Wednesday, March 11, 2009

Ө.Тамир: Мөөеөг олимпиос медаль аваад ирэхэд би тосохоосоо ичээд сургуулийнхаа үдэшлэгт явчихаж билээ

Бөхийн түүхэнд аав, хүү хоёр аварга байгаагүй хэмээн Монголчууд төдийгүй Япончууд шагшин магтдаг. Энэ хэн болохыг уншигчид сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. "Хань" булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын гэргий Ө.Тамирыг урилаа.




-Сар шинэдээ сайхан шинэлэв үү, та?
-Сайхан даа. Миний хүүхдүүд сайхан шинэлсэн биз дээ.
-Сайхан. Танайд сар шинэ хуучраагүй байгаа бололтой?
-Бараг хүмүүс ирж дуусаагүй шахуу л байна даа. Хотод байгаа хүмүүс ирж дууссан ч хөдөөнийхөн болоогүй байна. Ямар сайндаа л тавгаа багасгачихаад, бүр мөсөн хураачихаж чадахгүй суухав дээ.
-Их өргөн цагаалдаг юм байна даа. Хүн их ирэх үү?
-Өө тэгнэ, олон хүн ирнэ. Манай цагаан сар гэж дуусч өгөхгүй шүү дээ. Дээхэн үед манайх гэдэг айл нэгдэл дундын өрөөтэй байлаа.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Нэг өрөөнд маань Төв аймгаас ирсэн оюутан хүүхдүүд амьдарна. Түүнийгээ л ингэж нэрлэж байхгүй юу. Ойрхон аймгийнх гээд тэдэнд дотуур байр олдохгүй шүү дээ. Манай хүн нутгийн л хүн бол манайд бай гээд бөөн хүүхдүүд байлгана. Олон хүүхэд манайд байж сургууль соёлоо дүүргэсэн.
-Аварга гадуур гараа юу?
-Өглөө хүнтэй уулзана гээд гарсан. Ажил нь барагдах биш дээ.
-Та хоёрыг анх Тэрэлжийн амралтанд танилцсан гэж дуулсан юм байна?
-Тэгсэн. Миний аав Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд амралт сувиллын газар хариуцдаг хүн байсан юм. Тэр үед Тэрэлжийн суурь тавигдаж байлаа. Манай ах дүүс болон би тэр ажилд туслахаар очдог байлаа. Тэгэхэд л бөхчүүд гээд баахан хүмүүс байсан юм. Би ч тэр үед анзаараагүй л дээ. Тэр бөхчүүд дотор л Мөөеө байсан юм билээ. Тэр үед танилцаад мэндлэх төдий л байв. Хожим хотод I амаржих газар, төрийн ордны хажууд таараад хэдхэн уулзаад дараа манай ангийн н.Чулуунбаатар гэдэг залууг дагуулаад манай гэрийг мэдээд ирсэн байсан.
-Тэгэхэд та Ангаахын оюутан байсан биз дээ?
-Тийм ээ. Манай ангид улсын начин нэг залуу байсан нь тэр. Тэгээд л түүгээр дамжуулаад танилцаж, дотносох гэж байхгүй юу.
-Аварга манай улсад анхны олимпийн медалийг авчирч байсан түүхэн гавьяатай хүн. Тэр үед та хоёр гэр бүл болсон байл уу?
-Үгүй шүү дээ.
-Та ч тэгвэл тухайн үедээ олимпийн анхны медальтны хайртай бүсгүй нь гээд л олны анхааралд өртөж эхэлсэн байх?
-1968 онд Мөөеө маань олимпиос мөнгөн медаль авсан. Хэсэг нөхөд нь ирээд л угтаж ав гэдэг байлаа. Би ичээд үгүй гэчихээд зугатах санаатай сургуулийнхаа үдэшлэгт явчихав. Тэр үед их, дээд сургуулийн үдэшлэг гэж их сайхан арга хэмжээ болдог байсан юм. Тэгээд бүжгээ тараад ирсэн чинь Мөөеө манайд ирчихсэн сууж байна. Бид танилцахдаа 22 настай хүүхдүүд байлаа. Нэг жилийн дараа анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн. Одоо бол хоёр хүү, гурван охины аав, ээж болж, олон ач зээтэй болоод жаргаж сууна даа. Цаг хугацаа гэж их хурдан өнгөрдөг зүйл юм.
-Олимпийн медальтай, нэр хүндтэй хүнтэй суух сайхан байв уу. Монголчууд бөхөд хайртай улс болохоор асар их хариуцлага танд оногдсон нь мэдээж?
-Манай Мөөеө чинь илэн далангүй, нууж хаах зүйлгүй, санаснаа хүнд шууд хэлчихдэг хүн шүү дээ. Энэ зан байдлыг нь олон түмэн мэднэ дээ. Тэгэхээр нэг их айж сандраад, хичээгээд байсан зүйл байхгүй л байсан юм шиг санагддаг. Байгаагаараа л байсан. Миний хувьд сэтгэлтэй хүн маань тийм сайхан амжилт гаргаж байсан баярлалгүй яахав. Анхны юм бүхэн сайхан байдаг шүү дээ.
-Манай улс энэ жил олимпийн анхны алтан медальтантай боллоо. Их спортын хүний гэр бүл учраас та тэр үед илүү ойроос мэдэрч, хүлээж авсан байх. Байгууллага, компани ч их шагнаж урамшууллаа. Аваргыг тухайн үед ямар шагнал дагаж байв даа?
-Энэ жил ч манайханд их ээлтэй сайхан олимп боллоо. Цагийн зөрүү, байгаль цаг уурын адил төстэй талаас гадна уйгагүй хичээл зүтгэл ийм амжилт дагуулсан байх. Би маш их баярласан. Баярлаагүй Монгол хүн гэж байхгүй байлгүй. Манай хүнийг олимпиос мөнгө, Дэлхийн аваргаас хүрэл медаль авч байх үед улсаас энэ байрыг зургаан мянган төгрөгтэй өгч байлаа. Төр түмний минь буян юм даа.
-Спортын гэр бүл байна гэдэг хүнд. Жирийн нэг албан байгууллагын ажилтан биш байнга бэлтгэл сургуулилт гээд л явчихна. Та өөрөө эмч хүн. Эмчийн ажил ч бас цаг зав муутай байдаг шүү дээ?
-Тийм шүү. Спортоор хичээллэж, амжилт гаргана гэдэг амь, амьдралаа золиослон байж хүрдэг даваа. Тамирчид ямар их гэмтэж бэртэж байдаг гээч. Их хүнд ажил шүү. Би сургуулиа төгсөөд III эмнэлэгт мэс заслын их эмчээр ажиллаж байлаа. Эмч хүн гэдэг хамгийн энэрэнгүй сайхан, хүний төлөө бүхнээ зориулдаг мэргэжил гэж би боддог. Ээлжинд гарна, мэс засал хийх гээд их цаг зав муутай үе олон байна. Тэр үед манай хамт олон маш сайн ойлгон, дэмжиж тусалдаг байсан юм. Эгч нь ер нь "Олны хүч оломгүй далай" гэж хэлэх дуртай. Бид өөрсдийнхөө сайн сайханд өдий зэрэгтээ яваагүй. Харин олныхоо хүч, сайхан сэтгэлээр сайн сайхан яваа юм. Аварга чинь ажил ихтэй цаг зав байхгүй болохоор сүүлдээ мэс заслаа орхиод дотрын эмч болсон. Тэгээд энэ чиглэлээрээ ажилласаар тэтгэвэртээ гарлаа.
-Мөөеө аваргыг Д.Хадбаатар аваргад унаж өглөө гээд дээрээс их буруутгаж байсан гэдэг?
-Аан, тийм зүйл болж байсан. Хадаа аварга тэр үед хэцүү нэртээс гараад удаагүй байсан юм. Барилдаад унахад нь шоронгоос гарсан хүнд уналаа гээд арга хэмжээ авч байсан. Манай хүн үнэхээр хүч хүрээгүй юм чинь л гэж байсан санагдах юм.
-Уучлаарай. Аварга нэг хэсэг сархад их хүртэж байсан гэж шүүмжлүүлдэг байлаа?
-Уудаг байсан. Түүнд шантраад уурлаж бухимдаад яах билээ. Уурлаж бухимдаад, ам муруйснаар юу ч өөрчлөгддөггүй юм. Манай аав, ээж хоёр хүлээцтэй, хүнээс үг дуулж сурахыг зааж сургадаг байж. Хүн нэг, хоёр цохиж авбал битгий тоо, гурав цохивол та яаж байна гэж асууж бай гэдэг байсан юм. Одооны залуус үүнийг ойлгож, хүнээс үг дуулж сурах хэрэгтэй. Нэг үг хэлэхэд л дүрэлзэж байгаа харагдах юм.
-Одоо зуун грамм татах юм уу, ганц нэг шил пиво уух уу, аварга?
-Пиво ч амсахаа байгаад бараг гурван жил болж байна. Хааяа нэг баяраар намайг ганц нэг хундага уухаар уулаа гээд байгаа юм шүү. /Инээв/
-Бөхчүүдийн эхнэрүүд чамгүй уран байдаг. Аваргын зодог шуудаг, гутлыг нь хэн хийдэг байсан юм бэ?
-С.Цэрэн аварга хийдэг байсан юм. Их уран хүн байлаа. Мөөеөгийн зодог, шуудгийг тэр хүн л хийдэг байсан.
-Олон нийтийн дунд Баянаа аварга Мөөеө аварга хоёрын тухай таагүй яриа их байдаг. Одоо та нар хоорондоо ямар харьцаатай байдаг вэ?
-Энд тэндхийн найр наадам, хурим дээр их тааралдана. Уулзаж учраад сайхан л байдаг шүү дээ. Миний ууган хүү шарлаад би эмнэлэгт хэвтэж байлаа. Гэтэл Баянаа эмч дагуулж ирээд хүү бид хоёрын биеийг асууж байсан юм. Би тэр үед их гайхаж байсан. Баянаа тэр үед олон улсын тэмцээнд өнөө, маргаашгүй л явах байсан юм. Тийм хүн халдварт өвчний тасагт ороод ирж байгаа юм даа. Сүүлд намайг дотрын эмч хийж байхад Баянаа, Дэжимбээ хоёр ээжийгээ авчирч үзүүлж байлаа. Энэ мэт бие биедээ тусалж байсан сайхан дурсамж бидэнд их бий. Хоёр аварга олны нүдэн дээр өрсөлдөж байдаг байсан болохоор амьдрал дээр ч тийм байдаг байх гэж хүмүүс боддог байж магадгүй. Тийм зүйл байхгүй шүү дээ. Сайхан л харьцаатай байдаг.
-Бөхчүүд 41 настайдаа хүүхэд гаргавал жинхэнэ бөх хүү төрдөг гэдэг юм билээ. М.Даваажаргал нилээд хожуу гарсан гэдэг. Арай 41-тэйд нь гарсан юм биш биз дээ?
-Миний отгон хүү чинь одонгийн хүүхэд л дээ. Хожуу гарсаан.
-Аваргыг удам залгах бөх хүүгүй болох нь. Хөвгүүд нь барилдахгүй байна гэж хүмүүс ярьдаг байлаа. Одоо ч улсынаа нэрийг гаргасан сайхан бөхтэй боллоо. Ингэхэд та хоёр М. Даваажаргалыг үндэсний бөхөөр барилдуулалгүй яагаад сумо руу явуулчихсан юм бэ. Таныг их дургүй байсан гэж дуулсан?
-Өө тэгсэн шүү.Манайхан сумогийн тухай мэдээлэл багатай, учиргүй л зодож нүддэг гэж сонсч байсан юм. Хүү маань багаасаа эхлээд л аавыгаа хаана явна тэнд л гүйж явдаг байсан. Барилдах их дуртай. Өөрөө арван хэдхэн настай байж найм ес ах хүүхдүүдтэй барилдаж, миний санааг зовооно . Би айгаад гэмтчихнэ, боль гэж их хэлдэг байлаа. Даваа ер нь өөрөө л дурлаж, зүтгэсээр сумод явсан хүн шүү дээ. 15-хан настай хүүгээ хол явуулчихаад эгч нь их санадаг байсан. Тэр үед байнга яриад байхгүй. Хааяа нэг ярихаар нь миний хүүг зодож байна уу л гэж их асуудаг байсан. Мөөеө хүүхдүүддээ ганц ч гар хүрж үзээгүй юм чинь. Даваа гайгүй л гэнэ. Гайгүй гэдэг чинь зоддог гэсэн үг үү гээд л. Анх явахдаа гурван сар болоод ирнэ гэж байсан юм. Гуравхан сар болоод ирэх юм чинь гэж би бодож байлаа. Маргааш очлоо гээд тухайн үед ярьж байсан юм. За маргааш ирэх нь гээд хүлээж байтал ирдэггүй. Сонсох нь ээ, хүүг маань авах дэвжээ байхгүй гологдсоор хамгийн сүүлд Кёкүшюзан л нэг багштай яриад оруулахаар болсон гэв. Анх Япон явахад нь Д.Батбаярын аав Даваа авч явж байсан юм.

-Та бид хоёрын яриа аварга ааваас халиад аварга хүү рүү орчихлоо. Хакухогийн тухай сонсох хүсэлтэй хүн их байгаа учир нэг зүйл асууя. Анх дээд зиндаанд түрүүлж байх үед нь дархан аварга Б.Бат-Эрдэнийн охин Б.Хонгорзулд сэтгэлтэй гэж их ярьдаг байлаа. Хоёр аваргын хүүхдүүд хайр сэтгэлтэй болж гэнэ гээд л хэвлэлээр ч их бичсэн дээ?
-Харин тийм ээ. Хүүг маань ер нь хэдэн ч хүнтэй нэр холбочихов доо. Б.Бат-эрдэнэ аварга бид нар тухайн үед таараад "Монголчууд маань аваргын хүүхдүүдийг хооронд нь суугаасай, бөхийн удам үргэлжлээсэй л гэсэндээ ийм яриа гаргаж дээ" гэж яриад өнгөрч байсан.
-Хүүг тань сонирхсон олон монгол охид байсан шүү дээ. Монгол охинтой суусан бол гэж та боддог уу?
-Хүүгийнхээ сууж гэрлэхийн асуудалд би нэг их оролцоогүй. Ер нь хүүхдүүдийнхээ хувийн амьдарлынх нь асуудалд оролцоод байдаггүй. Хүний сэтгэлийг яах билээ. Эхнэртэйгээ бидэнд хэлээгүй хоёр жил үерхсэн юм байна лээ. Японд байгаа монгол бөхчүүд сайн мэдэж байсан хэрнээ огт ам алдаагүй байгаа юм даа. Хүүхдүүд айхтар шүү.
-Мөөеө аварга их дургүй хүлээж аваад энэ тухай сонсоод ухаан алдсан гэсэн яриа байдаг юм билээ?
-Харин тийм ээ, тэгж бичсэн гэсэн. Тийм зүйл огт болоогүй шүү дээ. Манай Мөөеө тийм зүйлд ухаан алдах хүн биш. /Инээв/
-Харийн нутгийн бэртэй ойлголцох хэцүү юу. Эхчүүд отгон бэртэйгээ их дотно байдаг шүү дээ?
-Хэл яриа өөр ч миний хүүгийн сонгосон хүн шүү дээ. Хол байдаг болохоор тэгтлээ ойртож дотносох боломж бага л юм. Би башё эхлэхээр очно. Их л элгэмсэг дотно хүүхэд шиг санагдсан. Манай хамаатны хүмүүс Японд болон гадны улс оронд олон жил ажиллаж амьдраад намайг Хакухогийн гэрт байхаар яаж байгаа юм бэ, япончууд ингэдэггүй юм. Буудалд ор гээд байсан. Гэтэл манай бэр огт төвөгшөөдөггүй. Өглөө, орой, өдөр хоол цай хийгээд сайхан үйлчилнэ ээ, хөөрхий.
-Ач нараа санаж байна уу. Одоо овоо том болж байгаа байх аа?
-Юнрэнцоо, Мөнхжаргал гэж хоёр хөөрхөн охин бий. Саналгүй яахав. Саяхан багад нь аавынх нь өмч байсан хантаазаар нь хоёуланд нь адилханыг хийлгээд явуулсан.
-Хакухогийн өмсч байсан дээл, хантааз нь байдаг юм уу?
-Миний хүү одонгийнх болохоор тусгай дээл хантааз хийж байсан юм. Энэ байна.
-Д.Батбаяр зодог тайлаад УИХ-ын гишүүн боллоо. Асашёорюү бас бизнес эрхэлж, сангийн шугамаар Монголд чамгүй ажил амжуулж байгаа. Хакухо цаашдаа эх орондоо амьдрах болов уу. Хаана амьдарч, юу хийх бол?
-Энэ тухай ярилцаж үзээгүй л байна даа. Их зүйл хийх бодолтой л байдаг юм билээ.
-Бидэнд цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа. Хүн сайн сайхан явна гэдэг ханиас их шалтгаалдаг.Монгол улсынхаа нэрийг гаргасан алдартай сайхан хүний гэргий, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж байгаа сайхан хүү төрүүлж өсгөсөн таньд цаашдын амьдралд тань аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

No comments: