийн түүхтэй юм байна шүү дээ?
-Самурай бол 7-8 зуун, феодал харилцааны үед үүссэн. Харин якузагийн тухайд яг хэзээнээс гэдгийг нь би нарийн мэдэхгүй байна. 1868 оноос эхлээд Японд ардчилсан нийгэм байгуулагдаж эхэлсэн шүү дээ. Тэгээд өнгөрсөн зууны эхээр, зах зээлийн харилцаа нэлээд дээд шатанд гарч ирээд, бизнес нэлээд зөрчил тэмцэлтэй үед шат руу ороод ирэх үед гарч ирсэн болов уу гэж бодож байна.

-Одоо Японд самурай гэж байна уу. Харакири хийх гэдгийг өнөөдөр бид домог шиг л ойлгодог. Гэхдээ энэ нь зөвхөн самурайн ёс зүйд байсан асуудал уу, зсвэл якуза нар ч үүнийг хийдэг юм уу?
-Харакири хийнэ гэдэг бол самурайн анги давхаргад л байдаг ийм ёс журам. Өөрийнхөө баримтлах ёс зарчмаас хазайж, хэлсэн амандаа хүрээгүй тохиолдолд өөрөө өөрийнхөө амийг егүүтгэдэг самурайн ёс жаяг. Якузад бол тийм ёс жаяг байхгүй байх. Харин тохиролцоо яриа хэлэлцээрээ зөрчих, буцах юм бол гарынхаа чигчий хурууг үеэр нь огтолдог юм гэсэн. Тэр ёс жаяг нь одоо байна уу үгүй юу мэдэхгүй. Самурайн өндөр ёс зүй, сайн чанаруудыг якузатай холбож ойлгож ерөөсөө болохгүй. Самурай яг өнөөдрийи Японд байхгүй.

-Эцэст нь нэг зүйл асууя. Таныг сумо тайлбарладгаар тань манай уншигчид сайн мэднэ. Их аварга Дагвадорж даваа худалдаж авдаг гэсэн шуугиан дэгдсэн. Японы сумод үнэхээр тийм юм байдаг уу?
-Тэр шуугиан бол ор үндэсгүй худлаа зүйл. Өндөр хөгжилтэй оронд ч, хөгжил дорой газар ч сенсааци тарьж тухайн асуудалд, өөрсдийнхөө хэвлэл мэдээлэлд олны анхаарал хандуулах явдал байдаг. Түүний л нэг. Ёкозүна хүний эрхэм чанар гэж байдаг. Бидний энэ. яриад байгаа самурайн бушидогийн ёс зүй сумод ч гэсэн байна. Тэгэхээр Ёкозүна хүн ч бас самурайн ухааныг баримталж байх ёстой. Яагаад гэвэл бүх салбарт нь энэ үзэл шингэж байдаг. Доод талын бусад бүх бөхчүүддээ өөрийн хүч чадал, чадвар, ухаанаараа үлгэрлэн, байлдан дагуулж байх ёстой. Ялангуяа Ёкозүна хүн бол бөхчүүдэд мөнгө өгч даваа худалдаж авна гэж хэзээ ч байхгүй. Тэр бол шал худлаа. Тэгээд ч Ёкозүна Асошёрюү энэ их хүчтэй хүн ингэнэ гэхэд итгэхийн аргагүй. Харин… Харин дэвжээнийх нь бөхчүүд ялагдаад тухайн дэвжээ тэр чигээрээ доошоо унаж, чадваргүй болох ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар унаж өгөх шаардлагатай тохиолдолд дэвжээний эзэд хоорондоо ярьж тохиролцох ганц нэгэн тохиолдол байдаг гэж ярьдаг юм билээ. Мөнгө өгч биш, дэвжээний эзэд нь тухайн бөхдөө “чи түүнд унаж өгөх ёстой шүү” гэж шууд тушаадаг гэж ярьдаг юм билээ. Тиймэрхүү л ганц нэг тохиолдол байдаг байх. Би бол яг нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй байна. Ер нь яг даваа худалдаж авдаг гэсэн асуудлыг хэн ч нотлохгүй шүү дээ, Өнөөдөр бид монгол бөхөд начны найраа байдаг, баталгаатай гээд л яриад байдаг. Гэтэл яг баталчихсан юм байхгүй л байна шүү дээ. Түүн шиг сумод даваа худалдаж авдаг гэсэн юмыг би мэдэхгүй. Гагцхүү ёс жудгаар, манайд ч гэсэн аварга хүн үнэхээр сайхан барилдахаар бөхөд унаж өгөөд цол ахиулж л байдаг. Энэ бол жудагтай буулт шүү дээ. Түүнтэй адил сумо бөхийнхөө төлөө ч юм уу, ямар нэгэн онцгой тохиолдолд дэвжээний эзэд хоорондоо яриад буулгах тохиолдол байдаг гэж ярьдаг юм байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ю.Шүрээ Чансаа /2007.03.10/

Monday, January 8, 2007

Японы мэргэжлийн сумо бөхийн үүсэл

Арлын Япон улсаас үүсэлтэй мэргэжлийн сумо бөхийг манайхан сүүлийн үед ихээхэн сонирхох болсон. Түүгээр ч үл барам сумогийн дэвжээг Монголын залуус эзэгнэж, сумо сонирхогчдын тоог жилээс жилд нэмэгдүүлж байгааг бид сайн мэдэх билээ. Харин энэхүү спорт нь хаанаас үүсэлтэй хийгээд ямар дэг жаягтай байдаг талаарх мэдээллийг спорт сонирхогч уншигч нартаа хүргэж байна.

Судлаачдын үзэж байгаагаар Нихоний сумо бөхийг 1700 жилийн түүхтэй гэж үздэг. Сумо бөхийн талаарх хамгийн эртний баримт бол МЭ 642 онд бичигдсэн "Нихоний түүхэн тэмдэглэл"-д байгаа домгууд юм. Эдгээрийн дотор одоог хүртэл дурсгал булш нь тахигдсаар ирсэн домог бол Сүкүнэ, Кэхая хоёрын тулалдаан (барилдаан) юм. МЭ 4-р зууны дунд үед Сүйнин хааны зарлигаар эдгээр хоёр хүчтэн барилдаж Сүкүнэ нь Кэхаягийнхаа ууцыг нь хугалж алсан гэх домог билээ.

Сумогийн түүхэн баримт олдворууд нь ихэвчлэн сумо барилдаж байгаа бөхчүүдийн дүрсийг сийлсэн /6-р зуунд хамаарах/ эртний ваар саван эдлэлүүд байдаг. Түүний дотроос 1969 онд олдсон "Бөхийн баримал " нь чухал олдворын нэгд тооцогддог. Энэ баримал 6-р зууны эхэн үед хамаарах бөгөөд "маваши" бүсэлсэн нүцгэн бөхийн баримал юм.

Ийнхүү Нихоний сумо бөх нь МЭ 4-6 зуунд үүсч өөрийнхөө төрхийг олж эхэлсэн гэдэг. Үүний дараа Нихоний түүхийн Нара, Хэиангийн үед (7-11 зуун) сумо нь эзэн хааны ордны үзвэр, уламжлалт спортын нэг болон хөгжжээ. Чухам энэ үеэс л сумод янз бүрийн язгууртны ёс, дэг жаягууд нэвтэрч сумо нь уламжлалт соёлын хэлбэрийг олж эхэлсэн байна. Тухайлбал эрт үед бөхчүүдийн барилдааныг талбар луу хүрэх замын хоёр талыг цэцгээр чимэглэдэг байсныг цэцгэн зам (хана мичи)гэх болж тэр нь өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа билээ. Сумогийн хөгжлийн дараагийн үе нь буши буюу самурай нарын ноёрхолын үеийн /11-17 зуун/ сумо юм. Энэ үеэс сумо нь самурай нарын бие бялдараа хөгжүүлэх, чийрэгжүүлэх, хамгаалах тулааны бэлтгэл болохын зэрэгцээ цэрэг дайны бэлтгэл хийхэд зориулагдаж байв. Энэ нь яваандаа бэлтгэл сургуулилт төдий бус сумог бие даасан спорт болон хөгжихөд нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр тухайн үед сумо нь урьдын адил сумогийн үзэгчдээс хандив мөнгө олдог үзвэр хэвээр хөгжиж байв. Харин Камакүрагийн үес (12-13-р зуун) эхлэн сумо бөх нь мэргэжлийн болж, түүгээр амь зуух бөхчүүд олноор төрж эхэлсэн байна. Тухайн үед сумо нь Киото болон Осака хоёрт голлон дэлгэрч байгаад Эдогийн эхэн үес эдод /токиод/ мөн хөгжих болжээ.

Эдогийн дунд үе хүртэл сумод дохёо /дэвжээ/ гэж байсангүй. Анх сумогийн үзэгчид болон бөхчүүд тойрч суугаад түүнийхээ голд барилддаг байв. Дараа нь барилдах талбарын 4 буланд багана босгох болсон байна. Ингээд эдогийн дунд үеэс (1699 онд) эхлэн анх дохёо бий болжээ. Энэхүү хэлбэр, хэмжээ нь аажмаар өөрчлөгдсөөр одоо үеийн тойрог хэлбэрийг олсон юм. Гэвч сумо бөхийн хөгжил нь тийм ч шулуун дардан байсангүй. Эдогийн засгийн газар сумо бөхийг 1648-1684 оны хооронд хориглож байжээ. Үүний дараа Мэйжигийн үед шинэчлэл (1868 оноос) эхэлсэн боловч сумог хориглох, түүнийг хоцрогдсон бүдүүлэг үеийн спорт гэж үзэх хандлага хэвээр байлаа. Сумог эсэргүүцэгчид нүцгэн хүн барилдах нь улс орны нэр хүндэд муу, бүдүүлэг явдал болно гэж маргаж байв. Гэсэн ч сумо сонирхогч олон түмэн түүний дотор эзэн хаан өөрийн биеэр сумог очиж үзсэний дэмээр мартагдан сөнөх байдлаас сумо аврагдсан юм. Үүнээс хойш Нихоний түүхийн Мэйжи, Тайшо, Шова, Хэйсэйгийн сумо бөх нь өнөөдрийг хүртэл амжилттай хөгжиж байна. Сумо бөхийн дүрэм тун энгийн бөгөөд өрсөлдөгчөө дэвжээнээс гаргасан эсвэл гарыг нь дэвжээнд хүргэсэн бол тухайн бөх ялна.

Бөхчүүдийн өмсгөлийг "маваши" хэмээн нэрлэдэг. Хэрвээ барилдааны явцад "маваши" тайлагдвал тухайн бөхийг шууд унасанд тооцдог аж. Сумо бөх болохыг хүссэн залуус 173 см-ээс дээш өндөртэй, 75 кг-аас илүү жинтэй байхаас гадна 15-23 настай байх шаардлагатай гэнэ. Учир нь энэ спортод бидний нэрлэдгээр "махан бөмбөлгүүд" амжилт гаргах магадлал өндөр байдаг. Тэр нь ч батлагдсан. Зөвхөн бяртай, хүчтэй гэсэн шалгуураас гадна бөхчүүдэд боловсролтой байх шаардлага тавьдаг байна. Ямар ч бөх дор хаяж 9-р ангийн мэдлэгтэй байх ёстой байдаг. Мэргэжлийн сумод 54 дэвжээ бий. Дэвжээний эзэд нь зодог тайлсан нилээд нэр хүндтэй бөх байдаг. Тэдний үг хууль л гэсэн үг. Энд нэг бичигдээгүй хууль байдаг нь дэвжээний эзэд өөрийнх нь охинтой гэрлэсэн бөхчүүдэд дэвжээгээ өвлүүлэн үлдээдэг байна. Одоогийн байдлаар ёкозуна Асашёорюугийн "Такасаго" саяхан зодог тайлсан их аварга Мусашимаругийн "Мусашигава" дэвжээг хамгийн хүчирхэгг тооцдог гэнэ. Жил бүрийн сондгой тоотой саруудад болдог уламжлалт тэмцээнийг "башё"хэмээн нэрлэнэ. Башё 15 хоног үргэлжлэх бөгөөд cap бүр өөр өөр нэртэй. Тухайлбал нэгдүгээр сарынхыг Хацу, гуравдугаар сарынхыг Хару, гэх мэтээр нэрлэдэг. Нэг, тав, есдүгээр сарын барилдаанууд Токиод, гуравдугаар cap Осакад, долдугаар сард Нагояд, арваннэгдүгээр сард Фукуокод барилдаанууд зохиогддог. Макуучи, журёо зиндааны бөхчүүд 15 барилдаан хийх бол доод зиндааныхан 7 удаа барилддаг аж.

Ингэхдээ бүх өрсөлдөгч нартайгаа тулалдах боломжгүй тул хоорондоо ойролцоо даваатай яваа бөхчүүд оноолтоор барилддаг. Нэг дэвжээний хоёр бөх аваргын төлөө өрсөлдөж, сүүлийн өдөр адил даваатай гарсан үед л хоорондоо барилдахгүй байх "алтан" дүрэмтэй. Сумо нь зөвхөн спорт төдийгүй Японы ард түмний аж амьдрал, зан заншлын нэгээхэн хэсэг тул нарийн дэг жаягтай. Тухайлбал барилдааны дэвжээ болох "дохёо" дээр эмэгтэй хүн гарч болохгүй. Түүнийг тусгай зориулалтын шавраар хийдэг бөгөөд түүн дээр зөвхөн давс цацдаг нь элдэв муу зүйлээс бөхийн ариун дэвжээг хамгаалж буй хэрэг гэнэ. Тэмцээн эхлэхийн өмнө зүүн дэвжээний бөхчүүд, дараа нь баруун дэвжээний бөхчүүд гарч ёслол хийж ордог. Үүний дараагаар их аварга хоёр туслахын хамт ёкозунагийн ёслолоо хийнэ. Шагналын дээд хэлбэр нь эзэн хааны гэр бүлээс Макүүчи зиндаанд түрүүлсэн бөхчүүдэд олгодог шилжин явах цом юм.

Харин 1991 оноос эхлэн манай залуус Нихоний мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд орж амжилттай барилдаж байгаа билээ. Өнөөдөр мэргэжлийн сумод Монгол, Болгар, Гүрж, Америк, Бразил, Солонгос, Орос, Хятад зэрэг орны бөхчүүд барилдаж байна. Мөн дэлхийн хэд хэдэн оронд сонирхогчидийн сумогийн холбоо байгуулагдаж, сонирхогчдийн сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулагддаг байна.

Saturday, December 2, 2006

Япон судлаач Л.Төмөрбаатар 5 саяар сүмо тайлбарлажээ

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүд мэргэжлийн сумо эхлэх цагаар бүгд шахуу шууд тайлбарлан хүргэж байгаа. Болсон болоогүй, мэдэх мэдэхгүй хүүхдээр тайлбарлуулах нь үзэж байгаа хүмүүстээ ч гологдож байгааг хэнээсээ нуух билээ. Япон хэл мэддэг л бол сумо тайлбарладаг бичигдээгүй хууль үйлчлээд ч байх шиг.

Япон хэл мэддэггүй өвгөн хүртэл мэхний нэр, сумочдын үүсэл гарлыг тов хийтэл нь хэлдэг болсон энэ үед тэднээс давж дуугарна гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийдэг ажил биш бололтой. Япон судлаач Д.Төмөрбаатарыг С-1 телевиз таван сая төгрөгийн цалин амлаж кюшюү башёг тайлбарлуулахаар авчирч чадсан байна. Тэрээр үнэхээр ч чансаа өндөр байж бусадх телевизийн хөтлөгч нараас арай л өөрөөр хөтөллөө. 15-хан хоног сумо тайлбарлуулаад 5 сая төгрөг тоолоод чулуудна гэдэг хэр баргийн телевизийн хийхээр бэнчин биш байх.

Түүнчлэн 15 хоног сумо тайлбарлаад 5 сая төгрөг авна гэдэг хэр баргийн япон судлаачийн хийгээд байдаг зүйл биш байх. С-1 ч, Д.Төмөрбаатар ч том юмаа хэмээн сонссон хүмүүс дуу алдаж байна. Энэ нь Монголын телевизийн түүхэнд оюуныг өндрөөр үнэлсэн нанхны тохиолдол болох байх хэмээн учир мэдэх хүмүүс ярьжээ. Япон Төмөрбаатар гэж нэрийдсэн тэрээр анх удаа ийнхүү сумо хөтлөгчдийн дунд цахиур хагалж дэлхий жишигт оюунаа үнэлүүлж чадлаа.
мэдээллийн эх сурвалж: Чансаа /2006.12.02/