
Аваргынхаа хүүхэд шиг цагаан инээмсэглэл, монголоороо омогшдог сэтгэл хөдлөл, ховорхон гаргадаг нулимсыг харах уярам байлаа. Японы сумогийн ордноос Монголын ард түмэндээ хандаж хэлсэн, монголоороо ярьсан мэндчилгээ сэтгэл гэгэлзүүлэм, бахархам байлаа.

Мэргэжлийн сумо бөхийн Ёкозүнагийн хяналтын зөвлөлөөс хацу башёд арваас дээш даваа авах хатуухан болзол тулгасан энэ сарын тэмцээний өмнө их аварга Асашёорюү эхний таван өдрийн барилдаанд нэгээс илүү унахгүй байх гэсэн даруухан зорилго тавьж байлаа. Дотроо бол “нэг ч уналгүй түрүүлнэ” гээд өдөр бүр далдуураа шатаж явсан байх. Угаасаа түүнд 15 өдөр үргэлжилдэг тэмцээний 10 өдөрт нь дараалан ялсан үедээ түрүү алдаж байсан тохиолдол үгүй. Асашёорюү сэтгэлзүйгээрээ тэгж айхтар тэмцэж барилддаг дийлдэшгүй, хурц хүн. Тэр өмнө нь 22 түрүүлэхдээ яг ийм байдлаар 14 удаа энэ өвөрмөц ялалтаа баталсан байдаг.
Асашёорюү хацу башёд түрүүлснээр Мэргэжлийн сумо бөхийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн бөхчүүдийн жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэж, их аварга Таканаханагийн амжилтыг эвдлээ.

23 удаа түрүүлж болсон юм чинь, 28-хан настай юм чинь Асашёорюү чадах байх аа. Хайрлахынхаа хэрээр хатуурхаж буй сумогийн ертөнцдөө хаан шиг амьдраарай гэж их аваргадаа ерөөе. Шуурганд уруудахгүй, сөрж амьдарна шүү, Асашёорюү.
мэдээллийн эх сурвалж:
No comments:
Post a Comment